COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 14, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

БИД НЭГ АГААРТАЙ : Гурван Монгол хүн тутмын нэг нь СҮРЬЕЭГИЙН ХАЛДВАРТАЙ

2017 оны 11 сарын 14

Arslan.mn

Сүрьеэ өвчинтэй тэмцэх ажлын хүрээнд ХӨСҮТ-өөс сүрьеэгийн өвчний тархалтын талаар үндэсний хэмжээний судалгаа хийжээ. Энэ ажлын хүрээнд  “Бид нэг агаартай” сэдэвт сургалтыг эрүүл мэндийн ажилтнууд болон сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулан өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа.

Сургалтын үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, ХӨСҮТ-ийн Анагаах ухааны доктор, Тархвар судлаач Д.Наранзул, П.Янжиндулам зэрэг судлаач эмч нар  яагаад сүрьеэгээр өвчилдөг вэ,  Монгол улсын сүрьеэ өвчний өнөөгийн байдал, бусад улс орны сүрьеэ өвчний байдал, Монгол дахь  сүрьеэгийн тархалтын  анхны судалгааны үр дүн зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж, үр дүнг танилцууллаа.

Arslan.mn

“Монгол улсын  сүрьеэгийн  өвчлөл Африкийн  орнуудтай  ижил түвшинд байна”

Манай улс сүрьеэ өвчний өвчлөлөөр дэлхийд дээгүүрт жагсдаг бөгөөд гурван хүн тутмын нэг нь сүрьеэгийн халдвар авсан болох нь судалгаагаар нэгэнт тогтоогджээ. Сүрьеэгийн нян нь хүний биед идэвхгүй нууц байдалд байж байгаад хүний биеийн дархлаа сулрах үед өвчин болж илэрч гарч ирдэг байна.

Мөн Монгол улс НДББ-ийн 37 орноос сүрьеэгийн өвчлөлөөр 3-т орж байна гэсэн судалгаа гарсан.  Манайд жил бүр 4,000 гаруй хүн сүрьеэтэй гэж шинээр оношлогддог бөгөөд арван хувийг нь хүүхэд багачууд эзэлж байна. Гэвч энэ тоог мөсөн уулын дөнгөж орой хэсэг нь гэж үздэг ажээ. Түүнчлэн манай улсад сүрьеэгээр жилдээ 260 хүн нас барж байна. Нөгөө талаас  ард иргэдэд сүрьеэ өвчний талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг байгаагаас өвчнийг эрт илрүүлж, оношлох үйл явц их удаашралтай явагдаж байгаа тул нянгийн тархалт улам хурдацтай газар авч, гүнзгийрэх гол шалтгааны нэг болж байна.

Нэгэнт асуудал хурцадсан учраас сүрьеэ өвчнийг эрт оношилж, цаг алдалгүй эмчлэхийн тулд сүрьеэгээр өвчилсөн хүнд илэрдэг шинж тэмдгийг бүх нийтээр мэддэг болох нь манайд тулгамдсан асуудал болж хувираад байна. Сүрьеэ өвчний үйл явц нь бусад цочмог халдварт өвчнийг бодвол илүү удаан хугацаанд нууц байдалд аажмаар лавширч хүндэрдэг. Эхэн үедээ хааяа л үгдэрдэг учраас хүмүүс өвчнөө үл хайхрах юмуу яваандаа өөрөө эдгэрнэ гэсэн найдлага тээсээр өвчнөө улам хүндрүүлэх гол шалтгаан болж байгаа аж.

Сүрьеэгээр 2015 онд 10.4 сая хүн шинээр өвчилж, 1.8 сая хүн /0.4 сая нь ХДХВ-ийн халдвартай хүн байна/ сүрьеэгийн улмаас нас баржээ. Дэлхий даяар 2015 онд 480,000 хүн олон эмэнд тэсвэртэй сүрьеэ, 100,000 хүн рифампицинд тэсвэртэй гэсэн тохиолдол бүртгэгджээ.

