COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 04, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЦЕГ

админ
2019 оны 11 сарын 24

Arslan.mn

Энэ долоо хоногт /2019.11.18-2019.11.24/ Цагдаагийн байгууллагаас олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна. 

Б.ДАВААЖАВ: Мөнгө угаасан 9.6 их наяд төгрөгийн хохиролтой 139 хэрэг илрүүлэн шалгаад байна

Arslan.mn

Эрүүгийн цагдаагийн алба (ЭЦА)-ны дарга, хурандаа Б.Даваажавтай ярилцлаа.  Тэрээр ярилцлагандаа "...Манай улс Интерполын гишүүнээр 1991 онд элссэн бөгөөд гишүүн улс орнуудын эрх зүйн тогтолцоо, хууль тогтоомжийн онцлог, түүнчлэн үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн чиг хандлага, шинээр илэрч бүртгэгдсэн үйлдлийн арга, тухайн төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр дэлхийн бусад улс орны цагдаа, хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаанд нэвтрүүлсэн шилдэг туршлага, техник технологийн талаарх мэдлэг, мэдээллийг харилцан солилцож ажиллахын зэрэгцээ олон улсад эрэн сурвалжилж байгаа оргодол этгээдүүдийг олж тогтоох чиглэлээр хамтран ажиллаж байна. Саяхан л гэхэд бид Интерполын шугамаар олон улсад эрэн сурвалжилж байсан БНХАУ, ОХУ-ын тус бүр нэг иргэн манай улсад орогнож байгааг тогтоон, дайчлан баривчилж, тухайн улсад нь шилжүүлэн өгөх ажлыг зохион байгууллаа. Санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага (ФАТФ)-аас 2019 оны аравдугаар сард Монгол Улсыг “Саарал жагсаалт”-д орсон болохыг зарлаж, цаашид мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд дутагдалтай байгаа асуудлаа сайжруулах талаар зөвлөмж ирүүлсэн. ФАТФ-аас өгсөн зөвлөмжийн дагуу хэрэгжилтийн үр дүнтэй байдлыг дээшлүүлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг ЦЕГ-ын даргаар энэ оны аравдугаар сарын 25-нд батлуулан, үүний дагуу цаашид мөнгө угаах болон түүнтэй холбогдох өндөр эрсдэлтэй гэмт хэргүүдийг үр дүнтэй мөрдөн шалгах, ялангуяа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргүүдийг мөнгө угаах зүйл ангиар давхар зүйлчлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар зохион байгуулалтын арга хэмжээ аваад байна. Мөн хууль сахиулах болон прокурорын байгууллагатай хамтран мөнгө угаах гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлж, одоо шалгаж буй энэ төрлийн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Олон нийтийн дунд Монгол Улс мөнгө угаах зүйл ангиар шүүхээс хэрэг шийдвэрлээгүй гэсэн буруу ойлголт байгаа. Үүнийг залруулж хэлэх ёстой. Цагдаагийн байгууллага 2017-2019 онд мөнгө угаахтай холбоотой 9.6 их наяд төгрөгийн хохиролтой, 165 холбогдогчтой 139 хэрэг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 45 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэн, шүүхээс 44 хэрэгт мөнгө угаах зүйл ангиар ял оноож эцэслэн шийдвэрлэсэн. Гэхдээ ФАТФ-ын зөвлөмжид шүүх, прокурор, хууль сахиулах байгууллагуудын чиг үүрэгт шууд хамаарах “Мөнгө угаах болон түүнтэй холбогдох өндөр эрсдэлтэйд тооцогддог авлига, хүрээлэн байгаа орчны эсрэг, цахим гэмт хэргүүдийг үр дүнтэй мөрдөн шалгаж, гэмт этгээдүүдэд хийсэн хэрэгт нь дүйцэхүйц, давтан үйлдэхгүй байхад чиглэсэн ял шийтгэл ногдуулах” шаардлагатайг зөвлөсөн. Дээр дурдсан, шүүхээс ял оноосон 44 хэргийн дийлэнх нь залилах, хулгайлах төрлийн хэрэгт гэмт хэргийн замаар олсон хөрөнгө, мөнгийг авч ашигласан этгээдүүдэд давхар мөнгө угаах зүйлээр ял ногдуулсан байгаа.." хэмээн онцоллоо. 

Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газар албаны ШИНЭ БАЙРТАЙ боллоо

Arslan.mn

Тэртээ 1982 онд хилийн цэргийн 0119 дүгээр ангийн цэрэг эрс цагдаагийн хэлтсийн барилгыг барьж ашиглалтанд оруулсанаас өдгөө 37 жилийн дараа энэ цаг хугацаанд “Бат-Угсралт констракшн” ХХК 3 давхар 1750 м2 45 өрөө барилгыг барьж, бид намрын адаг сарын шинийн 22-ны билэгт сайн өдөр шинэ конторын барилгын нээлттууз хайчлах ёслолын үйл ажиллагааг зохион байгуулав. Нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Билгүүн, Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж болон бусад албаны хүмүүс, хууль хяналтын байгууллагйн дарга, удирдлага, иргэдийн төлөөлөл оролцлоо. Нээлтийн үеэр гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл гарган ажилласан 17 алба хаагч, ахмад ажилчдыг Цагдаагийн ерөнхий газар болон аймаг орон нутгийн шагналааар шагнаж, урамшуулсан юм.

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын аварга шалгаруулах “Волейбол”-ын тэмцээн боллоо

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2019 оны А/12 тоот тушаалын хэрэгжилтийг хангах, алба хаагчдын дунд волейболын спортыг суртачлах, хөгжүүлэх, хурд хүч, авхаалж самбаа, бие бялдрын бэлтгэлжилтийг хангах, эвсэг хамт олныг бүрдүүлэх зорилгоор “Бүртгэл хяналтын төв”-ийн нэрэмжит 2019 оны цагдаа, дотоодын цэргийн “Волейбол”-ын аварга шалгаруулах тэмцээн 2019.11.20-2019.11.21-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын төв ордонд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтэс, дотоодын цэргийн анги, байгууллагын 57 багийн 500 гаруй баг, тамирчин өрсөлдөж аваргаа шалгарууллаа. Эрэгтэй багийн тэргүүн байрт Өмнөговь аймаг дахь цагдаагийн газар, дэд байрт Нийслэлийн цагдаагийн удирдах газар, гутгаар байрт Завхан аймаг дахь цагдаагийн газар, эмэгтэй багийн тэргүүн байрт Нийслэлийн цагдаагийн удирдах газар, дэд байрт Ховд аймаг дахь цагдаагийн газар, гутгаар байрт Тээврийн цагдаагийн алба тус тус шалгарлаа.

Төрийн “ГАЛЧ” 

Arslan.mnМонгол Улсын Засгийн газраас түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоолыг 2018 онд батлан гаргасан. Уг тогтоолоор Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон билээ. Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дэслэгч Ч.Сугарын ажлын нэг өдрийг сурвалжилсан юм. Тэрээр ярилцлагандаа "...Түүхий нүүрс түлж байгаа айлын утаа андашгүй. Хар утаа  суунаглаад л эхэлдэг. Гэхдээ одоо түүхий нүүрс түлэх айл тун цөөрсөн дөө. Гэр хорооллын айлуудын галлагаа хийдэг 06.00-.07.00 цагийн хооронд манай алба хаагчид Баянхошууны Цамбалхүндэв хайрхан, Чингэлтэй дүүргийн Хайлаастын усан зэрэг Улаанбаатар хот тэр чигтээ харагдах өндөрлөг цэгт өглөө бүр гарч фото зургийн судалгаа хийдэг юм. Аль айлын яндангаас ямар утаа гарч байна вэ гэдгийг хардаг. Ард иргэд Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг маш сайн хангаж байгаа. Нүүрс түлэх айл маш ховор болсон. Бараг байхгүй гээд хэлчихэд нэг их буруудахгүй болов уу. Засгийн газрын тогтоол хэрэгжсэнээс хойш утааны нөхцөл байдал харьцангуй өөрчлөгдөж байгаа. Хэлтсийн дарга маань өглөө бүр “Бид нийт монголчуудын нийт хүн амын 45 хувь, 1 сая 400 гаруй мянган хүний амьсгалах агаарын шүүлтүүр болж байгаа шүү” гэж урам зориг өгдөг юм. Түүнд нь их урамшина. Утаатай, орчны бохирдолтой тэмцэх энэ ажилд би өөрийн саналаар зүтгэж яваа ..." гэжээ. 

