COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Төрийн “ГАЛЧ”

2019 оны 11 сарын 22

Arslan.mn

Түүнийг Ч.Сугар гэнэ. Тэр төрийн “галч”.

Сугар, хөнжлөө тийчин амар тайван нойрсох үрс, гэргий өөдөө хайр дүүрэн ширтэж хэсэг чимээгүй сууснаа сэрээчихвий гэж сэмхэн үнсээд гэдрэг яаравчлан өглөөний 06.30 цагт гэрээсээ гарлаа. Цагдаагийн ерөнхий газартай хаяа дэрлэн байрлах Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хаалгыг татан орсноор түүний өнөөдрийн ажил эхэлж байна. Сугар өнөөдөр ээлжтэй. Цурам ч хийлгүй өнгөрөх чилийсэн 24 цаг түүнийг хүлээж байгаа.

Монгол Улсын Засгийн газраас түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоолыг 2018 онд батлан гаргасан. Уг тогтоолоор Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон билээ.

Уг шийдвэрийн хэрэгжилтэд Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчид болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн онцгой байдлын газрын алба хаагчид шалган нэвтрүүлэх 7 товчоонд 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа юм. Эдгээр хэн ч анзаардаггүй, хэнд ч анзаардаггүй хүмүүс л энэ улс орны дутууг гүйцээж дундуурыг дүүргэж байна. Тэдний нэг дэслэгч Ч.Сугар.

Нийслэлчүүдийн амьсгалах агаарын шүүлтүүр нь ЦАГДАА

Дэлгэцийн араас утаатай, утаагүй гэж маргаж суух даанч амархан. Харин утааг үр дүнтэй бууруулахаар өглөөнөөс үдэш хүртэл олон хүн нөр их хөдөлмөрлөж буй. Эндээс цагдаагийн алба хаагчдыг онцлох нь зүйтэй. Улаанбаатар гэх “улсын” хил рүү түүхий нүүрс оруулах оролдлого бүрийг олж илрүүлэхээр тэд хотоос хөдөөг, хөдөөнөөс хотыг зорих машин нэг бүрийг алдалгүй зогсоон шалгаж байна. Энэ нь утаагүй Улаанбаатарын төлөөх ажил. Ингэж Монгол төрийн чимэг цагдаа өнөөдөр Монголын төрийн “галч” болов. Засаг шийдвэр гаргасан, тогтоол баталсан. Үүний дараах хар бор ажлыг цагдаагийн алба хаагчид нугалж байна. Нүүрс оруулахыг завдвал хурааж авна, Амгалан дулааны цахилгаан станцад хүлээлгэж өгнө. Түүхий нүүрс түлэхээс сэрэмжилж  айлуудын хаалга тогшино. Зуух, яндан, утаа, үнсийг нь хүртэл шалгана. Тиймээс тэдэнд “галч” хэмээх тодотгол онох мэт.

Өглөө 09.00 цагт даргын өрөөнд цугларч үүрэг чиглэл аваад Ч.Сугар ажилдаа гарлаа.

-Таны ажил хаанаас, юунаас эхэлдэг вэ?

-Нийслэлийг тойрон байрлаж буй 7 цэгт очиж ажил хүлээлцүүлэхээс эхэлнэ. Хэдүүлээ эхлээд Хонхорт байрлах пост руу явъя.

Энэ яриагаар Ч.Сугар дэслэгчтэй хамт “алба хаах” нэг өдөр эхэллээ. Засгийн газрын шийдвэр амжилттай хэрэгжиж өнөөдөр Улаанбаатарын утаа гамшгийн хэмжээнээс гарчихаад байгааг нийслэлчүүд болоод гадны судалгааны байгууллага ч дүгнээд байгаа. Тэгвэл өнө олон жил ярьсан өнөөх л утаа багасгахад цагдаагийн алба хаагчид идэвхийлэн оролцож буйг бүтэн өдөр сурвалжлахаар дэслэгчийн хамт дөрөө жийлээ.

