COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 06, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Монголын эмгэнэл ЦӨЛЖИЛТ

2018 оны 1 сарын 31

Байгалийн хүчин зүйлийн өөрчлөлтөөс шалтгаалан газрын хөрсөн дээр элсэн хучлага үүсэх, ингэснээр элсэн довцог тогтох, манхан болон үргэлжилсэн их элс хөдөлгөөнд орж нүүх үзэгдэл ихсэх хандлагатай байна. Хөдөлгөөнт сул элсний шилжилтийн хурд жилд 10-14 м, зарим газар 37-38 м хүрч сүүлийн 10 гаруй жилд хөдөлгөөнт хөрсөнд янз бүрийн хэмжээтэй денурц эрчимтэй явагдаж байна. Тухайлбал, элсний хил хязгаар 4-5 км-ээр тэлж жилдээ 2-5 см зузаан давхарга үүсэж, бэлчээрийг элсэн талбай болгон хувиргах боллоо.

Зөвхөн говийн бүсэд хийсэн судалгаанаас үзэхэд гандуу нутгийн эзлэх талбай 3.4 хувиар нэмэгдэж, цөлжилт хүчтэй илэрсэн нутгийн талбай 5.4 дахин, маш хүчтэй илэрсэн нь 1.8 дахин өсөн, манай орны хээрийн бүсийн 33.8 хувь нь цөлжилтөд нэрвэгдэж бэлчээрийн экосистемийн доройтол 11.6, маш хүчтэй доройтол хоёр хувиар илэрч байна. Дэлхийн дулаарлаас шалтгаалан 1940-2011 оны хооронд Монголын цаг уур 1.92 градусаар халуун болсон. Өнгөрсөн 100 жилийн дотор дэлхийн дундаж дулаарал 0.79 градусаар нэмэгдсэнтэй харьцуулахад манай орны хувьд хурцадмал гамшиг болохуйц түвшинд хүрчээ.

Элсний хил хязгаар 4-5 км-ээр тэлж жилдээ 2-5 см зузаан давхарга үүсэж, бэлчээрийг элсэн талбай болгон хувиргах боллоо

Монгол орон дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст, 7-9 км-ийн өндөрт байрладаг, хаврын улиралд салхи урдаасаа хойш шилжих шилжилт манай улсын нутаг дээгүүр байрладаг нь цаг агаар огцом өөрчлөгдөхөд нөлөөлж буй юм. Жилийн хүчтэй салхитай өдрийн 50 гаруй хувь нь гурав, дөрөвдүгээр сард болдгоос говь, хээрийн бүсэд 15 м/с-ээс дээших салхины үргэлжлэх хугацаа 50-70 цагт хүрч, зун, намрын ногооны шимт чанар 2.5-3 дахин, шингэх уураг 10 дахин буурчээ. Дулаарлын улмаас баруун бүсийн сарьдгийн мөнх цас хайлж, хур тунадасны хэмжээ 1940 онд өмнөх оныхоос хоёр хувиар буурсан боловч ургамал ургалтын хугацаанд орох нийт хур тунадаст аадар борооны эзлэх хэмжээ нэмэгдсэнээс хөрсний өнгөн хэсгийн үржил шимийг арчин урсгаж, эвдрэлд оруулж ургамалд ногдох чийгийн тэнцвэрийг алдагдуулан өвс ногоо ургахад муугаар нөлөөлөх болов.

Ялангуяа зургаа, долдугаар сард дулааны хэмжээ огцом нэмэгдэж хур тунадас багасах хандлага байгаа нь цөлжилт, хуурайшилтын гол шалтгаан болж байна. 1921-2006 онд нийт нутаг даяар усны ууршилтын хэмжээ жилд дунджаар 2-3 мм-ээр нэмэгдсэн өөрчлөлтийг үндэслэн тооцоход сүүлийн 46 жилд ууршилт 100 мм хүртэл нэмэгдэж байна. Үүнээс шалтгаалан гол мөрний түвшин буурч ил задгай ус ширгэж, ургамалд ногдох чийгийн хэмжээ багасан модлог, бутлаг ургамлууд үндсээрээ өгөршин ургаж төлжих чадваргүй болж, ой хөвчийн мод хөгшрөх хандлагатай, өвс ургамал ховордож ил задгай усгүйн улмаас ан амьтан дайжин нүүдэллэх, хорогдох, хүний амьдрах орчин хумигдах боллоо.

