COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЦЕГ

админ
2019 оны 12 сарын 08

Arslan.mn

Энэ долоо хоногт /2019.12.02-2019.12.08/ Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагаас олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна. 

Түүхэн гавъяа бүтээсэн ДОТООДЫН ЦЭРГИЙН 805-р ангийг “Цэргийн гавъяаны улаан туг“-ийн одонгоор шагналаа

Arslan.mn

Дотоодын цэргийн 805 дугаар ангий түүхэн гавьяаг үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсантай холбогдуулан Цэргийн гавьяаны одонгоор шагналаа. Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, улсын онц чухал объектыг хамгаалах, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, терроризмын эсрэг тусгай ажиллагаанд оролцох зэргээр хуулиар хүлээсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлснийхээ төлөө ийнхүү “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнагдлаа. Энэхүү шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд Монголын Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний командлагч Х.Баттулга, Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд Ц.Нямдорж, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий, Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбат болон дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн оролцлоо.

“Хар тамхигүй орчин, ажлын байр” уриалгад ИНЕГ-ын хамт олон нэгдэж, шинжилгээнд хамрагдлаа

Arslan.mn

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, түүний хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, далд хэрэглэгчдийг илрүүлэх, хууль бус хэрэглээг хязгаарлах зорилгоор иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад хандан “Хар тамхигүй орчин, ажлын байр” уриалгыг гарган ажиллаж байна. Тэгвэл Монголын Иргэний Нисэхийн ерөнхий газрын хамт олон энэхүү уриалгад нэгдэж байгууллага, хамт олноороо ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас зохион байгуулсан сургалтанд хамрагдаж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлэх “сорьц тавих” шинжилгээнд сайн дураараа хамрагдлаа. 

“ОйлГОЁ ХҮНдэлье“ аянд нэг дор 3500 хүн дуу хоолойгоо хүргэлээ

Arslan.mn

ЦЕГ-аас манлайлан зохион байгуулж буй "ОйлГОЕ ХҮНдэлье" аянд 3500 хүн дуу хоолойгоо хүргэлээ. Монгол эр хүний үлгэр дуурайлал, гэр бүлд ээж, эхнэр хүний нөлөө сэдвээр арга хэмжээг зохион байгууллаа.  Цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, энэ талаарх олон нийтийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор “ОйлГОЁ ХҮНдэлье” нөлөөллийн арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж эхлээд буй. Статистик мэдээгээр гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийг ихэвчлэн 15-35 насны хүмүүс үйлдэж байгаа гэх тоон судалгаа бий. Дээрх насныханд зориулан цагдаагийн байгууллага төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран “Ub Palace”-ын их танхимд боловсрол, урлаг соёлын олны танил хүмүүсийг оролцуулан гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлийн үнэт зүйл, эерэг харилцаа, Монгол эр хүний үлгэр дуурайлал, гэр бүлд ээж, эхнэр хүний нөлөө зэрэг сэдвээр нэгдсэн арга хэмжээ зохион байгууллаа.

"Хүүхдийн эрхийн хамгаалал, түүний хөгжлийн чиг хандлага" сэдэвт сэдэмж бичлэгийн уралдаан боллоо

Arslan.mn

Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харъяа Билиг дээд сургууль, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн боловсролын газар, Монголын Хуульчдын холбоо хамтран “Хүүхдийн эрхийн хамгаалал, түүний хөгжлийн чиг хандлага сэдэвт сэдэмж /эссэ/ бичлэгийн уралдааныг зохион байгууллаа. Тус уралдаан нь уламжлал болгон зохион байгуулагддаг бөгөөд нэгдүгээр шатанд 250 гаруй сэдэмж оролцож, өнөөдөр ийнхүү шилдэг 20 сурагч шалгарч, илтгэлээ танилцууллаа. Тус уралдаан нь дөрөв дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа бөгөөд нэгдүгээр шатанд 250 гаруй сэдэмж оролцож, өнөөдөр ийнхүү шилдэг 20 сурагч шалгарч, илтгэлээ танилцуулсан юм.

