COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 09, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Coal mongolia 2015“ Олон улсын чуулга уулзалтанд Хэн, Юу хэлэв?

2015 оны 4 сарын 10

Нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын “COAL MONGOLIA-2015”Олон улсын чуулга уулзалт  Улаанбаатар хотноо хоёр дахь өдөр болж байна. Энэ удаагийн чуулга уулзалтад хайгуул, олборлолтын компаниуд, хөрөнгө оруулалтын сан,банк, санхүүгийн байгууллагууд, ханган нийлүүлэгчид, мэргэжлийн холбоод болон АНУ, ОХУ, БНХАУ, Канад, Австрали, Япон, Энэтхэг зэрэг 20 гаруй орын 600 гаруй төлөөлөгчид оролцож байна.

 

Мөн Монгол улсын сайд М.Энхсайхан, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Уул уурхайн сайд Р.Жигжид, Энержи ресурс ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл, Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулган, эдийн засагч Ж.Жаргалсайхан болон УИХ-ын гишүүд зэрэг төлөөлөгчдийн итгэлийг хэлэлцэж байна. Тэгвэл оролцогчид ямар байр суурьтай байсныг хүргэж байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Олон жил гацсан Таван толгойн төсөл хөдлөх болно

Нүүрсний салбар нь Монгол орны уул уурхайн үйлдвэрийн анхдагч гэдгээрээ ялгардаг бөгөөд манай нүүрсний нөөц 173.5 тэрбум тонн орчим байгаа. Энэ нь Монгол Улс нүүрсний салбарын олон улсын зах зээлд томоохон тоглогч болох боломжтойг харуулж байгаа юм. Хэдийгээр дэлхийн зах зээлд нүүрсний үнэ уналттай байгаа ч өнгөрсөн онд манай улс 19.5 сая тонн нүүрс экспортод гаргаж улсын төсөвт 272 тэрбум төгрөгийн татварын орлого оруулсан юм. Энэ нь чамлашгүй амжилт бөгөөд манай нүүрсний салбарт ажиллаж байгаа уурхайчид, аж ахуйн нэгжүүдийн хүчин зүтгэл, нөр их хөдөлмөрийн үр дүн гэдгийг онцлон хэлэхэд таатай байна. Монгол Улс нүүрсний чамгүй баялаг нөөцтэй орны хувьд тус салбар дахь хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын асуудал нь төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын гол цөмд байдгийг Та бүхэн мэднэ.

Шивээ овоо, Багануур, Чандгана, Төгрөг нуур, Адуунчулуун, Тэвшийн говь зэрэг эрчим хүчний нүүрсний арвин нөөцтэй ордуудад шинээр цахилгаан станц барьж байгуулах боломжтой бөгөөд энэ чиглэлээр Монгол Улсын Засгийн газар эрчимтэй ажиллаж байна. Монгол Улсын Таван толгой, Нарийн сухайт, Хөшөөтийн нүүрсний сав газрын бүлэг ордууд нь хайгуул судалгааны түвшинд сайтар судлагдаж, сайн чанарын коксжих болон чулуун нүүрсний экспортын гол үйлдвэр, уурхай болон хөгжиж байна.

Таван толгойн ордыг хөгжүүлэх хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах гэрээг Засгийн газраар хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд ойрын хугацаанд Монгол Улсын Их Хурлаар хөрөнгө оруулалтын гэрээгээ хэлэлцүүлнэ. Ийнхүү олон жил гацсан Таван толгойн төсөл хөдлөх болно.

Монгол улсын сайд М.Энхсайхан: 76  шалгуураар хэмжвэл Тавантолгой төсөл явахгүй

Сүүлийн 200 жилийн хугацаанд түүхий эдийн үнэ 30-50 жил гэсэн циклээр явж ирсэн гэнэ.  Супер цикл буюу эрдэс баялгийн үнэ  огцом өсдөг хугацаа ийм хол зайтай тохиодог аж. Сүүлийн үед нүүрсний зах зээл дээр манай шинэ өрсөлдөгчөөр тодроод буй Мозамбикад гэхэд 700 км төмөр зам барихаар ярьжээ.

Тавантолгой төсөл бүрэн хүчин чадлаараа  ажилласан үед төсөвт 340 тэрбум төгрөгийн  татвар төвлөрүүлнэ гэсэн тооцоо гарчээ.  Гурван компанийн хамтарсан консорциум Хөрөнгө оруулалтын, Хамтын ажиллагааны, Концессын гэсэн гурван  гэрээг засагтай зурах юм байна. Компаниудын түвшинд 5-6 гэрээ байгуулах шаардлага байгаа аж. /Өнөөдөр сонин 2015.04.10 №085/

Уул уурхайн сайд Р.Жигжид:  Нүүрсний салбарын хувьд хэвийн түвшинд байгаа гэж хэлмээр байна