Зөвхөн 2007 оны тооллогоор 5128 гол, горхины 852, 9306 булаг шандын 2277, 3747 нуур, цөөрмийн 1181, 429 рашааны 60 нь ширгэсэн бол 2015 оны тооллогоор 328 гол, 1102 булаг, 495 нуур нэмж хатжээ. Үүний нөгөө нэг шалтгаан нь манай улс Хойд туйлаас 3000, Газар дундын тэнгисээс 5000, Номхон далайгаас 1600 км-ийн зайд, өндөрлөг уулсаар хүрээлэгдэн далайн түвшнээс дээш дунджаар 1580 м өргөгдсөнтэй холбоотой. Уулс далайн чийглэг, зөөлөн уур амьсгалыг хааж, цаг уурын хувьд хуурай, хахир болохоос өөр аргагүйд хүргэсэнтэй уялдаатай.

Уур амьсгалын бүс нь тухайн өргөрөг, газар зүйн байршил, агаар мандлын орчил, урсгалаас хамаардаг боловч эргээд газар нутгийнхаа хэв шинждээ голлох нөлөө үзүүлдэг. Иймд тухайн бүс нутгийн хөрс, уур амьсгалын онцлогтой уялдаатайгаар хамгийн сайн зохицсон ургамал зонхилох бөгөөд шимт чанар нь ч түүнтэй холбоотой байдаг. Энэ онцлогоос шалтгаалан бэлчээрийн хөрсний бүтэц, ургамалшил, усны хангамжийг тооцож болно. Цаг уурын өөрчлөлтөөс улбаалан эргэх дөрвөн улирлын өнгө аяс даган хувирснаар халуун, хүйтэн, цас, бороо, салхи шуурга, өвс ногоо, шавьж мэрэгчид бүгд өөрчлөгдөж улирал бүр өөр өөрийн онцлог гол шинжүүдийг агуулах боллоо.

Үүнтэй уялдан бэлчээрийн 2000 зүйлийн ургамлаас малд шимт тэжээл болдог 600 шахам ургамлын 180 орчим нь хортойд тооцогдоод байна. Монгол орны нөхцөлд хөрсний гүн дэх усан уусмалын урсац жилд 20-150 м байдаг. Гэтэл инфилтрац муутай газарт хур тунадасны их хурдацтай урсац хөрсний өнгөн хэсгээс гидравликын хүчээр асар их материал цуглуулан овоолсон нь ажиглагддаг. Ингэснээр ургамал тачир ургасан талбайнуудад хөрсний эвдрэл хүчтэй явагдах нөхцөлийг бүрдүүлж 10-20 м/сек хурдтай салхилах үед хөрсний органик (ялзмаг) бодисыг 0.1-0.2 см зузаан үе хүртэл хийсгэн өнгөн хэсэгт карбонат, кальциудын бүрхүүл бий болгож цөлжилтийг нэмэгдүүлэх нэгэн хүчин зүйл болж байна.

Энэ үйл явц говь цөлийн бүсийн хүрээг тэлээд зогсохгүй Орхон-Сэлэнгийн бүсэд хурдтай явагдаж байгаа нь судалгаагаар тогтоогдов. Байгалийн дээрх хүчин зүйлсийн зэрэгцээ цөлжилтөд нөлөөлөх зохиомол хүчин зүйлс жилээс жилд нэмэгдэх боллоо. Цөлийн болон говийн бүсийн элсний нүүдлийг зогсоогч ургамал болох заган ойг их хэмжээгээр түлшинд хэрэглэх болсноор 125 мянган га газрын ийм ой бүрэн устав. Түүгээр ч зогсохгүй гандуу нутгийн ардууд модлог ургамал, бут сөөг, шаваг, харгана зэргийг түлсээр байна. Энэ нь мөн л цөлжилтөд оруулж буй “хувь нэмэр” юм. Манай улс “Атрын III аян” өрнүүлж тариалангийн эргэлтийн нэг сая га талбайтай болсноос одоо 300 гаруй мянган га-г ашиглан бусдыг нь атаршуулан хаяж хог ургамлын талбар болголоо.

