7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 20, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

админ
2018 оны 4 сарын 14

Arslan.mnЭНЭ ДОЛОО ХОНОГТ НИЙСЛЭЛД БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

Хууль бус газар олголтыг цэгцлэх ажил үргэлжилж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын авч хэрэгжүүлсэн нийтийн зориулалттай орон сууцны хороолол дунд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар олгохыг хориглосон захирамж иргэдийн талархлыг хүлээгээд байгаа билээ. Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ухаалаг төлөвлөлт, ил тод газрын харилцаа” зорилт тусгагдсан бөгөөд эзэмшил газраа хуулийн хугацаанд ашиглаагүй, газар эзэмших эрх олгохдоо хууль тогтоомж зөрчсөн нь газрын наймаа дэлгэрэх, авилга, хээл хахуулийн үндэс болж байгааг хотын дарга анхааралдаа авч, хууль бус олгосон газруудыг цэгцлэх ажлыг шат дараатайгаар авч хэрэгжүүлж байна.

Харин өнөөдөр хотын дарга “Голомт банк” ХХК, “Болд энэрэл өргөө” ХХК, “Жи жи эй” ХХК -иудын газар эзэмших эрхийг тус тус хүчингүй болголоо. “Голомт банк” ХХК нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, орон сууцны “Нархан” хотхоны хойд талд байрлах 504 м² газрыг 2009 оны 3 дугаар сарын 04-ний өдөр “Жэй кэй си” ХХК-с шилжүүлэн авсан боловч тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жилээс дээш хугацаанд ашиглаагүй, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Өгөөж Чихэр боов” ХК-ийн замын урд талын талбай болох ногоон байгууламж дээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2010 оны 410 дугаар захирамжаар 1522м2 газрыг “Жи жи эй” ХХК-д үйлчилгээний зориулалтаар олгосон байсан бөгөөд эзэмшигч нь энэ газар дээрээ мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жилийн хугацаанд ашиглаагүйг тус тус үндэслэн газар эзэмших эрхийг хүчингүй болголоо.

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 21071 дуудлага, мэдээлэл ирснийг өмнөх 14 хоногтой харьцуулбал 3969 нэгжээр буурсан байна. Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх дүүрэгт гэмт хэргийн шинжтэй үйлдлийн гаралт 11-45 нэгжээр өсч, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт гэмт хэргийн шинжтэй үйлдлийн гаралт 8-11 нэгжээр буурчээ. “Эрэн сурвалжлалт-Шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээг гуравдугаар сарын 26-наас эхлэн явуулж, эхний 10 хоногийн хугацаанд  оргодол 5, гэмт хэрэгт сэрдэгдсэн 100 этгээдийг олж баривчилж, 83 хэрэг буюу эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн 5.1 хувийг нөхөн илрүүлж, 252 хэрэг буюу нийт хэргийн 15.6 хувийг шийдвэрлэсэн байна” гэж танилцуулав.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариусан орлогч П.Баярхүү “Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааг эрчимжүүлэх, гэрээний хариуцлагыг шат шатанд өндөржүүлэх, сонгон шалгаруулалт зарлаагүй ажлуудыг бүрэн зарлаж дуусгах, мөн “OPEN.ULAANBAATAR.MN” системд хөрөнгө оруулалтын ажлын мэдээгээ оруулаагүй байгууллагууд яаралтай гүйцээж оруулах хэрэгтэй байна” гээд “Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/22 дугаар захирамжаар “Аж үйлдвэрийн мэдээллийн нэгдсэн санд үйлдвэрлэл эрхлэгчдийг бүртгэх” ажлыг дуусгах, Хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй хаяг, рекламны самбар, хашаа, хайс болон баригдаж дуусаагүй удаан хугацаагаар зогссон барилгын судалгааг гаргаж, орчны хамгаалалтыг сайжруулах, Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдах нөхцөлийг хангуулах үүднээс орц, гарц чөлөөлөх арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулах, Барилгын зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалтыг зохион байгуулж дүнг Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 23.7 хувиар буурчээ Arslan.mn

Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах асуудлыг дэмжлээ

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр BRT /тусгай замын автобус/ төслийн үйл ажиллагаа, Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих төслийн ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээ, Үйлдвэрлэл, технологийн паркийн нэгжийг сонгон шалгаруулах журам батлах, Ой тэмдэглэх зөвшөөрөл олгох, Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг асуудлыг хэлэлцсэн юм. Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах талаар авах зарим арга хэмжээний тухай нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар танилцуулсан. Нийслэлийн төр захиргааны байгууллага буюу НЗДТГ, нийслэлийн харьяа 33 агентлаг болон нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд Яармаг руу шилжих юм.

Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг  шилжүүлэн байршуулах тухай асуудлыг хэлэлцэв undefined

Сургуулиудын өргөтгөл баригдсанаар 2 ээлжээр хичээллэдэг болно

Нийслэлийн Удирдах ажилтны өнөөдрийн шуурхай хуралдаанд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. 8930 га газартай Чингэлтэй дүүрэгт 159 мянган хүн ам оршин суудгаас 80 хувь нь гэр хороололд, 20 хувь нь орон сууцны хороололд аж төрж байна. 19 хороотой тус дүүрэгт өрхийн эрүүл мэндийн 16 төв, хоёрдугаар шатлалын 5 эмнэлэгт  хэвтэн эмчлүүлэх ор 227, мэс заслын тасаг 25 ор, хүүхдийн тасаг 75 ортойгоор үйл ажиллагаа явуулж, нийт 637 эмч эмнэлгийн ажилтан ажиллаж байна. “Манай дүүрэгт сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт 11386 хүүхэд хамрагдаж байгаа нь нийт хамрагдах ёстой хүүхдүүдийн 75.5 хувь бөгөөд цэцэрлэгийн ачаалал 204 хувиар хэтрээд байгаа. Ерөнхий боловсролын сургуульд 25402 хүүхэд суралцаж байгаа. Манай дүүрэгт 3 ээлжээр хичээллэж байгаа 5, 23, 24 гэсэн 3 сургууль байна. Улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2020 он хүртэл 5 цэцэрлэгийн өртгөтгөл, 4 цэцэрлэгийг буулгаж шинээр барих, 2 цэцэрлэг шинээр, 2 хороонд бага сургууль, цэцэрлэгийн цогболбор баригдахаар төлөвлөгдсөн. Ингэснээр орны тоо 1760 хүүхдээр нэмэгдэнэ. Ерөнхий боловсролын сургуулиудын хувьд 5, 23, 24, 50 дугаар сургуулийн өргөтгөл баригдсанаар манай дүүргийн бүх сургууль 2 ээлжээр хичээллэдэг болно” хэмээн Ж.Эрдэнэбат дарга тодотгож байлаа.

“Сити-тур” аялалын автобус ирэх сарын 1-нээс явж эхэлнэ

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Хүн амын ахуй үйлчилгээ-2020 дэд хөтөлбөр, Худалдаа хоол үйлдвэрлэл үйлчилгээ-2020 дэд хөтөлбөр батлах, “Сити тур” төсөл хэрэгжүүлэх, Шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа зарим байгууллагуудын зөвшөөрлийн хугацааг сунгах  тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Хотын аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, гадаад, дотоодын жуулчдыг Улаанбаатар хот болон хот орчмоор ая тухтай аялах нөхцөл, боломжийг бүрдүүлэх зорилгоор “Сити-тур” төсөл хэрэгжүүлэх талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяраар ахлуулсан Ажлын хэсгийнхэн өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар “Сити тур” төсөл хэрэгжүүлэх тухай асуудлыг танилцууллаа. “Сити-тур” төслийн хүрээнд хот болон хот орчмын автобустай аялалаар Улаанбаатар хотын түүхийн дурсгалт газрууд, томоохон бүтээн байгуулалт, байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцаж болох юм. Түүнчлэн гадаад, дотоодын жуулчдаас гадна ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг тус аялалд түлхүү хамруулах зорилго тавьж ажиллах аж. Төслийг тавдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлхээр төлөвлөж байна. “Сити-тур” аялалд АСЕМ-ын чуулга уулзалтад зориулан авч байсан хэрэглэгдэхгүй байгаа шинэ автобуснуудаас үйлчилгээнд явуулах юм.

