7 хоногийн тойм 24°C 2444.96₮
11 сарын 19, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Д.БАЯН-ӨНДӨР: МОНГОЛД АНХ УДАА ОЛОН УЛСЫН БОЛООД 21 АЙМГИЙН БӨӨРНИЙ МЭС ЗАСЛЫН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНИЙГ ХАМАРСАН ОЛОН УЛСЫН ХУРАЛ БОЛНО

админ
2017 оны 9 сарын 06

Arslan.mn

Монгол улсад анх удаагаа 21 аймгийн бөөрний мэс заслын эмч, мэргэжилтнээс гадна АНУ, БНСУ, БНХАУ-ын мэргэжилтнүүдийг хамарсан Олон улсын хурлыг Урологи-Андрологийн төвийн 60 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах гэж байна. 

Нэгэн Жарны хөгжлийг дараагийн шатанд гаргахад чухал нөлөө үзүүлнэ хэмээн тус арга хэмжээг зохион байгуулагчдын зүгээс онцлож байна. Тэгвэл энэ салбарын гол тулгууруудын нэг УНТЭ-ийн Урологи-Андрологийн төвийн дарга, Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, АУ-ны доктор Д.Баян-Өндөр эмчтэй ярилцсанаа хүргэж байна.

Урологи-Андрологийн төвийн 60 жилийн ойн хүрээнд хийгдэж буй ажлаас ярилцлагаа эхлүүлье.

Бид Урологи-Андрологийн төвийн 60 жилийн ойг тэмдэглэхээр жилийн өмнөөс төлөвлөгөө гарган ажиллаж байна. Төлөвлөгөөний дагуу бид 60 жилийн түүхтэй энэ салбарын ололт амжилт, хөгжлийн үе шат болгоныг түүхэнд тэмдэглэн үлдээх, Анагаах ухааны хөгжилд үе үеийн эмч, мэргэжилтнүүдийн оруулсан хүч хөдөлмөр, гавьяаг тунхаглах зорилгоор хэд хэдэн ном товхимол, оюуны бүтээлүүдийг нэгтгэн гаргаж байна.

Үүний нэг нь Урологийн чиглэлээр эмч, эмнэлгийн ажилтнууд болон оюутнуудад зориулсан томоохон хэмжээний сурах бичиг юм. Уг сурах бичиг энэ долоо хоногт хэвлэлтээс гарна. Энэхүү сурах бичгийг УНТЭ-ийн Зөвлөх эмч Д.Нямсүрэн ерөнхийд нь туурвин, тасгийн эмч нар гар бие оролцсон хамтын бүтээл боллоо.  Манайд бөөрний мэс заслын чиглэлээр Монгол хэл дээр сурах бичиг байдаггүй учраас энэ удаагийн сурах бичиг  анхны ном болж байгаа юм.

Бид мөн Урологи-Андрологийн төвийн сүүлийн 10 жилд хийсэн ажлын тайлан, бүтэц зохион байгуулалт, үе үеийн эмч, мэргэжилтнүүдийг хамруулсан дурсамж дүүрэн “Зураг түүх өгүүлнэ” (2007-2017) номыг гаргахаар ажиллаж байна.

Урологийн ахмад эмч нарын мэдлэг, чадвар дээр тулгуурлан уг салбар хэрхэн үүсч хөгжсөн тухай 30 минутын баримтат киног хурлын хоёр дахь өдөр буюу энэ сарын 9-ий өдөр хуралд оролцогчдод толилуулах болно.

Түүнчлэн бөөрний мэс заслын  салбарт гарсан бүх эрдэм шинжилгээний өгүүллийг нэгтгэсэн эрдэмтэн, докторуудын материалуудыг оруулсан бүтээлүүд гарна. Өөрөөр хэлбэл бөөрний мэс заслын Монгол эрдэмтдийн 10 жилийн бүтээлүүд багтсанаараа ихээхэн онцлогтой.

Төлөвлөгөөний бас нэг том акц бол “Урологийн дурангийн мэс заслын орчин үеийн чиг хандлага” сэдэвт Олон улсын хурлыг амжилттай өөрийн орондоо зохион байгуулах ажил юм. Энэ сарын 8,9-ний өдрүүдэд зохион байгуулах гээд бэлтгэл ажлууд нь хангагдаад явж байна. Ойн арга хэмжээний хүрээнд бид түүхэн баримтат кино хийж байна. Урологийн ахмад эмч нарын мэдлэг, чадвар дээр тулгуурлан уг салбар хэрхэн үүсч хөгжсөн тухай 30 минутын баримтат киног хурлын хоёр дахь өдөр буюу энэ сарын 9-ий өдөр хуралд оролцогчдод толилуулах болно. Өнөөдрийн байдлаар баримтат киноны үйл явц дуусах шатандаа явж байна. Бидний дараа дараагийн үеийнхэн үүнийг цааш нь илүү хөгжүүлээд аваад явна гэдэгт итгэлтэй байна.

