COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Цоожтой хаалганы цаана өрнөдөг хүчирхийлэлд нас хамаардаггүй

2019 оны 12 сарын 13

Arslan.mn

Гэр бүлийн хүчирхийллийн хор уршгийг таниулах, хохирогчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд дэмжлэг үзүүлэх, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах зорилготой хүчирхийллийн эсрэг “ОйлГОЁ ХҮНдэлье” урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээг ХЗДХЯ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ХНХЯ, Жендэрийн үндэсний хороо, ЦЕГ хамтран орон даяар зохион байгуулж буй билээ. Энэ аяныг хэрэгжүүлэхээс өмнөхөн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраас энэ чиглэлээр урьдчилан сэргийлэх аян харьяа нутаг дэвсгэртээ өрнүүлж эхэлсэн бөгөөд үр дүнд нь гэр бүлийн хүчирхийлэл буурсан аж. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн хэмжээнд энэ оны 11 сарын байдлаар 20 042 дуудлага, мэдээлэл шалгасны 2854 нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой байжээ.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 78 хувиар өссөн нь иргэд үүргээ ухамсарлаж, цоожтой хаалганы цаана болж буй харгислалыг хууль сахиулагчдад мэдээлдэг болсных. 2019 оны эхний 11 сарын байдлаар 3040 гэмт хэрэг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт бүртгэгдсэний 27 нь гэр бүлийн хүчирхийллийнх байсан бөгөөд өмнөх оноос даруй 46 хувиар буурсан нь энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил үр дүнтэй явуулсных болов уу. Гэхдээ тоон үзүүлэлт буурлаа гээд тайвширч болохгүй. Цоожтой хаалганы цаана гэр бүлийн далд хүчирхийллийн золиос болж хүүхэд, эмэгтэйчүүд байсаар. Тийм нэгэн хэргийг саяхан шүүх шийдвэрлэснийг бид цаг тухайд нь мэдээлсэн билээ. Тодруулбал, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг эцгээсээ айсан 12 настай хүү цонхоор үсэрч нас барсан хэргийг шүүх хэлэлцэн аавд нь бусдыг амиа хорлоход хүргэсэн гэм буруутайд тооцож хорих ял шийтгэсэн юм.

Тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргүүдээс эш татъя. Ямар ч хүн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байсан цагдаагийнхан олж хариуцлага хүлээлгэдэг гэдгийг дараах хэргүүд илэрхийлэх биз ээ.

10 НАСТАЙ ТӨРСӨН ОХИНОО ГУДАМЖИНД ГАРГАНА ХЭМЭЭН ЗОДДОГ БАЙЖЭЭ

Сүхбаатар дүүрэгт оршин суудаг Т гэх эр архи ууж согтуурсан үедээ эхнэрээ болон 10 настай төрсөн охиндоо удаа дараа гар хүрч, тааралдсан эд зүйлийг эхнэр рүүгээ нүүлгэн, охиноо “ална, гудамжинд гаргана, сургуульгүй болгоно” хэмээн зодож тарчлаасан хэргийг тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн ял шийтгэжээ. 2014 оноос хойш байнга архи согтууруулах ундаа хэрэглэн гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс, хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үндэслэлээр прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үеэр эхнэр нь мэдүүлэхдээ “Би нөхөртэйгөө 16 жил хамт амьдарч байна. Сүүлийн хэдэн жил архи их ууж, согтуудаа намайг зоддог болсон. Сүүлдээ бүр охиндоо ч гар хүрч байна. Намайг зодсон олон үйлдлийг нь уучилж хуулийн байгууллагад мэдэгддэггүй, ар гэрийнхнээсээ ч нуудаг байлаа. Аавынхаа энэ байдлаас болж хүүхдүүд минь гэртээ байх дургүй болсон” хэмээжээ. Харин охин нь аавынхаа харгислалын талаар “Манай аав архи уухаараа хэрүүл зодоон хийж, ээж бид хоёрыг олон удаа зодож байсан. Намайг бага байхаас л архи уудаг элдэв муухай үгээр дүү бид хоёрыг болон ээжийг доромжилдог.

Цагдаад баригдаж явахынхаа өмнө архи ууж орж ирээд сургуулиас гаргана, ээжийг чинь алж байгаад дүүтэй чинь хамт гудамжинд гаргана гээд зодон, гэдэс рүү удаа дараа өшиглөсөн, согтуудаа архиныхаа шилээр ээжийг зоддог” гэсэн байна. Гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээг хамтарсан багийнхан хийгээд “Хүчирхийлэл даамжирсан, хохирогчийн амийг егүүтгэх, үр хүүхдээ гэмтээх эрсдэл өндөр байна” гэж дүгнэжээ. Харин иргэн Т “Эхнэрээ зодох шалтгаан нь архины хар гайгаас болсон байх. Архи уугаад ирэхээр дуугүй унтуулчихгүй, гуйлгачин, архичин гээд байдаг юм. Уусан үедээ хааяа зодчихдог. Охиндоо хамаагүй гар хүрдэггүй, уусан байхдаа ганц нэг хүрсэн, зөөлхөн алгадсан тохиолдол бий байх” хэмээн савнаасаа бусдыг дийлдэг шилтэй цэнхэр лүү буруугаа чихсэн байна. Хамгийн сүүлд аавынхаа ийн авирлаж байхад нь ээж нь утсаа өгч эгч рүүгээ нууцаар яриулж, эгч нь цагдаад мэдэгдсэнээр эрүүгийн хариуцлагад татагдсан аж. Эгч нь мэдүүлэгтээ “Дүү минь нөхөртөө зодуулдаг талаараа тэр бүр хэлдэггүй. Охин нь нэг бус удаа над руу залгаж цагдаа дуудаж өгөөч гэдэг байв. Харин сүүлдээ охиноо зодох гээд байдаг болохоор нь дүү минь бидэнд энэ байдлаа хэлдэг болсон. Өмнө нь нүдээ хөхөртөл зодуулсан атлаа л юм мөргөсөн хэмээн худлаа хэлж булзааруулдаг байсан” хэмээн ярьжээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс иргэн Т-ийг гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр, хүүхдийнхээ эсрэг байнга харгис хэрцгий харьцаж, тарчлаасан гэм буруутайд тооцож, нэг жил гурван сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн байна. Хажуу айлд нь, цоожтой хаалганы цаана ийн хүчирхийлэл гарч байхад хөршүүд нь юу ч сонсоогүй мэт байдгийн жишээ энэ.

