COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЭДИЙН ЗАСАГТ ӨГӨӨЖӨӨ ӨГӨХ ОРДУУД

2019 оны 4 сарын 18

Arslan.mn

Одоохондоо доллар олох боломжтой ганц салбар бол геологи, уул уурхай. Эдгээр салбараас олсон валютаараа бусад салбараа хөгжүүлж эдийн засгаа солонгоруулах боломж бий гэж шинжээчид онцолдог. Валют олох боломжтой ордуудын нэлээд нь төр засгийнхны хойрго хандлага, хүнд суртал, авлигад автсан байдал, иргэний нийгэм, орон нутгийнхны эсэргүүцлээс болоод эдийн засгийн эргэлтэд ордоггүй гэсэн нийтлэг шалтгаан бий. Монголын эдийн засагт ирээдүйд өгөөжөө өгөх ордуудын тухай мэдээллийг багцлан хүргэе.


ЗАНАР СУДЛААЧИЙГ ДУУ АЛДУУЛСАН ӨВӨРЖАРГАЛАНТЫН ХӨНДИЙ

Төв аймгийн Эрдэнэсант, Бүрэн сумдын дунд орших Өвөржаргалантын хөндийд дэлхийн хамгийн чанартай занар бий. Дэлхийг хөндлөн гулд туулж занарыг 30 гаруй жил судалсан Харольд Винегар гэгч эрхэм "Би дэлхийн бүх занарыг судалсан. Монголын занар шиг ийм сайныг нь харсангүй. Чанараараа дэлхийд гайхагддаг Израиль, Йорданы занараас хоёр дахин их хэмжээний тос гарна гээд бод доо" гэж толгой сэгсэрсэн удаатай. Өвөржаргалантын занар хүхэргүй, боловсруулахад элдэв хорт хий ялгарахгүй, органикийн өндөр агууламжтай учраас хамгийн сайн чанарын тос гарна гэдгийг АНУ-ын “Жени ойл шейл” компанийнхан тогтоочихсон. Америкийн хувьд занарын технологиороо дэлхийд гэж яригддаг, энэ аварга зах зээл нефтийн импортоо хумьж чадсан шалтгаан нь ерөөсөө л занар. Тэд Өвөржаргалантын хөндийн занарын хувьд нэрэх үйлдвэр байгуулаад элдэв зардал гаргахгүйгээр газрын тос гаргаж авч, зах зээлд нийлүүлэх боломжтой гэж үзсэн ч нутгийн иргэд, иргэний нийгмийнхний эсэргүүцэл, Засгийн газраас болж олборлолт явуулж чадаагүй юм. Олборлолтын асуудал шийдэгдэхгүй сунжрах хугацаанд газрын тосны үнэ буцаж өссөн учраас “Жени ойл шэйл” Монголыг орхин гарсан юм. Занараас газрын тос гаргаж авах яриа хөөрөө ид өрнөж байсан үед “Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого”-д “Занарыг дотооддоо боловсруулахгүй” гэсэн өгүүлбэр орж ирснийг тод санаж байна. Төрөөс занарын төслүүдийг гацаах энэ мэт алхам цөөнгүй хийгдэж байсныг онцолъё.

Ариэль Шароны Засгийн газарт сайдаар ажиллаж явсан Израилийн бригадын генерал Эффие Эйтамыг Монголд ирэх үеэр нь уулзаж байлаа. Тухайн үед тэрээр "Жени ойл энд газ" компанийн ерөнхийлөгчийн алба хашиж байсан юм. Террористуудад барьцаалагдсан иргэдээ Угандагаас авч гарах тусгай ажиллагааг удирдсан генерал тэр үед “Танай улс эрчим хүчний салбараа орчин үеийн түвшинд хөгжүүлье гэвэл олон тэрбум долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Тийм хэмжээний хөрөнгө оруулалтыг татахын тулд төрийн бодлого нь тодорхой байх ёстой. Засгийн газар нь УИХ руугаа, УИХ нь Засгийн газар руугаа зангаад асуудлыг шийдэхгүй удах нь сайн хэрэг биш. Дөрвөн жил яг ийм байлаа. Бид энэ асуудлыг хөрөнгөө оруулчихаад сарын дараа биш, бүтэн дөрвөн жилийн турш мөнгө зарцуулсны дараа хөндөж байгаа гэдгийг ойлгоорой.Монголын хууль тогтоомж хамгийн хэцүү тусгай ажиллагаа болоод байна” хэмээн хэлж байв.

