COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 06, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

58 жил хуримтлагдсан аюултай хог хаягдлыг устгаж чадаагүй байна

2018 оны 6 сарын 07

1960 оноос хойш буюу нийт 58 жилийн турш хуримтлуулсан аюултай хог хаягдал Монгол улсад байна. 2017 оны байдлаар улсын хэмжээнд зайлшгүй устгах шаардлагатай химийн хатуу бодис 369 тонн, шингэн 68 мянган литр байдаг аж. Хамгийн аюултай нь эдгээрийн 85 хувь нь зориулалтын бус газарт хадгалагдаж байгаа гээд бод доо. Учир нь аюултай хог хаягдлаа устгах байгууламж, дахин боловсруулах үйлдвэр манайд байхгүй. Мөн энэ төрлийн хог хаягдлын хор хөнөөлийн талаарх олон нийтийн мэдээлэл ч муу. Аюултай хог хаягдал гэхээр эмнэлгийн хэрэглэсэн зүү тариур, эсвэл гибрид автомашины батерей зэргээр төсөөлдөг ч нийслэлийн гэр хорооллынхны өдөр бүр зуухнаасаа гаргадаг үнс хүртэл хүний дотоод шүүрэл, дархлаа, мэдрэл, нөхөн үржихүйн системд нөлөөлдгийг мэдэх нь хэд бол. Учир нь үнс удаан задардаг органик бохирдуулагч аж. Харин ийм бодис болох үнс, хуванцар зэрэг нь дээр дурдсан өвчнүүдийн эх үүсвэр болоод зогсохгүй хорт хавдар, чихрийн шижин, үргүйдэл, дархлалын хомсдол, мэдрэлийн согогтой болох угшлыг бий болгодог гэж албаныхан хэлж байна. Манай орон ганцхан жилийн хугацаанд 180 орчим мянган тонн аюултай хог үүсгэдэг. Гэхдээ 99 хувь нь уул уурхайгаас үүсдгийг энэ онд хийсэн аюултай хог хаягдлын урьдчилсан тооллогоор тогтоожээ. Өчигдөр Улаанбаатарт болсон төв Азийн орнуудын хими, биологийн хог хаягдлын менежментийг сайжрууах бүсийн төслийн зөвлөлдөх уулзалтын үеэр дээрх мэдээллийг өгч байна билээ. Харин аюултай хог хаягдлаа хэрхэх талаар гаргасан шийдвэр, авсан арга хэмжээ байдаггүй манай орны өнөөгийн байдалд бусад улс орнууд санаа тавиад эхэлжээ.

Тухайлбал, Европын холбооны хими, биологи цацраг идэвхт болон цөмийн эрсдэлийг бууруулах бүсийн төслийг хэрэгжүүлэх зөвлөх багийн төлөөлөгчид манай оронд ирээд байгаа аж. Тэд Монголд химийн болон биологийн хог хаягдлын менежментийн өнөөгийн байдал, тулгамдаж байгаа бэрхшээлийг шийдвэрлэхэд туршлагаасаа хуваалцах юм. Харин бусад улс орнууд энэ асуудлаа хэрхэн шийддэг вэ. Аюултай хог хаягдлаас үүдэлтэй хор хөнөөл улс орнуудын хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл нь харилцан хамааралтай болсон энэ үед тэд нэгдсэн гэрээ конвенциор асуудлаа шийдэж байна. Мөн дагаж мөрдөх дүрэм журам, заавал биелүүлэх арга хэмжээ ч бий. Манай улс гэхэд аюултай хог хаягдлын эсрэг Базелын гэрээнд 22 жилийн өмнө элсчээ. Харин 2004 онд удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стокольмын конвенцид нэгдсэн. харин дотооддоо гэвэл химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийг 2006 онд шинэчлэн баталсан бол, таван жилийн өмнө мөнгөн усны тухай Минамата конвенцид нэгдсэн байна. Харин энэ бүхнийг Монгол улс аюултай хог хаягдлын эсрэг хүчин чармайлт гаргаж байна гэж олон улсын байгууллагууд үзсэн бололтой, даян дэлхийн байгаль хамгаалах сангийн 7.5 сая ам.долларын төсөлд хамруулсан байдаг. Гэвч ажил цаасан дээр явснаас хөрсөн дээр буугаагүйн нотолгоо нь одоо хүртэл аюултай хог хаягдлаа булшлах газраа ч олоогүй, орон нутгийн удирдлагууд дундаа шидэж сууна. Мэдээж бүх аюултай хог хаягдал ил задгай, зориулалтын бус байгаа гэвэл өрөөсгөл. Онцгой байдлын ерөнхий газрын дэргэд мөнгөн усны түр агуулах бий бөгөөд тэнд дахин ашиглах шаардлагагүй нийт 239 кг мөнгөн ус байна. Мөн мөнгөн усны давс 18 кг, даралтны аппарат, термометр 47 кг, ашиглахыг хориглосон химийн бодис 2.1 тонныг хадгалж байна. Мөн эмнэлгийн болон биологийн хог хаягдлын менежментийн байгууламж бий.

