COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 21, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Дэлхийн өвд бүртгэгдсэн гайхамшигт таван газар

админ
2020 оны 8 сарын 08

Дэлхийн өвд бүртгэгдсэн гайхамшигт таван газар

Дэлхийн өв гэдэг нь 1972 оны ЮНЕСКО-гийн чуулганаар батлагдсан "Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тунхаглал"-д үндэслэн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн археологийн дурсгал, байгаль, соёлын дурсгал зэрэг хүн төрөлхтөн үеэс үед өвлүүлэн үлдээх үнэт зүйлсийг хэлдэг.

Египетийн Нил мөрний сав газарт 1959 онд Асваны усан цахилгаан станц баригдах төлөвлөгөө гарчээ. Энэхүү усан цахилгаан станц бий болбол Нубийн хөндий дэх дурсгалт зүйлс усанд автах аюул тулгарах байж. Энэ асуудлыг шийдэхийн тулд ЮНЕСКО-гоос "Нубийн живэх гэж буй дурсгалыг хамгаалах хөдөлгөөн" өрнүүлэв. Дэлхийн 60 гаруй орон үүнд нэгдэж, техник, хөрөнгө мөнгөний туслалцаа үзүүлжээ. Ийнхүү Абу Симбел сүмийг нүүлгэн шилжүүлжээ. Энэхүү явдлаас улбаалан, түүхийн үнэт зүйлсийг хөгжлийн золиос болгохгүйн тулд олон улсын түвшинд хамгаалах хэрэгтэй болсныг дэлхийн улсууд ойлгосон байна.

ЮНЕСКО-гийн Парис дахь төв байранд 1972 оны арваннэгдүгээр сарын 16-нд болсон 17 дахь удаагийн чуулганаар "Дэлхийн соёл, байгалийн өвийг хамгаалах тунхаглал"-ыг санал нэгтэйгээр баталжээ. Анх АНУ 1973 онд энэхүү тунхаглалд нэгдэн орсон бөгөөд 20 дахь улс нэгдэн орсон 1975 оноос албан ёсоор хэрэгжиж эхэлсэн байна.

Ингээд "News" агентлаг энэ удаагийн "Сонирхолтой газарзүй" булангаараа Дэлхийн өвд бүртгэгдсэн гайхамшигт таван газрыг танилцуулж байна.

АНКОР ВАТ, КАМБОЖ

Энэхүү хийд  нь дэлхийн хамгийн том шашны цогцолбор газар бөгөөд нийт талбай нь 1600 гаруй квадрат метр аж. Анх Хиндү шашны хийдийн зориулалтаар бүтээгдсэн боловч XII зууны үед Буддын шашны хийд болгожээ.  Чулууг хооронд нь эвцэлдүүлэн нийлүүлж, ус орох зайгүй болтол нь наалдуулжээ. Энэ байгууламж хэдий XII зуунд баригдсан ч нэлээд хожуу, ердөө зуугаад жилийн өмнө дэлхийд танил болжээ. Ийм учраас хүний гараар бүтээгдсэн дэлхийн гайхамшгуудаас олж илэрсэн түүхэн он цагаараа хамгийн залууд тооцогдох энэ бүтээлийг 1992 онд ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэн авсан байна. “Анкор Ват”-аас өөр ямар ч байгууламж улсынхаа төрийн далбаанд байдаггүй нь Камбож хүмүүст энэ сүм хичнээн чухал, хүндтэйг илэрхийлнэ.

АКРОПОЛИС, ГРЕК

Грекийн нийслэл Афин хотын төвд байх ба 150м орчим өндөр тэгш гадаргуу бүхий хадан довцог дээр байрлах уран барилгын цогцолбор дурсгал юм. Тухайн үед энд олныг хамарсан нийтийн арга хэмжээ явагддаг байсан бөгөөд улс төр, урлаг соёл , хурал цуглаан, баяр ёслолын гол төв болж байжээ. Акрополис руу орох үүдний сүмийг Пропиле гэх бөгөөд сүрлэг олон шатаар өгсөж гарах ба урд хэсэгт ялалтын бурхан Никэгийн сүм байна. Дайны эмэгтэй бурхан Афина Прамакусын есөн метр өндөр аварга том жад барьсан сүрлэг хөшөө ч мөн угтана. Энэхүү хөшөө нь Афиныг үүрд хамгаалах утга санаатай. Мөн энд хуучин сүмийн болон Афина Парфеносын модон хөшөөний суурь үлдэц байна. Акропол цайзын урд хэсэгт газрын түвшинд Хиродус Атикус болон Деносусын аварга задгай театрууд байрлаж өргөн чөлөөгөөр хоорондоо холбогдоно.1987 онд дэлхийн өвд бүртгэгдсэн уг газрыг үзэхээр жил бүр 22 сая жуулчин ирдэг байна.