“Жейни ойл Шейл Монголиа” компанийн хувьд, Монголд занарын иж бүрэн хайгуул судалгаа явуулж, шатдаг занараас бензин, дизель түлш гаргаж үйлдвэр барих төлөвлөгөөтэй ажиллаж байсан юм. Тухайн үед үйлдвэрт дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө шаардлагатай гэсэн мэдээлэл цацагдаж байв. Манай улс 700 гаруй тэрбум тонн занарын нөөцтэй гэсэн таамаг тооцоо дуулддаг. Нөөцийг нь бүрэн тогтоовол зэс, нүүрсний ордуудаас гадна занараараа дэлхийд тэргүүлэх боломжтой гэж геологичид онцолдог. Улсын хэмжээнд шатдаг занарын 60 орчим орд, илэрц бий. Гол хэсэг нь Дундговь, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар болон Хэнтий, Төв, Өвөрхангай, Баянхонгор зэрэг аймгийн нутаг дэвсгэрт хамрагддаг. Түүнчлэн шатдаг занарын төслийг “Жейни ойл Шейл Монголиа” компаниас гадна болон Монголын “МАК”, “Нарантуул” зэрэг компани сонирхож байсан юм. Одоогоор занарын чиглэлээр хайгуул, олборлолтын шатны идэвхтэй төсөл байхгүй.

ДЭЛХИЙН АНХААРАЛД ОРСОН УРАНЫ ОРДУУД

Монголыг ураны нөөцөөрөө дэлхийд эхний аравт жагсахад нөлөөлсөн орд бол Дорноговийн нутаг дэвсгэрт орших Дулаан-Уул, Зөөвч-Овоо. Францын "Арева" компани манай улсад арваад жил хайгуул хийсний үр дүнд эдгээр ордын нөөц тодорхой болж байв. "Арева"-гийн охин компани "Кожи говь"-ийн хайгуул хийсэн Зөөвч-Овоод гэхэд л дэлхийн ураны 20 жилийн хэрэгцээг хангахаар асар их нөөц илэрчихээд байгаа. "Арева"-гийн хувьд Францын Засгийн газрын 90 хувийн оролцоотой, ураны чиглэлээр дагнаж ажилладаг гэдэг утгаараа дэлхийд тэргүүлэгч компани. Гэвч энэ компанийн хайгуулын ажил ураны олборлолтыг эсэргүүцэгч иргэний хөдөлгөөнийхнөөс болж таг зогсоод удаж байна. Засгийн газрын зүгээс ч хүчтэй нөлөө оролцоо дэмжлэг үзүүлэхгүй байгаа төслүүдийн нэг. Дулаан уул, Зөөвч овоогийн ордын ураныг олборлож шар нунтаг хэлбэрээр экспортолно гэж “Арева” мэдэгдэж байв. Шар нунтагийн хувьд байгаль дээр алт, зэс шиг байдаг л зүйл. Боловсруулахаараа л өндөр хамгаалалт аюулгүй байдал шаарддаг юм. Боловсруулалтыг нь Монголд биш, өөр улсад хийхээр байсан ч энэ төсөл өнөөг хүртэл гацсан төслүүдийн нэг хэвээр байна. “Франц бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орон. Англи, Америк, Орос, Хятад, Франц улсууд энэ зөвлөлийн байнгын гишүүд. Бид баялгийнхаа салбарт бусад дөрөвтэй нь харилцаж байгаа. Энэ утгаараа, тодруулж хэлбэл геополитик талаас харсан ч Франц түншлэхгүй байх аргагүй, хэрвээ"Арева"-г явуулчихвал орон зайг нь Орос, Хятад, Энэтхэгийн аль нэг жижиг компани эзэлнэ” гэсэн тайлбарыг учир мэдэх улс хэлдэг.

ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТЭЭС МУШГИА ХУДАГ ХАМГИЙН ИХ НӨӨЦТЭЙ НЬ

Дэлхийд хамгийн эрэлттэй баялаг бол газрын ховор элемент. Цахилгаан машин ирээдүйд хүн төрөлхтний гол хэрэглээ болно гэж байгаа энэ үед өндөр хөгжилтэй улс орнууд газрын ховор элементийг онцгой сонирхож байна. Дулаан цахилгааны төгс дамжуулагч болж чаддаг нь энэ элементүүдийн давуу тал. АНУ-ын Геологийн судалгааны газар дэлхий дээр газрын ховор элементийн ашиглаж болохуйц 100 сая гаруй тонн нөөц байгааг тогтоосны дөчөөд хувь нь Хятадад, бүр тодруулж хэлбэл Өмнөд Монголд байгаа аж. Үлдсэн хэсэг нь АНУ, ОХУ болон хуучин Зөвлөлтийн харьяаны орнууд, Афганистан, Монголын хөрсөн дор бий гэсэн тооцоог тэд гаргажээ. Өмнөд Монгол их хэмжээний нөөцтэй учраас Монголд анхаарал татахаар хэмжээний нөөц байх нь гарцаагүй гэсэн судлаачдын таамаглал ч бий. Манай улсын нутаг дэвсгэрийн жар орчим газарт газрын ховор элементүүдийн орд илэрсэн гэсэн албан бус статистик сонсогддог. Гэхдээ нийт нөөц нь хараахан тогтоогдоогүй. Хайгуулын түвшний ажлууд л хийгдэж буй. Хамгийн их нөөцтэй гэгдэх Өмнөговийн Мушгиа худаг ордыг Өмнөд Монголын том ордтой дүйцэхүйц гэсэн мэдээлэл бий. Мушгиа худагийн ордод ЗХУ, БНМАУ-ын ШУА-ийн геологийн хамтарсан экспедици 1983-1984 онд эрэл хайгуулын ажил хийж байж. Товчхондоо манайд хайгуул хийгдсэн хамгийн том орд газар. Өмнөговь аймгийн Мандалговь сумын нутагт орших энэ ордын тойм нөөцийг 398 сая тонн хүдэрт агуулагдсан газрын ховор элементийн нийлбэр исэл нь 6.1 сая тонн гэж үнэлсэн байдаг.

ТОСОН УУЛААС 40 САЯ ТОНН ГАЗРЫН ТОС ОЛБОРЛОНО

Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тосны хайгуулын 33 талбайг ялгаж, 27 талбайд 28 бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулснаас Буйрын XII гэх талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээ дуусчээ. Онцолж хэлэхээр орд нь “Петрочайна дачин тамсаг” компанийн Тосон-Уул-19, Тамсаг-21, Буйр-22 талбай. Эдгээр талбайд 2,4 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийжээ. Тосон уулын газрын тосны ордын ашиглалтын хугацаанд нийт 1638 цооногоор 20 сая тонн газрын тосыг 2039 он хүртэл, 2041 он хүртэл нийтдээ 40 сая гаруй тонн газрын тос олборлохоор төлвлөөд байна.

