COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 13, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Хятадын дарга бүрэн эрхийн хугацаагаа яагаад сунгах болов

2018 оны 3 сарын 05

БНХАУ-ын 13 дахь удаагийн сонгуулийн Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн Бүх Хятадын хороо (АУТЗЗБХХ)-ны анхдугаар чуулган Бээжин хотноо болж байна. Нийслэл дэх Ардын хурлын ордонд Хятадын дарга Си Зиньпин болон улс төрийн өндөр бүх албан тушаалтан оролцож байгаа гэнэ.

Тус улсын удирдагчдын оролцдог зөвлөлдөх гол байгууллага болох дээрх зөвлөл нь жил бүрийн гуравдугаар сарын эхэнд нэг удаа хууль тогтоох гол байгууллага болох Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурал (парламент)-ын чуулганы хамт хуралддаг юм. Уламжлал ёсоор “давхар чуулган”-аар намын Төв хорооны янз бүрийн бүгд хуралдаанаар хэдэн сарын өмнөөс хэлэлцсэн асуудлуудыг ёслол төгөлдөр баталдаг.

Гэхдээ БНХАУ-ын Ерөнхий сайдын тавьдаг жил тутмын илтгэл гадаадын эдийн засагч, бизнес эрхлэгчдийн анхаарлыг ихээхэн татдаг юм. Уг баримт бичигт тусгасан, дэлхийд хоёрдугаарт ордог тус улсын эдийн засгийн гол үзүүлэлтүүд бусад улсад чухалд тооцогддог аж. Харин энэ онд чуулганы гол анхаарал улс төрд шилжжээ. 

Тодруулбал, “Xinhua” агентлагаас мэдээлж байсанчлан тус чуулганы төлөөлөгчид Төрийн тэргүүндээ албан тушаалаа хоёроос олон жил улиран хашихыг зөвшөөрч, Үндсэн хуульдаа тусган батлах гэж байна. Ингэснээр Си Зиньпин энэ удаагийн чуулганаар улираад зогсохгүй 2023 онд гурав дахиа сонгогдох боломжтой болох юм. Ингэх ч байх гэж ажиглагчид үзээд удаж байгаа билээ.

Өнгөрсөн оны аравдугаар сард болсон, түүнийг түүхэнд албан ёсоор мөнхөлсөн Хятадын Коммунист намын XIX их хурлын дүн тийм таамаг дэвшүүлэхэд хүргэсэн. Тэр үеэс хойш “Шинэ эринд зориулсан Хятадын онцлогтой социализмын тухай Си Зиньпиний үзэл санаа” нь намын дүрмийн нэг хэсэг болсон билээ.

Си Зиньпин энэ удаагийн чуулганаар улираад зогсохгүй 2023 онд гурав дахиа сонгогдох боломжтой 

Одоо улс төрийн энэ байна. Тэрбээр албан тушаалаа ул суурьтай бөгөөд удаан хугацаагаар хашихаар шийдсэний гол нотолгоо нь ирээдүйд буюу 2023 оноос хойш БНХАУ-ын дарга болон Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдаар ажиллуулахаар хэн нэгнийг бэлтгэж буй ямар ч шинж тэмдэг байхгүйд оршиж буй юм.

Мэдээжийн хэрэг, намын дүрэмд залгамж халааны тухай дурдаагүй төдийгүй Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчоонд хийсэн томилгооноос ажиглагчид дээрх мэдээллийг авчээ. Өнгөрсөн оны аравдугаар сард болсон их хурлын дараа ирээдүйн залгамжлагчийн тухай асуултад хариу өгөөгүй.

Харин одоо хариу нь гарч, БНХАУ-ын даргын алба хаших хугацаанд тавьсан хязгаарыг цуцлах болж байна. Хятадын өнөөгийн удирдагч бүрэн эрхийн хугацаагаа яагаад сунгах хэрэгтэй болов? Си Зиньпиний өргөн хүрээг хамарсан төлөвлөгөөг амьдралд хэрэгжүүлэхэд Үндсэн хуульд нь заасан 10 жилийн хугацаа хүрэлцэхгүй. Нэг талаас, Хятад улс дэлхийд АНУ-ын дараа хоёрдугаарт орох хүчирхэг эдийн засагтай гэдгээ баттай нотолсон.