Цагдаа олон нийтийн амгалан тайван байдлын төлөө цаг наргүй ажиллах ёстой. Тэд зэрэгц командаар бэлэн жагсаж, “гүйцэтгэе” гэж гар өргөн ёслосон л бол цас, бороо, цагийн хүнд хэцүүгийн алинд ч хэзээд гараад л гүйх учиртай. Гэхдээ тэдний ард өглөө хүүхдээ хэн цэцэрлэг, сургуульд хүргэх, орой хэн авах, эхнэр орой ямар хоол хийх, байрны зээлээ хэрхэх тухай бодол аргамжсан миний л адил ХҮН яваа.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлаж буй Хонхор дахь хяналтын пост хүртэлх замд Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагч, цагдаагийн дэслэгч Ч.Сугартай яриа өрнүүлж явлаа.

-Цагдаа нарын өндөрлөг цэгээс  ажиглалт хийж байгаа зураг сошиалаар тарсан. Дурандаад түүхий нүүрс түлж байгаа айлыг олж чадах уу гэх басамжилсан маягтай сэтгэгдэл цөөнгүй харагдсан. Нээрэн нүүрс үү,  шахмал түлшний утаа юу гэдгийг ялгах боломжтой юу?

-Түүхий нүүрс түлж байгаа айлын утаа андашгүй. Хар утаа  суунаглаад л эхэлдэг. Гэхдээ одоо түүхий нүүрс түлэх айл тун цөөрсөн дөө. Гэр хорооллын айлуудын галлагаа хийдэг 06.00-.07.00 цагийн хооронд манай алба хаагчид Баянхошууны Цамбалхүндэв хайрхан, Чингэлтэй дүүргийн Хайлаастын усан зэрэг Улаанбаатар хот тэр чигтээ харагдах өндөрлөг цэгт өглөө бүр гарч фото зургийн судалгаа хийдэг юм. Аль айлын яндангаас ямар утаа гарч байна вэ гэдгийг хардаг. Ард иргэд Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг маш сайн хангаж байгаа. Нүүрс түлэх айл маш ховор болсон. Бараг байхгүй гээд хэлчихэд нэг их буруудахгүй болов уу.

-Яг түүхий нүүрс түлж байгаа айлд яваад орохоор ямар тайлбар хэлэх үү?

-Таван сарын 15-наас хойш Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахыг хориглочихсон. Тэгэхээр иргэд өнжмөл нүүрсээ түлж байсан гэх шалтгаан хэлдэг. Одоо нөөцлөгдсөн түүхий нүүрс байхгүй болж байна. Нууцаар түүхий нүүрс түлэхгүй байхад ард иргэдийн ухамсар чухал байна.

 

-Нээрэн ингээд зайдуу гараад эргээд харахад хот тэр чигтээ цэлмэг харагдаж байна шүү. Өмнөх жилүүдэд өдийд суунагласан утаатай дуниартсан бараан хоттой байсан санагдах юм.

 

-Сайхан байгаа биз. Засгийн газрын тогтоол хэрэгжсэнээс хойш утааны нөхцөл байдал харьцангуй өөрчлөгдөж байгаа. Хэлтсийн дарга маань өглөө бүр “Бид нийт монголчуудын нийт хүн амын 45 хувь, 1 сая 400 гаруй мянган хүний амьсгалах агаарын шүүлтүүр болж байгаа шүү” гэж урам зориг өгдөг юм. Түүнд нь их урамшина. Утаатай, орчны бохирдолтой тэмцэх энэ ажилд би өөрийн саналаар зүтгэж яваа шүү дээ. Би бага насны хоёр хүүхэдтэй. Утаан дунд хүүхдүүдээ өсгөж байгаадаа өөрийн эрхгүй харамсал төрдөг байлаа. Тийм учраас энэ ажилд идэвхийлэн оролцох саналтайгаар хэлтэс байгуулагдахад ирж ажилласан. Ажлын үр дүн тодорхой хэмжээнд харагдаж байгаад хувь хүн, эцэг хүний хувьд баярлаж л явна. Эхнэр, хүүхдээ баярлуулж байгаа мэт бахархал төрөөд л явдаг юм.

Шинэхэн албаны шижигнэсэн залуус

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтэс нь энэ оны 05 дугаар сарын 15-наас түүхий нүүрсийг нийслэл хотод нэвтрүүлэхгүй байх урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хяналт шалгалтыг явуулж, зөрчил гаргасан аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлж өгөх үүрэгтэйгээр зургаан сарын өмнө байгуулагдсан шинэхэн алба юм.