Газрыг атаршуулан хаях, уул уурхайн ашиглалт гэж газрын баялгийг хайр найргүй ухчихаад нөхөн сэргээдэггүйгээс томоохон хэмжээтэй нүх үлдээх, авто замын сүлжээ, ойн түймэр зэргээс шалтгаалан хөрс бохирдож үржил шимээ алдах, хүмүүсийн даварсан үйл ажиллагаа, хот суурингийн төвлөрөл ихэссэн зэрэг нь цөлжилтийг хурдасгах гол хүчин зүйл болж байна. Үүний нөлөөгөөр хөрсний физик шинж чанар өөрчлөгдөж, хур борооны хуваарилалт зөрчигдөх болсноор зуны улиралд өвс ногооны гарц муудаж, хадлангийн талбай хомсодсоноос өвсөө базааж чадаагүй малчид өвлийн зуданд хамаг малаа алдан ядуучуудын эгнээнд шилжин гэртэй нь гэрээ, гэргүй нь горьдлого ачаалан Улаанбаатар зэрэг томоохон хот, суурингийн хаяа бараадаж, зарим нь алттай байж магадгүй гэсэн дов, сондуул болгоныг ухаж төрсөн нутгаа сохор номингийн овоолго, дайн тулааны талбар шиг болгочихлоо.

Эрдэмтэд өнөөг хүртэл цөлжилт говь, цөлийн бүсээс нүүдэллэн хүрээгээ тэлдэг гэж үздэг

Эрдэмтэд өнөөг хүртэл цөлжилт говь, цөлийн бүсээс нүүдэллэн хүрээгээ тэлдэг гэж үздэг. Гэтэл ойд хээрийн бүс, ойн дунд элсэн манхан толгод тогтсон байдгийг хүн бүр мэднэ. Энэ талаар шинжлэх ухааны доктор, профессор Ж.Гарьдхүү болон миний бие, хэсэг эрдэмтний хамт олон жил судалж өөрсдийн 40 гаруй жилийн хөдөлмөрийг эмхтгэн, Дархан, Эрдэнэтийн экологийн карт боловсруулах судалгааг нэмэлт болгон 5-6 жил хийхэд ул хөрсний онцлог шинж, үржил шимийн болон дотоод хөгжлийн үйл явцтай холбоотойгоор газрын гүнээс цөлжилт явагдах зүй тогтлыг нээн илрүүллээ.

Судалгааны үр дүнд үндэслэн “Цөлжилтийн дотоод механизм-Кальцит” нэр бүхий шинжлэх ухааны нээлт хийсэн билээ. Энэ нь Монголын шинжлэх ухааны салбараас дэлхийд хийсэн найм дахь нээлт юм. Энэ нээлтийн үр дүнгийн илрэл бол Монголын цөлжилтийн нэг голомт нь Орхон-Сэлэнгийн төв бүс болох Дархан, Эрдэнэтээс эхэлж байгааг тогтоосон явдал. Дархан орчмын хөрсний ул чулуулаг кальцит суурин дээр үүссэн учир тунамал чулуулгийн уусмал идэвхжих хөдөлгөөний улмаас өөр шинж төрхөд шилжих үйл явц, хуваарилалтын зарчим алдагдсантай холбоотой бөгөөд Дарханы бичил уур амьсгалын нөлөөгөөр хөрсний өгөршлийн хэрчигдэл идэвхжин ул хөрсний зонхилох хэсэгт тоосорхог элс, элсээр чигжигдсэн сайрга, элсэнцрийн үе нэмэгдсэнээр орчин цагийн дөрөвдөгчийн нас бүхий хөрсний суулт үүсгэж байна. Тухайлбал, нэгдүгээр төрлийн суулттай хөрс 99.1, хоёрдугаар төрлийн суулттай хөрс 0.9-д хүрч, нийт нутгийн 50.8 хувь нь элсэнцэр хөрсөнд шилжжээ. Үүний илрэл нь Дархан орчмын элсэнцэр, тоосорхог элсэнцэр, сайргархаг элсэнцэр, шавранцар хөрсүүд хүйтний овойлт үүсгэж байгаа явдал.