ЖАРГАЖ СУУХ НАСАНДАА ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДЭЖ “ААВЫНД” МОРИЛОВ

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц хэмээх 60 шүргэж яваа эрд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үндэслэлээр ял оноожээ. Тэрбээр Хангайн гудамж дахь гэртээ байнга архидаж, эхнэр, хадам дүү, хүү, бэрдээ агсам тавин, “ална”, “буудна” хэмээн сүрдүүлж, нэг бус удаа хутга барин дайрч байжээ. Түүний эдгээр үйлдлээс гэр бүлийнхэн нь байнга айдаг байсан гэнэ. Нас намбатай хүн хэмээн цагдаагийнхан хөөрхийлж, тэр бүр эрүүгийн хэрэг үүсгэдэггүй ч бусдын амгалан тайван байдал алдагдуулж танхайрсан үйлдэлд нь түүнд удаа дараа захиргааны шийтгэл ногдуулж байсан аж. Тодруулбал, архины албадан эмчилгээнд нэг бус удаа, ЦЕГ-ын харьяа Албадан саатуулах, баривчлах төвд 20 удаа хүргүүлэн, 7-30 хоногийн хугацаатай саатуулж байжээ.

Иргэний үүргээ биелүүлдэг зарим хүн бусдын амь нас эрүүл мэндийг хамгаалдаг жишээ өгүүлэн буй энэ хэргээс тодорхой байгаа юм. Ц-гийн хамар хашааны айлын хүн нь “Манайх Ц-гийнхтэй хөрш болоод 7-8 жил болж байна. Гэрт нь чанга дуу чимээ гараад байхаар нь сонстол “Та нарыг хутгалж ална шүү” гээд байсан. Тэр даруйд нь би хорооны хэсгийн байцаагчид дуудлага өгч, түүнээс хойш 1-2 удаа цагдаагийнхан саатуулж байсан. Сүүлийн үед тэдний гадаа сард 1-2 удаа цагдаагийн машин зогсож байдаг болжээ. Эхнэртэй нь цөөнгүй удаа уулзахад “Баривчилгаанд явуулмаар байна” гэж байсан” хэмээн цагдаад тайлбар өгсөн байна. Хүүхдүүд нь ч “Биднийг амраадаггүй, аргагүйн эрхэнд гэрээсээ явж, найзындаа хонодог. Архи уусан л бол байнга хараалын үг хэлж, “Та нарыг буудаж ална, би шоронд ороход надад ор байгаа, би бол шоронгийн атаман” гэж айлган сүрдүүлдэг” гэж цагдаад өгсөн мэдүүлэгтээ дурдсан байв. Харин шүүхээс Ц-д энэрэнгүй хандаж, Эрүүгийн хуулийн 11.7-1.2 дахь хэсэгт зааснаар 10 сар хорих ял оноожээ.

Энэ хоёр хэргийн жишээнээс үзэхэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч нь хамаарал бүхий хүмүүсээ эрхшээлдээ байлгахын тулд 60 хэвийсэн ч байсан, 40 гарсан ч ялгаагүй гэмт хэрэг үйлдэж байна. Тиймээс айл хүний амь нэг гэдгээр хөршүүд нь ийм төрлийн хэргийн талаар цаг тухайд нь цагдаагийн байгууллагад мэдэгдвэл хүний амь, эрүүл мэндийг хамгаалж чадна гэдгийг ухаараасай.

Бэлтгэсэн: Г.Орчлон

Эх  сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
2
angry an post
611559
4 эможи

Зочин
2019-12-20 16:13
10 han sar. 1 han jil. Arai l denduu bna daa.Naaduul chini zasrahgui sh dee
Зочин
2019-12-20 16:13
10 han sar. 1 han jil. Arai l denduu bna daa.Naaduul chini zasrahgui sh dee
Яяя
2019-12-16 17:53
Монгол хүн монгол биш болчиж
Зочин
2019-12-13 13:05
Хүүе ээ, хэнд энэрэнгүй хандаад байгаа юм бэ? Хохирогчид нь хохироод л үлдэж байгаа. Заваан архичин, сэжгийн танхай юмнуудад энэрэнгүй хандаад байхаар давардаг юм байгаа биз дэ. Манай энэ шүүх, хууль ямар маанаг юм бэ.
keyboard_arrow_up