Хар тамхины хэрэгт БҮХ НАСААР нь хорих ял онооно

Arslan.mn

Хар тамхитай тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагууд Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгууллаа. Энэ үеэр ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга Ж.Эрдэнэболд хэлэхдээ "...Хар тамхи татсан иргэдийг нийгэмшүүлэх, эмчлэх, татгалзуулахаас гадна урьдчилан сэргийлэх ажлыг цогцоор нь шаардлагатай байна. Ялангуяа, хар тамхи мансууруулах бодистой холбоотой сургалтаа төрийн байгууллагууд цэгцлэх ёстой. Мэдээллээ нэгдсэн стандартад оруулахгүйгээс хяналтгүй буруу хийх юм бол урьдчилан сэргийлэх нэрээр хар тамхи хэрэглэх сэдэл сурталчилгаа өгөх эрсдэлтэй. Хар тамхитай тэмцэх ажилд төрийн байгууллага, олон нийтийн оролцоо, ТББ гээд бүгдийнх нь хамтын ажиллагаа, оролцоо чухал гэдэг нь харагдаж байна. Монгол Улс каннабисын зэрлэг ургамлын тархацтай. Үүнд хяналт тавих ажлыг цагдаагийн байгууллага тасралтгүй зохион байгуулж байна. Мансууруулах бодис хууль бусаар нийлүүлдэг, борлуулдаг, хэрэглэдэг, хадгалдаг асуудалтай тасралтгүй эрчимтэй тэмцэж байна. 2019 онд илрүүлсэн хэргийн тоо нэмэгдэж, хурааж авсан бодисын тоо 3-8 дахин өссөн. Цаашид ч хяналт шалгалт, мөрдөн байцаалтын ажиллагааг үр дүнтэй хийх болно. Хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэрэг өсч байгаа нь хоёр талтай. Нэгдүгээрт, нууц далд аргаар үйлдэгддэг учраас 90-95 хувийг тагнуул, цагдаагийн байгууллага мөрдөн шалгах нууц ажиллагааны үндсэн дээр илрүүлж байна. 5-10 хувийг  сэжигтэй байр байгууламж, этгээд рүү чиглэсэн хяналт шалгалтын хүрээнд илрүүлдэг. Нөгөө талаас хэрэг илрэхийн хэрээр мансууруулах бодисын хэрэглээ тэр хэмжээгээр өндөр байгааг харуулж байна. Мансууруулах бодисын хэрэглээ хууль бус эргэлттэй холбоотой хэрэгт дүн шинжилгээ тандалт судалгааг байнга хийдэг. Үүнд үндэслэж сэжигтэй этгээд, обьектууд руу чиглэдэг. Энэ хүрээнд харахад урьд өмнө нь ямар нэг хэрэг хийсэн хүмүүс мансууруулах бодисын гэмт хэрэгт холбогдох нь түгээмэл байна..." гэлээ. 

Д.ОЮУН: “Хүүхдийн нэгдсэн бүртгэл”-д түшиглэн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж болзошгүй хүүхдийг хамгаална

НЦУГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Оюунтай ярилцлаа. Тэрээр ярилцлагандаа "...Хүүхдийн бүртгэл, хяналтын систем” төсөл нь АНУ-ын Засгийн газрын Төрийн департаментын алба, Мансууруулах бодис болон хууль сахиулах олон улсын хамтын ажиллагааны газар хамтран “Хууль сахиулах салбарын манлайлагч эмэгтэйчүүд” сэдэвт бага хуралд шалгарч "Шилдэг эмэгтэй алба хаагч” шагналын эзэн болсон. Энэхүү бага хурал нь Зүүн өмнөд Азийн хууль сахиулах байгууллагын эмэгтэйчүүдийн хувьд анхдугаар хурал бөгөөд тус хуралд 10 орны 200 эмэгтэй цагдаагийн алба хаагч оролцсон. Хурлын үеэр удирдлагын манлайлал, менежментийн ур чадварыг дээшлүүлэх, хэвшмэл хандлагыг өөрчлөх, практик ур чадвар эзэмшүүлэх, хууль сахиулах салбарын түншүүдтэйгээ хэрхэн илүү үр дүнтэй харьцах, цагдаагийн алба болон олон нийтийн хоорондын эерэг харилцааг дэмжих стратеги төлөвлөлт хийх зэрэг маш үр өгөөжтэй сургалтуудыг давхар зааж байсан. Гол нь гадаад орны туршлага, цаг уур, улирлын байдал, шашин шүтлэг, үндэстний хэв маягаа ашиглаад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг өвөрмөц хэлбэрээр зохион байгуулдаг нь нилээд сонирхол татсан. Эмэгтэй алба хаагчдаас санаачлан “Эмэгтэйчүүдийн зөвлөл” байгуулах, Зумба бүжгийн клуб байгуулан, гэрийн эзэгтэй нарыг урьж оролцуулан, байнга мэдээлэл солилцож, амьд харилцаа тогтоодог, таксиний жолооч нартай хамтран ажиллах, гэмт хэргийн мэдээллийг зөвхөн цагдаагийн байгууллагад гэлтгүй шатахуун түгээх станц дээр хүлээн авдаг, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг дахин гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлж, ажилд зуучилж, ажил олгодог гээд санаа авч болохоор зүйлүүд их байсан....." хэмээн онцоллоо.

