COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Эртний ховор олдворын наймааг хянаж чадахгүй байна

2019 оны 1 сарын 14

Энэ сарын эхээр Эрүүгийн цагдаагийн албаныхан иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу мөрдлөг явуулж, 80 сая жилийн насжилттай Протасератопс үлэг гүрвэлийн чулуужсан бүтэн ясыг хоёр этгээд хууль бусаар бусдад худалдаалах гэж байсныг илрүүлэн хурааж авчээ. Өмнөговь аймгийн иргэн М үлэг гүрвэлийн бүтэн яс олж, эртний эдлэл, палеонтологийн олдвор зуучлагч Г-д мэдэгдсэнээр бусдад худалдах гэж байсан аж. Энэ мэт хэргийн мөрөөр бэдэрвэл түүхийн ховор эд зүйл, олдвор, эртний эдлэл хайдаг, борлуулдаг, хилээр гаргадаг сүлжээг илрүүлэх бололцоотой.

Гэхдээ үүнд учир их бий. Эртний олдвор, түүхийн ховор үнэт эдлэл, үлэг гүрвэлийн яс зэрэг нь соёлын биет өвд хамаардаг бөгөөд түүнийг хамгаалах, хууль бус наймааг илрүүлэх, хянах тогтолцоо манай улсад хараахан бий болоогүй. Үүнийг далимдуулан түүхийн болон археологи, палеонтологийн нэн ховор эд зүйлсийг хилээр гаргах, завших сонирхолтой бүлэглэл ч хууль бусаар үйл ажиллагаа явуулсаар байгаа юм.

Харин хууль бус наймааг санхүүжүүлдэг, зуучилдаг, захиалдаг, худалдан авч хилээр гарган борлуулдаг “гол тоглогч” нь эртний эдлэлийн дэлгүүрийн эзэд биш  байгаа гэх хар эрхгүй төрнө.

ЭРТНИЙ ЭДЛЭЛИЙН ДЭЛГҮҮРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЯНАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

Эртний эдлэлийн дэлгүүрийн эзэд соёлын биет өвийг хууль бусаар олж авч, борлуулдаг болох нь цагдаад өгсөн гэмт хэрэгтнүүдийн мэдүүлгээс тодорхой байгаа. Тухайлбал, хоёр жилийн өмнө эртний эдлэлийн дэлгүүр ажиллуулдаг Н.Жагай гэх хүн 32 нэр төрөл бүхий 84 ширхэг эртний үнэт эдлэл, түүхийн олдвор хилээр гаргах гэж байгаад баригджээ. Тэрбээр нийслэлд эртний эдлэлийн дэлгүүр ажиллуулж байхдаа дээрх их хэмжээний эдлэлийг хуримтлуулсан гэж мэдүүлсэн байдаг. Мөн хилээр түүхийн үнэт эдлэл гаргах гэж байгаад баригдсан Ё гэгч түүхийн дурсгалд тооцогдох эд зүйлс, үнэт эдлэлүүдийг эртний эдлэлийн дэлгүүрээс авсан гэж мэдүүлжээ.

Монгол Улсын хэмжээнд эртний эдлэл зарж, борлуулах зөвшөөрөлтэй 100 гаруй дэлгүүр бий. Үүний тал хувь нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг гэсэн тоо байна. Гэхдээ эдгээрийн дийлэнх нь хуулбарласан болон энгийн хэрэглээний эд зүйлс худалдаалдаг аж. Харин жинхэнэ “акул”-ууд эртний эдлэлийн эх хувийг хөрөнгө чинээтэй эрхмүүдийн хүрээнд нууцаар наймаалдаг тухай Эрүүгийн цагдаагийн албаныхан ярьж байна. Энд үндэсний түүхийн музейн сан хөмрөгийн эрхлэгч асан Б.Энхбатын 1073 ширхэг үзмэр, дурсгал хулгайлан, заримыг нь бусдад дамласан хэргийг дурдах нь илүүц биз. Өнгөрсөн онд л гэхэд эртний эдлэлийн томоохон ченж а гэгч 1.3 тэрбум төгрөгөөр бурхан худалдаалсан нь тогтоогдсон ч хуулийн хариуцлага хүлээлгэх боломжгүй байгаа талаар цагдаагийн албаныхан ярьж байна. Уг нь хуулиар түүхийн ховор эд зүйл, олдворыг худалдан борлуулбал нь эрүүгийн хариуцлага хүлээх ёстой. Гэхдээ өмчлөгч нь бусдад худалдсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн заалт байдаггүй учраас цагдаагийнхан хууль “мөргөөд” орхидог байна. 1.3 тэрбумын бурхны наймаа ч энэ жишгээр хуулийн цоорхойгоор өнгөрсөн байх талтай. Мөн улсын хэмжээнд эртний эдлэлийн дэлгүүрийн эздийг “тагнах”, соёлын биет өвийг хамгаалах, хяналт тавих, мөрдөн шалгах үүргийг ганцхан албан хаагч гүйцэтгэдэг гээд бод доо. ганц албан хаагч тэр олон дэлгүүр, түүнийг тойрсон наймаа, үнэт эдлэлүүдийн шилжилтийг хянана гэдэг боломжгүй. Өөрөөр хэлбэл, эртний эдлэлийн наймаа, түүхийн ховор эд зүйлийн шилжилт, хадгалалт төрийн хяналтаас гадуур байгаа гэсэн үг.

