COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 12, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Б.ГАНЗОРИГ: УНТЭ-т бамбай булчирхайн ДУРАНГИЙН мэс заслыг анх удаа амжилттай хийж, дурангийн аргыг нэвтрүүллээ

админ
2020 оны 7 сарын 08

Arslan.mn

Бамбай булчирхайн өвчлөл сүүлийн жилүүдэд нэмэгдэх болжээ. Жилд дунджаар 500 гаруй бамбай булчирхайн мэс засал төлөвлөгддөг бөгөөд үүний 300 гаруйг нь Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хийдэг байна. Тиймээс хагалгааны дийлэнхийг хийдэг Нэгдүгээр төв эмнэлэг шинэ технологи нэвтрүүлжээ. Энэ талаар УНТЭ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч Б.Ганзоригтой ярилцлаа.

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Улсын нэгдүгээр төв эмнэлэг эрүүл мэндийн салбарт маш олон төрлийн мэс заслыг аргыг шинээр нэвтрүүлж, нутагшуулдаг. Тэгвэл танай тасагт жилд дунджаар хичнээн хүнд ямар төрлийн хагалгаа хийж байна вэ?

-Сайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Миний хувьд УНТЭ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгчээр энэ оны нэгдүгээр сард томилогдсон бөгөөд тус эмнэлэгт 13 дахь жилдээ ажиллаж байна. 
Манай тасаг жилд ерөнхий мэс заслийн 3000 гаруй хагалгаа хийдэг. Үүнээс бамбай булчирхайн чиглэлээр жилд 300 гаруй, дурангийн цөсний хагалгаа 1000 гаруй хийгдэж байна.  УНТЭ нь сүүлийн жилүүдэд шинэ технологи, эмчилгээний аргыг нэвтрүүлж байна. Тухайлбал, Элэгний хавдрын хагалгааг дурангаар хийж байна. Анх жижиг хэмжээтэй хавдрыг авдаг байсан бол сүүлийн үед  том хэмжээтэй хавдрыг мөн авч байна. Мөн бүх төрлийн эвэрхийн хагалгааг дурангаар хийж байна. Энэ жилээс эхлэн бамбайн булчирхайн болон суганы булчирхай авах хагалгааг дурангаар амжилттай хийж эхэлсэн.  Түүнчлэн бөөрний дээд булчирхайн хагалгааг дурангаар хийж байна. Ерөнхийдөө одоо хийгдэж буй бүх хагалгаануудыг сайжруулахын тулд бага хөнөөлт буюу дурангийн аргуудыг сайжруулах, нэр төрлийг олшруулах, цар хүрээг ихэсгэх зорилготой ажиллаж байна. 

“Дурангийн мэс засал хийлгэхэд ил харагдах шарх сорви үүсэхгүй”

-Энэ жил Бамбай булчирхайн зангилаа авах мэс заслыг анх удаа дурангаар хийсэн нь амжилттай болсон. Тус мэс заслыг эмчилгээнд нэвтрүүлснээр ямар дэвшил гарав.

-Манай эмнэлгийнхэн 1978 оноос хойш бамбай булчирхайн мэс заслыг нээлттэй хийж ирсэн. Уг өвчлөл хүн амын дунд элбэг тархсан тул улсын хэмжээнд жилд дунджаар 500 орчим мэс засал хийдэг. Үүний 300 гаруйг нь манайх хийдэг. Энэ тоо өнгөрсөн жилээс багассан. Учир нь  жижиг хэмжээтэй,  зангилаатай бол хагалгаа хийхээс илүү хатаах эмчилгээ, сүүлийн үеийн радио долгионоор түлэх эмчилгээг нэвтрүүлснээр энэ төрлийн хагалгааны тоо багассан.  