Харин цаашид энэ асуудлыг шийдэх төрийн бодлого ямар байгааг БОАЖ-ын сайд Н.Цэрэн­ бат, тус яамны мэргэжилтэн А.Оюун нараас тодрууллаа.

Н.Цэрэнбат: үл ойлголцлоос болж аюултай хаягдлын цэг байгуулах боломжгүй байна

-Төв Азийн орнуудын хими, биологийн хог хаягдлын менежментийг сайжруулах замаар аюулгүй байдлыг бэхжүүлэх төслийн зөвлөлдөх уулзалтын үр дүн ямар байдлаар гарах вэ?

-Зөвлөлдөх уулзалтад олон улсын долоон эксперт оролцож мэдээлэл солилцож байна. Бидний өмнө тулгараад байгаа уламжлалт болон хими, биологийн хог хаягдал дэлхий нийтийг эмзэглүүлж байгаа. Тиймээс олон улсын шинжээчид манай оронд тулгараад байгаа хүндрэл, тулгамдсан асуудалтай газар дээр нь танилцахаас гадна хими, биологийн болон шинээр үүсэж байгаа электрон хог хаягдлыг хэрхэн хадгалах, устгах, дахин боловсруулахад шаардлагатай техник, технологийг нэвтрүүлэх ашиглах туршлагаасаа хуваалцах юм.

-Аюултай хог хаягдлыг цэгцлэх зөв шийдэл нь юу юм бэ?

-Технологийн дагуу аюултай хог хаягдал цуглуулах цэгүүдээ байгуулах, булшлах газар, бүсээ тодорхойлох нь юун түрүүнд хийх ажил. Аюултай хог хаягдлыг булшлах цэгийг нийслэл, орон нутгийн ИТХ-аас тогтоож газрыг нь шийдэж өгөх ёстой. Харамсалтай нь орон нутгийн зүгээс аюултай хог хаягдлын цэг байгуулах газрын асуудал дээр үл ойлголцол үүсээд, гацчихсан байна. Нийслэлийн аюултай хог хаягдлыг булах зориулалтын 30 га газрыг төв аймагт гаргахаар болсон ч тус аймгийн итх дээр үл ойлголцол үүсээд зогссон. Энэ асуудлыг шуурхай шийдэж, газрын асуудлыг тодорхой болгосноор хот суурины аюултай хог хаягдлын нэгдсэн цэгтэй болно. Ингэснээр хадгалалт, устгал сайжирна гэж үзэж байгаа.

-Хими, биологийн хог хаягдлыг орон нутагт устгаж булшилснаар хүн, малд нөлөөлөхгүй гэсэн баталгаа бий юу?

-Хог хаягдлын хувьд нийтээрээ замбараагүй байгаа. Ил задгай хаягдсан хими, биологийн хогоос хүн, мал хордож байгаа. Үүнийг засахын тулд ахуйн хэрэглээний химийн бодисоос эхлээд үйлдвэрлэлийн химийн хог хаягдлыг ангилдаг цэгийн ажлыг эхлүүлэх гэж байна. Засгийн газрын хуралдаанаар аюултай хог хаягдлын жагсаалтыг баталсан. Түүнд эмийн, эмнэлгийн, үйлдвэрлэлийн гээд хорт бодисыг төрөлжүүлсэн байгаа. Тэдгээрийг зохистой хэмжээнд нь цуглуулах, устгах, булшлах, дахин боловсруулах ажлуудыг хийхэд энэ зөвлөлдөх уулзалт үр дүнгээ өгнө гэж үзэж байна.

