COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Төлбөр тооцооны хэрэгсэл дуу танигчаар баяжна

2018 оны 12 сарын 06

ФИНТЕКИЙН ХӨГЖИЛ ДУУ ТАНИХ ТЕХНОЛОГИОР ТӨЛБӨР ХИЙХ БОЛОМЖ ОЛГОНО

Хоёр жилийн өмнө Монголд QR кодоор гүйлгээ хийх талаар ойлголттой хүн тун ховор байсан. Харин одоо ухаалаг гар утастай л бол захын дэлгүүрт ороод QR код ашиглан төлбөрөө төлөх боломжтой болсон. Мөн банкны интернэт үйлчилгээ, сошиал сүлжээ, утасны сим карт зэргийг ашигласан маш олон төрлийн үйлчилгээ нэвтрээд буй. Үүний нэг тод жишээ бол автобусны U money карт.

2016 онд “Юнител” компани NFC технологид суурилсан, candy сим карт худалдаанд гаргасан бол энэ онд “Мобиком” компани мөн ийм төрлийн карттай боллоо. Тус картаар утсаа цэнэглэх болгонд хуримтлагддаг candy, GG цахим мөнгөөр автобусны төлбөрөө хийх бүрэн боломжтой юм.

Түүнчлэн “Номин”, “И-март” дэлгүүрийн бонус картыг ч нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглаж буй. Манай улсад дөрвөн сая карт хэрэглээнд байдаг гэх бөгөөд 1.4 саяыг нь идэвхтэй ашигладаг юм байна. Гэхдээ идэвхтэй ашиглаж буй картын хэрэглээ аажим буурч буй дүр зургийг статистик үзүүлэлтээс харж болно.

Өмнөх онд идэвхтэй ашиглаж буй картын тоо бараг 1.6 сая байсан бол энэ онд 7.6 хувиар буурчээ.

Энэ нь цахим төлбөрийн хэрэгслийн төрөл баяжиж, улам сонирхолтой, хялбар болж буйтай холбоотой аж. Хамгийн сүүлд гэхэд “ЛэндМН” компани цахим хэтэвчээ танилцуулсан. Зээлийн үйлчилгээг төлбөрийн хэрэгсэлтэй холбосон уг үйлчилгээний гол давуу тал нь хэрэглэхэд хялбар атлаа банкны шимтгэл төлөхгүй гэдгээрээ давуу.

Мөн сар бүрийн хэрэглээний төлбөрүүдээ төлж, зарим байгууллагын хөнгөлөлт эдлэх боломжтой бөгөөд гүйлгээ хийхдээ утасны дугаар, QR код ашиглаж болох сонголттой. Монголд хамгийн анх Most money үйлчилгээ 2012 онд хэрэглээнд нэвтэрсэн нь анхны цахим хэтэвч байсан.

Одоогоор тус үйлчилгээг 200 орчим мянган хүн өдөр тутам хэрэглэж буй. Тус аппликэйшнийг Facebook-ийн мессенжер ашиглан төлбөр, тооцоо хийдэг болсон. Түүнчлэн “Ард” санхүүгийн нэгдэл гар утсанд зориулсан крипто хэтэвч, мөн банкны төлбөр тооцооны “Ард Пэй” аппликэйшнтэй.

Ийнхүү санхүүгийн болон технологийн компаниуд хэрэглэгчээ татахын тулд бүтээгдэхүүнийхээ төрлийг баяжуулж, шинэ технологиудыг уралдан нэвтрүүлж буй нь цахим төлбөр, тооцооны салбарыг улам баяжуулж байна. “Мост Финтек” компанийн захирал С.Оргил “Цахим төлбөр, тооцооны технологи манайд олон улсын түвшинд хүрээгүй. Гэхдээ олон нийт суурь ойлголттой болсон учраас маш идэвхтэй, хурдтай хөгжиж байна” хэмээн онцолсон.

Олон улсад төлбөрийн цахим хэрэгслийг хамгийн сайн хөгжүүлж буй салбар бол онлайн худалдаа. Онлайн дэлгүүрүүд үүлэн тооцооллын систем ашиглан төлбөрийн аппликэйшнтэй шууд холбогддог болсон. Тухайлбал, та төлбөр төлөх аппликэйшнтэй байлаа гэхэд цэсэнд нь байнга үйлчлүүлдэг дэлгүүрийн данс холбоотой байх жишээтэй. Ийм үйлчилгээг ирэх оноос “Ард шоп” болон Shoppy.mn онлайн дэлгүүр нэвтрүүлэх аж.