Хүчирхийллийн эсрэг “ОйлГОЁ ХҮНдэлье“ аян эхэллээ

Arslan.mn

Гэр бүлийн хүчирхийллийн хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, хохирогчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд дэмжлэг үзүүлэх, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах зорилготой хүчирхийллийн эсрэг “ОйлГОЁ ХҮНдэлье” урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээ улс орон даяар эхэллээ. Энэ жилийн аянд Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Жендэрийн үндэсний хороо, Цагдаагийн ерөнхий газар зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулж, Үндэсний хэмжээнд олон нийтэд жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг түгээн сурталчлах юм. Энэ жилийн аян нь аливаа хэлбэрийн хүчирхийллээс ангид байхын тулд бие биеийнхээ эрхийг хүндэтгэж, харилцан ойлголцох, эрүүл харилцааг эрхэмлэхийг уриалж байгаагаараа онцлог. 

А.ОТГОНБААТАР: Улаанбаатар хотын ундны усны аюулгүй байдлыг бид сахин хамгаалдаг

Arslan.mn

Монгол Улсынхаа аюулгүй байдлын төлөө албаа хариуцлагатайгаар хааж буй, чимээгүй баатруудын нэг Дотоодын цэргийн 805 дугаар ангийн сургагч ахлагч А.Отгонбаатартай ярилцлаа. Тэрээр яриллагандаа "... -Сургагч багшийн алба ганцхан манай 805 дугаар ангид л байна. Ангийн 80 орчим хувийг ахлагч нар эзэлдэг учраас энэ бүрэлдэхүүнүүдийн сахилга хариуцлагыг сайжруулах, албаны мэдлэг, ур чадваруудыг сайжруулах, тэдний мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, ар гэрт нь тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тайван ажиллах нөхцлийг нь хангуулах, ахлагч бие бүрэлдэхүүний саналыг ангийн захирагчид уламжлах, шийдвэрлэх гэсэн ажлыг хийдэг. Улсын онц чухал обьектын найдвартай байдлыг тасралтгүй хангаж үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид энгийн зүйлд санаагаа чилээхгүй, ажлаа хийж байх үедээ ажлынхаа төлөө л санаагаа чилээдэг байх нь миний албаны гол зорилго юм. Би хамт олныхоо дэмжлэгтэйгээр алба хаагчидын мэдлэгийг нэмэгдүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх үүднээс номын санг тохижуулсан. Мөн манай нэг алба хаагч маань хүндээр өвчлөхөд бид туслах үүднээс ТББ-тай хамтран урлагийн тоглолт хийж тухайн алба хаагчийнхаа хагалгааны зардлыг гаргасан. Одоо хагалгаанд орсон алба хаагч маань эрүүл болоод албаа гүйцэтгээд явж байгаа. Миний хувьд алба хаагчидынхаа дунд байж тэдэндээ тус болоод ажиллах нь сайхан байдаг. Ахлагч бүрэлдэхүүний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд манай ангийн нийт бие бүрэлдэхүүн, удирдлагууд нааштайгаар хүлээж авдаг. Энэ дашрамд Дотоодын цэргийн албаны нийт бие бүрэлдэхүүн, удирдлагуудад бидний ажлыг үргэлж л дэмжиж ажилладагт талархал илэрхийлье..." хэмээн онцоллоо. 