Нөгөөтэйгүүр, эдийн засгийн хүчирхэг гүрэн гэх статус нь эдийн засгаа хөгжүүлэхэд нэлээд хэдэн гажилт гарсныг, гол нь Хятадын иргэдийн аж байдалд тусгалаа бүрэн олоогүйг урьдчилан тогтоожээ. Си Зиньпин эрх барьсан таван жилийн гол уриа болсон авлигад зарласан дайн нэг сая гаруй хүнийг хамарсан бөгөөд 1.3 тэрбум хүн амтай улсын эрх баригчдын өмнө зах хязгааргүй их ажил байна. Үүнээс дутахааргүй ажилд байгаль орчны төлөө тэмцэл орж буй.

Хятадын эдийн засагчдын тооцоолсноор байгаль орчин доройтож буйн улмаас тус улсын зүүн хойд нутгийн оршин суугчдын дундаж наслалт таван жилээр буурчээ. Олон жил энэ асуудал тус улсын иргэдийг түгшээж буй гурван гол шалтгааны нэгд тооцогдож байна. Багагүй хэрнээ өргөн хүрээг хамарсан зорилт БНХАУ-ын удирдлага болон гадаад ертөнцийн өмнө тавигджээ. XXI зуунд эрчээ авсан, Дэн Сяопины үед эхэлсэн Хятадын идэвхтэй түрэмгийн бодлого олон улсад таалагдахгүй байна.

Олон улсын тавцан дахь томоохон тоглогчийн хувиар Хятадын хийж буй мэдэгдлийг анзаарахгүй өнгөрөхийг хэн ч хүсэхгүй аж. Урьд нь зөвхөн Хятад орон АНУ-ыг илэрхий өдөөн хатгадаг байсан бол өдгөө Бээжингийн сөрөг нөлөөг Токио, Канберра, Дели дурдах болжээ. Хамгийн илэрхий нь өнгөрсөн оны наймдугаар сард Доклам тэгш өндөрлөгт өөрийн болон Бутан, Балба, Мальдивын хил дээр үүсгэсэн сөргөлдөөн билээ.

Мөн саяхан АНУ, Энэтхэг, Австрали, Япон гэсэн албан ёсны бус холбоог америкчууд байгуулсан нь Хятадад амсхийх зав өгөхгүй нь. Тэрчлэн БРИКС, ШХАБ зэрэг байгууллагын хүрээнд ч Бээжин, Дели хоорондын геополитикийн өрсөлдөөн намжихгүй байна. ШХАБ-ын баримт бичигт Хятадын “Нэг бүс, нэг зам” санаачилгын талаар дурдсан болгоныг Энэтхэгийн төлөөлөгчид няцааж байгаа нь тохиолдлын хэрэг биш юм.

Дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлж буй талаарх Хятадын мэдэгдэл бүрийг улам хүчтэй няцааж буй нөхцөлд Бээжин Си Зиньпинээс сул нэгэнд эрх мэдлийг шилжүүлбэл түүнийг дарга болсон 2012 оноос хойш хүрсэн амжилтыг нь үгүй хийнэ хэмээн үзэж буй бололтой.

ХЭЛЭЛЦЭХ БУСАД АСУУДАЛ

Энэ удаагийн чуулганаар эцэг хуулиас гадна гадаад эдийн засгийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, ядуурлыг арилгах, байгаль орчныг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, үйлдвэрлэл, эрчим хүч, тээврийн салбарын бүтцийг өөрчлөн шинэчлэх зэрэг асуудал хэлэлцэх аж.