Өнгөрсөн зургаан сарын хугацаанд зохих зөвшөөрөлгүй тээвэрлэсэн 4180 тонн түүхий нүүрсийг “Амгалан” дулааны цахилгаан станцын агуулахад байршуулж, мөн  агаарын  чанарыг сайжруулах бүсэд түүхий  нүүрс хэрэглэсэн  8 аж ахуйн нэгж, айл  өрхийн  зөрчлийг илрүүлж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт шалгуулахаар материалыг шилжүүлжээ.

Байгуулагдаад зургаахан сар бол буй энэ шинэ албаны 58 алба хаагч ээлжээр хуваагдан Улаанбаатарын “хил” дээр цаг тутам ажиллаж эхэлснээр хот руу нэвтрүүлдэг хортой, хориотой олон төрлийн бараа, бүтээгдэхүүнийг илрүүлж байна. Өмнө нь хотын ердөө хоёр талд л шалган нэвтрүүлэх товчоод ажилладаг байсан бол өнөөдөр энэхүү хэлстийн алба хаагчид хотын 7 цэгт байрлан ажиллаж эрүүл, аюулгүй, энх амгалан хотын төлөө цаг наргүй ажиллаж байна. Нэг жишээ дурдахад зургаан удаагийн үйлдлээр 65 кг жинтэй хар тамхи мансууруулах төрлийн сэтгэцэд нөлөөт бодис болох ургамал тээвэрлэн явсан мансуурсан залуусыг хяналт шалгалтаар илрүүлжээ.

Налайх дүүргийн наахна байрлах Хонхор дахь хяналт шалгалтын постод Эргүүл хамгаалалтын албаны болоод Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн хоёр албан хаагч, нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдлын албаны тус бүр нэг алба хаагч, нийт дөрвөн хүн үүрэг гүйцэтгэж байна. Тэд тэсгим хүйтэнд ажирсан шинжгүй. Харин зам гулгуутай байгаа учраас автомашинуудыг олноор зогсооход хүндрэл үүсч байгаа тул давс цацах арга хэмжээ авбал тус дөхөмтэй байгааг хэлж байна. 24 цагийн турш гадаа зогсох тэд дулаацах жижиг байртай. Тэдний хоёрдахь гэр болсон жижиг байранд хоёр ч халаагуур залгажээ. Тэгсэн ч өрөөнд сэрүүхэн. Дөрвөн хүн зөрж өнгөрөхдөө мөргөлдөх шахам жижигхэн байр бусад зургаан постноос хамгийн тохилог сууц гэнэ. “Тохьтой байгаа биз” гэж дэслэгч надаас итгэл дүүрэн асууж байна. Үнэндээ тэнд тохь гэх юмгүй түр хоргодох байр. “Бид унтах биш дээ, хааяа орж ирж дулаацахад, бичиг цаасаа эмхлэхэд болоод л байдаг юм” гэж байрны эзэд хариулав.

Алба хаагчид ажил хүлээлцлээ. Өнгөрөгч өдөр энэ постоор дамжин өнгөрсөн автомашинуудыг шалгах явцад зөрчил бага илэрчээ. Маш бүрийн тээш, кабиныг шалгахад түүхий нүүрс шуудайгаар тээвэрлэсэн ганц нэгхэн зөрчил илэрсэн бөгөөд “хүний гуйлгаар авч явна” хэмээн тайлбарлажээ. Мөн нүүрс тээвэрлэх зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүд нүүрсний татан авалт хийсэн аж. Энэ тухай алба хаагчдын ажлыг хүлээлцүүлж дуусаад хот руу буцах замдаа дэслэгчээс шалгаалаа.

-Түүхий нүүрсийг нийслэлд огт түлүүлэхгүй байгаа бол биш. Зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүд түлсээр байгаа юм билээ. Зөвшөөрөлтэй хэдэн аж ахуй нэгж байгаа вэ?