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцоос үзэхэд цөлжилтийн 13 хувийг байгалийн, 87-г зохиомол хүчин зүйл үүсгэж байна гэж дүгнэжээ. Монголын цөлжилтийг бусад оронтой харьцуулахад бэлчээр ашиглалт болон газар тариалангийн үүдэлтэй цөлжилтийн нөлөө бага, харин дулаарал, хуурайшилт, газар зүйн байршлын бохирдол, уул уурхай, хүний хүчин зүйлийн нөлөөлөл давамгайлж байна. Монгол орны хөрсний ялзмагийн хэмжээ 1940-өөд онд 3.2 мг/г байсан бол одоо 1.7 мг/г болжээ. Газар тариаланд зориулан хагалсан нэг сая га газрын хөрснөөс 500-600 мянган тн ялзмаг агаарт цацагдаж, нэг сая тн нүүрсхүчлийн хий ялгаруулжээ.

Байгальд нэг см зузаан ялзмаг бүрэлдэн тогтоход олон зуун жил шаардлагатайг нэгэнт судлан тогтоосон. Хүн төрөлхтөн өөрсдийн үйл ажиллагаагаар хүлэмжийн хийн хуримтлал бий болгож, дулаарал гэдэг “үйлдвэрлэл” байгуулж, тэр нь цөлжилт гэдэг “бүтээгдэхүүн” гаргадаг болчихлоо. Энэ хуурайшилтын гайгаар үүссэн түйрэн, шар шороон шуурга Монголыг хамаараад зогсохгүй дэлхий нийтийг түгшээсэн гамшиг болоод байна. Ашигт малтмал олборлоход хөрсний хий, усыг нь соруулчихад хоосон орон зай үлдэж, уурхай орчмын газрын гадарга деформацад орж суун, газар хөдлөлтийн тоо нэмэгддэгийн тод жишээ бол Узбекийн Гази хот. Оюутолгойг ашиглахад гүний ус багасаж газрын хөрс доош суух нь тодорхой.

Сүүлийн жилүүдэд хөрсний үржил шимтэй хэсэгт бохирдуулагч бодисын хуримтлал бий болсноор огцом цохилтын сөрөг нөлөөллийн хүрээ ихсэх хандлагатай байгаа. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагаагаар хаягдал ус нийлүүлдэг цөөрмийн цагаан тоосны хийсэлт 9-18 м/с салхитай үед хөрсийн органик бодисыг 0.5-1 м/м-ээр карбонатжуулж хөрсний өнгөн хэсэгт карбонат кальцит бүрхүүл бий болгон цөлжилтийг эрчимжүүлэх хүчин зүйл болж байна. Ийнхүү хөрсний шүлтлэг орчинд кальцийн хуримтлал өссөнөөр 30-40 см-ийн гүнээс фосфор, кали, магни зэрэг элементийн хуримтлал илүү нэмэгдэх боломжтой болно. Дээр дурдсан шалтгаан үр дагаврыг зогсоож цөлжилтийг сааруулахгүй бол 2050 он гэхэд Монголын цаг уур Африкийн хэмжээнд очиж, Сахарынх шиг цөл манай орныг нөмөрч мэдэх нь.

ЭНЭ АЮУЛААС БИД ЯАЖ СЭРГИЙЛЭХ ВЭ

Технологийн шинэ дэвшил ашиглаж цаг уурт зохицсон, ургац өгөх сортыг сонгож, газартай шинжлэх ухааны үндэслэлээр харьцаж, цаг уурын өөрчлөлт, хөрсний үржил шимийг тооцоолон, ухаалаг үйлдвэрлэл явуулж чадвал бид цөлжилтөөс сэргийлж чадна. Цөлжилтийг зогсоох 15 зүйлийн ургамал манайд бий. Тэргүүн ээлжинд заган ойн зурвасыг цөлжилтийн заагт бий болгох шаардлагатай. Энэ нь урдаас нүүж буй элсийг зогсоож чадна. Заган ойн зурвасыг дагалдуулан сөөг, сөөгөнцөр бутлаг ургамал тариалж чадвал элсний нүүдлийг зогсоогоод барахгүй хөрсний 1.5-2 м-ийн гүн дэх шимт тэжээлийн бодисыг татан тэжээгдэж эдгээр ургамлын нөмрөг доорх шим тэжээл бүхий өвслөг ургамал ургах боломж бүрдүүлнэ.

