COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 13, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

О.Алтансүх: Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд стратегийн өмгөөлөл хийж эхэлнэ

2018 оны 1 сарын 05

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүхтэй ярилцлаа.

-Сүүлийн үед хүүхдүүдтэй холбоотой гэмт хэрэг их гарч байна. Энэ тал дээр танай байгууллага хэрхэн анхаарч ажилласан бэ?

-Бид хүүхдийн салбарт тулгамдаж буй халамж, хамгааллын үйлчилгээний асуудлыг шийдвэрлэх  тал дээр түлхүү анхаарч ажиллалаа. Биднийг анх ажил авахад хүүхдийн асрамжийн нөхцөл байдал тогтворгүй байсан. Нэг ёсондоо олон араа шүд эвэндээ орж өгөхгүйтэй адил байсан л даа. Тухайн асуудлыг эвэнд оруулж, хурдан шийдвэрлэх шаардлагатай болсон. Өнгөрсөн жил  хүүхдийн тусламжийн 108 дугаарын утасны дэргэд зориулалтын хамгаалалтын байртай болгосон. Бид хамгаалах байрыг туршилтын хугацаанд хоёр сар ажиллуулахад 179 хүүхэд ирсэн. Иймээс нийгэмд эрэлт хэрэгцээтэй байна гэж үзсэн юм.  Мөн хоёр жил орчим тооллого судалгаа хийсний үр дүнд гудамжинд хараа хяналтгүй амьдардаг  90 орчим хүүхдийн асуудлыг шийдвэрлэхийн тулд ажилласан. Эдгээр хүүхдийг асрамжийн төв рүү шууд шилжүүлчихэж болдоггүй. Учир нь тийм хүүхдийг асрамжийн газар авчрахаар сөрөг нөлөө үзүүлэх тохиолдол гардаг.  Өөрөөр хэлбэл, буруу хэв маяг хүмүүжилтэй болчихсон байдаг. Тиймээс сэтгэл зүйг нь эерэг болгохын тулд ярилцдаг. Ял хойшлогдсон, шүүхээс зайлшгүй албадан сургалтад хамрагдах шаардлагатай болсон хүүхдүүд асуудалтай байдаг. Тэд нарыг сургадаг байрлуулах тогтолцоо байхгүй. Ингээд Багахангайд хараа хяналтгүй хүүхдүүдийн “Нарт хангай” хэмээх төвийг байгуулсан. Уг төвд одоогийн байдлаар 28 хүүхэд бий. Тэнд хоёроос дээш жил буюу удаан хугацаагаар тэнэсэн хүүхдүүд байдаг. Хүүхдийн хөдөлмөр эрхэлдэг болчихсон. Заримынх нь гэр бүл нь боломжийн амьдралтай мөртлөө тэнэх зуршилтай болчихсон байдаг юм. Мөн гэмт хэрэгт холбогдож  шүүхээс ял сонссон хүүхдүүд байна. Насанд хүрээгүй учраас ялыг түр хойшлуулдаг.

-Өнгөрсөн жил бага насны хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой сэртхийлгэм хэргүүд их гарлаа...