-Улаанбаатар хотын БГД, БЗД, СБД,СХД, ХУД, Чд-т цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагаас бусад иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудыг 2019.05.15-ны өдрөөс түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Үүний дагуу нийслэлийн зохицуулах зөвлөлөөс түүхий нүүрс хэрэглэх зөвшөөрлийг 23 аж ахуй нэгжид олгосон. Өнөөдөр нийслэлд Дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч 23 аж ахуй нэгжийн 507 яндан бий. Би Сүхбаатар дүүргийг хариуцан ажилладаг. Манай дүүрэгт зөвшөөрөлтэйгээр утаа гаргаж байгаа 39 аж ахуй нэгж байна. Төрийн захиргааны 17, хувийн 22 байгууллага бий.

-Энэ 23 байгууллага хаана байрлаж байгаа ямар аж ахуй нэгжүүд вэ?

-Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороонд түүхий нүүрс түлэхийг зөвшөөрсөн. Нөгөөх нь СХД-ийн 21, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо. Энэ таван цэгт нүүрс тусгай зөвшөөрлийн дагуу түүхий нүүрс түлэхийг зөвшөөрч байгаа.

-Иргэд түлэхгүй байгаа ч тусгай зөвшөөрөлтэй байгууллагууд түүхий нүүрс түлээд байхаар үр дүн гарах уу?

-Тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудад утааг шүүх төхөөрөмж байршуулсан байна. Тэгэхээр утаа нь шүүгдээд саарал гардаг юм билээ. Хэдүүлээ түүхий нүүрс хэрэглэж байгаа зөвшөөрөлтэй нэг аж ахуй нэгжээр орох уу?

-Тэгье

-“Говь түшээ” ХХК гэж бий. “Бүрд” худалдааны төвийн дулааныг хангахаар түүхий нүүрс хэрэглэх зөвшөөрөл авсан аж ахуй нэгж.

Тус компани Нийслэлийн зохицуулах зөвлөлөөс олгосон зөвшөөрлийн дагуу Багануурын нүүрсний уурхайгаас сар бүр 15 тонн нүүрс татан авалт хийх графиктай. Тун саяхан нүүрсний татан авалт хийсэн тухайн байгууллагын нүүрс буух газартаа бууж, зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхийг уурын зууханд нь орж шалгалаа.

Зөвшөөрөлтэй байгууллагууд нүүрсний утааг нойтон болон хуурай аргаар цэвэршүүлж агаарт дэгдээх төхөөрөмжийг суурилуулсан аж. Эднийх нойтон аргаар утааг шүүдэг байна. Байгууллагын нярав бүсгүй “Тээвэрлэлтийн зардал сөхрүүлэх гээд байна. Багануурын нүүрсийг зөвхөн зөвшөөрөлтэй газрууддаа худалдан борлуулах цэгийг хотод байгуулж болохгүй юм байхдаа” хэмээн дэслэгчид учирлаж байна.

Дэслэгч Ч.Сугар нярав бүсгүйд хандан нүүрсээ хулгайд алдахаас сэрэмжилж, графикаас илүү таталт хийж бусдад худалдан борлуулахгүй байхыг сануулаад дараагийн “зогсоол”-руу хөдөллөө.

Сүхбаатар дүүрэгт сайжруулсан түлш худалдан борлуулдаг 41 цэг байна.  Дамбадаржаагийн эцэст байрлах сайжруулсан түлшний борлуулагчтай уулзвал “Бизнес дажгүй. Харин хүйтэнд гадаа зогсож ажиллах хүн олдохгүй юм” хэмээн цагдаа өөд хошуу дэвсэнэ. Ерөөс цагдаатай уулзсан хүн бүр нэгийг хэлэх нь иргэнтэй хамгийн ойр ажилладаг энэ албыг улам ч дулаан санагдуулах нь сайхан.

Тэндээс хөдөлж яндангаас нь утаа суунаглан буй айлын хаалга тогшлоо. Гэнэтийн шалгалт хийхээр орсон айл үүдэндээ гурван шуудай сайжруулсан түлш хураажээ. Нам даралтын зуухаар байшингаа халаадаг энэ айлд хоёр шуудай нүүрс өдөртөө хүрэлцэхгүй байх тохиолдол байдаг. Гэтэл нүүрсний цэгүүд өдөрт хоёр шуудайгаас илүүг өгөхгүй байгаа гэдгийг мөн л цагдаад гомдоллон хэлэх аж.