МАЧУ ПИКЧУ, ПЕРУ

Перу улсын Урубамба хөндийн орчимд далайн түвшинээс 2438 метрийн өндөрт орших уулын оройд байдаг Мачу Пикчу нь Инкийн орхигдсон хот хэмээн дэлхий дахинаа ихэд алдаршсан бөгөөд хотын туурь нь ертөнцийн долоон гайхамшгийн нэгд тооцогддог. АНУ-ын Йелийн их сургуулийн түүхч эрдэмтэн Хайрам Бингем 1911 онд тус хотыг олж илрүүлэх хүртэл энэ хотын талаар домог яриа л гардаг байжээ. Тэгвэл  1983 онд ЮНЕСКО -гийн дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэнээс хойш Мачу Пикчуг үзэхээр өдгөө жилд хагас сая орчим жуулчин ирдэг болсон байна.

ПЕТРА ХОТЫН ТУУРЬ, ЙОРДАНИ

Өдгөөгөөс 2000 гаруй жилийн өмнө бүтээгдсэн Петра хотын туурь бол Дэлхийн шинэ долоон гайхамшгийн нэг. МЭӨ 600-аад онд ид мандаж байсан Набатейн хаанчлалын үед хадыг нүхэлж барьсан энэ аварга туурийг “Сарнайн улаан хот” хэмээн нэрийдэх бөгөөд 1985 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгэн авчээ. Инженерүүд өнөө хэр нь 12 давхар байшин шиг өндөр энэ байгууламжийн архитектурын нууцыг бүрэн тайлаагүй байна. Хоёр километр орчим үргэлжлэх хавцал дундуур явж, эртний хаадын эрдэнэсийн агуйд хүрдэг байна. Үүнээс цааш хаад, язгууртнуудын олон зуун булш байрлуулсан томоохон танхим үргэлжилнэ. Харин булшны эсрэг талд Ромын эзэнт гүрний үед барьж дууссан 7000 хүний суудалтай задгай театр бий. Театрт одоо ч гэсэн урлагийн олон арга хэмжээ болдог. Эртний Петрагийн туурийн хамгийн том байгууламж нь хадан сүм. Манай тооллын I зууны үед барьсан энэхүү сүмийн 800 гаруй шатаар өгсөхөд нэг цаг орчим хугацаа зарцуулдаг.

ПАСХА АРАЛ, ЧИЛИ

Пасха арал бол Номхон далайн дунд орших, эх газраас хамгийн их алслагдсан нэгэн жижиг арал бєгєєд дээрээс нь харахад гурвалжин дvрстэй харагддаг. Энэ арал дээр аварга том хєшєєнvvд дvvрэн байдаг. Эдгээр хєшєєнvvдийг моаи хэмээн нэрлэдэг. Хөшөө тус бүрийг нэг том чулуунаас сийлбэрлэн хийсэн байдаг ажээ. Наасан, тогтоосон эд анги гэж байхгүй гэнэ. Хөшөөнүүдийн зарим нь 20 орчим тонн жинтэй, зургаан метрийн өндөртэй аж. Эдгээрээс гадна археологичид 20 метрийн өндөртэй, 270 тонн жинтэй дуусгаагүй баримлыг олсон байна. Арал дээр нийтдээ судлагдсан 997 моаи бий. Нутгийнхан арлаа Рапа-Нуй гэж нэрлэдэг боловч 1722 онд цагаан арьст Адмирал Рожевиний анх очсон єдєр нь Улаан єндєгний баярын єдєр буюу "Пасха" болж байсан учир ийн нэрлэх болжээ.  Энэхүү гайхамшигт арлыг 1996 онд дэлхийн соёлын өвд бүртгэн авчээ.

 

 

Эх сурвалж: news.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598911
3 эможи

Зочин
2020-08-08 10:42
keyboard_arrow_up