Худалдаа, үйлчилгээний газруудад аттестатчиллын шалгалт эхэллээ

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудад Архидан согтуурахтай тэмцэх тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль болон  холбогдох бусад хууль тогтоомж, стандартын хэрэгжилт, орчны тохижилт, хаяг, гэрэлтүүлэг, харуул хамгаалалт, цэвэрлэгээний шаардлагыг хангуулах замаар хотын өнгө үзэмжийг сайжруулахад тодорхой хувь нэмэр оруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжийн нийгмийн хариуцлагыг өндөрсгөх, үйлчилгээний соёл, ёс зүй, чанарыг дээшлүүлэх, хүнсний аюулгүй байдал, иргэдийн ая тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцлийг хангуулах зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/87 дугаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудад аттестатчилалын шалгалт явуулах тухай” тушаал батлагдлаа.

Төгсөх ангийн сурагчдаас ЭЕШ-ын сорилын шалгалт авлаа

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын санаачлагаар төгсөх ангийн сурагчдаас ЭЕШ-ын сорилын шалгалт авлаа. Энэхүү шалгалт нь ЭЕШ-д бэлтгэж байгаа сурагчдад цагаа зөв хувиарлах, тестийн боловсруулалт хийх, ерөнхий мэдлэгээ шалгах ач холбогдолтой юм.

Тус дүүргийн хэмжээнд 2018 онд 2550 сурагч 12 дугаар анги төгсөж байна. Эдгээр сурагчид сонгосон мэргэжлээсээ шалтгаалан 3-4 хичээлээр ЭЕШ өгөх юм байна. Сорилын шалгалтыг Цахим Сорилго ХХК-тай хамтран уламжлал болгон зохион байгууллаа.

“Зорчигч тээврийн нэгтгэл” шүүхэд хандахаа мэдэгдлээ

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ нь 1500 ажилтантай. 2017 онд Нийслэлийн нийтийн тээврийн шилдэг байгууллагаар шалгарч, Нийслэлийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээ, контракт гэрээг бүрэн хангалттай дүгнүүлсэн. Нийслэлийн Төрийн Аудитын газраас 2017 оны санхүүгийн тайланд аудитын шалгалт хийгээд зөрчилгүй гэж дүгнэсэн юм. Гэтэл “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ -ыг төлөөлөх эрхгүй ажлаас гарсан, тэтгэвэрт гарсан, тэтгэмжээ авсан иргэд удаа дараа улс төрийн зорилгоор ташаа мэдээлэл өгч байгууллагын болоод  1500 ажилтаны нэр хүндэд шууд халдаж байгаа учраас шүүхэд хандахаар боллоо.

Том оврын шилмүүст моддыг угаах, хаврын цэнэг усалгааны ажил эхэллээ

Том оврын шилмүүст модны хаврын цэнэг усалгааг энэ сарын 1-нээс  эхлүүлээд байгаа бөгөөд мэргэжлийн 8 байгууллага хотын Ерөнхий менежерийн баталсан хуваарийн дагуу гүйцэтгэж байна. Хотын төвийн гудамжуудын  модонд хэлбэржүүлэлт, залуужуулах огтлол болон шохойдох ажил хийгдэж байгаа бөгөөд нийт 1100 модыг шохойдож, 710 модонд хэлбэржүүлэлт хийгээд байна. Хаврын цэнэг усалгаа энэ сарын 15-нд дуусч хөрсний чийгшлээс хамаарсан байнгын усалгаа хуваарийн дагуу тогтмол үргэлжлэх юм.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас  2016, 2017 онуудад  хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нягтралыг сайжруулах зорилгоор 4083 ш том оврын шилмүүст модыг шилжүүлэн тарьсан бөгөөд арчилгааг агротехнологийн дагуу хийснээр 99.6 хувийн ургалттай байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян эхэллээ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян 2018” нээлтийн үйл ажиллагаа  Эрх чөлөөний талбайд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд ХАБЭМТ, НДЕГ, ХХҮЕГ, ХГБЗХГ, Нийслэл, дүүргийн ЗДТГ, ХХҮХ, НДХ, МХЕГ, НМХГ-ын улсын байцаагчид болон аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл оролцож, сарын аяны хугацаанд зохион байгуулагдах ажлуудыг танилцууллаа. Тус арга хэмжээний үед мэргэжлийн хяналтын байцаагч нар чиглэл тус бүрээр зөвлөгөө мэдээлэл өгч, иргэдийн санал гомдлыг хүлээн авч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллав.  Сарын аян   дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ.

Түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэн шилжүүлэх асуудлыг судлах ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн Засаг даргын энэ сарын 6-ны өдрийн А/306 дугаар захирамжаар байгуулагдсан, түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэн шилжүүлэх асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Уг ажлын хэсгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр ахлаж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд нь Нийслэлийн Газрын алба, Цагдаагын газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ХК, Дүүргүүдийн Засаг даргын орлогч нар ажиллах юм.

Нийслэл дэх хүүхэд, гэр бүлийн хамгааллын 3 төвийн үйл ажиллагаатай танилцлаа

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн нийгмийн бодлогын хорооны төлөөлөгчид, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй төлөөлөгчид, Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч   Ш.Анхмаа нар нийслэлд хүүхэд, гэр бүлийн хамгааллын бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан.

Үүнд:

  • Хүчирхийллийн эсрэг үндэсний төв ТББ
  • Гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах төв
  • Хүүхэд хамгааллын яаралтай тусламжийн 108 төв

Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газартай танилцсан бөгөөд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, бодлого хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл сонсож санал солилцлоо.

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг шалгаж байна

Нийслэлийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн аюулгүй байдлыг шалгах мэргэжлийн байгууллагуудын хамтарсан шалгалт үргэлжилж байна.

Улаанбаатар хотын ерөнхий менежерийн шийдвэрээр Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Аудит, дотоод хяналтын хэлтсийн даргаар ахлуулсан нийслэлийн Тээврийн газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Замын цагдаагийн алба, Мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн даатгалын газар, нийслэлийн Дотоод аудитын газар, Том оврын автбусаар үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдсэн холбооноос томилогдсон ажлын хэсэг уг шалгалтын ажлыг гүйцэтгэж байна. Хяналт шалгалт 2018 оны дөрөвдүгээр сарын 22 хүртэл үргэлжлэх юм.

Иргэдэд СӨХ-оор дамжуулан орчны газраа ашиглах эрхийг олгоно

ийслэлийн Засаг дарга энэ оныг “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Газрын албанаас “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг эхлүүллээ.

Энэ аяны хүрээнд нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, орон сууцны хорооллын ойр орчмын нийтийн эдэлбэр газрын ашиглалтыг сайжруулж, төлөвлөлтийн дагуу тохижилт хийх боломжийг бүрдүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Ингэснээр орон сууцны орчны газрын хил хязгаарыг судлан тодорхойлж, газрын зөрчлийг арилгах арга хэмжээ авах, харьяалах Сууц өмчлөгчдийн холбоодод газар ашиглуулах эрхийг баталгаажуулж, улсын бүртгэлд бүртгэн, гэрээ байгуулж орчны газарт тохижилт хийх нөхцөл бололцоог бүрдүүлэх юм.

Орон сууцны орчны газрыг СӨХ-дод ашиглуулах үйл ажиллагаатай холбоотойгоор иргэд, оршин суугчдаас орчны газрын ашиглалтыг сайжруулах талаарх санал хүсэлтээ холбоогоороо дамжуулан нийслэлийн Газрын албанд илэрхийлэх боломжтой.

