Б.Хонгор: НМХГ ААН-үүдэд шалгалт хийхээсээ илүүтэй зөвлөгөө өгөх, сэрэмжлүүлэх ажлыг хийж байна Б.Хонгор: НМХГ ААН-үүдэд шалгалт хийхээсээ илүүтэй зөвлөгөө өгөх, сэрэмжлүүлэх ажлыг хийж байна

1
2
Б.Хонгор: НМХГ ААН-үүдэд шалгалт хийхээсээ илүүтэй зөвлөгөө өгөх, сэрэмжлүүлэх ажлыг хийж байна
Зочин:
Б.Хонгор
Байгууллага:
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар
Албан тушаал:
Хүнсний аюулгүй байдал хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн, хүнсний чанар стандартын улсын ахлах байцаагч
Ажиллах арга барил:


2019 оны 12 сарын 05

Бид өдөр тутамдаа ямар нэгэн хэлбэрээр үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлдэг. Тэдгээр газрууд сайн сайхнаар үйлчилдэг нь байхад саараар үйлчилдэг бүлэг ч бас бий. Тэгвэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тэдгээр саар үйлчилгээний байгууллагуудын тоог тэглэхийн төлөө ажилладаг бөгөөд энэ удаагийн подкастын зочноороо Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн, хүнсний чанар стандартын улсын ахлах байцаагч Б.Хонгорыг уриад байна.

Бидний ярилцлага хоол үйлдвэрлэл гэж юу болох, хоол үйлдвэрлэхэд ямар стандартууд байдаг мөн үүнийг хэрхэн мөрдөх талаар өрнөх болно.

Ярилцсан сэтгүүлч:

НЭГ. Шинэчлэгдсэн хуулинд хүнсний чиглэлээр үйлчилгээ эрхэлж буй ААН нь бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанар аюулгүй байдал хангах, гарч болзошгүй үр дагаврыг өөрөө хариуцна гэж заасан

ШУУД СОНСОХ: 

-Монгол улсад хоол үйлдвэрлэлийн хууль анх хэзээ батлагдсан бэ?

-Монгол улсад Хүнсний тухай хууль 1992 онд мөрдөж эхэлсэн бөгөөд 1999 онд шинэчлэгдэн найруулагдсан. 2013 онд хүнсний тухай хууль хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль шинэчлэгдэн найруулагдаж, гол өөрчлөлтийг хийсэн.

Энэ хуулинд тухайн хүнсний чиглэлээр үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллага нь бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанар аюулгүй байдал хангах гарч болзошгүй үр дагаврыг өөрөө хариуцна хэмээн тусган хуульчилсан.

Өмнөх хуульд хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч нарт төр хяналтад авч шалгаж эрсдэл аюулаас урьдчилан сэргийлж ажиллаж байна. Хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарт хэд хэдэн стандартууд мөрдөгддөг.  Хамгийн гол ерөнхий тавигддаг нэр томьёоны стандарт шинэчлэгдсэн. Нийтийн болон явуулын хоолны үйлчилгээнд тавигдах шаардлагыг стандартын дагуу мөрдөгдөн ажиллаж байна

-Нийтэд үйлчилдэг хоолны газруудад буюу томоохон үйлдвэрийн байгууллагын хоолны газар, хүүхдийн үдийн хоол, цэцэрлэг гэх мэт газарт тавигдах шаардлагын тухайд? Хоолны технологи орц найрлагад өөрчлөлт орсон тохиолдолд маш олноороо халдварт өвчин авах, хордлогод орох эрсдэлтэй байдаг шүү дээ?

-Хуулинд тусгагдсанаар тухайн ААНБ өөрөө хариуцлага тооцон, хяналтаа хийж ажиллана.  Зориулалтын барилга байгууламжтай, зориулалтын тоног төхөөрөмжөөр хангагдсан гарал үүсэл нь тодорхой хүнсний түүхий эд бүтээгдэхүүнээр батлагдсан жор технологийн дагуу мэргэжлийн боловсон хүчиний хяналт дор хоол үйлдвэрлэлийн процессыг явуулах дүрэмтэй. ААН байгууллагууд үйл ажиллагаандаа дотоодын хяналтыг сайтар мөрдөн ажиллах ёстой.

Хүнсний хуулинд тусгагдсанаар дотоодын хяналт тавихад эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж хэвшүүлнэ гэж заасан байдаг.

-Улс орон хөгжихийн хэрээр дэлхийн том сүлжээ хоолны газрууд нилээх бий болж байна. Үүнийг хажуугаар жижиг дунд хоолны бизнесүүд рүү хүч түрэн орох нь түгээмэл байна. Эдгээр байгууллагуудад та ямар зөвлөгөө өгөх вэ? Сонсогчид маань магадгүй кофе шоп, цайны газрын хоол үйлдвэрлэл эрхлэхээр төлөвлөн явж байгаа тохиолдолд хамгийн түрүүнд та ямар зөвлөгөө өгөх вэ?