“ОйлГОЁ-ХҮНдэлье” аянд “Монгол цэргийн нэгдсэн холбоо“ НЭГДЛЭЭ

Arslan.mn

Цагдаагийн байгууллага нь “Монгол цэргийн нэгдсэн холбоо” ТББ-тай хамтран гэр бүлийн хүчирхийллийн талаарх ойлголт, хор уршиг, “Цагаан туузтаны аян”-ы талаар Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллага болох Зэвсэгт хүчний Жанжин штаб, Дотоодын цэргийн штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчдад мэдээлэл өгч, сургалт зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд дээрх байгууллагын алба хаагч, ажилтнууд охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг зохион байгуулж байгаа арга хэмжээнд нэгдэж, хамтран ажиллахаар болсон байна.

Гудамжинд яваа хүнд гар хүрчихээд шалгуулдаг байж гэр бүлийн хүнээ зодчихоод хэнэггүй зогсох нэгэн байна

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалантай ярилцлаа. Тэрээр ярилцлагандаа "...Хүчирхийлэлтэй гэр бүлийн орчинд байгаа хүүхэд хамгийн том хохирогч. Хүүхэд гэр бүлдээ тайван амгалан, дураараа байх ёстой орчинд хүчирхийлэл үйлдэгдээд ирэхээр хэний зөв, хэний буруу вэ гэдгийг огт ялгадаггүй. Энэ байдлыг хараад үлгэр дуурайлал авч байдаг. Том болоод багадаа гаргаж байсан гэр бүлийн суурь хүмүүжлээ нийгэмд гаргах магадлал өндөртэй. Эмэгтэй хүүхэд бол амьдрал ийм байдаг, үүнийг би тэвчих ёстой гэсэн үзлээр хандаж, ирээдүйдээ итгэх итгэлгүй бие хүн болно гэсэн үг юм. Олон улсын байгууллагаас гаргасан судалгаанаас харахад гэр бүлийн хүчирхийлэлтэй орчинд өссөн хүүхдийн 72-80 хувь нь хүчирхийлэл үйлдэгч болдог тоон үзүүлэлт байна. Ерөнхийдөө гэр бүлийн хүчирхийлэл залуу хосуудын дунд буюу 25-39 насны хүмүүсийн дунд их үйлдэгддэг. Хохирогчийн 90 хувь нь эмэгтэйчүүд, таван хувь нь хүүхэд, таван хувь нь эрэгтэйчүүд байдаг. Судалгаанаас харахад анх үерхэж эхэлж байхдаа л хүсээгүй үйлдлийг нь хийдэг, тулган шаарддаг түүнийг нь хайртай учраас л тэгсэн байх гэж хүлээж авдаг нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх нөхцөл болж байдаг. Гэр бүл дотор маргаан бол байдаг л асуудал. Харин энэ маргааныг шийдвэрлэхгүй, ямар нэгэн гарц гаргалгаа хайхгүй байх тусам даамжирч хүчирхийлэл болох магадлалтай. Тэгэхээр гэр бүлд нь маргаан байгаа л бол түүнийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй. Хамгийн аз жаргалтай гэр бүл гэж ямар гэр бүлийг хэлэх вэ гэхээр хоорондоо ярилцдаг гэр бүлийг хэлнэ гэсэн томъёо байдаг..." хэмээн онцоллоо.

Э.ОДГЭРЭЛ: Азийн 10 орны хууль сахиулах байгууллагын 200 эмэгтэй алба хаагчдын нэг болж чуулганд оролцсондоо баяртай байна