Зуухыг нь шагайж, гадаах үнсний савыг нь шалгах цагдаа нээрэн “галчаа”...Олон нийтийн аюулгүй, амгалан тайван байдлыг хангаж ажиллах нь тэдний үүрэг тул угаартахгүй, утаагүй орчинд иргэдийг амьдруулахаар зорьж яваа нь энэ.

Амьдралд “амт” нэмсэн гулууз мах, шуудай гурилны ТУСЛАМЖ

Дэслэгч Ч.Сугарын адил олон залуус агаарын бохирдолтой тэмцэж, утаагүй ирээдүйн энхийн манаанд зогсож байгаа. 24 цаг үүрэг гүйцэтгээд гэртээ иртэл байшин нь юу ч үгүй шатаж, бага насны хоёр хүүхэд нь арайхан амьд гарсан золгүй явдал Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчдын нэгэнд тохиолджээ. Өвлийн хүйтэнд гэргий, хоёр хүүхдийнхээ хамт өмссөн хувцаснаасаа өөр юу ч үгүй үлдсэн түүнд хамт олон нь сэтгэлийн дэмжлэг үзүүлж, ЦЕГ-ын удирдлага таван ханатай өргөө цагаан гэр бэлэглэх баярт үйл явдал өнөөдөр тохиолоо.

Өглөө ээлжнээсээ дөнгөж буусан алба хаагчид гэрийг хэдхэн минутын дотор гялалзтал бариад дуусгачихаж. Эзэгтэй даруй галлаж порхийтэл цай буцалган тэдэнд барихад “гэртэй болчихлоо, одоо ямар ч байсан даарахгүй. Амьдрал баян даа анд минь” хэмээгээд гэрийн эзний мөрөн дээр алгадах нөхөр. Нойргүй хоносон ч нэгнийхээ баяр гунигийг хуваалцан зогсох хамт олон цагдаагийн албаны цог жавхааг илтгэнэ.

-Чиний наад гутал чинь хэр дулаахан бэ, хайрч байна уу?

-Гайгүй ээ. Улавч дэвсчихсэн.

-Тэгсэн ч тачигнасан хүйтэнд хайрдаг юм. Хайраад байвал тэмээний ноосон оймс давхарлаад өмсчих. Тэгвэл янзын дулаахан.

Ахимаг насны нэгэн нь залуу алба хаагчдад хандан ийнхүү зөвлөж байна. Огт даардаггүй мэт цастай, шуургатай ч дохиур гозолзуулан зогсдог цагдаа нар хайрдаггүй гуталтай хэрхэн өвөлжих тухай хэн хэндээ зөвлөж зогсооно хайрламаар.

Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа И.Даваажамьян “Манай хэлтсийн цагдаа Сүхбаатар 2019.11.15-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж байх, гэр бүлийн хүн нь ажилдаа явсан хойгуур цахилгааны гэмтлийн улмаас гал гарсан харамсалтай явдал тохиолдооод байна. Галаас 2-4 насны хоёр хүүхэд болон тэднийг асран хамгаалж байсан хүн азаар эсэн мэнд гарсан. Галыг СХД-ийн онцгой байдлын алба хаагчид богино хугацаанд унтраасан боловч алба хаагчийн маань гэр бүрэн шатаж үр хүүхэд ханынхаа хамт өмссөн хувцастайгаа л үлдээд байлаа. Энээ асуудлыг хүлээн авч ЦЕГ-ын удирдлага таван ханатай гэрийг алба хаагчдаа тусламж үзүүлэх зорилгоор хүлээлгэн өгч байна. Мөн хэлтсийн алба хаагчид маань сэтгэлийн дэм үзүүлэх зорилгоор хуримтлал цуглуулж, ахуйн хэрэгцээнд шаардлагатай эд материал болон бусад зүйлээр туслалцаа үзүүллээ” гэж ярилаа.

Хамт олон нь гэр нь шатсан алба хаагчийн амьдралд тус нэмэр болох үүднээс гулууз мах, шуудай гурил, будаа үүрээд иржээ. Тэндээс хамт олны халуун сэтгэл дүрэлзэнэ.