-Өнгөрсөн жил бага насны хүүхдийн хүчирхийллийн хэрэг 198 удаа гарсан. Бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөнө гэдэг насан туршийн хохирогч болон үлддэг юм. Ийм тохиолдолд хүүхдүүд хэвийн энгийн амьдралд орох маш хүнд хэцүү л дээ.  Энэ асуудлыг шүүхээр шийдээд гэр бүл дэх үйлдэгчийг ялласнаар асуудал шийдэгдлээ гэж ойлгодог.  Гэтэл хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд эргээд хаана очих юм. Тэд үе тэнгийнхэн дундаа ялгаварлан гадуурхагдана, янз бүрээр хэлүүлнэ. Тэдгээр хүүхдийн сэтгэл зүйг засах үйлчилгээ огт байдаггүй. Харин асуудлыг шийдэх боломжтой айлын хүүхэд хэрэгт орж болно. Ингэхэд дараа нь Сэтгэцийн Эүүл мэндийн үндэсний төвөөр дамжиж хувийн шинжтэй зохион байгуулалтад ордог.  Уг асуудлаар манай байгууллага өнгөрсөн жил олон улсын тендерт оролцоод ялсан. Иймээс энэ сард  ажил эхлүүлнэ. 2015 онд 82, 2016 онд 67, 2017 онд 198 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн. Эдгээр хүүхдийн бүртгэл тооцоо судалгаа мэдээлэл бий. Эргэж холбогдоод ажиллана. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэдтэй ажиллахдаа энэ онд стратегийн өмгөөллийн ажлыг эхлүүлнэ. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд яагаад бүрэн үйлчилгээ төгс явахгүй байна вэ. Мөрдөн байцаах шатанд байна уу, Прокурор дээр байна уу, ялын дүгнэлтдээ байна уу, эцэг эх асран хамгаалагчдыг нь тусгаарлахгүй байгаа юм уу гэх зэргээр нарийн судална. Хамгийн их ачаалал үүссэн газарт  дүрэм журмын дагуу шуурхай ажиллана. Энэ оны дөрөвдүгээр сар гэхэд ял оноох асуудал дээр онцгой анхаарна. Хүүхдэд зориулагдаж буй халамжийн үйлчилгээнд анхаарахад 26 байгууллагын 36 асрамж халамжийн төвд 1076 хүүхэд амьдарч байсан. Эдгээрээс 626 хүүхэд нь бичиг баримтын зөрчилтэй учраас төрөөс өгч буй хүүхдийн мөнгийг авч чадахгүй байсан. Асуудлыг зохицуулснаар одоо 60 орчим хүүхэд үлдсэн. Манайх асуудал тулгарсан  хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үүрэгтэй. Өнгөрсөн жил 13 мянган хүнд сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлсэн. Мөн ээжийгээ зодчихсон охин ирж, албадан сургалтад суусан. Албадан сургалтад 832 хүн хамрагдсан байгаа.

Шинэ онд манай байгууллагаас хөгжлийн үйлчилгээний нэр төрлийг тодорхойлно. Хүүхдэд зориулсан ёс суртахуун хүмүүжлийн ажлыг бий болгоно. Хүчирхийлэл гарч буй гол шалтгаан нь хүмүүжилтэй холбоотой шүү дээ. Бие биеэ хүндэлж, хайрлах тухай ярихаа байлаа. Ингээд 26 жилийг өнгөрөөчихлөө. Хүйтэн хөндий цэвдэг нийгэмд хүүхдүүд өсөн бойжиж байна. Энэ жил ёс суртахуун, хүүхдийн хөгжил рүү чиглэсэн ажилд нэлээд хийнэ. Монгол хүүхдүүд бие бялдар, оюуны, эрүүл мэндийн хувьд дэлхийн хүүхдүүдийн дунджаас дээгүүр байна. Зөвхөн ганцхан үзүүлэлтээр манай улсын хүүхдүүд дэлхийн дунджаас хоёр дахин бага. Энэ бол ёс суртахуун, хүмүүжил, хотын соёл. Ийм үзүүлэлтээр хаягдсан. Бие даах чадваргүй. Урьдчилан сэргийлэх ажлын гол үзэл санаа нь эмэгтэй хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртвөл тэр хүүхэд өөрийгөө хамгаалах чадвартай байх ёстой. Чадвар эзэмшихийг хөгжлийн үйлчилгээ гэдэг. Хүүхдийн эрхэлж болохгүй хөдөлмөрийн жагсаалт гэж бий. Одоо харин хүүхдийн зохист хөдөлмөрийн жагсаалт гэж гаргах хэрэгтэй. Хөдөлмөр хүнийг хүмүүжүүлдэг. Хүүхдийг хүмүүжүүлэх, ёс суртахуунтай болгох нь чухал байна. Зуны улиралд хүүхэд мал маллаж болно. Харин зургаан цагаас хэтэрч болохгүй гэдэг ч юм уу. Ийм зохицуулалттай болгомоор байна.

О.Алтансүх: Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд стратегийн өмгөөлөл хийж эхэлнэ

-Асрамжийн газарт хүмүүжсэн хүүхдүүд ажлын байран дээр гараад ямархуу байдаг юм бол?