БРИКС, ШХАБ зэрэг байгууллагын хүрээнд ч Бээжин, Дели хоорондын геополитикийн өрсөлдөөн намжихгүй байна

Хятадад шинэчлэх, нээлттэй байх бодлого явуулж эхэлсний 40 жилийн ой болж байгаа онцлогтой. “Бид шинэ эрин үед шилжиж байгаа бөгөөд БНХАУ-ын дарга Си Зиньпин гэсэн цөмтэй Коммунист намын Төв хороотой АУТЗЗБХХ улам бүр нягт хамтран ажиллах замаар түүхийн шинэ хуудсыг нээнэ. Бидний үзэл санаа болон санаачилга бүх талыг хамарсан өөрчлөлт шинэчлэлт хийх түлхэц болно” гэж чуулганы албан ёсны төлөөлөгч Ван Гоцин мэдэгдэв.

Зөвлөлдөх дээд байгууллагын хувьд Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөл шинэчлэлийг идэвхжүүлэхийг хэлбэрэлтгүй дэмжиж, шат дараатай туслахыг тэрбээр сануулжээ. Тэрчлэн олон улсын дүрэм журмыг үндэслэн худалдаа, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэх, Хятадын зах зээлд бусад улс нэвтрэх боломжийг бодитойгоор хөнгөлөхөөр төлөвлөж буй гэнэ. Хятадын Засгийн газрын өмнөө тавьсан гол зорилтуудын нэг нь дайсагнал, сөргөлдөөнгүй, нэгдмэл хамтын нийгэмлэгийг дэлхийд байгуулах явдал аж. “Бүх улс, ялангуяа хөгжингүй орнуудад харилцан зөвшилцсөн гэрээ байгуулах, харилцан ашигтай хамтрах зарчим дээр тулгуурласан олон улсын харилцааны шинэ хэлбэр бий болгох хүчин чармайлт гаргах ёстой” гэж Ван Гоцин хэлсэн байна.

АУТЗЗБХХ-ны анхдугаар чуулган энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ. Түүнд төрийн байгууллага, Зэвсэг хүчин, нийгэм, улс төрийн байгууллагууд, шашны болон шинжлэх ухааны хүрээнийхэн, Хонконг, Макао гэсэн засаг захиргааны тусгай бүс, үндэсний 56 цөөнхийг төлөөлсөн 2158 төлөөлөгч оролцож байна. Чуулганы төлөөлөгчдийн талаас илүү хувь нь улс төрийн жил тутмын арга хэмжээнд анх удаа оролцож буй гэнэ. Тэдний 40 орчим хувь нь Коммунист намаа төлөөлжээ.

Зөвлөлдөх зөвлөлийн энэ удаагийн хуралдаанд оролцогчдын дундаж нас 56 аж. 100 гаруй төлөөлөгч Хятадын Шинжлэх ухааны болон Инженерийн шинжлэх ухааны академийн гишүүн байна. Чуулганаар АУТЗЗ-ийн Байнгын хорооны ажлын илтгэл, өнгөрсөн оны хуралдааны үеэр дэвшүүлсэн хуулийн төслүүдийн бэлтгэл ажлын тайланг сонсоно. Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд санал өгөх эрхгүйгээр маргааш эхлэх Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын чуулганд оролцох гэнэ.

Тэгэхдээ Засгийн газрын ажлын үр дүнгийн тухай илтгэлүүдийг хэлэлцэж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шийдвэрийг батлан, Улсын хяналтын комиссын тухай хуулийг батлахаар төлөвлөж байна. Мөн өөрчлөлт оруулсан хувилбараар нь АУТЗЗ-ийн дүрмийг баталж, тус зөвлөлийн улс төрийн тогтоол болон тайланг хэлэлцэн, шинэ дарга болон орлогч, нарийн бичгийн дарга, Байнгын хороодын гишүүдийг сонгох аж.

Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн Бүх Хятадын хороо нь улс төрийн зөвлөгөөн хийх, Хятадын Коммунист намын Төв хороо болон бусад төрийн байгууллагын баталсан Засгийн газрын гол хөтөлбөрүүдийн биелэлтэд хяналт тавих, татвар, төсвийн төслүүдийг хэрэгжүүлэх, үндэсний бодлого, эдийн засаг, соёл, нийгмийг хөгжүүлэх салбар дахь улс орныг бүхэлд нь хамарсан гол асуудлуудыг хэлэлцэх үүрэгтэй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54539
0 эможи
keyboard_arrow_up