Б.БАТЗОРИГ: Нийслэлийн долоон дүүрэгт хүүхэд хохирсон гэмт хэрэг буурсан үзүүлэлт гарсан

Arslan.mn

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзоригтой ярилцлаа. Тэрээр ярилцлагандаа "... Нийслэлийн хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар хүүхэд холбогдсон гэмт хэргийн нөхцөл байдал өссөн үзүүлэлттэй байгаа бол хүүхэд гэмт хэрэгт өртөж хохирсон нь өмнөх оны мөн үеэс 84 нэгжээр буюу 8,6 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Ихэвчлэн ямар гэмт хэрэгт хүүхдүүд өртөж хохироод байна гэвэл хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хулгайлах болон дээрэмдэх гэмт хэрэгт өрдөж байна. Тэгвэл хулгай, дээрмийн гэмт хэргийн халдлагын зүйл нь эцэг, эхчүүдийн хүүхдэдээ авч өгсөн ухаалаг утас. Дүүргээр нь авч үзвэл Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй болон алсын гурван дүүрэгт хүүхэд хохирсон гэмт хэрэг буурчээ. Нэг анхаарал татаж байгаа үзүүлэлт нь насанд хүрээгүй хүний эсрэг хүчиндэх гэмт хэрэгт хүүхэд хохирсон нөхцөл байдал 20 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Мөн сургуулийн орчимд хүүхдийн эсрэг гэмт хэрэг буурсан байна..." гэлээ. 

“Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг 117 дугаар сургуулийн “Сэргийлэгч” баг тэргүүлэв

Arslan.mn

Хүүхдэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, хөдөлгөөнд соёлтой оролцох дадал төлөвшүүлэх, хүүхдийг зам, тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг 38 дахь жилдээ зохион байгууллаа. Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл (НГХУСАЗЗ), Тээврийн цагдаагийн алба хамтран зохион байгуулж буй тус тэмцээнийг өнөө жил 1981 оны Цагдаагийн албаны дарга, Монгол Улсын гавьяат хуульч, бэлтгэл хурандаа Г.Ринчиндоржийн нэрэмжит болгон зохион байгуулж буй онцлогтой. Тэмцээний I үе шатыг дүүрэг дэх ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулсан бөгөөд тэргүүн байранд шалгарсан баг II үе шат буюу нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон юм. Ингэхдээ “Гэрийн даалгавар, Мэндчилгээ, Хамтдаа, Буухиа тэмцээн, Урлагийн тоглолт’’ гэсэн таван төрлөөр өрсөлдөж, шилдгүүдээ шалгарууллаа.

Б.Эрдэнэбат: Хүн гэмтсэн, эрүүл мэнд хохирсон осол 38.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна

Arslan.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын хэлтсийн дарга Б.Эрдэнэбат мэдээлэл хийхдээ “Өнгөрсөн 14 хоногт Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 3280 дуудлага мэдээлэл хүлээн авч 843 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн. Хүн гэмтсэн осол 67 бүртгэгдэж, зам тээврийн хэргийн улмаас есөн хүний амь нас хохирч, 72 хүн гэмтсэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хүн гэмтсэн, эрүүл мэнд хохирсон осол 38.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна” гэсэн юм.

НЦУГ: Нийслэлийн дүүрэг дэх цагдаагийн газрын алба хаагчдыг чадавхжуулах СУРГАЛТАНД хамрууллаа

Arslan.mn

НҮБ-ын  Хүн амын сангийн дэмжлэгтэй Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төслийн хүрээнд Нийслэлийн Цагдаагийн Удирдах газраас нийслэлийн дүүрэг дэх цагдаагийн газрын 200 алба хаагчдад төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран сургалт зохион байгууллаа. Тус сургалт нь  хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн хор уршгийн талаарх алба хаагчдын хандлага, ойлголтыг дээшлүүлэх, хохирогч болон түүний хүүхдийн хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн хамгаалах, зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлэх улмаар хүчирхийллийн талаарх мэдээллийн санг боловсронгуй болгоход чиглэгдсэн байна. Дашрамд дурдахад, Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяныг  “ОйлГОЁ ХҮНдэлье” уриан дор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам НҮБ-ын хүн амын сан, Монгол Улсын Жендерийн үндэсний хороо, Цагдаагийн ерөнхий газар зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, үндэсний болон олон улсын шинжээчид 22 дахь жилдээ хамтран зохион байгуулж байгаа юм байна.

Галт зэвсгийн тооллого дууслаа

Arslan.mn

Галт зэвсгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын даргын А/205 дугаар тушаалаар 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс “Зэвсэг-2019” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж энэ сарын 20-оор дууслаа. Цагдаагийн байгууллагын галт зэвсгийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд 47.925 галт зэвсэг бүртгэлтэйгээс нэгдсэн арга хэмжээний хугацаанд 44.341 галт зэвсэг тооллогод хамрагдаж, улсын хэмжээнд 92.5 хувьтай явагдлаа. 