Төв цэвэрлэх байгууламжид хэт авиан тоног төхөөрөмжийг суурилууллаа

Төв цэвэрлэх байгууламжаас хоногт дунджаар 1200-1500м3 лаг ялгардаг. Тус ялгарсан лагийг халдваргүйжүүлэх, үнэргүйжүүлэх төслийн хүрээнд биологийн задралыг бий болгож өвчин үүсгэгч нянг устгах, халдваргүйжүүлэх, үнэр саармагжуулах зориулалттай ХБНГУ-ын “Ультрасоник” компанийн “Тюбэреактор” загварын хэт авиан тоног төхөөрөмжийг суурилуулж, туршилт тохируулгын ажил хийгдэж байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр өнөөдөр хэт авиан тоног төхөөрөмжийн ажиллагаа хэр байгаатай газар дээр нь очиж танилцлаа.Энэ ажлын хүрээнд лагийн 44 карт бүхий 15 га талбайд үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх, боловсруулах, цэвэрлэх байгууламжаас Туул гол хүртэлх 12 га талбай суваг, олон жил хуримтлагдсан голын бохирдлыг арилгах, үнэрийг дарах, Төв цэвэрлэх байгууламжийн урд ТЭЦ-ийн үнсэн сангийн баруун талын 50 га талбай бүхий олон жил тогтсон хиймэл нуурыг цэнгэгжүүлэх, технологийн үйл ажиллагааг дэмжих, засвар хийж, тоног төхөөрөмж шинэчлэх зэрэг ажлыг 2016 оноос хийж хэрэгжүүлсээр байна.

Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт шалгалт явууллаа

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас  өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн НЗДТГ, НБГ, НӨХГ, ШУТИС-тай хамтран 239 сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт, бага ангийн сурагчдын хоол хүнсний чанар, аюулгүй байдал, сургалтын орчин, сургуулийн цайны газруудад хэрэглэгдэж байгаа хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд лабораторийн шинжилгээтэй хяналт шалгалт хийлээ.        

Хяналт шалгалтад нийслэлийн төрийн өмчийн 134, төрийн бус өмчийн 105 сургууль хамрагдлаа. Ерөнхий боловсролын сургуулийн цайны газруудын үйл ажиллагааг “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээг шалгах” хяналтын хуудас, “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийг “Ерөнхий боловсролын сургуулийн эрүүл ахуй, халдвар хамгааллын нөхцлийг шалгах хяналтын хуудас”-аар үнэлгээ өгч ажилласан байна.

Нийтийн тээврийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/305 дугаар “Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай” захирамжаар нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг өглөө 8:00  цаг болсонтой холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт дараах өөрчлөлт хийгдэж байна. 

Нийтийн тээврийн үйлчилгээний  бүх чиглэл өглөөний 6:45 цагт эхний автобус хөдлөхөөр төлөвлөгдсөн байдаг бөгөөд дээрх зохицуулалттай холбогдуулан хот орчмын болон алслагдсан 17 чиглэлд өглөөний эх авалтын цагийг  5-10 минутаар  урагшлуулах зохицуулалт хийгдлээ.

Үүнд :

Д/Д

Чиглэлийн нэр

Эцсийн зогсоолын нэр

Эцсээс хөдлөх цаг

1

ХО:5 “Налайх-Зүүн 4 зам-МУБИС”

Налайх

6:20

2

Ч:3“Зүүнсалаа-Халдвартын эмнэлэг”

Зүүн салаа

6:37

3

Ч:13“Тахилт-Саппоро-3-рэмнэлэг”

Тахилт

6:40

4

Ч:14 “Нарангийн гол-10-р хороолол”

Нарангийн гол

6:40

5

Ч:15 “Нисэх -Сонсголон- 5 шар- 3-р эмнэлэг”

Нисэх

6:40

6

Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис Соосэ-Далангийн зам”

Шадвилан

6:38

7

Ч:28 “Сэлх- 7 буудал- Ард кино театр”

Сэлх

6:40

8

Ч:29 “Сэлбэ амралт-МУБИС-Вокзал”

Сэлбэ

6:36

9

Ч:31 “Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн автобааз”