Мал сүргийн бүтцийг зөв тогтоон, цөм сүрэг бий болгож эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлж чадвал бэлчээрийн талхлагдлыг багасган хүлэмжийн хийг бууруулах, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлж экспортын чанарыг дээшлүүлэх боломжтой. Тухайлбал, фермерийн аж ахуйг хөгжүүлж манай эрдэмтдийн үржил селекцийн ажлын үр дүнгээр бий болсон Орхон, Хангай, Говь гурван сайхан, Байдраг, Ерөө үүлдрийн хонь, ямаа, Хар тарлан, Сементал, Сэлэнгэ үүлдрийн үхэр сүргийг дахин үржүүлэх шаардлага урган гарч байгаа юм.

Газар тариаланд орчин үеийн техник, технологи ашиглан эрчимжсэн үйлдвэрлэл нэвтрүүлэх, манай байгаль цаг уурт зохицон амьдрах чадвар бүхий сорт, элит, супер элит үрийн аж ахуйг хөгжүүлэн, таримал тэжээл бий болгож, хортон шавьжтай биологийн аргаар, цаг хугацаанд нь оновчтой тэмцэх, тариалангийн талбайг усжуулах, ойн зурвас байгуулж чадвал элсний нүүдлийг зогсоохоос гадна га-гийн ургацыг нэмэгдүүлж, эрчимжсэн мал аж ахуйг тэжээлээр хангаж дотоодын хэрэгцээнд төдийгүй олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн экспортод гаргах боломжтой.

Агаарын бохирдолтой дангаар нь тэмцээд үр дүнд хүрэхгүй

Агаарын бохирдлыг бууруулахын тулд Улаанбаатараас арьс шир, ноос боловсруулах үйлдвэрүүдийг гаргаж тусад нь цэвэрлэх байгууламж, дагалдах дэд бүтэц, суурьшлын бүс байгуулахгүйгээр шинэ цэвэрлэх байгууламж бариад ч нь нэмэргүй. Биологийн цэвэрлэх байгууламжийн бичил организмыг үхүүлж цэвэрлэгээний түвшнийг 80 гаруй хувиас хэтрүүлж чадахгүй. Агаарын бохирдолтой дангаар нь тэмцээд үр дүнд хүрэхгүй. Үүнийг агаар, ус, хөрсний бохирдолтой нь хамт цогц байдлаар шийдэх шаардлагатай. Барилгажуулж орон сууцаар хангах нь нэг асуудал мөн боловч ойрын ирээдүйд үр дүн гарахгүй. Иймд нэн тэргүүнд үйлдвэрийн бүс бий болгож дэд бүтэц суурьшлын асуудлыг төлөвлөн гүйцэтгэх замаар дагавар хот, үйлдвэрийн парк, зах зээлийн сүлжээ бий болгох хэрэгтэй.

Уул уурхайн бүтээгдэхүүнийг түүхийгээр нь биш боловсруулах, дагалдах бүтээгдэхүүн (нефтийн бүтээгдэхүүн, газрын ховор, ховордсон, сарнимал элементүүдийг гаргаж экспортлох) үйлдвэрлэх, далд уурхайн техник, технологийг эзэмших мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, уур уурхайн нөхөн сэргээлтийг технологийн дагуу явуулах, төмөр замын тээвэрлэлт хийх, борлуулалтын сүлжээ байгуулах, хяналтын мониторинг сайжруулах, ашиглалтын шингэн хаягдлыг боловсруулах үйлдвэрүүд байгуулах зэргийг шийдэх шаардлага гарна. Улстөржилтөөр улс орон хөгжихгүйн нэгэн адил цөлжилт зогсохгүй.

Миний бие агаар, ус, хөрсний бохирдол, бууруулах арга замын талаар удаа дараа ярьж бичиж, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө боловсруулах ажилд гар бие оролцож байсан боловч төрөөс ажил хэрэг болгосон нь үгүй. Усанд хаясан чулуу мэт сураггүй, анхаарах эзэнгүйдэж байсаар сүүлийн долоон жилд л утаанд анхаарч зарим арга хэмжээ авч буй ч үр дүнд хүрэхгүй л байна. Агаарын бохирдлыг амны уншлага мэт ярьж, их л мэдэмхийрцгээх болжээ. Цөлжилтийн асуудлыг энэ мэтээр битгий замхруулчихаасай билээ.

Ц.Бат-Өлзий (Академич, доктор, профессор) 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
53173
4 эможи
keyboard_arrow_up