Төв аймаг дахь Цагдаагийн газраас "Зөв хэвшил, хандлага-2" аяны хүрээнд алба хаагчид руу чиглэсэн ажлууд хийж байна 

Arslan.mn

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд хэрэгжиж байгаа "Байгууллагын соёлыг төлөвшүүлэх хөтөлбөр", "Зөв хэвшил, хандлага-2" аяны хүрээнд Төв аймаг дахь Цагдаагийн газраас 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр алба хаагчиддаа зориулан Зууны манлай хос дуучин, Монгол улсын гавъяат жүжигчин С.Вандан, Д.Дуламсүрэн нарыг урьж "Амьдралын зөв хэвшил" сэдвээр сургамжит үгийг хэлүүлж, бие бүрэлдэхүүнтэй уулзалт, ярилцлагыг зохион байгууллаа. Алба хаагчдын зүгээс үр дүнтэй уулзалт боллоо хэмээн санал, бодлоо илэрхийллээ. 

Төв аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид "Хандлагаа өөрчилье" арга хэмжээг зохион байгуулж байна 

Arslan.mn

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд хэрэгжиж байгаа "Зөв хэвшил, хандлага-2" аяны хүрээнд Төв аймаг дахь Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэний зөвлөлтэй хамтран "Хандлагаа өөрчилье" хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээс "Амьдарлын зөв хэвшил, ажлын зөв сонголт, Өөрийн зөв сэтгэлгээг өдөр болгон хэрэгжүүлж, өөдрөг мөрөөдөлтэй амьдарцгаая" уриалгыг гаргалаа.


Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газраас "Дэлхийн хүүхдийн өдөр"-ийг тэмдэглэлээ

Arslan.mn

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газраас "ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДӨР"-ийг тохиолдуулан тус цагдаагийн газарт үйлчлүүлэхээр аав, ээжийгээ дагаж ирсэн хүүхдүүдэд хичээлийн дэвтэр,  хүүхдийн сүү өгч баярлууллаа.  Тус өдөр нийт 30 орчим хүүхдүүд энэхүү бяцхан арга хэмжээнд хамрагдсан юм. 

Увс аймаг адхь Цагдаагийн газраас "Морьт" эргүүлийг тогтмол хийж байна 

Arslan.mn

Увс аймаг дахь Цагдаагийн газрас Сагил сумын хэсгийн алба хаагчид "мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх" чиглэлээр тус сумын Өндөрмод багийн бүлэг нөхөрлөлийн гишүүдтэй хамтран морьт эргүүлийн үүргийг тогтмол гүйцэтгэж байна. 

"БИ ХАРИУЦЛАГАТАЙ ААВ, ЭЭЖ" АЯНЫ ӨДӨРЛӨГ НАЛАЙХ ДҮҮРЭГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Arslan.mn

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас ГБХЗГ-тай хамтран “Би хариуцлагатай аав ээж” аяныг жилийн хугацаанд өрнүүлж буй билээ. Тус аяны хүрээнд Налайх дүүргийн Соёлын ордонд ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын эцэг, эхчүүдэд сургалт, өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгт гэр бүл судлаач Ж.Баясгалан, Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэргэжилтэн, цагдаагийн ахмад н.Дэлгэрмаа нар хүүхдийг хэрхэн эерэг зөв аргаар хүмүүжүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар сонирхолтой лекц уншсан юм. “Би хариуцлагатай аав ээж” аян нь Төрийн болон аж ахуйн нэгж байгууллагуудыг хүүхэд хамгааллын бодлоготой болгох, Эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, Байгууллагын ажилтан албан хаагчдаар дамжуулан гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, Хүүхэдтэй зүй бус харилцах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх, хамгаалахад эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхийг уриалах, сурталчлах зорилготой юм. Энэхүү аян нь 2019 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны долоодугаар сарын 01-ний өдөр хүртэл бүтэн жил үргэлжлэх юм.

