COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЗТХЯ-ны АВЛИГАЧДЫГ хуульчид ч ДИЙЛЭХГҮЙ НЬ

2020 оны 1 сарын 16

Arslan.mn

Цадигаа алдсан цагаан захтнуудаас болж улс орон, хүн амд маш их хохирол учирсаар байна. Төрийн өндөр, дунд албан тушаалд оччихоод иргэд үйлчлэх үүргээ мөнгө босгох хэрэгсэл хэмээн харсан авлигачидтай уг нь хууль сахиулах байгууллагууд чадлынхаа хэрээр тэмцсээр ирсэн. Харамсалтай нь гэм буруутай, эсэхийг нь эцэслэн шийдвэрлүүлж чадахгүй, улсад учруулсан хохирлыг авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтнуудаар төлүүлж чаддаггүй байдал хэвээрээ. АТГ-аас гаргасан тайлан мэдээнд 2019 онд авлигын гэмт хэргийн улмаас 12.1 гаруй их наяд төгрөгийн хохирол учирсан хэмээн дурдаж буй. Учирсан хохирлыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн улмаас учирсан хохирол 30.6 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм. 
Авлигачдын буруутай үйл ажиллагааны улмаас олон сургууль, цэцэрлэг баригдахгүй, зам, байгууламж хугацаандаа ашиглалтад орохгүй болж, нийгэмд асар их хортой байгаа билээ. Цагаан захтнуудын нийгэмд учруулсан хорт үйлийн улмаас Улаанбаатар утаанаасаа салалгүй 30-аад жил болсон. Нийслэлийн барилга, орон сууцууд ямар ч төлөвлөлтгүй баригдаж, сургууль, цэцэрлэггүй хорооллууд олширч, замын түгжрэл тамтгаа алдаад буй нь бодит үнэн. Хөгжлийн банкны хөрөнгөөр Халзан бүргэдтэй-Солонготын даваа чиглэлийн авто зам тавих хөрөнгөөс ЗТХЯ-ны  Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Р.Онон нууц компаниараа дамжуулан завшиж, үндэслэлгүй хөрөнгөжсөн ч шүүх толгойг нь илсэн. Хамгийн сүүлийн үеийн бодит баримт гэвэл Улаанбаатараас Дархан-Уул аймгийн чиглэлд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тавьж эхэлсэн, өнгөрсөн намар ашиглалтад оруулна хэмээн сайд, дарга нар сүртэй нь аргагүй мэдэгдэж, ажил эхлэх ёслолын туузыг нь хайчилж байсан авто зам. Төвлөвлөсөн хугацаандаа ашиглалтад ороогүй нь Зам, тээврийн хөгжлийн яам (ЗТХЯ)-ны авлигач түшмэлүүдийн халаасаа түнтийлгэх гэсэн эрх ашигтай нь салшгүй холбоотой. Гэвч тус яамныхны хувийн эрх ашгаа дээгүүрт тавьдаг албан тушаалтнуудыг хуульчид дийлэхгүй нь. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаа болон шалгаад, прокурор, шүүхийн шатанд шилжүүлсэн зарим хэргээс жишээ татан мэдээлэл хүргэе. 

Сайд Д.Ганбатынхаа даалгаврыг биелүүлсэн Д.Доржханд нарыг дахин шалгуулахаар болов

ЗТХЯ-нд хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашиглах явдал байнга гардгийн өөр нэг жишээ бол салбарынх нь сайд асан Д.Ганбат болон тус яамны  Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд нарт холбогдох хэрэг. Х.Оргил-Эрдэнийн удирдах дээд албан тушаалтан  болох Д.Доржхандыг яллагдагчаар тооцон шүүхэд шилжүүлэх саналтай НПГ-т хэргийг шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. 
Төв аймгийн нутаг дэвсгэрт зам тавих тендерт “Ялгуусан” гэх компанийг ялуулж, 200 орчим сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан түүнийг сайдынх нь хамт шалгаж, улмаар цагдан хорихоор шүүхэд хандсан ч мөн л Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс батлан даалтад гаргасан юм. Энэ хэрэгт дээрх “Ялгуусан” компанийн захирлыг хахууль өгсөн үндэслэлээр яллагдагчаар тооцоод буй. 2019 оны ес, аравдугаар сард шалгаж эхэлсэн энэ хэргийг АТГ-аас арваннэгдүгээр сард яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэх саналтай НПГ-ын хяналтын прокурорт хүргүүлсэн билээ. Гэвч прокурор нь хавтаст хэрэгтэй танилцаж дуусаад хэргийн бүрдэл дутуу гэж үзэн нэмэлт ажиллагаа хийлгэхээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст хүргүүлжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн цоорхойтой заалттай холбоотойгоор ийнхүү шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй болж буцаасан гэнэ. 
Сайд асан Д.Ганбатын хувьд дээрх хахуулийн хэргээс гадна өөр нэг бус хэрэгт холбогдон шалгуулж буй ч хэрэг нь шийдэгдэхгүй байгаа талаар бид дэлгэрэнгүй мэдээлж байсан билээ. 