Энэ оны гурав дугаар сарын 25-ны өдөр УНТЭ-т анх удаа бамбай булчирхайн зангилааг хөх, суганы хүрц (BABA)-ээр дурангийн аргаар авах мэс заслыг хармоник ашиглан амжилттай хийсэн.  37 эмэгтэй анх хүзүүнд үүсгэвэр гэнэт томорсон, хүзүү хоолой дарсан зовиуртай бидэнд хандсан. Бамбай булчирхайн баруун талын уйланхайт зангилаатай оношоор шингэнийг соруулж, склероз эмчилгээ хийхэд үр дүн өгөөгүй тул дурангийн мэс заслыг сонгосон.

Өнөөдрийн байдлаар тус хагалгааг нийт ТАВАН ТОХИОЛДОЛД амжилттай хийгээд байна. 

Уламжлалт буюу нээлттэй мэс заслын үед хүзүүний өмнөд хэсэгт 5-10 см хөндлөн зүсдэг тул сорви үлдэнэ. Цаашлаад эдгэрэх явц удаан. Харин дурангийн хагалгааны дараа ил шарх, сорви үлдэхгүй.

Тодруулбал, бамбай булчирхайн зангилааг дурангаар авахын тулд хөх, суганы хүрц (BABA)-ээр тусгай гуурс шургуулахдаа таван мм л зүсдэг тул гоо сайхан алдагдуулахгүй, эргээд гарах хор хөнөөл багатай.

-Цаашид энэ төрлийн бүх хагалгааг дурангаар хийх боломжтой юу? Үнэ өртөг ямар байх вэ?

-Бамбай булчирхайн мэс заслын сүүлийн үеийн энэхүү технологийг бид тусламж, үйлчилгээндээ аль болох өргөн ашиглана. Гэхдээ өвчний үе шатаас хамаарч тодорхой заалтаар дурангийн хагалгаа хийдэг. Бамбайн зангилааны хэмжээ бага байвал уг эмчилгээг сонгох боломжтой болж байна.

Дурангийн хагалгааны үеэр өндөр өртөгтэй багаж хэрэглэдэг учраас хагалгааны зардал нээлттэй хагалгааг бодвол арай үнэтэй байдаг. Одоогоор хагалгаа нийт төлбөрийн 75 хувийг улсаас төлж,  хувь хүн 25 хувийг гаргаж байгаа.  

- Бамбайн булчирхайн өвчлөл гэж юу вэ? Бамбай булчирхайн зангилаат эмгэгийн шалтгаан юу вэ. Хүндрэлийн талаар мэдээлэл өгөөч? 

Бамбайн булчирхайн өвчлөл нь хоёр янз байдаг.

  •  Үйл ажиллагааны гаралтай
  • Бүтцийн гаралтай гэж ангилан авч үздэг. 

Үйл ажилагааны гэдэг нь нэрнээс тодорхой үйл ажиллагаа нэг бол ихсэж, нэг бол багассан үед илрэх хүндрэл. Ихэсгэхээр бамбайн хордлого болно. Харин багасахар бамбайн дутагдал болно. Энэ нь гормоны шинжилгээгээр болон бараг гаднаас харахад л  мэдэгддэг. Энэ тохиолдолд хагалгаа хийх шаардлагагүй, эмээр эмчилнэ.

Бамбайн хордлогтой хүн бол харахад гялалзсан том нүдтэй, туранхай, арьс нь харласан,  маш их хөлөрдөг, байнга шингэн алддаг зэрэг шинж тэмдгээр илэрдэг.

Бүтцийн өөрчлөлттэй бол зайлшгүй мэс заслын эмчид хандана. Нойр булчирхай, уйланхай, зангилаа цаашлаад хортой, хоргүй хавдар гэсэн ийм төрлүүдэд хагалгаа хийнэ. Гэхдээ нэг талдаа байрлалтай, цөөн ширхэгтэй, хэмжээ жижиг бол хатаах, сүүлийн үеийн радио долгионоор түлэх эмчилгээг хийдэг болсон. 