"SCHOOL POLICE" ЭРГҮҮЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИДЭВХИЖҮҮЛЭХ ЗОРИЛГОТОЙ “ДЭВЖЭЭ” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Arslan.mn

Сурагчдыг сургуулийн орчинд аливаа халдлага, гэмт хэрэгт өртөх эрсдлээс хамгаалж, аюулгүй орчин бүрдүүлэх зорилгоор орон даяар хэрэгжиж байгаа "SCHOOL POLICE" төслийн үйл ажиллагааг идэвхижүүлэх "Дэвжээ" тэмцээнийг НИТХ, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн боловсролын газар, Монголын сурагчдын холбоо, Монголын сурагчдын холбооны дэргэдэх “school police” төв хамтран зохион байгуулж байна. Тэмцээний нэгдүгээр шатыг дүүрэг тус бүрт үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулахаар удирдамжинд тусгагдсаны дагуу Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газар, Дүүргийн ГХУССЗ, Дүүргийн боловсролын хэлтэс хамтран энэ сарын 15-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Оролцогч багууд сургуулийн эргүүлийн үйл ажиллагааг сурталчилсан мэндчилгээ, мэдвэл зохих хууль, эрх зүйн асуулт, өгөгдсөн сэдвийн хүрээнд бэлтгэсэн жүжигчилсэн тоглолт, оролцогч эцэг эхийн төлөөллөөс бэлтгэсэн сургуулийн эргүүлийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр ямар хэмжээ зохион байгуулах талаарх илтгэл зэргээр өрсөлдсөн ба нийт оролцсон 9 сургуулиас Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн “PEACE” баг тэргүүн байр, 1 дүгээр сургуулийн “Сүлдэт” баг хоёрдугаар байр, 35 дугаар сургуулийн “Хас бүргэд” баг гуравдугаар байранд тус тус шалгарлаа. Тэмцээний хоёрдугаар шат 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулагдаж, дүүрэг бүрээс шалгарсан шилдэг багууд өрсөлдлөө. Дашрамд дурьдахад энэхүү тэмцээн зохион байгуулагдсанаар ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, сурагчид, тэдний эцэг эхчүүдийн сургуулийн орчинд гэмт хэргээс урьдчиан сэргийлэх хамтын ажиллагаа идэвхижэх чухал нөлөөтэй юм.

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газарт  “Мэдэгдэл хяналт шалгалт” арга хэмжээ үргэлжилж байна

Arslan.mn

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын даргын А/02 дугаар тушаалаар 2019.09.12-ны өдөр зохион байгуулагдсан “Мэдэгдэл хяналт шалгалт” арга хэмжээний хүрээнд тус хэлтэс хариуцсан 9 хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг архи согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгж, байгууллагуудтай уулзалт хийж, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлэх талаар мэдэгдэл өгсөн. Уг мэдэгдлийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлыг 2019.11.22-ны өдөр шалган ажиллаж байна.

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газраас “Сайжруулсан шахмал түлш”-ний хэрэглээнд хяналт тавих ажлыг тогтмол хийж байна  

Arslan.mn

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн даргаас Монгол улсын Засгийн Газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр гаргасан тогтоол, журмууд, Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллах тухай тогтоол, “Сайжруулсан шахмал түлш”-ний хэрэглээнд хяналт тавих чиглэлээр 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 18:00-22:00 цагийн хооронд нутаг дэвсгэрийн 2, 4, 21, 27 дугаар хороодын нутаг дэвсгэрт түүхий нүүрс хэрэглэж байгаа болон зарж борлуулж болзошгүй цэгүүдэд 23 чиглэлд 46 алба хаагчийн эргүүлийн томилгоог хийж үүрэг гүйцэтгэлийн чиглэлд хяналт тавьж ажиллаа.
Ажиллах хугацаанд 84 айл өрх, 4 аж ахуй нэгж, байгууллагаар орж, түлш хэрэглэж байгаа байдалд хяналт тавьж, нийт 184 иргэнд зааварчлага зөвлөмж өгч, урьдчилан сэргийлэх яриа таниулга хийн сэрэмжлүүлэг өгөв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610874
5 эможи

keyboard_arrow_up