COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Н.БАТ-ЭРДЭНЭ: Гэр бүлийн харилцаа, хандлагыг өөрчлөх зорилгоор “ЗАХИДАЛ” нөлөөллийн арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг

2020 оны 6 сарын 03

Arslan.mn

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Н.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө манай сайтын уншигчдад өөрийгөө танилцуулвал. Сүхбаатар дүүрэгт хэд дэх жилдээ ажиллаж байна вэ? 

-Сайн байна уу. Намайг Н.БАТ-ЭРДЭНЭ гэдэг. 2002 онд ЕБС-ийн сургуулиа төгсөөд цагдаагийн анхан шатны дамжааг дүүргэн тус оны  11 сарын 15-ны өдөр  Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст эргүүлийн цагдаагаар томилогдон ажиллаж байлаа.  Эргүүлийн цагдаагаас хойш жижүүрийн цагдаа, хороо хариуцсан хэсгийн байцаагч, хэв журмын ахлах байцаагч,  гэр бүл хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн ахлах мэргэжилтэн гэх мэт ажлуудыг хийж байсан. Тус дүүрэгтээ тасралтгүй 18 дах жилдээ ажиллаж байна. Манай дүүргийн хувьд маш олон төрийн болон төрийн бус байгууллага төвлөрсөн хотын төвд оршдог учраас хөл хөдөлгөөн ихтэй, 21.8 мянган га газар нутагтай, 20 хороотой нийт 160 гаруй мянган оршин суугчтай. Дүүргийн нутаг дэвсгэр дээр үйлдэгддэг гэмт хэрэг зөрчлүүдэд дамжин өнгөрч байгаа иргэд холбогдох нь элбэг байдаг. 

- Танай дүүрэгт хоногт хичнээн гэмт хэрэг, зөрчил бүртгэгддэг вэ?

-Дүүргийн хэмжээнд хоногт 150-180 орчим дуудлага, мэдээлэл бүртгэгдэг. Эдгээр дуудлага мэдээллийн 10-15 нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой байна. Тиймээс Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээллийг хурдан, шуурхай шалгаж, нотлох баримтыг бүрдүүлэх, хохирогчийн зөрчигдсөн эрхийг яаралтай сэргээхэд онцгой анхаарч ажилладаг.  

- COVID-19-ийн цар тахалтай холбоотойгоор хөл хориог тогтоосноор ахуйн хүрээний архидалт нэмэгдсэн байсан. Үүнийгээ дагаад ч гэр бүлийн хүчирхийлэлийн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага нэмэгдсэн үзүүлэлттэй байсан. Тэгвэл танай дүүрэгт энэ төрлийн хэргийн гаралт нэмэгдсэн үү?  

- COVID-19 цар тахалтай холбоотойгоор хөл хорио тогтоосноор архидан согтууралт, гэр бүлийн хүчирхийллийн хэрэг манай дүүрэгт багассан үзүүлэлттэй байна. Гэр бүлийн хүчирхийлэлд оюун санааны, эдийн засгийн, бие мах бодийн болон бэлгийн гэсэн дөрвөн төрлийн хүчирхийлэл багтдаг. Үүнээс бие мах бодийн хүчирхийлэл манай улсад түгээмэл. Тодруулбал, өнгөрсөн оны байдлаар энэ төрлийн гэмт хэргийн 80 гаруй хувь нь бие мах бодийн хүчирхийлэлтэй холбоотой хэрэг байсан.

Иргэдийн дунд нэг ташаа ойлголт байдаг нь согтуурсан, мансуурсан үед л  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгддэг гэж боддог.

Энэ үнэн. Тэгэхдээ гэр бүлийн хүчирхийлэл олон шалтгаанаас үүдэлтэй. Тус гэмт хэрэг нь бусад төрлийн гэмт хэргийг бодвол далд хэлбэрээр үйлдэгддэг, гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс өртдөг тул нэр хүнд, санхүүгийн хараат бус байдлаас болж цагдаагийн байгууллагад мэдээллэхгүй байх нь элбэг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байх үедээ ч  бие биенээ тухайн мөчид ойлгож, хүндэтгэн үзэлгүй уур бухимдал, сэтгэлийн хөөрлөөрөө асуудалд хандсанаас биеэ хянах чадваргүй болж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил гаргасан иргэд олон байдаг.  

-Архи согтууруулах ундаа хэрэглээгүй үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх шалтгааныг юу гэж боддог вэ? 

- Гэр бүлийн хүчирхийлэл үүсэж буй шалтгаан нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хүчтэй хүчгүйгийн  ялгаатай байдлаас үүсдэг гэж хэлж болно. Цагдаагийн алба хаагч нар хүчирхийлэл үйлдсэн этгээдэд хууль эрх зүйн, мэдээ мэдээлэл, анхааруулах зөвлөмжийг өгдөг. Үргэлжлүүлэн тухайн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг Сүхбаатар дүүргийн Гэр бүл хөгжлийн хэлтэс бусад газруудад холбон зуучлах сэтгэлзүйн тусламж үйлчилгээ үзүүлэх, ярилцлага тестэнд оруулах ажлуудыг хийдэг.