-Аюултай хог хаягдлыг ангилах, хадгалах ажилд иргэд, ААН-үүд яаж хамрагдаж байгаа вэ?

-Хамгийн энгийн мөртлөө аюултай хог бол янз бүрийн батарей байна. Үүнийг цуглуулах ажлыг ЕБС-иуд дээр эхлүүлсэн байгаа. Мөн эмнэлгийн биологийн аюултай хаягдлыг тусгайлан цуглуулж устгал хийж байгаа ААН үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Сүүлийн үед үйлдвэржилт хөгжихийн хэрээр хими биологийн хог хаягдал ихсэж байна. Тиймээс энэ төрлийн тусгай бүсүүдийг бий болгож цуглуулах, зөөвөрлөх, устгах ажлыг хувийн хэвшлийнхнээр гүйцэтгүүлэх юм.

А.Оюун: Аюултай хог хаягдал үүсгэдэг үйлдвэрүүдийг нийслэлээс гаргана

-Иргэд энгийн хог хаягдлаас аюултай хог хаягдлыг юугаар нь ялгах вэ?

-Эх үүсвэрээс гарч байгаа хог хаягдлын кодлогдсон жагсаалт гэж байдаг. Түүнд аюултай хог хаягдлыг а гэсэн тэмдэглэгээтэй, х гэх тэмдгээр хяналттай хог хаягдлыг тэмдэглэдэг. Ямар нэгэн тэмдэглэгээ байхгүй бол энгийн хогонд тооцогдох юм. Одоогоор өрхийн хувьд төрөл бүрийн батарей л аюултай хог хаягдалд тооцогдож байгаа. Хог хаягдлын тухай хуульд энэ зарчмыг барьж аюултай хог хаягдлын тухай тусдаа бүлэг, заалтыг оруулсан. Мөн сүүлд Засгийн газар аюултай хог хаягдлын жагсаалтыг батлахдаа дээрх зарчмаас гадна дан, давхар химийн нэгдлийг нь харгалзан аюултай хог хаягдлын жагсаалтыг тогтоож өгсөн. Түүнээс биш “аккумлятор бол аюултай хаягдал юм” гэх байдлаар тухайлсан бүтээгдэхүүнээр ангилаагүй.

-Аюултай хог хаягдлыг одоогоор яаж устгаж байгаа вэ?

-Хог хаягдлын тухай хуульд тухайн салбарын яамд нь аюултай хог хаягдлаа хариуцахаар байгаа. Үүнд нь мэргэжлийн хяналтын байгууллага анхаарч ажиллах ёстой. Тухайлбал, ЭМЯ эмнэлгийн биологийн аюултай хог хаягдлыг ААН-тэй гэрээ байгуулах замаар зөөвөрлүүлж устгуулдаг.

Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58172
0 эможи

иргэн
2018-06-07 16:23
малын яснаас хүнд хортой асар их ФОСФОР ялгардаг гээ биздээ
АХМАД НАСТАН
2018-06-07 16:20
УБ аас БАГАХАНГАЙ, ЗАМЫН ҮҮД ЯВДАГ ТӨВ ЗАМ ДЭЭР 2017 ОНД БАЙГУУЛАГДСАН ХЯТАД ЭЗЭНТЭЙ ЯСНЫ ҮЙЛДВЭРИЙГ ЗАЙЛУУЛМААР БАЙНА. ЭНЭ ҮЙЛДВЭРЭЭС ЕРДӨӨ 100 аас 200 МЕТРТ ТЗ ийн 4 дүгээр зөрлөгийн ажилчид,ЦЭЦЭРЛЭГ ,гэр хороолол,ҮЙЛДВЭРИЙН ажилчид амьдардаг бөгөөд тэд асар ихээр хуримтуулсан малын ясны өмхий үнэр,түлсэн ясны утааны үнэр гээд хүн хордох бүх нөхцөлд амьдарч байна. Дээр нь малын ясан дээр цугларсан хар шувуунууд тэнгэр харанхуйлж байна.Зохих байгууллагууд анхаараачээ. Үндсэн хуулиар олгогдсон хүн эрүүл орчинд амьдрах эрхээ эдэлмээр байна.
keyboard_arrow_up