-Манай дээр энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нар ирж зөвлөгөө авдаг. Хаана яаж ажиллуулвал зөв зохистой байх талаар, мөн ямар шаардлагууд тавигддаг талаар мэдээлэл хүсч ирдэг. Мэргэжлийн хяналтын байгууллага бол хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах хуулийн зургаад заасан хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нарыг бүртгэж авдаг ба энэ үйлдэл нь тухайн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх иргэдийн эхлэл болж өгдөг гэж ойлгож болно. 

Энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн хувьд  2019 онд шинээр батлагдсан Хоол үйлдвэрлэл үйлчилгээнд тавигдах шаардлага MNS 4946 2019 стандартыг уншиж судлах хэрэгтэй.

Мөн хүнсний бүтээгдэхүүний тухай хууль хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах, аюулгүй байдлын тухай хуулиуд дээр  мөрдөж ажиллах журам, хууль, стандартын талаар тодорхой заасан байдаг учраас холбогдох хууль тогтоомжуудыг сайн уншиж судалж үйл ажиллагаа  эхлүүлж, бий болох эрсдэл аюулаас урьдчилан сэргийлж ажиллахыг түлхүү зөвлөдөг.

-Kофе шоп хоол үйлдвэрлэлийн салбартаа ордог уу?

-2005 онд батлагдаж байсан. 2019 онд мөрдөж эхэлсэн стандартад ерөнхий хэдэн ангилал тодорхойлолтууд бий. Үүн дээр цайны газар, бар, ресторан, кафе гэсэн үйл ажиллагааны тодорхой чиглэлүүдийг зааж өгдөг. 2005 оноос хойш Монгол улсын хувьд хоол үйлчилгээний салбар хурдацтай хөгжиж маш олон төрлөөр үйл ажиллагаа эрхлэх газар олон болсон. Кофе шоп хоол үйлчилгээний салбартаа ордог. Олон нэр төрлийн халуун кофегоор үйлчилдэг. Мөн хажуугаар нь бэлэн бүтээгдэхүүнээр үйлчилдэг учир хоол үйлчилгээний салбарт багтдаг юм.

-Нийслэл хотод одоогийн байдлаар хэчнээн байгууллага хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг вэ?

-Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагад хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал хангах хуулийн дагуу 4000 гаран хоол үйлдвэрлэл үйлчилгээний ААНБ үйл ажиллагаа явуулж байна. Үүн дотор ресторан 800 гаруй, бар гэхэд 1200, кафе гэхэд 300, дээр нь ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн хоолны газар, цэцэрлэгийн гал тогоо, гэх мэтчилэн есөн дүүргийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байна гэсэн судалгаа бүртгэгдсэн.

-Нийт нийслэлийн 4000 ААНБ-уудад хичнээн байцаагч хяналт тавин ажилдаг вэ?

-Нийслэлийн хэмжээнд хүнсний чанар стандартын хяналтын нийт 19 байцаагч, эрүүл ахуйн халдвар хамгаалалын хяналтын 12, нийтдээ 31 байцаагч хяналт тавин ажилдаг.

-Энэ олон үйлчилгээний газарт 31 гэхээр маш цөөхөн сонсогдож байна. Ажлаа хэрхэн амжуулж байна. Төлөвлөгөөт хяналт, шалгалт болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын чиглэлээр ажлаа явуулдаг гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Мэргэжлийн хяналтын байгууллага жил болгон төлөвлөгөө гаргадаг. Ер нь төлөвлөгөөт хяналт шалгалтыг өмнөх оны 12-р сарын нэгний өдөр баталж, ААНБ-уудад хяналт шалгалтыг хэрэгжүүлдэг. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хувьд нийт хяналт шалгалтын 30 хувийг эзэлдэг бөгөөд бусад үед урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж ажиллаж байна.

 

 


ХОЁР. Мэргэжлийн байгууллагад хандахгүйгээр өөрсдөө дур мэдэн түрээсийн байранд их ордог явдал их байна

-Монгол улс хөгжихийн хэрээс гадны франчайзинг эрхтэй хоолны сүлжээ нэлээн орж ирж байна. Эндээс шинээр бизнес эрхэлж буй хүмүүс өөрийн санаан дээр тулгуурлан бизнесээ эрхлэх нь давуу тал болох уу? Эсвэл гадны төслүүд нь давуу тал болж байна уу? Таны бодлыг сонсмоор байна.

-Сүүлийн жилүүдэд манай улсад дэлхийн томоохон сүлжээ хоолны газрууд орж ирсээр байна. Манай байгууллагын хувьд тухайн байгууллагад хүнсний аюулгүй байдлыг хэрхэн хангах ажиллах ёстой тэр чиглэл рүү нь юу юун дээр анхаарах тэр талын мэдлэг мэдээллийг тухайн чиглэл үйл ажиллагаа эрхлэгч нарт мэдээлэл өгөх ер нь гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаас нь бүх мэдээллийг хүргэдэг чиг үүрэгтэй л байгууллага. Мэдээж аль алинд нь давуу болоод сул талууд байдаг.