Улиастай

6:39

10

Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан”

Гачуурт

6:34

11

Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжигарав худалдааны төв”

Нарангийн гол

6:40

12

Ч:59 “ХМК-Офицеруудын ордон”

ХМК

6:38

13

ХО:2 “Шарга морьт-Дүнжингарав худалдааны төв”

Шарга морьт

6:40

14

ХО:3 “Гордок-Дүнжингарав худалдааны төв”

Гордок

6:30

15

ХО:6 “Өлзийт хороолол-120 мянгат”

Түргэний гол

6:30

16

ХО:7 “Туул тосгон- Биокомбинат- 120 мянгат”

Туул тосгон

6:40

17

ХО:9 “Биокомбинат- Сонсголон – 5 шар”

Биокомбинат

6:40

“Их цэвэрлэгээний 90 минут” арга хэмжээ 7 хоногийн хугацаатай хойшлогдлоо

Цаг агаарын гэнэтийн өөрчлөлтийн улмаас "Их цэвэрлэгээний 90 минут" арга хэмжээг 7 хоногийн хугацаагаар хойшлуулж, 04-р сарын 21-ний Бямба гаригт зохион байгуулахаар Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай зөвлөгөөнөөс шийдвэрлэлээ.

500 ажлын байр зарлагдлаа

Жуулчны идэвхтэй улирал эхэлж байгаатай холбогдуулан жуулчны бааз, тур оператор компани, зочид буудал, зоогийн газар зэрэг аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас нээлттэй ажлын байрууд зарлалаа.

“Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармагийн гол зорилго нь аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, иргэдийг эзэмшсэн мэргэжлийн дагуу түр болон байнгын ажлын байртай болгох, аялал жуулчлалын байгууллагуудад шаардлагатай ажилтныг олоход нь дэмжлэг үзүүлэх, ажил олгогч, ажил хайгч иргэдийг холбох юм. 

Нээлтийн үеэр нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Монгол Улсад өнгөрсөн 2017 онд ирсэн гадаадын жуулчдын тоо 471 мянгад хүрч Монгол Улсын эдийн засагт 400 сая ам долларын орлогыг оруулсан байна. Үүнийг дагаад аялал жуулчлалын салбарт ажиллах хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна. Энэхүү хөдөлмөрийн яармаг нь оюутан залуучуудыг зуны амралтаа үр бүтээлтэй өнгөрөөх, мэдлэг чадвараа дээшлүүлэх, өөрийгөө нээн  хөгжүүлэх боломжийг олгодог юм хэмээлээ. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир аялал жуучлалын салбарт хөдөлмөр эрхлэх сонирхолтой залуучуудад зориулсан аяллын хөтчийн анхан шатны мэдлэг олгох үнэ төлбөргүй сургалт тавдугаар сарын эхний долоо хоногт болно” гэж онцоллоо.

“Ирээдүйн эзэд-2018” аяны ээлжит үйл ажиллагаанд 570 гаруй ахлах ангийн сурагчийг хамрууллаа

Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 104, 106,107 дугаар сургуулийн 570 гаруй  ахлах ангийн сурагчийг хамруулан “Ирээдүйн эзэд-2018” мэргэжил сонголтын аяны ээлжилт сургалтыг зохион байгууллаа.                                        

Энэхүү аян нийслэлийн бусад дүүргүүдэд амжилттай хэрэгжсэн бөгөөд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, СХД-ийн ЗДТГ, СХД-ийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс  хамтран уг аяныг Сонгинохайрхан дүүргийн нийт 22 сургуулийн 5300 гаруй ахлах ангийн сурагчийг хамруулан энэ сарын 9-нөөс 23-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.  

Тус үйл ажиллагааны үеэр сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар мэдээлэл, зөвлөгөө өгөөд зогсохгүй мөн нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвтэй хамтран өсвөр үе залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Эерэг хандлага, зөв дадал зуршлын төлөө хамтдаа" сэдвээр мэдээлэл хүргүүлж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56077
0 эможи
keyboard_arrow_up