Уг эмгэгийн 1-3 хувийг хортой хавдар эзэлдэг. Ихэнх тохиолдолд хоргүй зангилаа үүсдэг. Оношлуулж, эмчлүүлэхгүй удвал зангилааны хэмжээ томорч, хүзүү, хоолой дарах эрсдэлтэй. Эл өвчний төрөл, шалтгаан олон. Бамбай булчирхайн зангилаат үрэвсэл удамшлын, уурлаж, бухимдсанаас, халдвар, орчны нөлөөнөөс хүртэл үүсдэг. Өвөрмөц шинж тэмдэг багатай ч амархан уурлах, гомдох зэргээр сэтгэл тавгүйрхэж, ядарч сульдан, гэнэт зүрх дэлсэх нь нийтлэг.

 Монголчууд “Бамбай нь зүрхэндээ орсон” гэж ярьдаг. Энэ нь уг өвчний нэг л төрөл. Нүд мэдэгдэхүйц бүлтийж харагдах, гар салгалах, цочих, уурлах, хөлрөх, турах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй.

Хатаах эмчилгээ, радио долгионоор түлэх эмчилгээний тухайд?

Бамбайн жижиг зангилаа болон дахисан зангилаат өвчний үед бамбай булчирхайд сорви үүсгэдэг хатаадаг тариа хийдэг, үр дүн сайтай ч илүү аюулгүй арга нэвтэрсэн нь бамбай булчирхайн зангилааг өндөр давтамжит радио долгионоор хэт авиан хяналтанд түлж сорвижуулах арга юм. Энэ аргыг сүүлийн нэг жил гаруйн хугацаанд эмчилгээнд нэвтрүүлснээр дээр хэлсэнчлэн мэс засал хийгдэх үйлчлүүлэгчийн тоо мэдэгдэхүйц буурч байна.

-Ихэвчлэн хэдэн насны хүнд бамбайн эмгэг илэрч байна вэ?

-Ер нь энэ өвчин хүйсийн хувьд 3/1 гэсэн харьцаатай байдаг. 2.5-3 дахин илүү эмэгтэйчүүд өвчлөх магадлалтай. Эрчүүдийн хувьд харьцангуй бага. Эмэгтэйчүүдийн сэтгэл хөдлөл, уурлах, стресдэх зэрэг гармоний солилцоог алдагдуулахтай холбоотой байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ яг эндээс болдог гэсэн тодорхой тайлбар байхгүй. 

Нөгөө талаас сүүлийн жилүүдэд бамбай булчирхайн эмгэгийн тархалт ихсэж  байна. Манай улсад тархалтын судалгаа хараахан хийгдэж дуусаагүй хэдий ч өвчлөл нэмэгдсэн нь ажиглагдаж байгаа. Агаарын бохирдол, хоол хүнсний байдал, амьдралын хэв маяг, стресс, мөн газар нутгийн онцлог зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байна. Тухайлбал, өндөр уулархаг газрын хүмүүс өвдөх эрсдэл их байдаг.

Мөн бамбай булчирхайн өвчлөл удамших хандлагатай байдаг. Гэр бүлийн аль нэг гишүүн, аав, ээж, эмээ нь өвчилж, оношлогдсон, эмийн болон мэс заслын эмчилгээ хийлгэж байсан бол ялангуяа охид нь өвдөх магадлал өндөр байдаг. Гэхдээ охид нь толгой дараалан өвдөнө гэсэн үг биш, аль нэг нь бусад хүчин зүйлийн нөлөөллөөр өвдөх магадлалтай.

-Бамбайн эмгэгийн шинж тэмдэг хэрхэн яаж илэрдэг вэ?