Эрхзүйн орчноо илүү ойлгомжтой болгох чиглэлээр өнгөрсөн хугацаанд ажиллаж ирсэн. Ажил хэрэг болгох хэдэн зорилт болсон асуудал бий. Өнгөрсөн жилүүдийн үйлдвэрлэлийн хэмжээ, хүний нөөц, улсын төсвийн орлогоо өөдрөгөөр төсөөлж ирсэн. Энэ онд нэлээд даруухан төлөвлөсөн. 2015 онд нийт нүүрсний олборлолтын хэмжээг 14 хувиар бууруулж 21,9 сая тонноор бууруулсан. Экспортын хэмжээг өнгөрсөн оны гүйцэтгэлээс 23 хувиар бууруулж 15 сая тонноор, улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 133 тэрбум төгрөгөөр, коксжих нүүрсний үнийг 29 хувиар бууруулж тус тус тооцоо хийгдсэн. Бодлого хэрэгжүүлэхэд зайлшгүй салбарынхаа өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, боломжийг сайжруулах шаардлагатай байна. Тээвэр ложистикийг сайжруулах, бүтээгдэхүүний боловсруулалтын төвшинг дээшлүүлэх, өртөг шингээх хэрэгтэй. Энэ чиглэлээр яамны зүгээс шат дараатайгаар хэлэлцэнэ.Бид юун түрүүн хуримтлал бий болгох ёстой. Тайван байгаа үедээ хуримтлалаа бий болгож тааруухан үедээ түүнийгээ ашиглах ёстой. Хувийн хэвшил аж ахуй нэгжтэй нягт хамтарч ажиллах ёстой. /mining.mn 2015.04.09 /

Эрчим хүчний сайд Д.Зоригт: Эрчим хүч экспортлох төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна

Монгол улсын эрчим хүчний салбар Баруун бүсийн эрчим хүчний систем, Алтай Улиастайн эрчим хүчний систем, Дорнод бүсийн эрчим хүчний систем, Төвийн эрчим хүчний систем гэсэн 4 бие даасан дизель станцууд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээс бүрдэж байна.
Эрчим хүчний системүүдийн хэмжээгээр 2014 онд дулааны цахилгаан станцууд 5191.3 сая кВт.ц усан цахилгаан станц 66.3 сая кВт.ц  болон нар салхины эх үүсвэрээр 126.0 сая кВт.ц, дизель станцаар 8.32 сая кВт.ц буюу нийт  5392 сая кВт.ц цахилгаан үйлдвэрлэж, импортоор 1396.9 сая кВт.ц цахилгаан эрчим хүч худалдан авч хэрэглэгчдэдээ 4285.2 сая кВт.ц  цахилгаан эрчим хүч, 7186.4 мян.Гкал дулааны эрчим хүчийг түгээлээ.Хэдийгээр манай орны эрчим хүчний салбар нь хэвийн тогтвортойгоор ажиллаж, улс орны эрчим хүчний хэрэглээг өнөөгийн түвшинд найдвартай, тасралтгүй ханган ажиллаж байгаа боловч ойрын хугацаанд шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлууд улс орны нийгэм, эдийн засгийн эрчимтэй хөгжилтэй уялдан бий болж байна.

Манай орны эрчим хүчний салбарын хөгжлийн урт хугацааны стратегийн зорилтыг дэлхийн улсуудын эрчим хүчний хөгжил болон бүс нутаг, хөрш орнуудын эрчим хүчний хөгжилтэй нягт уялдуулж тодорхойлох нь даяарчлалын өнөөгийн үед зайлшгүй зүйл болж байна.

Эрчим хүчний яамнаас Шивээ Овоогийн нүүрсний уурхайг түшиглэн 4800 МВт-ын цахилгаан станц барьж, эрчим хүч экспортлох төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Дэлхийн эрчим хүчний балансын 2030 он хүртэлх таамагаас харахад Дэлхийн эрчим хүчний балансын % нь Зүүн хойд Азид төвлөрөх тооцоо байна.Эдгээр тэргүүлэх чиглэлийг бодлого болгон хэрэгжсэнээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжил, үндэсний аюулгүй байдлыг хангах онцгой ач холбогдол бүхий эрчим хүчний салбарыг өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээгээ тогтвортой хангасан, үр ашигтай, хэмнэлттэй, байгаль орчинд хал багатай техник, технологийг нэвтрүүлсэн, хувийн хэвшлийг дэмжсэн, эрчим хүч экспортлох чадамж бүхий салбар болгон хөгжүүлэх болно.  /mining.mn 2015.04.10 /

Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институтын ерөнхийлөгч Д.Дамба: Нэг компанийн ажлыг УИХ-аар шийдвэрлүүлнэ гэдэг буруу

Монголын нүүрс яах юм бэ?, олон улсад яаж өрсөлдөх вэ гээд зөвхөн уул уурхайн салбарынхан яриад зогсохгүй. Дэд бүтэц, хил гааль, татварын асуудал гээд маш олон талын хүчин чармайлтаар энэ ажил явдаг учраас бүх талаас нь хэлэлцэж, тодорхой шийдэлд хүргэх гэж чуулган болдог.