 

Хэв журмын цагдаа Сүхбаатар Монгол Улсын цагдаа дотоодын цэргийн байгууллагад нийтдээ 9 жил ажиллажээ. “Төсвийн байгууллагаын бид чинь банкнаас зээл авч л орох орон, унах унаатай болдог. Гэтэл өчнөөн жил хөдөлмөрлөж байж босгосон байшин нь нэг л өдөр юу ч үгүй шатчихна гэдэг тун харамсалтай” хэмээн дэслэгч Ч.Сугар өгүүлээд хэсэг чимээгүй болчихов.

Амьдрал баян даа. Түшээд авах хамт олон, төрийн сүлдээ тэргүүндээ залсан цагдаагийн хийморь өөдөө байхад болж бүтэхгүйн будант манан аяндаа арилна. Хоёр бяцхан үр нь дулаан гэртээ хацар нь ягаарч хоноо байхдаа...Толгойтод  байрлах тэднийхээс гарч цааш Өлзийтийн шалган нэвтрүүлэх постийг зорилоо. Замдаа дэслэгч Ч.Сугартай ажил амьдралын тухай хүүрнэсээр...

-Та цагдаагийн албанд хэрхэн хөл тавьж байв. Энэ тухайгаа ярьж болох уу?

-Би Батлан хамгаалахын их сургууль, Цагдаагийн академи зэрэг цэргийн сургууль дундах гэр хороололд өссөн хүүхэд. Тиймдээ ч  бага байхад сонсогч нарыг харах сайхан санагддаг байлаа. Бас эгч маань хуульч мэргэжилтэй. Эгчийгээ, сонсогч нарыг хараад би цагдаа болно гээд л хүүхэд ахуйдаа бодож, мөрөөдсөөр 10 жилийн сургуулиа төгсөөд Цагдаагийн академид элсэн суралцаж төгссөн дөө.

-Ажлын гараа хаанаас эхлэв?

-Анх Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газарт эргүүлийн цагдаагаар ажлын гараагаа эхэлж байлаа. Өнгөрсөн хугацаанд таван газар ажилласан байна. Бид тушаалаар ажилладаг учраас хаана томилно тэнд л очиж ажилладаг даа.

-Баяраар гэрийнхэнтэйгээ хамт байх тохиолдол тун ховор биз?

-Цагаан сар, шинэ жил гээд олон баяраар эзгүй. Эхнэр, хоёр хүүхэдтэйгээ л тэмдэглэнэ. Баярт аавын нэр байхгүй. Хааяа ээлж таарвал аав нэмэлтээр орж ирнэ /инээв.сур/. Амаргүй албанд хоёргүй сэтгэлээр зүтгэхэд ар гэрийн дэмжлэг, туслалцаа, эхнэрийн хандлага маш чухал. Бид гэнэт түргэн авна. Гараад л гүйнэ. Эхнэр маань үргэлж бэлэн байдал хангана. Түрүүлээд босчихсон хувцас индүүдээд, хоол хийгээд зогсож байдаг юм. Тэгэхээр эхнэр бид хоёр хамтдаа л цагдаагийн албанд зүтгээд байна гэж ойлгодог. Хүүхдээ цэцэрлэг, сургуульд хүргэх, авах бүхий л ажлыг эхнэр минь зохицуулж байна.

-Аав гэртээ өнжих өдөр хүүхдүүд нь өчнөөн баярладаг байх даа?

-Тэгэлгүй яахав. Аав аа, аав аа гээд зогсоо чөлөөгүй яриад шулганаад л байна. Хүзүүнээс зүүгдээд л. Хүүхдүүд маань 5,10 настай. Том хүү маань цагдаа болно л гэдэг юм. Амаргүй алба шүү дээ. Гэсэн ч хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг хүндэтгэнэ л гэж боддог.

Хамтын ХҮЧ, халуун ХООЛ

Гэр бүл, үр хүүхдийн тухай яриа өрнүүлж явсаар Өлзийтийн хяналтын постод 18.00 цагийн орчимд ирлээ. “Тавантолгой түлш” ХХК-ийн зүгээс 24 цагаар ажиллаж буй алба хаагчдыг халуун хоолоор дайлж байхтай таарлаа.