Итали, Франц, Швейцар, Япон зэрэг олон орон соёлын өвийг хамгаалах, энэ төрлийн худалдааг хянах, мөрдөн шалгах тусгай цагдаагийн газартай байхад манайд ядаж хэлтэс ч алга. Эрүүгийн цагдаагийн III хэлтэст харьяалагдах ганц албан хаагч нь хүч хүрдэггүй байдалтай олон жилийг өнгөрөөж байгаа юм.

ХИРГИСҮҮР, БУЛШ БУНХАН ТОНОДОГ БҮЛЭГЛЭД ХЭН ЗАХИАЛГА ӨГДӨГ ВЭ

Хилээр гарч буй эртний эдлэлийн тодорхой хувь нь нэн эртний үед хамаарах эд зүйл байх нь олонтаа. Энэ хэрээр монголчуудын түүхийн үнэт өвийг хадгалж буй хиргисүүр, булш бунхныг тонох хэрэг цөөнгүй гардаг тухай ШУА-ын түүх, археологийн хүрээлэнгийн мэргэжилтэн ярьж байна. Манай улсын нутагт хүннүгийн үеийн булш 10 мянга, хүрэл зэвсгийн үеийн хиргисүүр 7000, дөрвөлжин булш 3000 гаруй байдаг гэсэн тоо баримт бий. Гэтэл хиргисүүрийг тонож, үнэт эд зүйлийг цөлмөдөг бүлэглэл байдгийг мэргэжилтнүүд үгүйсгэхгүй байна. Өнгөрсөн онд ШУА-аас зохион байгуулсан нэгэн хурал дээр 31 хиргисүүр булш тоногдсоны 29 нь орон нутгийн иргэдийн оролцоотой байсан гэдэг баримт ч бас байна. 2017 онд Дархадын хотгорын хоригийн ам хэмээх газар Монголын эзэнт гүрэн болоод дундад зууны үед хамаарах 40 гаруй булшийг ухсан хулгайчдыг илрүүлэн цагдаагийнханд мэдэгдэж байжээ. Мөн орон нутгийн иргэд болон алтны нинжа нар металл илрүүлэгч ашиглан хиргисүүрийг гаднаас нь тандаж тонодог болсон тухай археологичид ярьж байгаа юм. ШУА-ынхан хиргисүүр тоносон хэргийн тухай цагдаагийн байгууллагад мэдэгддэг боловч хэн, хэзээ тоносныг илрүүлэх боломж хомс байдаг аж. Цагдаагийн байгууллагад өнгөрсөн онд Хөвсгөл, Ховд, Баян-Өлгий, Архангай зэрэг аймагт булш хиргисүүр тоносон хэрэг бүртгэгдсэн боловч эзэн холбогдогчийг илрүүлж чадаагүй аж. Нийслэлд суугаа ганц байцаагч тэр бүгдийн араас хөөцөлдөх хүч хүрэхгүйгээс орон нутгийн цагдаагийн байгууллагын мэдээллийг хүлээж суухаас өөр аргагүйд хүрдэг байна. Булш хиргисүүр тонодог бүлэглэл байгааг тодорхой мэдэж байгаа ч илрүүлж чадахгүй байна гэдэг хяналт султай шууд холбоотой. Үүнийг нарийн тодорхойлохын тулд эртний эдлэлийн дэлгүүрийнхэн ч захиалга өгдөг эсэхийг нягтлах боломж алга.

ЭРТНИЙ ЭДЛЭЛИЙН ДЭЛГҮҮРҮҮДИЙГ ХЯНАЛТААС АЛДЖЭЭ

Нөгөөтэйгүүр, эртний эд өлгийн зүйлс цуглуулдаг, түүгээрээ үзэсгэлэн гаргадаг хүмүүс захиалга өгч булш бунхан ухдаг бүлэглэлийг санхүүжүүлдэг байж болзошгүй талаар мэргэжилтнүүд ярьсан. Эртний эдлэлийн хууль бус наймааг хуулиар зохицуулахгүй бол өөр аргаар тэмцэх боломжгүй гэдгийг мэргэжилтнүүд болон цагдаагийнхан дуу нэгтэй илэрхийлж буй. Уг нь энэ чиглэлээр хяналтын тогтолцоог бий болгохоор Эрүүгийн хуулийн 25 дугаар зүйл болон Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн төсөлд хувь хүмүүсийн гар дээр байгаа эртний эдлэлийг бүртгэх, өмчлөгчид худалдах, үзэсгэлэн гаргах эрхийг олгох зэрэг заалтыг тусгасан ч лобби орж хасагджээ. Мэдээж лоббиг эртний эдлэл цуглуулагч, наймаалагчид хийсэн байх магадлал өндөр. Тэдэнд бүртгэлгүй байх тусмаа эртний эдлэлийн зах зээлд чөлөөтэй хөрөнгөжих бололцоо бий болж байгаа нь ч ойлгомжтой.