Arslan.mn

Бүгд Найрамдах Филиппин Улсын Кейзон хотноо зохион байгуулагдсан “Хууль сахиулах салбарын манлайлагч эмэгтэйчүүд” сэдэвт Азийн бүс нутгийн анхдугаар бага хуралд оролцсон тухай Монголын багийг ахлаж явсан ЦЕГ-ын Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Э.Одгэрэлтэй ярилцлаа. Тэрбээр ярилцлагандаа " ..2019 оны 11 дүгээр сарын 18-наас 22-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Филиппин Улсын Кейзон хотод зохион байгуулагдсан “Хууль сахиулах салбарын манлайлагч эмэгтэйчүүд” сэдэвт Азийн зүүн бүс нутгийн анхдугаар бага хуралд Монгол Улсын Цагдаагийн байгууллагын төлөөлөл 10 эмэгтэй албан хаагч амжилттай оролцоод ирсэн. Тус арга хэмжээ нь Азийн 10 орны аюулгүй байдал, хууль сахиулах байгууллагад ажиллаж байгаа 200 гаруй эмэгтэйчүүдийг анх удаа нэг дор цуглуулснаараа онцлог болсон юм. Манай багийн хувьд, Монгол улсын Цагдаагийн байгууллагаас сүүлийн хоёр жилийн хугацаанд тодорхой төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор 12 аян, нэгдсэн арга хэмжээг олон нийтийг уриалах, иргэдийг татан оролцуулах замаар явуулсан талаар товч мэдээлэл хийсэн бөгөөд үүнээс “1 хором” аяныг онцлон танилцуулж, тус аяныг хэрэгжүүлснээр бусдын биед гэмтэл учруулах, танхайрах, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 2019 оны 3 дугаар улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 21 хувиар буурсан сайн үр дүн үзүүлснийг дурдсан. Төсөл боловсруулах шатанд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Оюуны санаачилсан хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Хүүхдийн бүртгэл, хяналтын систем”-ийг хэрхэн хэрэгжүүлэх тал дээр баг хамт олноороо ажилласан. Мөн гүйцэтгэлийн төлөвлөлтийг нарийвчлан хийж, зохион байгуулагч болон бусад орны төлөөлөгч нарт танилцуулсан нь сонирхолтой байж чадсан. Хуралд оролцогчдоос “олон талаас нь бодож, алхам бүрийг тооцсон байна” гэж үнэлэгдэн тус арга хэмжээний хаалтын ажиллагааны үеэр гардуулсан хоёр шагналын нэгийг нь хүртсэн байгаа....." хэмээн онцоллоо.

Гэмт хэргийн улмаас нас барсан, гэмтсэн хүний тоо БУУРЧЭЭ

Arslan.mn

Цагдаагийн байгууллага нь 2019 оны эхний 11 сарын байдлаар 555,728 дуудлага, мэдээлэл хүлээн авч хуульд заасан журмын дагуу шалгаж шийдвэрлэжээ. Энэ нь сард 50,520 хоногт 1,684 цагт 70 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Энэ хугацаанд улсын хэмжээнд 30,011 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд 19,222 буюу 64.1 хувь нь Улаанбаатар хотод, 10,730 буюу 35.7 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Мөн гэмт хэргийн улмаас 29,308 иргэн, 85 хуулийн этгээд хохирсон байна.  Үүнээс 926 хүн нас барж, 8,080 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал, нас барсан хүний тоо 5 буюу 0.5 хувиар, гэмтсэн хүний тоо 357 буюу 4.2 хувиар тус тус буурсан явдал юм. Нас барсан иргэдийн 182 буюу 19.7 хувь нь хүнийг алах, 54 буюу 5.8 хувь нь бусдыг болгоомжгүй алах, 324 буюу 35.0 хувь нь авто ослын гэмт хэргийн улмаас тус тус нас барсан байна. Харин гэмтсэн иргэдийн 6,846 буюу 84.7 хувь нь бусдын биед гэмтэл учруулах гэмт хэргийн улмаас хохирчээ. 

Дэлхийн банкны төслийн багийхантай хамтран сургалт зохион байгууллаа

Тээврийн Цагдаагийн Алба-н зураг.

Дэлхийн банкны Тээврийн менежментийн багийн авто замын аюулгүй байдлын зөвлөхүүд манай улсад 2019 оны 12 дугаар сарын 02-ноос 06-ны өдрүүдэд ажиллаж байгаа. Тус багийн бүрэлдэхүүнд багтаж ирсэн авто замын аюулгүй байдлын шинжээч, сургагч багш нарт хүсэлт гаргасны дагуу Тээврийн цагдаагийн албаны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, алба хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тус албаны байранд “Авто замын аюулгүй байдал” сэдэвт сургалтыг зохион байгуулахаар болсон билээ. Уг сургалтаар авто замын дэд бүтцийн аюулгүй байдлыг сайжруулахад авто замын аюулгүй байдлын инженерчлэл, аудит, явган зорчигчдод зориулсан хөдөлгөөн зохицуулах техник хэрэгсэл, уулзварын замын хөдөлгөөний оновчтой зохион байгуулалт, ослын аюултай хар цэгийг зөв тодорхойлсон байдал, түүнийг арилгах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх явдал чухал ач холбогдолтой болох талаар гадаадын бусад улс орнуудад авч хэрэгжүүлж байгаа тэргүүний туршлага, жишээ баримтад тулгуурлан сургалтыг зохион байгууллаа.