-2016 онд “Өнөр бүл” хүүхдийн төв дээр төгсөгчдийн судалгаа хийж үзсэн. Тус төвд бүтэн өнчин хүүхдүүд байдаг. 18 нас хүрээд гараад явчихдаг. Ингэхээр нөгөө хүмүүс юу хийж байгаа мэдэгддэггүй.  Иймээс бид насан туршид нь хайж, анхаарч явах учиртай юм билээ. Тэдгээр хүмүүсийн онцгой бүртгэлийн систем байх ёстой. Нийт 390 орчим хүн ажлын байранд гарсан гэсэн судалгаа бий. Эдгээр хүнй 50  хувь нь гараад ажилгүй байдаг юм билээ. 30, 40 хувь нь орцны жижүүр хийж байсан. Өнөр бүл дээр хүүхэд өсгөхөд маш их зүйлийг зарцуулдаг. Тэгсэн мөртлөө нөгөө хүүхэд амьдрал дээр гараад хөлөө олж чаддаггүй. Амьдралдаа худалдаа хийж үзээгүй. Бид нар мод түлээ хөрөөдөж, ажилд суралцсан мөртлөө амьдралд хөл алдах үе байдаг шүү дээ. Эдгээр хүүхдүүдийг бүх зүйл бэлэн байдаг. Иймээс “Өнөр бүл” төв дээр нийтээр нь хооллодог системийг үгүй болгож, бүгдийнх нь өрөөнд гал тогоотой болгож, айл болгосон. Нэг нь нийгмийн ажилтан, ахлах нь гэдэг ч юм уу. Зохион байгуулалттай болсон. Ажиглаж байхад хүүхдүүд тансаглаж эхэлсэн. Тэгснээ сар болоод мөнгөө гамнах хэрэгтэй юм байна гэх зэргээр зохицуулж сурч байна лээ. Өнгөрсөн жил манайх анх удаа Азийн түүхэнд Хүүхдийн эрхийн улсын байцаагчтай боллоо. Байцаагч Зөрчлийн тухай хуульд заасан 16 зөрчлийг хянан шийдвэрлэж байна. Та өөрийнхөө хүүхдийн товлолт вакциныг хийлгээгүй бол таныг эцэг эхийн чинь үүднээс торгоно. Энэ мэтийн зөрчлийг шалган шийдвэрлэх үүрэгтэй. Гэмт хэрэг, зөрчил хоёр тусдаа. Зөрчлийн шатан дахь процессыг шийддэг. Үүгээр хүүхдийн эрхийн зөрчлийн шийдвэрлэлт сайжирна гэж үзэж байна.

-Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн хэрэгжилт ямар байна вэ?

-Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Хуулийн хэрэгжилтийг сайжруулахын тулд хамтарсан баг гэж бий. Хамтарсан багт тухайн хорооны Засаг дарга, хорооны цагдаа, өрхийн эмнэлгийн сувилагч, халамжийн нийгмийн ажилтан сургуулийн нийгмийн ажилтан, хэсгийн цагдаа гэсэн бүтэцтэй. Эдгээр хүмүүс хүүхдийн зөрчил гарсан газрыг илрүүлж тодорхой болгож,  нөхцөл байдлыг холбон зуучилна. Хамгийн сүүлд гэрт нь эргэн нэгтгэнэ гэсэн нийтдээ долоон төрлийн үйлчилгээг хийж байгаа. Энэ нь сайн дурын механизм юм. Үүнийг Японы хүүхдийг ивээх сангийнхан Монголд оруулж ирсэн. Бид анх удаа олон улсын байгууллагатай хамтарч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийнхан нэг төрлийн нэг агуулгатай арга зүйтэй болсон. Нийтдээ зургаан мянган орчим хүнийг сургасан.  Манайхаас эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр олон ажил хийсэн.

Хүүхдийг тэжээн тэтгэх үүргээс эцэг эхчүүд зугтах тохиолдол гарсан. Зөрчлийн тухай хуульд хэрвээ та хүүхдийн тэжээн тэтгэх үүргээс удаа дараа татгалзаж байвал таныг зорчихийг хязгаарлана гэсэн заалт бий. Монгол Улсын хилээр гаргахгүй. Хүүхдийнхээ тэтгэмжийг төлчихөөд гадагшаа яв гэдэг.

