COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Эх орон минь ЭЗГҮЙРЧ үлдэх нь ээ

2018 оны 1 сарын 25

Arslan.mn

Утаандаа угаартаж, өвчиндөө баригдсан, боловсрол, эрүүл мэндийн систем нь нураад уначихсан, авлигад идэгдсэн, экологийн сүйрэлд орчихсон энэ улсад амьдрахыг хэн хүсэх юм бэ. Тиймээс гадагш гараад явчихсан иргэдийг буруутгах аргагүй.

Залуусаа харьд илгээчихээд Вьетнамаас ажилчин авах тухай ярих ч гэж дээ

Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан Балтийн гурван орны нэг Латвийг Монголчууд сайн мэднэ. Хүн ам нь хоёр сая арай хүрэхгүй. Харин газар нутгийн хувьд жижигхээн, манай нэг аймгийн хэмжээнд л яригдах байх. Гэхдээ хөгжлийн хувьд биднээс хол илүү л дээ. Социализмын үед ЗХУ-ын элетроникийн чиглэлийн хамгийн том үйлдвэрүүд тэнд л төвлөрдөг байв. 1991 онд ЗХУ-аас салан тусгаарлаж, 2004 онд Европын холбооны гишүүн болсон нь тус улсын шинэ үеийн түүхэнд тодоор бичигдэх цадиг болсон юм. Одоо бол нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нь Монголоос хоёр дахин их буюу 14.7 мянган ам.доллар. Орчин цагийн даяаршлын интеграцид гүн хамрагдсанаар эдийн засгийн тодорхой амжилтад хүрсэн ч энэ нь тийм ч гайхуулаад байх зүйл биш байсан болохыг латвичууд одоо л ухаарцгааж байх шиг байна. Өнөөдөр энэ улсын ирээдүй маш бүрхэг болжээ. Ард иргэдийнх нь улсаа орхин гадагш чиглэсэн урсгал эрс нэмэгдсэн нь тэдний санаа зовоох гол асуудал болж хувираад байгаа юм. Өнгөрсөн жил тус улсын эрдэмтэн,судлаачдын гаргасан нэгэн судалгаа олон хүнийг цочролд оруулж байв. Түүнд дурдсанаар жил бүр Латвийн хүн амын нэг хувь нь гадагш гарч байгаа аж. Сүүлийн тавхан жилд хүн амын таван хувь нь аль нэг улс оронд гарсан гэсэн үг. “Энэ чигээрээ байвал 100 жилийн дараа латви үндэстэн устаж үгүй болно” хэмээн уг судалгааны дүгнэлтэд дурдсан байв. Тэгвэл Европын зүүн бөөрөнд байгаа энэ лусын эмгэнэлт хувь заяа өнөөгийн Монголд удахгүй нүүрлэх нь гээд хэлчихвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх.

ГАДАГШ ГАРААД ЯВСАН ИРГЭДИЙГ БУРУУТГАХ АРГАГҮЙ

Гадаад харилцааны яамны албан мэдээлэлд дурдсанаар өдгөө Монголын 150 мянга орчим иргэн гадаадын 75 улсад ажиллаж, амьдарч байна. Гэхдээ албан ёсны бүртгэлгүй, хууль бусаар амьдарч байгаа иргэдийг нэмбэл 300 мянга дөхнө гэж ярилцдаг. Бараг манай хүн амын 10 хувь харь орныг бараадсан гэх энэхүү тоо анхаарал татах ёстой асуудал биш гэж үү. Монголын гурван сая иргэний 67.5 хувь нь 15-69 насныхан байдаг. Үүнээс хөдөлмөрийн насны хүмүүсийн тоо 1.5 сая орчим. Тэгвэл гадаадад гарсан Монгол иргэдийн албан болон албан бус тооноос харахад ид хийж бүтээх насны таван хүн тутмын нэг нь гадагш гараад явчихжээ.

Байдал ийм байхад дээрээс нь БНСУ руу визгүй зорчдог болно гэх асуудал босч ирэв. Америкийн виз олгох нөхцөл хөнгөрнө гэж байгаа. Австрали руу гарах улам амархан болсоор. Тэгвэл эсрэгээрээ Монголд амьжиргаа улам доройтож байгаа учраас гаднын аль нэг улс оронд гарч ажил, алба эрхлэх хүсэлтэй хүмүүсийн дараалал Улаанбаатар дахь гадаадын ЭСЯ-дын үүдэнд эцэсгүй үргэлжлэх нөхцөл үүсэх нь байна. Энэ байдлаараа цаашид Монголд үлдэх хүн байна уу, цаана чинь. “Солонгос руу визгүй зорчдог болчихвол хамгийн сүүлчийн Монгол хүн нь Чингис хаан олон улсын нисэх буудлынхаа гэрлийг унтраагаад, хаалгыг нь сайн хаагаарай” гэсэн марзан яриа цахим ертөнцөөр хурдтай тархсан нь бага зэрэг хэтрүүлэг л болохоос үнэний хувь тун их. Монгол хүн эх орноо ийнхүү бултаараа орхиж гарах нөхцөл нээлттэй болоод байгаатай зэрэгцээд УИХ-ын дарга маань Вьетнамаас ажиллах хүч авах тухай яриад сууж байдаг нь хувь заяаны тохуурхал мэт.