Энэ удаагийн хурлын онцлог юу вэ?

Дурангийн мэс заслын үе шат, техникийг ашиглах арга барилыг дүрс бичлэгээр шууд дамжуулах замаар хуралд оролцож буй эмч мэргэжилтнүүдэд сургалт явуулна

Хурлын эхний хэсэгт Урологийн эмчилгээнд нэвтэрч буй орчин үеийн бага хүрцэт хэвлийн дурангийн мэс заслыг гадны эмч нар хийж байгааг мэс заслын өрөөнөөс хурлын заал руу шууд дамжуулан, оролцогчдод үзүүлэх сургалт зохион байгуулна. Мэс заслыг манай залуу эмч нарыг эх орондоо сургасан БНСУ, БНХАУ-ын эмч, мэргэжилтнүүд хийнэ.

Өөрөөр хэлбэл дурангаар мэс засал хийж байгаа дүрс бичлэгийг дэлгэцнээс дэлгэц рүү шууд дамжуулах юм. Ингэснээр дурангийн мэс заслын үе шат, техникийг ашиглах арга барилыг дүрс бичлэгээр шууд дамжуулах замаар хуралд оролцож буй эмч мэргэжилтнүүдэд сургалт явуулах юм.

Хурлын хоёрдугаар хэсэгт Чингис зочид буудлын хурлын танхимд онол практикийн хурал болно. Тус хурлаар гадаадын болон Монгол эрдэмтэн, эмч нарын шилдэг илтгэлүүд тавигдана. Хоёр өдрийн арга хэмжээ нь оролцогчдод онол, практик хосолсон бүрэн хэмжээний сургалт өгөхөөс гадна мэдлэгээ дээшлүүлэх, харилцан туршлага солилцох таатай боломжийг өгч байгаагаараа онцлог.

Өнөөдрийн байдлаар Урологи-Андрологийн төв ямар ажлуудыг хийж байна вэ?

Манай төв нь нийт 10 эмч, 17 сувилагч, амбулаторийн хэсэгт 3 эмчийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. 2016 онд хөдөө орон нутагт бөөрний мэс заслын чиглэлээр 9 эмч бэлтгэж, газар дээр нь нутагшуулах зорилгоор орон нутагт очиж мэс засал хийлгэн эмч нарт сургалтуудыг зохион байгуулсан. Ингэснээр хөдөө, орон нутгийн иргэд Улаанбаатар хотод ирж цаг алдах шаардлагагүй болж байгаа юм.

2016 онд хөдөө орон нутагт бөөрний мэс заслын чиглэлээр 9 эмч бэлтгэж,газар дээр нь нутагшуулах зорилгоор орон нутагт очиж мэс засал хийлгэн эмч нарт сургалтуудыг зохион байгуулсан.

Бид энэ жил дуусгах хэд хэдэн ажлууд байна. Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн талаар дүүрэг, өрхийн эмнэлгүүдэд сургалт зохион байгуулах, мэс заслын бичлэгүүдийг цомхотгож жижиг зөвлөмж бичлэг болгон вэб сайтанд байрлуулах ажлууд хийгдэнэ. Андрологи гэдэг нь ичимхий эрхтэнийг судалдаг шинжлэх ухаан юм. Эрэгтэй хүмүүс энэ талаараа хоорондоо яриад байдаггүй. Үүний  улмаас хаана эмчлэгдэж байна, яаж өвчилдөг, хэрхэн эмчлүүлэх ямар ч мэдлэггүй байдаг. Тиймээс мэдээллээр хангах, урьдчилан сэргийлэх, Андрологийн чиглэлээр эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэх төлөвлөгөөтэй байна. Бидэнд нэн тэргүүнд лазерын аппарат оруулж ирэх шаардлагатай байна. Энэ аппаратыг оруулж ирсэнээр дэлхийн хөгжилд ойролцоогоор 10 жил дөхөх боломж бий болоод зогсохгүй эмнэлгийн үйл ажиллагаанд томоохон дэвшил болох юм.

Урологи: (Уро-шээс, логи- шинжлэх ухаан) грек үгнээс гаралтай шээс судлалын шинжлэх ухаан. Урологи нь бөөр шээсний замын мэс засал гэж ойлгож болно. Тодруулбал, бөөр шээсний замын бүх эмгэгүүд багтдаг. Бөөр, шээлгүүр, давсаг, түрүү булчирхай, шээдэг сүв, шодой, төмсөг зэрэг нь бүгд орно.

