​Ч.Энх-Амгалан: Цар тахлын нөлөөллөөс болж 70 гаруй объектыг ашиглалтад оруулах хугацаа хойшилсон ​Ч.Энх-Амгалан: Цар тахлын нөлөөллөөс болж 70 гаруй объектыг ашиглалтад оруулах хугацаа хойшилсон
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

​Ч.Энх-Амгалан: Цар тахлын нөлөөллөөс болж 70 гаруй объектыг ашиглалтад оруулах хугацаа хойшилсон

2020 оны 12 сарын 04

 

БШУЯ-ны Хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Энх-Амгалантай ярилцлаа.

-Энэ жилийн хувьд боловсрол, шинжлэх ухааны салбарт нийт хэчнээн сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулаад байна вэ?

-Боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг зарим хүн барилга байшин гэж ярьдаг. Үнэн хэрэгтээ олон мянган хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхийн асуудал байдаг. Цэцэрлэгийн дутагдлаас болж хичнээн хүүхэд гэртээ үлдэж байгааг бид мэднэ. Сургуулийн ачааллаас болж хичнээн хүүхэд нэг ангид сууж байгааг ч мэднэ.

Манай салбарын хөрөнгө оруулалт нэгдүгээрт, улсын төсөв, хоёрдугаарт, гадаадын зээл, тусламж, гуравдугаарт, орон нутгийн төсөв болон хувийн хөрөнгө оруулалт гэсэн үндсэндээ гурван хэсгээс бүрддэг. Өнгөрсөн онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 46 сургууль, өргөтгөл, 76 цэцэрлэг, өргөтгөл, 12 дотуур байр, 18 спорт заал бүхий нийт 152 объект улсын хэмжээнд ашиглалтад орсон. Тэгвэл энэ онд одоогийн байдлаар улсын төсвийн болон гадаадын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр 18 мянга орчим суудалтай 52 сургууль, сургуулийн өргөтгөл, найман мянган хүүхэд хүлээн авах хүчин чадалтай 68 цэцэрлэг, цэцэрлэгийн өргөтгөл шинээр ашиглалтад оруулаад байна. Мөн аймаг, орон нутагт 21 дотуур байр, нийслэлд Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдийн байрны өргөтгөлийг шинээр ашиглалтад оруулсан. Дахиад 80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй 72 объектын барилга угсралт болон заслын ажлууд хийгдэж байна. Зарим нь энэ сард, зарим нь ирэх оны нэгдүгээр улиралд ашиглалтад орно.

“COVID-19” цар тахалын нөхцөл байдал манай хөрөнгө оруулалтын ажлуудад ихээхэн сөргөөр нөлөөлж байна. Өнөөдрийн байдлаар ашиглалтад орох шаардлагатай 70 гаруй төсөл арга хэмжээний объектыг хүлээн авах хугацаа хойшлогдлоо.

-2021 оны төсөвт шинээр хичнээн сургууль, цэцэрлэгийн барилга тавигдаж байгаа вэ, энэ нь хүүхдүүдийн суралцаж, хөгжих таатай орчныг бүрдүүлэхэд хангалттай юу?

-Саяхан УИХ-аар батлагдсан 2021 төсвийн тухай хуульд шинээр 35 цэцэрлэг, 17 сургууль, 6 дотуур байрны барилгын санхүүжилтийг багтаасан нь өмнөх жилүүдийнхээс 3-4 дахин буурсан үзүүлэлт юм. Улсын хэмжээнд 2021 онд боловсрол, шинжлэх ухааны салбарт барилга байгууламжийн 300 орчим төсөл арга хэмжээ шилжих болон шинээр хэрэгжихээр төлөвлөсөн.

Сүүлийн жилүүдэд, жилд дунджаар 80 мянга гаруй хүүхэд төрж байгаа. Ерөнхий боловсролын сургуулиудад 2025 он гэхэд 830 мянга, 2030 он гэхэд 915 мянган хүүхэд суралцах тооцоолол хийгдсэн. Гэтэл боловсролын салбарын хөрөнгө оруулалт хүн амын энэ өсөлтийг гүйцэх хэмжээнд хийгдэж чадахгүй байна. Хөдөө орон нутаг гэлтгүй нийслэлд шинээр ашиглалтад орж буй сургууль, цэцэрлэгийн шаардлагатай үндсэн тавилга, тоног төхөөрөмжийн 50 хүрэхгүй хувийг нийлүүлж, бусад чухал шаардлагатай техник технологи, физик, хими, биологийн кабинет, лабораториудын тоног төхөөрөмжийг нийлүүлж чадахгүй байна. Олон жилийн “настай” сургууль, цэцэрлэгийн хуучин барилгуудад шаардлагатай их засварын 20 хүрэхгүй хувийг улсаас төсвөөс шийдэж байна. Тэгэхээр ойрын таван жилд боловсролын салбарт улсын төсөв болон гадны зээл тусламжийн хөрөнгө оруулалт нэн шаардлагатай хэвээр байх болно.