Arslan.mn

-Гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдэд ямар ял шийтгэл оноодог вэ? Үүнээс гадна тухайн этгээдийн зан үйлд нөлөөлөх ямар ажлыг хийж байна вэ?

-Зөрчлийн тухай хууль болон Гэр бүлийн хүчирхийлэлттэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй зөрчил үйлдсэн бол 7-30 хоногийн хугацаатай баривчилдаг. Энэ үеэр зан үйлд нөлөөлөх албадан сургалтанд суулгадаг. Сургалтаар уураа хэрхэн барих вэ, хохирогчийн эрх ашигийг хэрхэн хөндөхгүй байх вэ, хамт амьдарч байгаа хүнтэйгээ хэрхэн харьцах ёстой вэ, эмэгтэй хүний зан төлөвийн онцлог гэх мэт олон зүйлийг заадаг. Мөн хүчирхийлэл үйлдэгч өөрөө хүсвэл сайн дурын сургалтанд хамрагдах боломжтой. Сургалтыг магадлан итгэмжлэгдсэн ТББ мэргэжлийн баг хамт олон зохион байгуулдаг. Харин эрүүгийн хэрэг хийвэл 1,6-2 жил хорих ялаар шийтгэдэг.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд баривчлагдсан хүмүүс дахин энэ төрлийн зөрчилд холбогдох нь ховор. Энэ нь цагдаагийн алба хаагчид хүчирхийлэгчийг тодорхой хугацаанд ажиглалтдаа авч ажилладагтай холбоотой байх.  

Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл ихсэж, шалгаж байгаа зөрчил өсөж байгаа нь энэ төрлийн гэмт хэрэг ил болж байгаагийн шинж. Дээр хэлсэнчлэн цоожтой хаалганы цаана үйлдэгддэг гэмт хэрэг ил болж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, иргэд “Гэр бүлийн хүчирхийлэл буруу, хүчирхийлэлгүй нийгмийг төлөвшүүлэх ёстой юм байна” гэдгийг ойлгодог болсон. Ингэснээр энэ төрлийн гэмт хэргийг илрүүлж, шийдвэрлэхэд иргэний оролцоо нэмэгдэж байна.

-Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлуудыг хийж хэрэгжүүлж байна вэ?

-Дүүргийн хэмжээнд COVID-19 цар тахал гарсантай холбогдуулан цахимаар болон хорооны хамтарсан багаар дамжуулан нөлөөллийн ажлуудыг түлхүү зохион байгуулан ажиллаж  байна. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн судалгаа бүртгэлийг гаргаж, тэдэнтэй холбоотой байх, эрх зүйн туслалцаа өгөх, бусад шийдвэрлэх ямар асуудал байгаа талаар ар гэрээс богино хэмжээний асуумж судалгааг тогтмол авч ажиллаж байна.

Мөн энэ төрлийн хэрэгт давтан холбогдсон тодорхой тооны хүмүүсийг дахин цагдаагийн байгууллагын судалгаанд хамруулан тэдгээр иргэдэд чиглэсэн сэтгэл зүй болоод зан үйлд нөлөөлөх сургалтуудыг дүүргийнхээ Гэр бүлийн хөгжлийн хэлтэстэй хамтран  нөлөөллийн соён гэгээрүүлэх ажлуудыг зохион байгуулж ажилладаг.

 Манай дүүрэг нь гэр бүлийн уур амьсгалыг зөөллөх, гэр бүлийн харилцаа хандлагыг өөрчлөх, нэгтгэх зорилгоор “ЗАХИДАЛ” нөлөөллийн арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг.

Хүчирхийлэл үйлдсэн этгээдэд хань ижил, үр хүүхдүүдээс нь тухайн хүний зөвхөн сайн чанарыг ил гаргасан сэтгэлийн үгтэй захидал бичдэг гэсэн үг юм. Бид тус захиаг зөрчилд холбогдсон иргэдэд хүлээлгэж өгөхөд маш сайхнаар хүлээж авдаг. Тус аян үр дүнгээ өгч эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар архины хамааралтай, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан дөрвөн хүн тогтсон ажил хөдөлмөр эрхлээд сайхан амьдарч байна.   

-Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүний хамгийн эхлээд хандах байгууллага бол цагдаагийн байгууллага, түр хамгаалах байр шүү дээ. Тэгвэл танай дүүрэгт хичнээн түр хамгаалах байр үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Mанай дүүргийн нутаг дэвсгэрт Сүхбаатар дүүргийн нэг цэгийн үйлчилгээний төвд, Сүхбаатар дүүргийн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэргэдэх нэг цэгийн үйлчилгээ гэсэн хоёр газарт түр хамгаалах байр үйл ажиллагаагаа явуулдаг. Уг төвүүдээр 2019 оны эхний дөрвөн сарын байдлаар 80 хүн үйлчлүүлсэн. Үүний 15 нь хүүхэд байсан бөгөөд эдгээр хүүхдүүдийг хорооны хамтарсан багт мэдээллийг өгөн хариу үйлчилгээ өгөн ажиллаж байна. 

-Ярилцсанд баярлалаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617526
3 эможи
keyboard_arrow_up