Угаасаа Монгол Улсад Хойд Солонгосоос жил бүр өчнөөн ажилчин ирдэг. Хятадыг бол бүр яриад ч хэрэггүй. Аль мэдлэг чадвартай, эрүүл чийрэг, сор болсон залуусаа харь орон руу явуулчихаад зөрүүлээд гадаадаас ажилчих авах тухай ярьдаг улс манайхаас өөр бий болов уу.

Монголчууд харь оронд очиж ажиллаа гээд муудаагүй ээ. Тэдний ихэнх нь өөрийн гэсэн орон байр, унах машинтай болж, ар гэрээ тэжээж ирсэн нь үнэн. Тэд улс орноо хөгжүүлэх төр засгийн ачааг олон жилийн турш нуруун дээрээ үүрч ирснийг хэн үгүйсгэж чадах гэж. Энэ хүмүүсийн эх орон руугаа илгээсэн мөнгө улсын эдийн засагт маш их дэмжлэг болсонтой хэн ч маргахгүй. Зүй нь улс орон хөгжихийн хэрээр гадагш чиглэсэн энэ цуваа татарч, харь оронд сурч мэдсэн зүйлээ эх орныхоо хөрсөнд суулгадаг. Гэвч улс хөгжих нь байтугай өдөр ирэх тусам уруудан доройтсоор байгаа болохоор гадныг зорьж буй иргэдийн цуваа багасах биш, улам нэмэгдэх боллоо.

АНУ-д магистраар сурч, Австралид докторын зэрэг хамгаалсан таньдаг ах маань нутагтаа ирээд нэг жил төрийн байгууллагад ажиллаж байгаа билээ. Гэтэл саяхан уулзахад “Намайг  дарга нарт сайн долигонохгүй байна гэж дарамтлаад, ажлаа өг гээд байна. Уг нь би өөрийгөө Монголд хэрэгтэй гэж бодсон юм. Хэрэв ийм дарамтад байвал ажиллаж чадахгүй нь. Ажлаасаа гарч, Америк руу буцдаг юм уу” гэчихсэн явж байхтай таарав. Харь оронд мэдлэг боловсролоо дээшлүүлээд ирсэн шилдэг боловсон хүчнээ бид алгаа тосоод авах ёстой байтал ийм тэнэг шалтгаанаар хөөн зайлуулах гэж байгааг сонсоод хэчнээн харамсав. Иймэрхүү жишээ дэндүү олон байдаг нь бүр ч харамсалтай.

Бидэн шиг, биднээс ч хүнд хэцүү зовлон туулсан ард түмэн бий. Гэхдээ тэдгээр улсын төр нь манайхнаас илүү ухаантай байсан учраас биднээс богинохон хугацаанд улс орноо босгоод ирсэн юм. Сингапурыг хар л даа. 1970 он гэхэд Монгол улс хөгжлөөрөө тэдний хажууд бараг л Америк байв. Гэтэл зүгээр нэг тосгон шахуу байсан улс одоо ямар хөгжилтэй болов. Өмнөд Солонгос 1960, 1970-аад онд ямар ядуу улс байлаа даа. Бүх үйлдвэр нь Хойд Солонгосын нутагт үлдчихсэн. Газар тариалан эрхэлсэн хэдэн өрөвдөлтэй нөхөд дайны дараа үлдэж хоцорсон байдаг. Гэсэн ч энэ улс хөгжиж, хөл дээрээ босоход ердөө 25 жил зарцуулжээ. Харин Монгол улс ардчиллын замаар 30 шахам жил замнасан ч өөдөлж дэвжсэнгүй, иргэдийн амьдрал улам бүр доройтсоор. Утаандаа угаартаж, өвчиндөө баригдсан, боловсрол, эрүүл мэндийн систем нь нураад уначихсан, авлигад идэгдсэн, экологийн сүйрэлд орчихсон ийм улсад амьдрахыг хэн хүсэх юм бэ.

Тиймээс гадагш гараад явчихсан иргэдийг буруутгах аргагүй. Араас нь явах гэж байгаа хүмүүст ч буруу байхгүй. Гагцхүү иргэдээ эх орноосоо дайжихад хүргэсэн төрийн харалган бодлого, ухаангүй, унхиагүй засаг, төрийн чадваргүй түшээд үүнд хамгийн их буруутай. Европын соёлт нийгэмд хөлөө олж, ажил амьдралаа залгуулж яваа хүмүүс бөөн стресст нэрвэгдсэн, гамшгийн  байдалд орсон улсад ирээд ч яах билээ.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52896
0 эможи
keyboard_arrow_up