COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Цалин нэмүүлэх шаардлага ба цагаан нөмрөгтнүүдийн ТЭСРЭЛТ

2017 оны 9 сарын 16

Хичээлийн шинэ жил эхлэхийн өмнөхөн ерөнхий боловсролын сургуулийн багш нар цалингаа нэмүүлэх шаардлага тавин жагсаал, цуглаан зохион байгуулж, улмаар ажил хаялт зарлана гэж мэдэгдэж байв.

Тэгвэл өнгөрсөн баасан гаригт эмч нар энэ тэмцэлд нэгдлээ.

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг ирэх онд 50 хүртэл хувиар нэмж, үүнд шаардлагатай хөрөнгийг ирэх оны төсөвт суулгахыг шаардаж хэвлэлийн бага  хурал хийв.

Тэд энэ шаардлагынхаа хариуг эрх баригчдаас таван хоногийн дотор багтаан авна гэж мэдэгдсэн байна. Эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилтан 20 мянган хүн гарын үсэг зурсан албан шаардлагыг УИХ, Засгийн газар, ХНХЯ, Сангийн яам, ЭМЯ-нд хүргүүлжээ. Хэрвээ энэхүү шаардлагыг хүлээн авч шийдвэрлээгүй тохиолдолд орон даяар хөдөлгөөн өрнүүлж, ажил хаялт зарлахаа  мэдэгдэв.

Энэ бол эмч, эмнэлгийн ажилтнуудын хувьд үнэхээр тэвчээр алдарч, цаашид дуугүй хүлцэнгүй суух аргагүй болсны илрэл гэж олон нийт харж байна. Тиймээс Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар хэвлэлийн бага хурлын үеэр “Цаашид бүсээ чангалж, тэвчиж чадахгүй” гэж хэлсэн болов уу.

Цалин нэмүүлэх шаардлага ба цагаан нөмрөгтнүүдийн тэсрэлт

Эмч, эмнэлгийн ажилтнууд яагаад цалингаа нэмүүлэх шаардлага  тавих болов гэдэгт хариулах гээд үзье. Үүний тулд мэдээж эхлээд хэд хэдэн статистик тоо эш татах болох нь. Монгол Улсын гурван сая хүн амд 3244 эрүүл мэндийн байгууллага, 47429 ажилтан, үүнээс 9562 их эмч, 11357 сувилагч, 7422 эмнэлгийн мэргэжилтэн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Эдгээр ажилтнуудын дийлэнх олонхийг эмэгтэйчүүд эзэлдэг. Өнөөдрийн байдлаар их эмч нар сардаа 558559-634912, сувилагч нар 405200-471814 төгрөгийн цалинг авч байна. Цалингийн энэ хэмжээ 2014 оноос хойш огт нэмэгдээгүй байгаа ажээ.

Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн өсөлт, хөгжил, ажлын үнэлэмж судалгаагаар судалгаанд хамрагсдын 75,5 хувь нь одоогийн авч буй цалинтай гүйцэтгэж байгаа ажил нь тохирохгүй байгаа шалтгаанаа ажлын ачаалал болон сэтгэл зүйн дарамт ихтэй ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүргээ гүйцэтгэж чаддаггүй гэсэн байна.

Иймээс эрүүл мэндийн салбарын эмч ажилтнууд өндөр нарийн мэргэжил, ур чадвар шаардсан ажлыг цаг наргүй хийж гүйцэтгэхийн зэрэгцээ хүн амын төвлөрөл ихтэй хот суурин газруудад ажлын ачаалал маш их, үйлчлүүлэгчдийн дарамт шахалт, нийгмийн ороо бусгаа цаг үед стресс ихтэй ажиллахын зэрэгцээ 2014 оноос хойш цалин хөлс огт нэмэгдээгүй өнөөдрийг хүрсэнд бухимдалтай байдаг гэсэн судалгаа гарсан байна.

Энэ бүхэнд үндэслэн хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрт заасны дагуу МҮЭХ-ноос нэмэлт хэлэлцээр хийх санал гаргасан ч өнөө хүртэл эрх баригчид цааргалсаар байгаа гэнэ. Тэд 2018 онд эрүүл мэндийн салбарынхны цалинг нэмж чадахгүй, 2019 онд нэмж болох юм гэсэн байр суурь илэрхийлжээ. Харин эмч. эмнэлгийн ажилтнууд 2019 он хүртэл тэсч чадахгүй гэдгээ илэрхийлж, Үйлдвэрчний эвлэлийн байгууллага нь УИХ, Засгийн газарт тодорхой шаардлага тавьж байгаа нь энэ юм.

Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэх зайлшгүй шаардлагуудыг дурдъя. Юуны өмнө саяхан хийсэн “Сэтгэл зүй, ажлын ачаалал дарамт”-ын талаарх судалгаагаар эрүүл мэндийн салбарынхан удирдах ажилтны болон шат шатны шалгадаг байгууллага, үйлчлүүлэгч, иргэд, байгууллагын уирдлагын дарамтад стандарт бус нөхцөлд ажиллаж байгаа гэдгийг тогтоосон байна. Энэ судалгаа эрүүл мэндийн салбарын ажилтнууд хүнд нөхцөлд, үнэлэмжгүй, дарамтад ажилладгийн нотолгоо юм.

Нэмж хэлэхэд өнөөдөр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хувьд бүх шатны эмнэлгүүдэд 10-55 хувь хүртэл орон тооны дутагдалтай буюу нэг эмч, сувилагч 2-3 хүний ажлыг хийж байгаа ажээ.

Мөн эмч, эмнэлгийн ажилтнууд цалин орон тооны хомсдлоос үүдэн эмч нарын ажлын ачаалал ихсэж, ажлын чанарт нөлөөлж байгааг ч эмч нар хэлж байна. Хоёроос гурав дахин их ачаалалтай ажиллачихаад сард 400-600 мянга орчим төгрөгийн цалинг хоёр хувааж аваад түүгээрээ амьдарна гэдэг амаргүй. Тиймээс эрүүл мэндийн салбарт ажиллагсад цалингаас цалингийн хооронд, өр зээлээ өр зээлээр дарж, урд хормойгоо авч хойд хормойгоо нөхөхийн үлгэрээр л хоног өдрийг аргацааж байна гэхэд хилсдэхгүй.

Тиймээс эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын ачаалал, үүрч буй хариуцлагад дүйцсэн цалин хөлс олгоё гэвэл өнөөдөр авч байгаа цалинг нь 50-иас доошгүй хувиар нэмэх зүй ёсны шаардлага байгааг судалж тогтоожээ.

2014 оны гуравдугаар сард тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Н.Удвал эмч 2.7 сая төгрөг, сувилагч 1.6 сая төгрөгийн бодит ажил хийж байгаа гэдгийг судалгаагаар тогтоосон тул эмч нарын цалинг гурван сая төгрөг болгохын төлөө ажиллана гэж мэдэгдэж байсан удаатай. Үүгээр үзвэл эмч, эмнэлгийн ажилтнууд авбал зохих цалин урамшууллынхаа гуравны нэгээс ч бага цалингаар амьдарч байгаа гэсэн үг. Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос 2017 онд бүх шатны 51 эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийн хүрэлцээг стандарт, батлагдсан орон тоо, одоо ажиллаж буй орон тоотой харьцуулан судлахад 10-55 хувь буюу 1769,5 хүртэл орон тоо дутагдалтай байгаа нь тогтоогджээ.  

Орон тооны хомсдлоос шалтгаалан ажлын ачаалал ихсэж, ажлын чанарт нөлөөлж байна гэж Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооныхон үзсэн байна. Хүний нөөцийн хүртээмж, орон тоотой холбоотойгоор гарч буй эрсдэл, алдаа зөрчлийн хариуцлагыг эмч эмнэлгийн мэргэжилтэн үүрч, арга хэмжээ авахуулан сэтгэл зүйн дарамтанд ороход нөлөөлж байгааг ч тэд онцолж буй юм. Тиймээс эмч, эмнэлгийн ажилтнууд цалингаа нэмэгдүүлэхийн төлөө тууштай тэмцэнэ гэж мэдэгдэж байгаа юм.

Олон улсын жишгээр бол эмч нарын цалин  асар өндөр байдаг. АНУ-д гэр бүлийн эмч буюу манайхаар бол өрхийн эмч гэж бий. Тэд сард 14,5 мянган ам.долларын цалин авдаг. Энэ нь хамгийн бага цалинд тооцогддог гэнэ. Швейцарийн эмч нарын хамгийн бага цалин 7,8 мянган ам.доллар, Их Британийн эмч нарын хамгийн бага цалин 7,0 мянган ам.доллар байдаг ажээ. Монголд бол эмч нарын цалин дээд тал нь 634 мянга буюу 260 орчим ам.долларын цалин авч байна. АНУ-ын хамгийн бага цалинтай эмч сард 14,5 мянган ам,доллар авдагтай үүнийг жишихэд Монголын эмч нар 55 дахин бага цалин авч байна.

Хүний алтан амь, эрүүл мэндийн манаанд нойр, хоол, амралтаа умартан зогсдог цагаан нөмрөгтнүүдийнхээ цалин 50-60 дахин нэмэгдүүлж дэлхийн жишигт хүргэдэггүй юм гэхэд 50 хувиар нэмэх цаг хэдийнэ болжээ.

Цалин нэмүүлэх шаардлага ба цагаан нөмрөгтнүүдийн тэсрэлт

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47104
1 эможи
keyboard_arrow_up