COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 18, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Тахилгат уулсаа дархлах уу, уул уурхайг шүтэх үү?

админ
2021 оны 3 сарын 03

Arslan.mn

Хүн төрөлхтөн үүсэн бүрэлдсэн цагаас тэнгэр газар, байгаль дэлхий, уул усаа  шүтэж, амьдчилан харьцаж, тахилгын зан үйлийг хийж ирсэн түүхтэй. Энэ ёс жаяг олон оронд, тэр дотроо дорно дахины улсуудад ямар нэг хэмжээгээр уламжлагдсаны  дотор монголчуудын дотор онцгой гүн бишрэлтэйгээр оршиж ирснийг судлаачид хэлдэг.  Эх нутаг, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах  энэ  ёс монгол хүний үнэт өв,   түүх соёлын  дархлаа, оршихуйн баталгаа болж ирсэн учраас түүхийн янз бүрийн цаг үед тодорхой шалтгааны улмаас  тасалдсан ч  сэргээж ирсэн түүхтэй. Тэртээ XIII зуунд, Богд хаант төрийн үед, Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч нар ч ийм зарлиг, шийдвэр гаргаж ирсэн байдаг. Үүний нотолгоо нь өнөөдөр Монгол Улс  зарлигаар дархалсан 10 хайрхантай. Дөрвөн жилээр тахидаг уламжлалтай. Улмаар тахилгын зан үйл нь НҮБ, ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд  бүртгэгдсэнийг уншигчид юу эс андах вэ.  Харин зарлигаар дархалсан, дархан цаазат, тусгай хамгаалалт бүхий тэрхүү хайрхан уулс бүрэн бүтэн байж чадаж байна  уу гэдэгт хэн хэрхэн хариулах бол.  Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин  энэ асуудлыг хөндөн  мэдээлэл цуглуулж, эрэн сурвалжилж цуврал нийтлэлээр  олон нийтэд хүргэлээ.

“Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд” сэдвийн хүрээнд Төрийн тахилгат 10 хайрхан, түүний ойр орчмын байгаль орчны асуудлууд, цогцолбор газрын бүхэн бүтэн байдал, ашигт малтмалын ямар  зөвшөөрлүүд  олгогдсон, цуцагдсан болон одоо хүчинтэй байгаа, шүүхийн шатанд маргаан эцэслэгдээгүй гэх мэт бүх мэдээллийг багтаахыг хичээв.

Харамсалтай нь монголчуудын тахилга шүтээн болсон уулс дотор ухуулж төнхүүлээгүй, сэв суугаагүй нэг ч хайрхан алга. Эндээс   тахилгат уул, тусгай хамгаалалтад авсан нэрээр иргэдийн тархийг угаадаг юм биш үү. Ингэж  анхаарлыг нь сулруулж байгаад араар нь эрх баригчид ашигт малтмалын лицензийн наймаа хийдэг, олз ашиг хайж ирсэн юм биш биз гэсэн хардлага төрж  байна. Энэ бол сэтгүүлчийн хийж болох хамгийн наад захын дүгнэлт юм. Хөндлөнгийн судалгааны байгууллагууд, байгаль орчны үнэлгээ хийдэг судлаач, эрдэмтэд бол бүр ч нарийн тооцоо, судалгааг гаргаж хэлэх биз ээ. Бид мэдээллийг бэлтгэх явцдаа цөөнгүй судалгааны дүнтэй танилцсан. Төрийн бус байгуулагууд, байгаль орчныг хамгаалах чиглэлээр ажилладаг судалгааны төвүүд, зарим нь  уул уурхайн компаниудын санхүүжилттэй судалгаа гэдэг нь ч харагдаж байлаа.

Бид  төрийн тахилгат уул бүхий давхардсан тоогоор 15-16 аймгийн, 20 орчим сум, 13 багийн иргэд малчдын төлөөлөлтэй холбогдсон.  Аймаг, сумын удирдлагад болон ИТХ-ын төлөөлөгчөөр  ажиллаж байсан болон одоо байгаа албан тушаалтнуудтай холбогдсон. Тэдний хэлдэг үг хэвэнд цутгасан мэт илжилхэн. “Дээрээс тушаадаг, биднийг мэдээгүй байхад АМГТГ-аас лиценз олгосон байдаг” гэх. “Мэдэхгүй гэдэг үг мянган үгний таглаа” гэгчээр ийнхүү тэд мэдээлэл өгөхгүй, тун хойрго хийгээд хайхрамжгүй хандаж байв. Харин малчид, иргэд бол  эцэг өвгөдөөс тахиж шүтэж ирсэн уулаа бүтэн байлгах,  дэлхийд ховор  ургамал, амьтны аймгийг хамгаалах, өөрсдийн өнө удаан жил оршин амьдарч ирсэн нутгийн багаль орчныг доройтуулахгүй байх сан гэсэн хоёргүй сэтгэлээр  зүтгэж иржээ.

Төрийн тахилгат 10 хайрхан бүхий аймаг, сумын иргэд  бүгд уул уурхай явуулахыг зөвшөөрөхгүй, тэр бүү хэл тэмцэл хөдөлгөөн өрнүүлж  ирсэн баримтууд  үүнийг нотолно. Тэдний тэмцлийн дүнд тахилгат уулс уул уурхайнхны мэдэлд бүрэн орсонгүй. Гэхдээ энд тэндээсээ ухуулж, төнхүүлсээр  сэвтсэн нүхэн уул, хүн юм гэвэл хөл гараа алтны эрэлчдэд таслуулчихсан, бурхан  гэж үзвэл доторх алт мөнгө, элдэв баялаг бүхий  шүншиг нь хулгайд алдагдсан хайрханаа  Монголын төр тахисан болж, иргэд шүтдэг ажээ.

Монголын хамгийн өндөр цэг, дэлхийн дээвэр, анхны хүний мөрийг хадгалсан Алтай Таван Богд, Эзэн Чингисийн үеэс монгол төрийн голомтыг тулсан Бурхан Халдун,  дорнын тахилгат  уул Алтан-Овоо, олон ястны их шүтээн Алтан Хөхий, Хан Хөхий, эртний шүншигт Отгонтэнгэр уул, их говийн үзэсгэлэнт “Баянбүрд”  болсон Говь гурван сайхан, хангай нурууны гайхамшиг, олон гол мөрний эх ундарга  Суварга хайрхан, Сутай хайрхан, Богдын үеэс зарлигаар дархалсан Богд хан уул гээд  уг нь  10-хан уулыг бүтэн үлдээж  болмоор сон. Тиймээс Монголын ард түмэн  Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-д   “Ухах юм бол тахиад яах юм бэ, тахилга шүтээнээ сэвтээхгүй байж чадахгүй юм бол Төрийн  тахилга гэж  тоглох хэрэг байна уу”  гэдэг шаардлагыг тавих ёстой. Төр нь төр шиг, зарлиг нь зарлиг шиг болсон цагт л байгаль орчныг хамгаалах шийдвэрүүд   хэрэгжих биз ээ. Төрийн  тахилга үргэлжлээд явах учраас  эрэмдэг болсон уулсаа аргадаж тайх, ядаж ухсан нүхийг нь тэгшилж, сүр шүншгийг нь оршоон бүтэн болгох  зан үйлийг эхлүүлээсэй.

Ч.Үл-Олдох

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624158
0 эможи

keyboard_arrow_up