-Тухайн айлд нөхөр нь эхнэрээ алгадахад цагдаа дууддаг болсон. Ингээд цагдаагийн байгууллага нөхөрт нь хуулийн дагуу тодорхой шийтгэл ногдуулдаг. Үүний дараа уурлаж маргалдснаас үүдэн гэр бүл салалт их байна гэсэн яриа гарах болсон?

-Цэвэр худлаа яриа. Цагдаагийн ерөнхий газар дээр Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буй, өртөж байгаа нийт хүмүүсийн нэгдсэн бүртгэлийн систем гэж байдаг. Энэ системээр дам хүүхэд хохирч байгаа судалгааг ч гаргадаг.  Хоёр удаа эхнэрээ зодсон бол тодорхой шийтгэл хүлээлгэж явуулна. Тэгээд нөхцөл байдлын үнэлгээ хийнэ. Аюулын зэргийн үнэлгээ тогтоож, комисс очиж ажилладаг юм. Тухайн зөрчил гаргасан хүн гэртээ амьдрах боломжтой юу гэдгийг асууна.  Болохгүй гэвэл процессийг цааш үргэлжлүүлнэ. Эрүүгийн шинжтэй бол үүний дагуу шалгана. Өмнө нь үүнийг гэмт хэрэг гэж үздэггүй байсан. Тэр хандлага өөрчлөгдөхгүй байгаа юм. Хүмүүс хүчирхийллийг үл тэвчих хандлага сууж эхэлж байна. Гэр бүлийн хүчирхийллэлтэй холбоотой нийт дуудлагын 40 хувийг хажуугийнх нь хүн хэлдэг юм. Нийгэм өөрөө хүчирхийллийг хүлээн зөвшөөрөхгүй болж байна гэсэн үг. Энэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш гэр бүл хүчирхийлэл 2.9 хувиар буурсан.

-Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль энэ оны эхнээс мөрдөгдөж эхэллээ. Энэ хуулийн талаар ярихгүй юу?

-Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Н.Номтойбаяр санаачилсан. Хуулийг босгож ирэх гэж Монголын залуучуудын хөдөлгөөн сүүлийн арав гаруй жил ажилласан. Хууль ганцхан концевцтой. Өөрөөр хэлбэл, боломж олгох хууль юм. Нэг ёсондоо та сайн хөдөлмөрлөвөл таныг бид дэмжинэ гэсэн агуулгатай. Хуулийн дөрөвдүгээр зүйлд Олон нийтийн оролцоо гэж байна. Хэрвээ та олон нийтийн ажилд сайн дураараа сайн ажиллавал таны ажлыг бүртгэнэ. Ингэхээр цаашдаа тухайн хүн төрийн албанд орох, зээл авахад нь шалгуур болгож үзнэ. Залуучуудын хөгжлийн төвд амьдрах ухааны боловсрол гэдэг сургалтын хөтөлбөрийг НҮБ-ын хүн амын сангаас батласан. Стрессийг хэрхэн даван туулах вэ, бусдыг хэрхэн яаж хайрлах вэ, ажлын байранд хэрхэн шалгарах вэ. Төсөл хэрхэн бичих вэ, эрүүл мэндийн үзлэгт хэрхэн хамрагдах вэ зэрэг 12 төрлийн хичээлийг залуучуудад хүргэнэ. Хуулинд хэд хэдэн томоохон зүйл бий. Тухайлбал, Цэргийн алба хүлээх үүргийг үүрэгжүүлсэн. Хугацаат цэргийн алба хааж буй хүмүүст эх оронч байх хичээл заана. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах анги, нэг хоёрдугаар курсын оюутнуудад насан туршийн боловсролд нөлөөлөх хичээлийг оруулна. Есдүгээр сарын 1-нээс эхэлж бүх газруудад гэр бүл төлөвлөлт, эрүүл ахуй, нөхөн үржихүйн боловсролын тухай хичээл зааж эхэлнэ.

Өнгөрсөн жил залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг батлуулан гаргасан. Хууль батлагдсантай холбогдуулж улсын хэмжээнд шинээр 96 албан хаагч 21 аймаг есөн дүүрэгт ажиллахаар гарсан. Нэг аймагт гурван албан хаагч залуучуудын хөгжлийн төвийг байгуулж гарна. Энд амьдрах ухааны боловсролын хичээл заана.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51923
0 эможи
keyboard_arrow_up