Утааны эсрэг эрвийх дэрвийхээр хамтдаа зүтгэж буй тэд ингээд, хүйтэнд зогсоо хэд минь даарч байгаа гээд халуун аньс, хоол тэврээд ирсэн нь сайхан санагдав. Дэслэгч Ч.Сугар болон бусад алба хаагчид хүч нэмэгдүүлэн ирж ажиллан ээлжтэй хэдийгээ нэг цаг амрааж тайван хооллуулав. Хүйтэнд хацар нь ягаарсан залуухан алба хаагчдад “хөлс гарч байна шүү” хэмээн инээмсэглэж сууна.

Сургуулиа төгсөөд 2018 оны нэгдүгээр сард томилолтоо өвөртөлсөн Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн цагдаа, дэд ахлагч н.Мөнх-Үйлс “Өглөөнөөс хойш 100 орчим машин шалгасан. Жолооч нар ихэнх нь жолооны үнэмлэхгүй эсвэл үнэмлэхээ мартсан зөрчил илэрч байна. Зарим нь жолоодох эрхгүй ч явж байна. Ийм тохиолдолд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлж байгаа. Харин түүхий нүүрс ганц, хоёр шуудайг багажиндаа тээвэрлэж яваа тохиолдол илэрч байна. Мэдсээр байж л тээвэрлэж яваагаа хэлдэг” гэлээ.

Мөн энэ оны зургадугаар сарын 20-нд томилогдсон залуухан цагдаа, Өлзийтийн хоёрдугаар постод үүрэг гүйцэтгэж буй М.Тэмүүжин “Хүйтэнд гадаа зогсох хүнд хэцүү байна уу, даарч байна уу” гэвэл “Ажил хиймээр байна. Тийм болохоор хүйтэнд зогсоно. 24 цагийн үүргээ гүйцэтгэчихвэл 48 цаг амарна. Багаасаа хүсч мөрөөдсөн мэргэжил минь тул надад ялархаж, гомдоллох зүйл үгүй. Албандаа дуртай, сонирхолтой” хэмээн цовоо хариулах аж. Тэгсэн хэр нь хамрын үзүүр нь ягааран зогсох хөөрхөн жижигхэн цагдаа Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа И.Даваажамьян ажил, үүргийг нь шалгахаар ирээд “Давгүй юу” хэмээн асуувал “Яг тийм” гэж хариулах нь цагдаагийн албаны залуу үеийн идэр жавхааг гайхуулж байлаа.

М.Тэмүүжин “Өнөөдөр 173 машин шалгахад Багануураас ачиж ирсэн 36.9 тонн зөвшөөрөлтэй нүүрс тээвэрлэж явсныг бүртгээд  нэвтрүүлсэн. Өлзийтийн ар иргэд өдөр тутам зорчиж байна. Зорчих бүрт нь зогсоож, хэлж сануулж байгаа учраас бүгд маш сайн ойлгосон. Иргэдэд олон давтамжтайгаар тайлбарлаж байгаа учраас түүхий нүүрс тээвэрлэх зөрчил маш цөөн илэрч байна” гэлээ.

Дэслэгч Ч.Сугартай алба хаасан нэг өдрийн хугацаанд Морингийн давааны хяналтын постоор 1 тонн, 300 кг түүхий нүүрс зөвшөөрөлгүйгээр Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завдсан зөрчил илэрлээ. Уг зөрчил гаргасан иргэний автомашиныг түр журамлан, түүхий нүүрсийг мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлэн өглөө. Хамгийн олзуурхууштай нь энэ өдөр угаарын дуудлага бүртгэгдсэнгүй.

-Байна уу миний хүү. Аав нь өнөөдөр ажилтай, очихгүй шүү дээ...Тиймээ аав нь өглөө очно, Миний хүү ээж дүү хоёрыгоо сайн хараарай. За баяртай

Ч.Сугар дэслэгч ийн өөрийг нь хэзээ ирэхийг харуулдан буй хүүдээ хандан хэлж байна. Аавын эзгүйд ээж, дүү хоёроо харж, хамгаалах том эр одоо 10 настай.

Аав нь нийслэлчүүдийн энхийн манаанд цаг наргүй зүтгэсээр....Хүү харин ээж, дүүгээ асраад аавынхаа орон зайг нөхсөөр.

Г.Тэгшсүрэн

Эх сурвалж: Өдрийн сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610817
1 эможи

keyboard_arrow_up