АТҮТ-ийн ажилтнуудыг удахгүй шалгаж дуусна 

ЗТХЯ-ны харьяа Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт удаа дараа холбогдоод буй. Хамгийн сүүлд л гэхэд тус төвийн ахлах мэргэжилтэн Г.Шүрэнчимэг, мэргэжилтэн О.Адъяасүрэн, Ч.Мөнхзул, М.Дархижав, улсын бүртгэгчээр ажиллаж байсан Л.Хантайшир, Архивын лавлагааны тасгийн ахлах мэргэжилтэн Г.Эрдэнэбулаг, тээврийн хэрэгслийн улсын дугаар үйлдвэрлэдэг “Крэйзиспийд” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Амарзаяа нарыг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж эхэлсэн билээ. Г.Шүрэнчимэг тэргүүтэй хүмүүс улсын хилээр түр горимоор орж ирсэн тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлээгүй байхад нь буцаан гаргалгүй, улсын бүртгэлд бүртгэж дугаар олгон гаалийн болон онцгой, нэмэгдсэн өртгийн албан татвараас зайлсхийх боломж бүрдүүлж, мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт холбогдсон талаар бид цаг тухайд нь олон нийтэд хүргэсэн. Түүнчлэн дөрөв, гурван ижил тоотой, эсвэл 00... эхэлсэн улсын дугаарыг бүртгэлээс хасагдсан тээврийн хэрэгслийн арлын дугаарт шивж хадгалан 300 мянгаас хоёр сая төгрөг хүртэл төгрөгийн хахууль авч зардаг, улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шинэ дугаар олгож давуу байдал бий болгодог, ашиглалтаас гарсан, татвар, торгуулиа төлөөгүй автомашинуудыг авлига авч бүртгэлээс хасдаг, шинээр өөр дугаар олгодог гэх зэрэг үйлдэл нь ч тогтоогдсон гэдэг. Мөн Г.Шүрэнчимэг, О.Адъяасүрэн нар “Есөн шижир” хэмээх ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй 31 тээврийн хэрэгслийг есөн сая гаруй төгрөгийн  торгуулиас нь бултуулахын тулд тус дээрх ББСБ-ын удирдлагаас 2.1 сая төгрөгийн хахууль авч улсын бүртгэлээс хасаж, өөр дугаар олгосон хэмээн буруутгагдаж буй. Тэдний холбогдсон мөнгө угаасан байж болзошгүй уг хэргийг цагдаагийнхан удахгүй шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын хяналтад хүргүүлнэ хэмээн хууль сахиулах байгууллагын эх сурвалжууд мэдээлэв.    
АТҮТ-ийнхний өдүүлсэн хууль бус үйлдлүүд ганц дээрх биш. Харамсалтай нь гэм буруутай нь батлагдсан албан тушаалтнуудынх нь толгойг шүүх илж өнгөрүүлдэг жишээ олон. Тухайлбал, тус төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Батбаяр албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд эсвэл хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан хахууль авсан хэрэгт холбогдсон юм. Мөрдөн шалгах ажиллагааны хявцад Д.Батбаяр нь Олон улсын ачаа, тээврийн зуучийн эрх олгох тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс тээвэр” ХХК-ийн ачааны машинуудад олгох замаар 2017 оны наймдугаар сараас арваннэгдүгээр сарын 14 хүртэлх хугацаанд тус компаниас нийтдээ 57.5 сая төгрөг хахуульд авсан нь тогтоогдсон билээ. АТГ-ын мөрдөгчид түүний өрөөнд нэгжлэг хийж “Эрдэнэс тээвэр” ХХК-ийнхнаас хахуульд авсан 25 сая төгрөгийг нь хураасан юм.   
Уг хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж, Д.Батбаярт нийтийн албанд томилогдох эрхийг нь гурван жилээр хасаж, 6.5 сая төгрөгийн торгох ял оноон, хахуулийн 62.5 сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн билээ.  
Түүнчлэн АТҮТ-ийн дэд даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулсан хэрэгт Ш.Батсайханыг холбогдуулан шалгаж шүүхэд шилжүүлсэн юм. Харамсалтай нь шүүх бас л зам тээврийн салбарын цагаан захтнуудын хэргийг шийдсэнгүй. Тэрбээр 2017 оны долдугаар сард “Тавантолгой шин”, “Банс транс”, “Их хурд хүч” ХХК-ийн эзэмшлийн 1160 тээврийн хэрэгсэлд Олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгосон мэтээр АТҮТ-ийн цахим мэдээллийн системд бүртгэсэн хэрэгт холбогдсон байдаг. Ш.Батсайханд НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ч шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан юм.
Энэ мэтээр ЗТХЯ, түүний харьяа байгууллагын авлигачдыг хуульчид ч дийлэхгүй, эсвэл толгойг нь илсэн шийдвэр гаргасаар байна.

Г.РАВЖАА

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612641
0 эможи

gn5vhz4rfi
2020-02-08 05:27
zochin
2020-01-19 14:16
said uhaantai hudalch nuhriig ni ogtsruulaachee.
Зочин
2020-01-16 14:11
munx tugul od
2020-01-16 14:04
nb trans
keyboard_arrow_up