COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Хайр өвтгөдөггүй“ аяны хүрээнд зохион байгуулагдсан шүлгийн уралдааны бүтээлүүдийг эмхтгэн хэвлүүлжээ

2020 оны 4 сарын 27

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/301 дүгээр тушаалаар  гэр бүлийн хүчирхийлэлтэй  тэмцэх хэлтсийг шинээр байгуулсан. Гэр бүлийн хүчирхийлэлтэй  тэмцэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг  хангах,  урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагыг  мэргэжил арга зүйн  удирдлагаар хангах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. 

Тус хэлтсээс Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах  зөвлөл, НҮБ-ын Хүн амын сантай хамтран гэр бүлийн  хүчирхийлэл,  түүний хор уршгийн талаарх  иргэдийн мэдлэгийг дээшлүүлж,  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч болон хүчирхийлэлд өртөгчийн зан  байдлыг өөрчлөх, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг  төлөвшүүлэх, нуугдмал гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг, сонирхолыг хамгаалах,   зөрчигдсөн  эрхийг  сэргээх, дэмжлэг үзүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хайр өвтгөдөггүй” урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг иргэд олон нийтэд олон нийт, хэвлэл мэдээллийн ажилтнуудын  дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгуулсан билээ.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд  яруу найрагч уран бүтээлчдийн дунд “Миний гэр бүл- Миний аз жаргал” шүлгийн уралдаан зарласан юм.  Уралдаанд ирсэн 40 гаруй уран бүтээлчийн 60 орчим шүлгээс  шилдэг бүтээлүүдийг  мэргэжлийн шүүгчдийн бүрэлдэхүүн болон алба хаагчдын санал асуулгаар шалгаруулсан юм. Тэргүүн байранд “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Баттулга,  дэд байранд  МЗЭ-ийн шагналт яруу найрагч С.Пүрэвсүрэн, гутгаар байранд Хөвсгөл аймгийн шүлэгч Ж.Даваадамдин нар шалгарч, өргөмжлөл мөнгөн шагнал хүртсэн юм.  Энэхүү уралдааны бүтээлүүдийг  эмхтгэн “Хайр өвтгөдөггүй” шүлгийн түүвэр хэвлэгдлээ. 

Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч  Э.Баярбаясгалан:

  • “Энэхүү уралдаанд Болор цомын эзэн, Монголын зохиолчдын  эвлэлийн  шагналт  зохиолч, яруу найрагч тэргүүтэй уран бүтээлчид, Ховд, Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Өвөрхангай гээд эх орны дөрвөн зүг, найман зовхисоос оролцож өргөн цар хүрээг хамарлаа. Тэдний уран бүтээлээр дамжуулан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд  өргөсөн шад мөр бүхэн нь үнэ цэнэтэй байсан учраас шүлгүүдийг эмхтгэж олны хүртээл болгохоор шийдсэн юм. Уралдааны ерөнхий шүүгчээр МЗЭ-ийн шагналт, зохиолч, яруу найрагч Б.Сарантуяа  ажилласанд  баярлалаа” гэж хэлсэн юм.

Энэхүү уралдааны тэргүүн байрын шагнал хүртсэн яруу найрагч Б.Баттулгын  бүтээлийг хүргэж байна.

ХАЙР ӨВТГӨДӨГГҮЙ

Жаргал зовлон тохиоход сэрэмж хатамжтай байж

Жамын алаг орчлонг сэтгэлийн сайхнаар туулвал

Цөхрөл гомдол бүхэн өөрийн эрхгүй мартагдаж

Цөнгөө түрэх гол шиг гэрэлт баяр цалгидаг болохоор

Зүрх бүхэнтэй хамт цохилох хайр өвтгөдөггүй

Зөн совинтой хамт дэлгэрэх хайр дундардаггүй

 

Сар жилүүдийн гэгээ болж эгшиглэх

Сайхан сэтгэл тэгэхлээр хайрын амь юмаа

Уйтгар гунигийн үүл бодол дотор нь хуралдаж

Уйлж суугаа нэгэнд итгэл хайрлаж

Хурын дараа цэцэг цоморлигоо дэлгэн инээмсэглэдэг шиг

Хувьтавиландаа сүсэглэж урам хөөрөөр жигүүрлэдэг болохоор

Зүрх бүхэнтэй цохилох хайр өвтгөдөггүй

Зөн совинтой хамт дэлгэрэх хайр дундардаггүй

 

Энэхэн хорвоогийн эрчис болж цэцэглэх

Их итгэл тэгэхлээр хайрын тэнхлэг юмаа

Нэг тэнгэрийн дор бид аж төрж явна

Нисэж буух, бууж нисэх тавилан юм

Инчдэхийн зуур учрал ч тохионо, хагацал ч тохионо

Ирмэхийн төдийд ертөнц өнгөө солин гэрэлтэнэ

Цуглараад ирэхийн цагтаа дуулан дуулан цэнгэдэг ч гэлээ

Цувраад буцахын цагтаа дурсан дурсан уйлдаг болохоор

Зүрх бүхэнтэй хамт цохилох хайр өвтгөдөггүй

Зөн совинтой хамт дэлгэрэх хайр дундардаггүй

 

Энэхэн хорвоогийн эрчис болж цэлэлзэх

Их итгэл тэгэхлээр хайрын тэнхлэг юмаа

Нэг тэнгэрийн дор бид аж төрж явна

Нисэж буух, бууж нисэх тавилан юм

Инчдэхийн зуур учрал ч тохионо, хагацал ч тохионо

Ирмэхийн төдийд ертөнц нөгөө солин гэрэлтэнэ

Цувраад буцахын цагтаа дурсан дурсан уйлдаг болохоор

Зүрх бүхэнтэй хамт цохилох хайр өвтгөдөггүй

Зөн совинтой хамт дэлгэрэх хайр дундардаггүй

Ургийн алтан аргамж аав ээжээ хайрла

Учирсан гэрэлт хань, алаг үрсээ хайрла

Зөрөөд өнгөрөх таньдаг таньдаггүй хэнийг ч хайрла

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616528
1 эможи
ЦЕГ
Хайр өвтгөдөггүй"

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up