КОКСЖИХ НҮҮРСЭЭРЭЭ ТАВАН ТОЛГОЙТОЙ ХОРШИХ ОВООТ

“Аспайр майнинг” компанийн эзэмшдэг Овоотын орд дэлхийн зах зээл дээр Таван толгойн коксжих нүүрстэй хоршино. Өөрөөр хэлбэл Таван толгойн нүүрстэй өрсөлдөхгүй, олон улсын зах зээл дээр биенээ нөхнө гэсэн давуу талтай. Коксжих нүүрсээр ган хайлдаг, тэгэхдээ гурваас таван төрлийн нүүрс хольдог, Таван толгойнх шиг чанарын коксжих нүүрс ихэнх хувийг нь, Овоотынх шиг төрлийн коксжих нүүрс 15-25 хувийг нь эзэлдэг гэсэн шалтгаан бий. Энэ ордын нөөцийг ЖОРК стандартаар тогтоосон юм. Овоотын нүүрсний нөөц 230-250 сая тонн. Орос, Хятадад Овоотынх шиг чанарын коксжих нүүрсний орууд бий ч олборлолт нь гүн рүүгээ орж, нүүрс гаргаж авах зардал нь ихсээд байгаа. Энэ шалтгаан “Аспайр майнинг”-ийн эзэмшдэг ордыг олон улсын зах зээл дээр үнэ цэнэтэй болгож буй. Тэгэхээр Овоотоос нүүрс экспортолж эхэлбэл дэлхийн зах зээлээс доллар татах том боломж байгаа гэсэн үг. “Аспайр майнинг” компани төмөр замын бүтээн байгуулалт хийхээсээ өмнө авто зам барьж нүүрсээ тээвэрлэх шийдэлд хүрээд байна. Хүнд даацын 560 км авто замын төсөл нь орон нутаг, иргэний хөдөлгөөний элдэв эсэргүүцэлгүй хэрэгжвэл Монгол Улс хориод жил ашиглах коксжих нүүрсний шинэ уурхайтай болно.

ХҮРЭН НҮҮРСЭЭ ДОЛЛАР БОЛГОХ ОЙРЫН БОЛОМЖ НЬ БАГАНУУР

Коксжих нүүрсээ доллар болгочихдог Монголын хувьд хүрэн нүүрс өнөөхөндөө үнэ цэнэ багатай ашигт малтмал хэвээр байна. Манай улсын нүүрсний нийт батлагдсан нөөц нь 37.4 тэрбум тонн. Энэ нөөцийн 70-80 орчим хувь нь хүрэн нүүрс. Өдгөө бид 7-8 сая тонн орчим хүрэн нүүрс олборлож ашигладаг. Яг энэ янзаараа хэрэглэвэл 3700 орчим жил ашиглах нөөц гэсэн тооцоо дуулддаг. Хүрэн нүүрсний хувьд эрчим хүч гаргаж авах, ахуйн хэрэглээнд түлэх гэсэн хоёр төрлийн хэрэглээтэй. Хүрэн нүүрсээ ам.доллар болгох нэг том гарц бол эрчим хүч. Бүр тодруулж хэлбэл томоохон уурхайнуудынг түшиглэж цахилгаан станц бариад эрчим хүч үйлдвэрлэж экспортлох. Хамгийн боломжтой орд газрын нэг нь Багануур. Өмнө нь энэ орд дээр иймэрхүү төсөл хэрэгжүүлэх яриа хөөрнөө өрнөж байсан удаатай. Багануурын ордыг түшиглэж энэ мэт том төсөл хэрэгжүүлэх гэхээр төр, засгийн эрх мэдэлтнүүдээс улбаатай лицензийн маргаан тээг болдог. Дийлэнх хувийг нь төр эзэмшдэг уул уурхайн компанитай шүүх дээр лицензийн асуудлаар маргаж буй хувийн хэвшлийн “Алтайн гянт”-ын тусгай зөвшөөрлийн түүхийг харахаар эхлэл үүтгэл нь төрөөс угшилтай анзаарагддаг. Маргаан тарьсан лицензийг анх өгсөн хүн нь тухайн үеийн АМГ-ын дарга Лу.Болд, зөвшөөрөл авсан нь УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын “Очир төв” компани, эрхэм гишүүн лицензээ зарахдаа элдэв “но”-г нь хэлээгүйгээс болж асуудал шүүхдээ тулсан, эцэстээ тусгай зөвшөөрөл худалдаж авсан компани нь залилуулсан гэх гомдлоор АТГ, цагдаад хандахаа мэдэгдсэн тухай мэдээлэл хөвөрч буй. Ийм шалтгаантай асуудал Багануурын хүрэн нүүрсийг доллар болгох боломжийг хойшлуулсаар байна. Хүрэн нүүрснээс эрчим хүч гаргаж экспортлох өндөр боломжтой уурхай гэгддэг энэ ордын нөөц 812 сая тонноор хэмжигддэг.

ЦЭЦЭГМААГИЙН БААСАНСҮРЭН

Эх сурвалж: “ӨДРИЙН” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602423
0 эможи

keyboard_arrow_up