-Төлөвлөлтийг оновчтой хийж, гүйцэтгэлийг үр дүнтэй байлгах асуудалд хэрхэн анхаарч байна вэ?

-Боловсрол, шинжлэх ухааны яам энэ оноос эхлээд хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг газар зүйн мэдээллийн системд суурилж хийж байгаа. Энэ ажлын хүрээнд сум бүрийн хүн амын тоо, нягтрал, тухайн барилга байгууламжийн талаарх судалгааг нэг бүрчлэн хийсэн. Газар зүйн мэдээллийн системийн төлөвлөлтөөс харахад нийслэл хотод сургууль, цэцэрлэгийн барилгын өргөтгөл шинэчлэлтийн шаардлага их байна. Монгол Улсын нийт сумдын 40 орчим хувь нь хүчин чадлыг нэмэгдүүлж, цэцэрлэгийн өргөтгөл хийх эсвэл шинээр барих шаардлагатай байгаа юм.

-Ковидын нөхцөл байдлаас шалтгаалж, сургуулиудын барилгын үйл ажиллагаа хойшилбол эргээд гурван ээлжээр хичээллэх нөхцөл үүсэх үү?

-Боловсрол, шинжлэх ухааны яам өнгөрсөн хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэдэг байдлыг халж чадсан. Хүрсэн түвшингээсээ ухрахгүйн тулд боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг танах биш нэмэх хэрэгтэй байгаа юм. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаснаар хичээл сургалтыг нэг ээлжид оруулах хэмжээнд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорьж байна. Тиймээс 2000-аас дээш хүүхэд суралцаж буй сургуулийг өргөтгөх бус тухайн хамрах хүрээнд нь шинэ сургууль, цэцэрлэгийн барилгыг төлөвлөх шаардлагатай. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ар талын орон сууцны хорооллууд дунд болон Хан-Уул дүүргийн Яармагийн урд дэнж, хотын захын зарим хороонд төрийн өмчийн сургууль, цэцэрлэг байдаггүй. Энэ мэт нөхцөл байдлаас болж хүүхдүүд хол сургууль руу явганаар явах, түүнээс болж хүйтний улиралд даарч хөрөх, өвчин тусах, хүчирхийлэл, халдлагад өртөх эрсдэл нэмэгддэг. Тиймээс хүүхдэд ээлтэй хот, орчныг бүрдүүлэхэд боловсролын салбарын хөрөнгө оруулалт нэн чухал.

-Та ярианыхаа эхэнд салбарын хөрөнгө оруулалтад гадаадын зээл, тусламж тодорхой хувийг эзэлдэг гэсэн. Энэ нь хэр тус нэмэр болдог вэ?

-Өнгөрсөн гурван жилийн хугацаанд боловсрол, шинжлэх ухааны салбарт гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалт сайн хийгдлээ. Тухайлбал Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 32 сургууль, цэцэрлэгийг өргөтгөх, шинээр барих зэрэг төсөл, арга хэмжээ Улаанбаатар хот болон 4 аймагт хэрэгжиж эхлээд байна, эдгээр 32 төсөл, арга хэмжээнээс зургаа нь барилга угсралтын ажлууд нь дуусах шатандаа хэрэгжиж байгаа бол үлдсэн нь ирэх жилүүдэд үргэлжлүүлэн хэрэгжинэ.

Мөн БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар долоон сургууль, нэг цэцэрлэг баригдаж байгаагаас одоогоор дөрвөн сургууль, нэг цэцэрлэг нь бүрэн ашиглалтад орсон.  Үлдсэн гурван сургууль болох Хан-Уул дүүргийн 10, 15 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байрлалтай сургуулиудыг ирэх онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр дөрвөн томоохон сургууль баригдаж, гурав нь ашиглалтад орсон бол Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийн тухайд нэг ээлжиндээ 960 хүүхэд, хоёр ээлжиндээ 2000 хүүхэд суралцах боломжтой сургууль одоо 12 сард ашиглалтад орохоор хүлээгдэж байна. Япон улсын тусламжаар баригдсан эдгээр дөрвөн сургууль ашиглалтад орсноор нийт нэг ээлжиндээ 2520 хүүхэд суралцах боломжтой болж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бусад энгийн хүүхдүүдтэй хамт суралцах орчин бүрдсэн.  АНУ-ын Цэргийн тусламжаар дөрвөн цэцэрлэгийн барилга Дорноговь, Сэлэнгэ, Увс, Сүхбаатар аймгуудад  тус бүр 50 ортой хүүхдийн эдгээр цэцэрлэгийн барилгын ажил дуусч, улсын комисс хүлээж авахад бэлэн болоод байна. НҮБ-ын Хүүхдийн сангаас хоёр төсөл арга хэмжээ эхлээд явж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621780
0 эможи

Зочин
2020-12-05 18:37
keyboard_arrow_up