COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 14, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ

2019 оны 1 сарын 25

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын зөвлөгөөнд оролцож, илтгэл тавив. Тэрээр илтгэлтээ “Нийслэл Улаанбаатар хотын нутгийн захиргааны байгууллагуудаар дамжуулан Монгол Улсын хүн амын тал орчим хувь төрийн үйлчилгээг авдаг. Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 47 төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлсэн зэрэг та бүгдийн хийж бүтээсэн, ололттой зүйл буй ч анхааруулах хэд хэдэн зүйл байна.

АТГ нь “Шударга байдлын үнэлгээ”-г гурав дахь удаагаа зохион байгуулсан. Төрийн байгууллагууд 2018 онд дунджаар 68.7 оноо авсан нь өмнөх оны үзүүлэлтээс 1.0 пунктээр, харин 2015 оны үзүүлэлтээс 5.1 пунктээр буурсан байна. Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хувьд  2015 онд 72.8 оноо, 2016 онд 71.3 оноо, 2018 онд 67.7 оноо авсан буюу улсын дунджаас доогуур оноо авч жил дараалан буурч хангалтгүй үнэлэгдсэн. Үнэлгээгээр мэдээллийн ил тод байдал хангалтгүй, хариуцлагагүй байдал ихтэй, удирдлагын авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл сул, авлигыг хянах механизм ажилладаггүй гэсэн үр дүн гарсан бөгөөд цаашид эдгээр асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлагатай.

Мөн 2018 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон түүний харъяа агентлагийн албан тушаалтнуудын авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 73 өргөдөл, гомдлыг  хүлээн авч хянан шалгасан. Шалгасан өргөдөл, гомдлыг авч үзэхэд албан үүргээ гүйцэтгэхдээ ялгавартай хандсан, хүнд суртал гаргаж, чирэгдүүлсэн, хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгосон, албан тушаалаа ашиглан эд хөрөнгө олж авах зэрэг зөрчлүүд тогтоогдсон.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст 2018 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, түүний харьяа агентлагийн албан тушаалтнууд холбогдсон авлигын 29 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Нийт мөрдөн шалгасан хэргийг ангилбал, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон 22 хэрэг, хахууль авах 5 хэрэг, хахууль өгөх 3, бусад төрлийн гэмт хэрэг 5 шалгагдсан байна. Гэмт хэргийн улмаас 663.0 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 262.3 тэрбум төгрөгөөр буюу 4,1 дахин өссөн. Дунд шатны нэг албан тушаалтны хахуульд авсан, төсвийн хөрөнгөнөөс завшсан хохирлын хэмжээ хэд хэдэн тэрбумаар хэмжигдэж байна. 

Энэ бүх хууль зөрчсөн, танил тал харсан, нэгэндээ найр тавьсан байдал, хууль бус төлбөр хураамж тогтоож, түүнийгээ хяналтгүй захиран зарцуулдаг, худалдан авах ажиллагааг хууль бусаар зохион байгуулж, танил тал, хамаарал бүхий этгээдээ тендерт шалгаруулан давуу байдал олгодог, төрийн албан хаагчдыг хууль бусаар ажлаас чөлөөлсний улмаас төсөвт хохирол учруулдаг, орон нутгийн хөгжлийн сан, Засаг даргын нөөц хөрөнгийг хууль бусаар зарцуулдаг, албаны үйл ажиллагаандаа улстөржсөн байдлаар ханддаг, төрийн үйлчилгээнд хүнд суртал үүсгэдэг гэх мэт зөрчил, дутагдлууд давтагдан гарсаар байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг гарах шалтгаан, нөхцөл болж байна. Аливаа асуудлын суурь шалтгаан нь арилаагүй тохиолдолд уг зөрчил, гэмт хэрэг давтагдан гарсаар байна. Тухайн асуудлын суурь шалтгааныг арилгахад та бүхний идэвх санаачилга, үүрэг оролцоо чухал гэдгийг онцлон хэлмээр байна” гэв.

Түүнчлэн Авлигын эсрэг хуульд зааснаар төрийн байгууллага бүрэн эрхийнхээ хүрээнд авлигын шалтгаан нөхцөлийг илрүүлэн тогтоох, тэдгээрийг арилгах, авлигын үйлдлийг таслан зогсоох, үр дагаварыг нь арилгах арга хэмжээ авах ёстойг хэлж, авлигын шалтгаан, нөхцөл болж буй асуудлыг нэн даруй таслан зогсоохыг үүрэг болгов.

АТГ нь төрийн байгууллага, албан тушаалтны хүнд сурталтай үйлчилгээ, авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг буй гаргаж, түүнийг засч сайжруулаагүй байгууллага, үүрэгт ажилдаа хүнд суртал үүсгэж, хариуцлагагүй хандсан, авлигаас урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлээгүй албан хаагчдад хуульд заасан хариуцлага тооцохын зэрэгцээ албан тушаалтныг  нэр, устай нь олон нийтэд мэдээлэх ажлыг цаашид эрчимжүүлэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599683
0 эможи

i5ua13sc5e
2020-02-08 05:15
keyboard_arrow_up