-Тухайн хүний биеийн онцлог, удамшил, нас, хүйс, амьдарч буй орчин, ажил мэргэжилтэй холбоотойгоор хүн бүрт харилцан адилгүй шинж тэмдэг илэрнэ. Ихэвчлэн зүрх дэлсэх, турах, арьс харлах, нүд бүлтийх, халууцаж хөлрөх, салганаж чичрэх, булчин сулрах, хоолны дуршил ихсэх, гүйлгэх, нойргүйдэх, амархан уурлаж баярлах, гомдох, сэтгэл түгших, цочромтгой болох мөн биеийн жин нэмэгдэх, ой тогтоолт муудах, арьс хуурайших, сонсгол муудах, ээдэрч дультарч ярих, өтгөн хатах, жингүйдэх гэх мэт шинж тэмдэгүүд илэрдэг. Эдгээр шинж тэмдэг илэрвэл нарийн мэргэжлийн  эмчид хандах хэрэгтэй. Зөвлөгөө авч урьдчилан үзүүлж байх хэрэгтэй. 

Бамбайн дааврын эког хийлгэж урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэж байх хэрэгтэй.  Ялангуяа 45-ээс дээш насны эмэгтэй хүмүүс бол цэвэржилтээс хойш насныханы хоёр эмэгтэй тутмын нэг нь бамбай булчирхайн зангилаатай байна гэж судалгаа гарсан. Тиймээс энэ насныхан тогтмол урьдчилан сэргийлж, хянуулж байх хэрэгтэй.

-Зарим хүмүүс ардын эмчилгээгээр эмчлээд бамбайн эмгэг эдгэрсэн гэж ярьдаг л даа. Иоджуулсан давсыг хэрэглээд эдгэрсэн ч гэж ярих нь бий. Тэгвэл энэ боломжтой юу. 

- Ард иргэдийн ам дамжсан эмчилгээний аргууд шинжлэх ухаанаар батлагдаагүй шүү дээ. Бид ямар зуунд амьдарч байгаагаа бодох л хэрэгтэй. Хэн нэгний санаанаасаа зохиосон, шинжлэх ухаанаар батлагдаагүй эмчилгээнд итгэж, цаг хугацаа алдан биеийн байдлаа хүндрүүлэх хэрэггүй. 

Иод бол тодорхой хэмжээгээр бамбайн булчирхай чиглэлийн өвчлүүдээс сэргийлэхийг үгүйсгэхгүй боловч яг бамбайн өвчин, бамбай булчирхайн зангилаа өвчнийг эдгээх боломжгүй. Иод дутагддаг бамбай өвчин гэж бас тусдаа өвчин буюу иод дутагдалын эмгэг гэж тусдаа өвчин бий. Тэр өвчнийг бол тусдаа эмээр эмчлэх ёстой. Тэрнээс биш бамбай өвчинтэй хүн иод хэрэглэхээр эрүүл мэндэд нөлөөлнө гэж ойлгож болохгүй. Хүмүүсийн дунд ямар буруу ойлголт байдаг вэ гэхээр иодын дутагдлаас болдог бүх өвчнийг  бамбайн нийт өвчлөлтэй холбоотой юм шиг ойлгодог. Энэ бол буруу. 

-Ярилцлагынхаа төгсгөлд иргэдэд хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

-Бамбай булчирхай нь жижиг хэмжээтэй боловч хүний биеийн бүхий л эд эрхтний  бодисын солилцоонд оролцож, хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцлийг хангаж өгч байдаг амин чухал эрхтэн. Тиймээс бамбайн эмгэгээр оношлогдсон бол дааврын хяналтын шинжилгээг тогтмол өгөх, хэн нэгний ам дамжсан яриагаар өөрийгөө эмчилж цаг хугацаа алдах хэрэггүй, заавал нарийн мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй гэж зөвлөмөөр байна. 

-Бидэнтэй ярилцаж, үнэтэй зөвлөгөө өгсөн танд баярлалаа. 

-Баярлалаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618448
11 эможи

Зочин
2020-07-08 16:05
keyboard_arrow_up