Андрологи: Эрэгтэйчүүдийн бэлэг эрхтэний эмгэгүүд, нөхөн үржихүй, дааврын өөрчлөлт зэрэг орно. Монголд андрологийг хүмүүс бараг мэдэхгүй байх нь аргагүй. Урологийн эмч нар нь давхар андрологийг хариуцаж байгаад 2016 оны 2 дугаар сараас Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн захиралын тушаалаар Урологи- Андрологийн Төв болсон.

Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарын хурлуудыг  олон улсын хэмжээнд зохион байгуулж, гадны эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүдийг хамруулдаг болсон байна. Тухайлбал өнгөрсөн 7 дугаар сард “Эрхтэн шилжүүлэн суулгалт”-ын олон улсын хоёрдугаар хурлыг зохион байгуулсан. Ингэж монголд олон улсын хурал зохион байгуулах ач холбогдол нь юунд байдаг вэ?

Энэ удаагийн олон улсын хуралд  гадаадаас 11 эмч ирж,  манай орны нийт 60 гаруй эмч мэргэжилтнүүдтэй харилцан туршлага солилцох боломжоор хангагдаж байна.

Бид сүүлийн үед хурлыг аль болохоор олон улсын хэмжээнд зохион байгуулахыг эрмэлзэж байна.Ингэснээр тэр болгон гадаад руу сургалт, семинарт оролцож чаддагүй эмч, мэргэжилтнүүддээ олон талын сургалт өгөх, туршлага солилцох, шинэ технологи, инновацийн талаар мэдлэг, мэдээлэлтэй болгох, өвчний талаар нийтээрээ нэг мэдээлэлтэй болох, мэдэхгүй зүйлээ газар дээр нь асууж тодруулах, зөвлөлдөх зэрэг олон талын ач холбогдолтой юм. Боломж нь олдоод гадаад руу сургалтанд хамрагдахад наад зах нь хэлний мэдлэгийн асуудал байдаг. Нөгөө талаараа салбар, салбарын түвшинд бүхий л мэргэжилтнүүдийг хамруулах боломжтой учраас аль болох эх орондоо томоохон хурлуудыг зохион байгуулаад явж байна.

Тухайлбал, энэ удаагийн олон улсын хуралд  гадаадаас 11 эмч ирж,  манай орны нийт 60 гаруй эмч мэргэжилтнүүдтэй харилцан туршлага солилцох боломжоор хангагдаж байна.

Энэ удаагийн хурлаар Дурангийн мэс заслыг гадны эмч мэргэжилтнүүд хийж, туршлагаасаа хуваалцана гэсэн. Манай улсад дурангийн мэс засал ямар түвшинд явж байгаа вэ?

Дэлхийд урологийн хэвлийн дурангийн мэс засал олон чиглэлээр хөгжиж байна. Хөгжингүй орнууд роботын мэс засал хийж байна. Робот нь бага зайнд эд эрхтэний ялгахлт хийх, оёдол тавих, биетийг томсгож харах зэрэг боломжит байдал илүү нэмэгдүүлж байдаг ч үнэтэй учраас зөвхөн хөгжингүй оронд ашигладаг. Хөгжиж буй орнуудад хэвлийн хүрцээр дурангийн мэс засал(лапароскопи) хийж байна. Манай улсад бага хүрцэт хэвлийн дурангийн мэс засал 2007 онд анх хийгдэж эхэлсэн. 2009 онд багаж тоноглолоо авч, 2016 онд нийтдээ 38 хүнд мэс засал хийсэн.

Бага хүрцэт хэвлийн дурангийн мэс засал, нээлттэй  мэс заслаас ямар ялгаатай вэ?

Таны асуултыг энгийн жишээн дээр тайлбарлая.  Нээлттэй мэс заслын хүрц нь 10-13 см зүсэлт хийж байж бөөрөндөө хүрдэг. Харин дурангийн мэс засал нь жижиг нүхээр 3, 4 газар 1.2 см хүрц гаргаж хийгддэг учраас шархны хэмжээ, өвчтөний зовиур харьцангуй багасдаг. Нээлттэй мэс заслын үеэр хийж байгаа обьектоо өөрсдөө харж, томруулах шаардлагатай бол лүүп зүүж 2.5-4 дахин томсгон харна. Харин дурангийн мэс засал нь бидний харж байгааг дэлгэцэн дээр 15-20 дахин томсгож харуулна. Дурангийн мэс засал нь хүний шээдэг сүвээр ороод шарх үүсгэхгүйгээр эмчилдэг давуу талтай.

Ярилцсанд баярлалаа. Ирэх хуралд нь амжилт хүсье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46794
0 эможи

keyboard_arrow_up