• Ирэх жилүүдэд төлбөр, тооцоог Apple-ийн Siri зэрэг дуу танигч төхөөрөмжтэй хослуулан хэрэглэх шинэ хандлага ажиглагдаж буй.
• Цахим төлбөр, тооцооны технологи манайд олон улсын түвшинд хүрээгүй. Гэхдээ олон нийт суурь ойлголттой болсон учраас маш идэвхтэй, хурдтай хөгжиж байна.
• Энэ онд иргэд интернэтээр дамжсан 13 удаагийн гүйлгээгээр 4.3 сая  төгрөг залилуулсан.

Ер нь цахим төлбөр тооцоонд ухаалаг гар утсанд суурилсан төлбөрийн хэрэгслийн хөгжил хурдтай өрнөж буй. БНХАУ-д гэхэд Wechat хэтэвч, Alipay аппликэйшн болон QR кодыг өргөн хэрэглэдэг болсон. Тус улсын гар утсаар дамжиж буй гүйлгээнд Wechat-ын эзлэх хувь 2013 онд гуравхан хувь байсан нь өдгөө 40 гаруй хувь болж өссөн.

Түүнчлэн дэлхий нийт онлайн дэлгүүрээс бараа худалдан авахдаа өнгөрсөн онд 700 тэрбум төгрөгийн мобайл гүйлгээ хийсэн байна. Энэ нь дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулахад 300 хувь давсан үзүүлэлт гэдгийг Disruptive Advertising компани судалгаандаа дурджээ.

Гэхдээ аль ч улс оронд төлбөрийн олон төрлийн хэрэгслийг зэрэгцүүлэн ашиглаж байгаа юм. Тухайлбал, БНХАУ-д төлбөрийн 35 хувийг кредит, 25 хувийг Alipay, 10 хувийг Unionpay болон бэлэн мөнгө эзэлж буй бол интернэт банк, мобайл хэрэгсэл тус бүр таван хувьтай байгаа юм. Харин Японд кредит карт 70, бэлэн мөнгө болон 11, интернэт банк 10, цахим хэтэвч тав, мобайл банк гурван хувийг эзэлж буй.

ИДЭВХТЭЙ АШИГЛАЖ БУЙ КАРТЫН ТОО 7.6 ХУВИАР БУУРЧЭЭ

Финтек бусад санхүүгийн технологийн хөгжил хэр хурдан байна, түүнийг дагаад төлбөрийн арга, хэрэгслүүд цаашид ч хувьсан өөрчлөгдөнө. Ирэх жилүүдэд төлбөр, тооцоог Apple-ийн Siri зэрэг дуу танигч төхөөрөмжтэй хослуулан хэрэглэх шинэ хандлага ажиглагдаж байгааг технологийн салбарын шинжээчид онцолж байна.

Энэ нь онлайн дэлгүүрүүдийн технологийн хөгжилтэй холбоотой. Учир нь дэлхийн алдартай брэндүүд онлайн дэлгүүрээ дуу танигч программтай холбож эхэлсэн.

Худалдан авагч эд, бараа сонгохдоо дуу хоолой ашиглах боломж нь онлайн дэлгүүрүүдийн ашгийг 30 хувиар нэмнэ гэсэн тооцоо гарчээ. 

Өөрөөр хэлбэл, ирээдүйд та онлайн дэлгүүрээс бараа авахдаа ямар нэг товч дарах шаардлагагүй, бараа сонгох болон төлбөр төлөхдөө зөвхөн дуу таних төхөөрөмжид заавар өгснөөр захиалах боломж ч бий болж мэднэ.

Хэдийгээр энэ нь хэрэглэгчдэд хол сонсогдож буй ч дуу хоолой ашигладаг төлбөрийн шинэ хэрэгсэл нэг л өдөр QR код шиг нийтийн хэрэглээ болсон байхыг үгүйсгэх аргагүй.

Гэхдээ төлбөрийн хэрэгсэл ямар ч хэлбэртэй байлаа гэсэн аюулгүй байдал тун чухал. Ямар ч цахим төлбөрийн хэрэгслийг ашигласан нууц үг болон бусад хувийн мэдээллээ хамгаалахгүй бол эрсдэл хүлээнэ.

Энэ онд гэхэд иргэд интернэтээр дамжсан 13 удаагийн гүйлгээгээр 4.3 сая төгрөг залилуулсан гэдгийг Монголбанкнаас сэрэмжлүүлсэн юм. Тиймээс финтек салбарын хөгжлөөс олон нийтийн санхүүгийн болон технологийн мэдлэг хоцроохгүй байх нь чухал. Шинэ технологи нэвтэрлээ ч түүнийг хэрэглэж чадахгүй бол нутагшихгүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597913
0 эможи

keyboard_arrow_up