COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 25, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“АЛТАН МӨРДЭС“ соёрхсон генералуудын өдөр

админ
2021 оны 4 сарын 29

Arslan.mn

Монгол Улсад генерал цол бий болсны 77 жилийн ой, Монгол генералын өдөр тохиолоо. Төр засгаас генерал цолыг “Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавъяа байгуулсан цэргийн дээд дарга нарт олгоно“ хэмээн журамлаж БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн тогтоолоор анх Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарын 11 хүнд генерал цол олгосноос хойш өнөөг хүртэл 186 хүн энэ эрхэм цолыг хүртжээ. Монгол Улс цэрэг армидаа генерал цолыг хэрэглэж эхэлсэн нь цаг хугацааны хувьд Халхын голын дайны шалгуурыг даван туулж ялалт байгуулсан, 1945 оны Чөлөөлөх дайны өмнөх эгзэгтэй үе байсан бөгөөд Монгол Улс дэлхий нийтийн хөгжлийн замаар алхаж явааг, Монгол цэргийн дарга нар дэлхийн армийн дарга нарын зэрэг зиндаанд хүрснийг илтгэн харуулсан явдал байсныг ахмад дайчид хэлдэг.

Монгол Улсын генералуудаас Монгол Улсын баатар зургаа, Хөдөлмөрийн баатар гурав төрөн гарсан бөгөөд 1939 оны Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайнд 34 хүн оролцож, 15 хүн АИХ болон УИХ-ын гишүүн, сайд, орлогч сайд зэрэг төрийн өндөр алба хашиж, 11 хүн Монгол Улсын гавьяат хэмээх эрхэм цолыг хүртэж, 38 хүн эрдмийн цол зэрэг хамгаалж, 10 хүн олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцож НҮБ болон олон улсын бусад байгууллагад ажиллаж, олон хүн дипломат алба хашжээ. Энэ тоо баримт нь Монгол Улсын генералууд зөвхөн улс орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө төдийгүй Монгол улсынхаа хөгжлийн үйл хэрэгт манлайлан оролцож ирснийг гэрчилж байгааг харуулж буй юм.

Энэхүү түүхэн өдрийг 2004 оноос хойш “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэж ирснээр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд жил бүр цэргийн дээд цолтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг бахархалт уламжлал тогтсон бөгөөд алтан мөрдэст генералуудаараа бахархах, тэдний гавьяа зүтгэл, дайчин уламжлалыг нь хойч үеийнхэнд өвлүүлэх, монгол бахархлыг түгээн дэлгэрүүлэх өндөр ач холбогдолтой өдөр юм. Энэ жил цар тахалтай холбоотойгоор Монгол генералуудын өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэж чадаагүй ч эх орон, эр цэргүүд сэтгэл зүрхээрээ хүндэтгэлээ. Түүхэн өдрийг тохиолдуулан Батлан хамгаалахын сайд, бригадын генерал Г. Сайханбаяр мэндчилгээ дэвшүүлэхдээ “БНМАУ-ын Ардын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор анх генерал цол олгож эхэлсэн энэ өдрийг эх орныхоо халдашгүй дархан байдлын төлөө тангараг өргөн зүтгэсэн цэргийн дээд цолтнуудынхаа үйл хэрэг, эх орныхоо өмнө байгуулсан алдар гавьяаг мөнхжүүлэн, хүндэтгэл үзүүлэх, бахархан дуурайх үзлийг хойч үедээ төлөвшүүлэх, тэдний цэргийн хэргийн өргөн мэдлэг, цэрэг амьдралын баялаг туршлагаас суралцах явдлыг эрхэм болгон тэмдэглэж ирсэн билээ. “Байлдагчийн халаасанд генералын мөрдэс бий” гэж манай цэргийнхэн ярьдаг. Үнэхээр ч нэгэн үзүүрт сэтгэлээр төр, улсынхаа төлөө зүтгэсэн мянга мянган цэрэг эрсийн дундаас уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл, өөртөө тавьсан өндөр зарчимч шаардлага, үйл хэргээрээ шалгарсан шилдэг хөвгүүдээ Монгол төр үнэлж, генералын алтан мөрдсийг соёрхон олгодог билээ.

Дэлхийн түүхэнд нэр, алдраа мөнхөлсөн хурц ухаантай, эрэлхэг зоригтой, баатарлаг цэргийн аугаа жанжид Монголын түүхнээ цөөнгүй тодрон гарсан юм. Цэргийн түүх, цэргийн урлаг судлаач дэлхийн шилдэг эрдэмтэд өнөөдөр ч Монгол жанждын суут ухаан, цэрэг засах, захирах, байлдах урлагийг шимтэн судалж, зохиол бүтээлдээ тусгаж, орчин үеийн шинжлэх ухаан, технологийн ололт дэвшилтэй хослуулан, стратеги судлалыг гүнзгий хөгжүүлэн улам боловсронгуй болгосоор байгаа нь бидний өвөг дээдсийнхээ суу алдраар бахархах үзлийг хөгжүүлж, “Би Монгол хүн” гэх омогшлыг үргэлж бадрааж байдаг” гэдгийн онцоллоо. Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь  болсон алтан   мөрдэстнүүддээ “Монгол генералуудын өдөр“-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.29 ПҮРЭВ № 86 (6563)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626186
0 эможи

Зочин
2021-04-29 16:45
Манай нөхдүүдэд зохихгүй байгаа асуудал даа. Удахгүй тар нь танигдаад онигоо болох зүйлийг ерөнхийлөгч хийх юмаа
иргэн
2021-04-29 11:11
цэрэгээсээ олон ГЕНЕРАЛ болчихвий дээ тоолсон уу
keyboard_arrow_up