ЭРТНИЙ ЭДЛЭЛИЙГ ШИНЖЛЭХ ЗӨВЛӨЛ ХАНГАЛТГҮЙ АЖИЛЛАДАГ

Соёлын биет өвийг хилээр гаргах, хууль бусаар худалдан борлуулах гэж байгаад баригдсан этгээдэд хариуцлага тооцохын тулд тухайн олдвор, үнэт эдлэлийг шинжээчийн дүгнэлтэд тулгуурлах учиртай. Гэтэл эртний эдлэлийн мөн чанар, хамаарах хүрээг тогтоох ёстой зөвлөл дүгнэлтээ гаргаж чаддаггүйгээс хууль зөрчигчид ял завших тохиолдол гарч байна. Тус зөвлөлийнхөн нэрэлхүү байдлаасаа болж шинжилгээ, дүгнэлтийн ажилдаа ШУА-ын түүх археологийн хүрээлэнгээс туслалцаа авдаггүй нь ч үүнд нөлөөлдөг бололтой. Мөн эртний эдлэлийн шинжээчийн чиглэлээр бэлтгэгдсэн боловсон хүчин манайд хомс байдаг нь ч нөлөөлдөг. Гэтэл Итали улсад эртний Ромын Цезарийн зөвхөн аягуудыг нь судалдаг 300 гаруй шинжээч байдаг аж. Мөн хонконгийн хөрөнгийн бирж дээр зөвхөн Занабазарын ур хийцээр мэргэжсэн шинжээч үйл ажиллагаа явуулж байна. Монголоос гарсан эртний эдлэл, үнэт зүйлс Бээжин хотын Пан Жиа Юан зах дээр очдог бөгөөд тэнд монголчуудын түүхээр мэргэжсэн шинжээч зах зээлийн үнэлгээ тогтоогоод суух жишээтэй. Гэтэл бид хураагдсан үнэт эдлэлээ хэний эдэлж байсан, хэдий үед хамаарах олдвор болохыг нарийн тогтоох чадваргүй байгаа нь харамсалтай.

ХУУЛИЙН ГАРЦЫГ НЭЭВЭЛ ЭДИЙН ЗАСАГТ ҮР НӨЛӨӨГӨӨ ҮЗҮҮЛНЭ

Манай улсад соёлын биет өв, түүхийн хосгүй үнэт зүйлс 777 бүртгэгдсэний 320 нь зоос аж. Удахгүй улсын болон орон нутгийн музейд хадгалж байгаа эртний эдлэл, түүхийн үнэт зүйлсийн тооллогын дүн гарна. Rich нэртэй тус хөтөлбөрийн хүрээнд Монголын ард түмний хөрөнгө болох эртний эдлэлийн бүртгэл тодорхой болох юм. Харин иргэдийн гар дээр байгаа, ченжүүдийн мэдэлд буй эртний эдлэл, үнэт зүйлсийг хэрхэн тоолох нь тодорхойгүй. Тэдний дунд хийгдэж буй далд зах зээлийг ч хянах боломж хуулиар алга. Хэрэв Эрүүгийн болон Соёлын өвийг хамгаалах тухай хуульд өмчлөгч нь эртний эдлэл, нэн ховор үнэт зүйлсээ бүртгүүлэх, худалдах, үзэсгэлэн гаргах заалтыг суулгаад өгчихвөл төр энэ чиглэлд хяналтаа тогтоож чадна. Нөгөөтэйгүүр далд зах зээлийг ил гаргаж, татварын бааз нэгээр нэмэгдэх сайн талтай. Мөн цагдаагийн байгууллагад эртний эдлэл, хууль бус наймаагаар мэргэшсэн хэлтсээ байг гэхэд тасаг нээж өгснөөр эртний эдлэлийн дэлгүүрүүдийг хянах, хиргисүүр, булш тоногчдыг илрүүлэх, хуулийн цээрлэл хүлээлгэх боломж нэмэгдэнэ. Цаашлаад төрөөс завшсан мөнгөө эртний эдлэл болгон хадгалдаг цагаан захтнуудын тоог хязгаарлах боломж бүрдэх юм. Харин одоогийн нөхцөлд гаалийн байцаагч, хилийн тагнуулын албанд найдахаас өөр гарцгүй билээ.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599217
0 эможи

h44h34nsby
2020-02-08 05:13
Very good sex movies in hd quality - https://x-movies.net/sex-video/le-quedo-grande/
keyboard_arrow_up