Ослын үeд яаралтай анхны тусламж үзүүлэх мэдлэг, чадвар олгох сургалт болж өнгөрлөө

Тээврийн Цагдаагийн Алба-н зураг.

Тээврийн цагдаагийн албанаас /2019.12.06/ Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв болон Монголын Авто сургуулиудын нэгдсэн холбоотой хамтран Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 163 дугаар тогтоолоор баталсан “Осол гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөр”, мөн 2019 оны 163 дугаар тогтоолоор баталсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах, зам тээврийн осол, хэрэг гарсан үед цаг алдалгүй гэмтэж бэртсэн хүнд анхны тусламжийн үйлчилгээ үзүүлж, тэдний амь насыг аврах мэдлэг, чадвар олгох зорилготой үзүүлэх сургалтыг Засгийн газрын 4-р байрны Нийслэлийн иргэний танхимд зохион байгууллаа. Сургалтад жолооч бэлтгэх 150 гаруй сургалтын байгууллагын 200 гаруй шинээр жолооч болохоор суралцаж байгаа суралцагч, мөн жолооч бэлтгэх байгууллагын дүрмийн багш, удирдлагын төлөөлөл хамрагдлаа.

“Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-д Тээврийн цагдаагийн алба нэгдлээ

Тээврийн Цагдаагийн Алба-н зураг.

Уг аяны хүрээнд иргэд олон нийтийн хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх, холбогдох хууль тогтоомжийг сурталчлах, хуулиар хүлээсэн үүрэг, оролцоог нь нэмэгдүүлэх зорилгоор “Цагаан туузтаны хөдөлгөөн”-ийг Жендерийн үндэсний хороо, “Эрчүүд гэр бүл хөгжлийн нийгэмлэг”-тэй хамтран зохион байгуулав. Тус албаны удирдах алба хаагчдад "цагаан тууз" зүүж, хүн бүр хүчирхийллийн хажуугаар дуугүй өнгөрөхгүй, хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлэхийг уриалсан юм.

"Зөв хэвшил хандлага-2" аяны хүрээнд алба хаагчдын нэгдсэн уулзалт зохион байгууллаа

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтэс-н зураг.

НЦУГ-ын Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс "Зөв хэвшил хандлага-2" аяны хүрээнд алба хаагчдын гэр бүлийн гишүүдийн цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагааны талаарх эерэг сэтгэгдлийг нэмэгдүүлэх, санал хүсэлтийг сонсох, алба хаагчдынхаа гэр бүлийн эерэг харилцаа, хандлагыг дээшлүүлэх зорилгоор 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “Гэр бүлийн уулзалт”-ыг зохион байгууллаа. Уулзалтын үеэр Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц, олон нийтийн сүлжээний “Хөдөөний айл”, Амьдралын дасгалжуулагч” зэрэг блогын хөтлөгч Ч.Ерөөлтүвшин нар Гэр бүлийн эерэг харилцаа, хүндэтгэл, Гэр бүлийн харилцаанд гишүүдийн үүрэг оролцоо, Монгол ёс заншил сэдвүүдээр яриа хийж, гэр бүлийн гишүүдийн санал сэтгэгдлийг сонслоо. Бидний ажлын амжилтын салшгүй нэгэн баталгаа эцэг эх, гэр бүлийн гишүүдэд "Талархал", гарын бэлэг гардуулж, Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын уран бүтээлчид уран бүтээлийн дээжээсээ толилуулж сонорыг мялаалаа.

ОЙЛГОЁ ХҮНДЭЛЬЕ "Challenge" ӨРНҮҮЛЛЭЭ

Баянгол дүүрэг дэх  Цагдаагийн хоёрдугаар хэлтэс-н зураг.

НЦУГ-ын Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс Ойлгоё хүндэлье аяны хүрээнд хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, иргэдийг аянд нэгдэхийг уриалж "ойлГОЁ ХҮНдэлье" challenge өрнүүлэн 20 аж ахуй нэгж байгууллага, 2000 иргэд нэгдлээ. Гэр бүлийнхээ төлөө та ч бас аянд нэгдээрэй хэмээн уриаллаа.

Хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгууллаа

Bold Oo-н зураг.

НЦУГ-ын Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс хулгайлах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Автомашины хучлага, эд анги” хэсэгчилсэн арга хэмжээг дүүргийн 4, 7, 10, 16 дугаар хороодын нутаг дэвсгэрт шөнийн цагаар “M-ARMOR” гэрээт харуул хамгаалалтын алба болон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаа.

Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журмын хэрэгжилт” сэдвээр зөвөлгөөн зохион байгууллаа

Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтэс-н зураг.

“Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журмын хэрэгжилт” сэдвээр Чингэлтэй дүүргийн дэх цагдаагийн газар, Замын цагдаагийн тасаг, дүүргийн прокурортой хамтарсан зөвлөгөөн зохион байгуулан ажиллалаа. Зөвлөгөөнд энэ оны эхний 11сард зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны чанар, үр дүн, хэргийн шийдвэрлэлтийн байдалд дүгнэлт хийж, зөрчил шалгах ажиллагааны чиглэлээр анхаарах асуудлаар хэлэлцэж, зөвлөгөөнөөс тодорхой шийдвэрүүдийг гаргасан байна. Зөвөлгөөнд “БАЯРЛАЛАА БАЙЦААГЧАА” арга хэмжээний үр дүнг дүгнэж, хороо хариуцсан хэсгийн байцаагч цагдаагийн ахмад Ц. Ганхүү тэргүүлэн өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдсанд нь хэлтсийн алба хаагчдын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

“Ойлгоё-Хүндэлье” аянд Говь-Алтай аймгийн 500 гаруй залуус НЭГДЛЭЭ

Arslan.mn

Уг аяныг олон нийтэд сурталчлах зорилгоор Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, Залуучуудын хөгжлийн төв хамтран 18 сум, 2 тосгоны залуусыг сургалтад хамрууллаа. Сургалтаар гэр бүлийн хүчирхийллийн хор уршиг, гэр бүлийн үнэ цэн, аливаа харилцааг уураар биш ухаанаар шийдвэрлэхийг уриалсан илтгэлийг тавьж, харилцан санал бодлоо солилцжээ.

Хууль эрх зүйн сургалт, зөвлөгөөн боллоо

Дундговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-н зураг.

Дундговь аймгийн ИТХ, Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Салбар Зөвлөлөөс аймгийн Цагдаагийн газар, Прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүх, Өмгөөлөгчдийн зөвлөл, Шүүхийн шинжилгээний албаны 70 гаруй алба хаагчдад 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр "Хууль эрх зүйн сургалт, зөвлөгөөн" зохион байгууллаа. Тус сургалтад Монгол улсын Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн Г.Туулхүү, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын лабораторын эрхлэгч Дэд хурандаа Б.Ламчин, ДХИС- ийн тэргүүн дэд захирал, хууль зүйн ухааны доктор, дэд профессор Б.Бат-Эрдэнэ,УЕПГ-ын Сургалтын төвийн дарга М.Гантулга,УЕПГ-ын сургалтын төвийн сургагч багш, хяналтын прокурор Г.Оюунболд, Монгол улсын Төрийн албаны Зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам нар урилгаар оролцсон юм.

Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян эхлүүллээ

Arslan.mn

Орхон аймгийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, “Дэлхийн зөн” ОУБ, аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо, “Эрдэнэт Сороптимист” зэрэг байгууллага хамтран жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян зарлалаа. Аяны хүрээнд “Walk the Talk” сэдэвт эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг алхалтыг зохион байгууллаа. Барилгачдын талбайгаас А.Амарын талбай, Хүүхдийн ордон гэсэн маршрутаар эмэгтэйчүүд алхаж охид, бүсгүйчүүд, эмэгтэйчүүдэд тулгамдаж байгаа асуудал болон жендерт суурилсан хүчирхийллийг бууруулах чиглэлээр ярилцсан байна. Алхалтад 100 гаруй эмэгтэйчүүд оролцжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611354
2 эможи

зочин
2019-12-08 16:05
60 тэрбумын бичлэгт дарга нь Ми д хоёр хацраа үнсүүлээд үнсүүлээд 10 саяын дарс задлаад байсан мөн биздээ.Булгийн эх булингартай байна адаг нь булингартай л байгаа
keyboard_arrow_up