“Coal Mongolia”-д оролцож буй хүний тоо хангалттай. Суудал дүүрэн хүн байгаа ч гадны хөрөнгө оруулагчдын хувьд чамлалттай харагдаж байна. Жилээс жилд багасч байгаа. Ганц “Coal Mongolia” биш. Монгол улсад гадныхан итгэхээ байж. Монголчууд ёстой бүтэхгүй хүмүүс. Нэг гэрээ хийхээр нэг хэсэг нь болиулчихдаг гээд. Энэ бол Монголын хамгийн муухай пиар. Нөгөө тамын тогооны үлгэр шиг. Нэгнийгээ ахиу ажиллахаар татаж унагаадаг жишгээр л явж байна. Өчигдөрхөн би Тавантолгой руу нисээд ирлээ. Тэгэхэд манай улсын онгоцны буудалд нэг ч гадаадын онгоц алга. Ийм л болчихож. Гадныхан ирэхгүй байна.   /“Улс төрийн тойм” сонин2015.04.10 № 065  / 

Transwest” ХХК-ийн худалдааны хэлтсийн дарга Д.Болдсүх:  Тодорхойгүй, хүлээгдэж буй төслүүд урагш явах, боломжит үр дүн гараасай

Манай компанийн тухайд энэхүү арга хэмжээг жил бүр зохион байгуулахад хамтран ажилладаг. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ харьцангуй уналттай үед зохион байгуулагдаж байгаа ч оролцогчид үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн бэлтгэн нийлүүлэгчид төрийн байгууллагын төлөөлөлтэй нэг дор сууж, цаашид хэрхэх тухайгаа ярьж байгаа нь үр дүн гарахын дохио. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Бэлтгэн нийлүүлэгчийн хувьд өртөг, зардал багатай тоног, төхөөрөмж нийлүүлж бүтээгдэхүүний зардлыг бууруулаад өөрсдийн боломжоор туслах, хөдөлмөрийн бүтээмж, өндөртэй тоног төхөөрөмж нийлүүлснээр үр ашиг хэрхэн дээшлэх дээшлэх вэ гэдгийг таниулах үүднээс хамтран оролцож байна. Чуулганаас тодорхойгүй, хүлээгдэж буй томоохон төсөл урагш явах, боломжит үр дүн гараасай хэмээн хүсч байна.   /“Улс төрийн тойм” сонин2015.04.10 № 065  / 

Эрдэс баялгийн эдийн засагч, судлаач Л.Наранбаатар: Оюутолгой хөрөнгө оруулалтаа нөхөх хугацааг хэн ч тааварлаж мэдэхгүй

Төр стратегийн ордуудад хувь эзэмшиж байгаа. Эзэмшиж буй хувиа тодорхой хэмжээний нөөцийн хэлбэрийн хувь хэмжээнд шилжүүлээд авах тухай сонголтыг бий болгосон. Сонголт бидний гарт бий. Өнөөдөр стратегийн ордод төр хувь эзэмшээд явахдаа зөвхөн ашиг авах биш алдагдлыг үүрэх хариуцлага хүлээдэг. Тэгэхээр хувь эзэмшинэ гэдэг бол зөвхөн ашиг хүртэнэ гэсэн үг биш. Нэгдүгээрт, эрсдлээс зугатахын тулд ийм сонголттой хууль гаргаж ирлээ гэж харж байна. Хоёрдугаарт, хувь эзэмшлээрээ ашиг хүртдэггүй юмаа гэхэд хамгийн сүүлд ногдол ашгаас хүртэнэ. Хүртэхгүй ч байж мэднэ. Орлогоосоо зардлуудаа хасна, зээлийн санхүүжилтийн зардлаа танана, бүх татвараа хасаад үлдсэн ашиг орлогоо хуваарилна. Оюутолгойн хөрөнгө оруулалтаа нөхөх хугацааг 10 ч юм уу 15 жил ч юмуу хэлж мэдэхгүй. Зэсийн үнийг бид тааварлаж чадахгүй шүү дээ6

Эрдэнэтийг харахад л мега төслийн үр ашиг харагдана. Хот байгуулагдаж хэчнээн хүнийг ажлыг байртай болгож улсын төсвийг тэтгэж байгаа билээ. Мега төсөл гэж нэрлэхүйц цөөхөн төсөл Монголд бий. Гэнэтхэн л мега төсөл болчихдоггүй. Олон жилийн хайгуулын үр дүнд хөрөнгө мөнгө хаяж эрсдэл үүрч байж уурхайг төлөвлөж ТЭЗҮ хийдэг. /mining.mn 2015.04.09 /

Энержи ресурсийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл: Нүүрсний зах зээл ширүүн өрсөлдөөнтэй байна

Бид өмнөх жилийн coal Mongolia  дээр Австралийн боомтын үнэ 126 ам.доллар болж уналаа, 200 гаруй ам.доллар байсан шүү дээ гэж халаглан ярьж байсан. Гэтэл өнөөдөр 100 ам.доллараас доошилчихлоо.  Нүүрсний зах зээл ямар хатуу өрсөлдөөн дунд байгааг эндээс харж болно. Нийлүүлэгчдийн 75 хувь нь алдагдалтай ажиллаж байна. /Өнөөдөр сонин 2015.04.10 №085/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20366
0 эможи
keyboard_arrow_up