-Шинээр хоол үйлдвэрлэлийн салбарт орж буй ААН-үүдийн хамгийн их гаргадаг алдаа нь юу байдаг вэ?

-Мэргэжлийн байгууллагад хандахгүйгээр өөрсдөө дур мэдэн түрээсийн байранд их ордог. Гэтэл тухайн барилга байгууламж үйлчилгээний зориулалттай байх ёстой.

Үйлчилгээний зориулалттай байсан ч хүнсний чиглэлийн үйл ажиллагаа явуулахад  бэрхшээлтэй байдаг. Дээр хэлсэн 2013 онд хууль шинэчлэгдэхдээ хамгийн гол шинэчлэл нь тухайн ААБ бүх үйл ажиллагааныхаа үр дагаврыг өөрөө хариуцна гэдэг нь гол нэгдүгээр асуудал болгосон. Иргэд юун дээр түлхүү алдаад байна гэхээр үйл ажиллагаандаа дотоод хяналт тавихгүй байх тохиолдол их байна. Үүнээс болж хүнсний аюулгүй байдал алдагдаж халдварт өвчин, халдварын бус хоол хүнснээс шалтгаалах халдварт бус өвчлөлүүдийг авч байх нөхцлийг үүсгэж байна. Нийтлэг гарч буй зөрчлийн хувьд анхнаасаа хоолны газрын чиглэлээр зураг төсөл гаргаж хоол үйлчилгээний газруудад технологийн урсгал зориулалтын багаж төхөөрөмжөөр хангагдаагүй, технологийн урсгал зөрчигдөх мөн нийтийн орон сууцанд иргэд оршин суугчдын үйлчилгээг алдагдуулсан асуудлууд хоолноос болсон нян бохирдлууд гэх мэтчилэн олон зүйл дээр алддаг.

-Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалгалтыг яаж хэрэгжүүлж байна?

-Бид ганцхан төлөвлөгөөт хяналт шалгалт хийхээс гадна ААНБ руу чиглэсэн төлөвлөгөөт туслах үйлчилгээ үзүүлдэг. Энэ нь ААНБ-уудыг хянан шалгах биш тухайн газарт очин эрсдэлийн үнэлгээ хийж эрсдэлтэй бол тэр талаар соён гэгээрүүлэх сургалтын ажлуудыг хийх мөн эрсдэлийг бууруулах талаар ямар арга аргачлал хийх ёстой вэ гэдэг мэргэжлийн зөвлөгөөг өгдөг. Мөн иргэдийн өргөдөл гомдлын дагуу төлөвлөгөөт бус шалгалтуудыг хийдэг. Мөн баяр ёслолыг угтсан урьдчилан сэргийлэх хяналт шалгалтуудыг хийнэ. Одоо шинэ жилийн баяр дөхөж байгаа учир 12 сарын хоёрноос урьдчилан сэргийлэх хяналт шалгалтуудыг томоохон хүлээн авалтууд хийдэг газруудад хийгдэнэ. Бид өмнө нь ААНБ-уудад холбогдох хууль дүрэм журам ямар асуудлууд дээр анхаарч ажиллах талаар зөвлөмжийг боловсруулж хүргүүлсэн.

-Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудад шинэ стандарт тусгагдаж байна. Ингэснээр иргэдэд буюу үйлчлүүлэгчдэд ямар давуу тал болж өгч байна вэ ?

-Монгол улсад хоол хүнснээс шалтгаалсан өвчлөл их байна. Энэ нь хүн өдөр тутмын хэрэглэж буй илчлэгийг ямар хэмжээнд хангаж авах ёстой илчлэг дотор буй нүүрс ус, өөх тос, уургийн хэмжээ нь хэр байна түүнд байгаа элсэн чихэр, давсны хэмжээ хэр зэрэг байх ёстой зэрэг эдгээр зүйлийг хоол үйлчилгээний газрууд тэр болгон мөрдөж ажилдаггүйтэй холбоотой. Харин үүнийг шинэ батлагдсан стандартаар хоолны цэсэнд тухайн хоолны илчлэгийг тодорхой хэмжээнд зааж өгсөн байх шаардлагыг тавьсан.

Мөн хоолонд орж буй давс, элсэн чихрийн хэмжээг тодорхой зааж өгөхийг тусгаснаар хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудад нилээн дэвшил бий болж байна гэж ойлгож болно. Ингэснээр хоол хүнснээс хордох эрсдэл багасах юм.

-Сонирхолтой ярилцлага өрнүүлж, мэдээлэл хүргэсэн танд баярлалаа. 


keyboard_arrow_up