Нийт эмэнд тэсвэртэй  сүрьеэгийн 45 хувь  нь Энэтхэг, БНХАУ болон  ОХУ-д бүртгэгдсэн байдаг бол БНЭУ, Индонез,  БНХАУ, Нигери, Пакистан болон Өмнөд Африк зэрэг 6 улс нийт өвчлөлийн  60 хувийг эзлэж байна. ДЭМБ-ын  тооцоолсноор Монгол улсын  сүрьеэгийн  өвчлөлийн түвшин  100,000 хүн амд 428 байгаа нь Африкийн  орнуудтай  ижил түвшинд байна гэж дүгнэсэн.

Arslan.mn

“Уушигны  халдвартай сүрьеэтэй  өвчтөн өдөрт  75,000 агаарын дусал үүсгэж байдаг”

Юуны өмнө, сүрьеэ өвчин нь дотроо халдвартай, халдваргүй гэсэн 2 янз байдаг. Эдгээр нь илрэх шинж тэмдгийн хувьд яг адилхан боловч уушигны халдвартай сүрьеэ нь ханиалгах замаар агаар дуслын замаар дамжиж тархдаг. Сүрьеэгийн нийт өвчлөлийн дунджаар 40 хувь нь халдваргүй сүрьеэ, 60 хувь нь уушигны буюу халдвартай сүрьеэ өвчнөөр өвчилдөг байна.

Энэ өвчнөөр хэн ч өвчилж болно. Учир нь ханиад томуутай ижил амьсгалын замаар халдварладаг юм. Сүрьеэгээр гэмтдэггүй эрхтэн гэж байдаггүй ч өвчилсөн хүмүүсийн ихэнх нь уушигны сүрьеэгээр өвчилдөг. Уушигны сүрьеэгээр өвчилсөн, цэрэнд нь сүрьеэгийн нян байгаа хүмүүс энэ өвчний халдварыг тараадаг байна. Тэдний ханиалгах, найтаах, цэрээ хаях, тэр байтугай ярих, дуулахад ч сүрьеэгийн нян агаарт цацагдан бохирдсон энэ агаараар нь амьсгалсан хүмүүс сүрьеэгийн халдвар авдаг.

Уушигны сүрьеэтэй хүн нэг удаа ханиалгахад 500 жижиг дусал үүсч, эмчилгээнээс өмнө уушигны халдвартай сүрьеэтэй өвчтөн өдөрт 75,000 агаарын дусал үүсгэж байдаг.

Эмчилгээг үр дүнтэй хийлгэж байгаа үед 2 долоо хоногийн дотор  халдвартай дуслын тоог  25 хүртэл бууруулдаг байна. Тиймээс наад зах нь ханиадтай хүмүүс хүртэл амны хаалт зүүж хэвших, ядаж амны алчуур, ханцуй, тохойгоороо хааж ханиалгахыг зөвлөж байна.

Arslan.mn

Хэрвээ 14 хоногоос дээш хугацаагаар ханиалгах, цустай цэр гарах, цээжээр хөндүүрлэх, шөнөдөө жихүүдэс хүрч хөлрөх, үе үе халуурах, хоолондоо дургүй болж турж эцэх шинж тэмдгүүд танд илэрвэл яаралтай эмнэлэгт хандахыг зөвлөж байна. Харин халдваргүй сүрьеэгээр өвчилсөн хүнд илэрдэг гол шинж нь хааяа шөнө хөлөрч жихүүдэс хүрэх, халуурах,  хоолондоо дургүй болж ихээр турж эцдэг бөгөөд ясны сүрьеэгээр өвчилсөн бол аль нэг юмуу хэд хэдэн булчирхай нь дотроо буглаж идээлэх ба яваандаа нуруу, түнх зэрэг яснууд нь идээлж эхэлдэг.

Ерөнхийдөө амьдралын нөхцөл буураад, доройтоод ирэхээр хүмүүс сүрьеэ өвчнөөр өвчлөх нь эрс ихэсдэг тул нийгмийн өвчин гэж үздэг. Тухайлбал, ядуурал, ажилгүйдэл, архидалт, агаарын бохирдол, стресс зэрэг нь сүрьеэ өвчнөөр өвчлөх үндсэн шалтгаан болж байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
49560
8 эможи
keyboard_arrow_up