COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Тамхилах уу” гэдэг асуултад татгалзах шалтгааныг нь ойлгуулъя

2017 оны 11 сарын 27

Arslan.mn

Нийслэлийн 47 дугаар сургуулийн 11а ангийн сурагч Д хоёр дахь жилдээ тамхитай “нөхөрлөж” буй. “Анхны туршилт”-ыг хийж үзэлгүй ангийнхнаасаа шигшигдэж үлдсэн зургаан хөвгүүний нэг тэрбээр есдүгээр анги төгсөхдөө хонхны баяраараа анх тамхи соржээ. Түүнээс хойш нүүр хагарч, хааяа үеийнхэнтэйгээ дарвихаараа тамхи олдвол хэд сорчихдог болсон нь яваандаа халаасны мөнгөнөөсөө яаж ийгээд илүүчлэхээс өөр аргагүй болтол “дурлуулж” орхисон байна.

“Тамхилах уу” гэдэг үг өдгөө түүнд их л танил дотно сонсогддог гэсэн. Гэхдээ тэр одоохондоо долоо хоногт 4-5 удаа тамхи татдаг. “Гүнзгий орохоосоо өмнө тамхинаас гарсан дээр биш үү. Чадах уу” гэсэн асуултад хүү “Мэдэхгүй” гэж хариулсан. Түүнд тамхинд орох ноцтой шалтгаан байгаагүй шиг гарах хангалттай шалтгаан ч бас одоохондоо үгүй бололтой.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс танилцуулсан судалгаагаар манай улсын хүүхэд, өсвөр үеийнхний 61.3 хувь нь тамхи татаж үзсэн, тэгэхдээ бүр 14 наснаасаа өмнө анх туршсан байх юм. Сониуч зандаа хөтлөгдөн тамхи анх сорж үзсэн хүүхдүүдийн тал хувь нь дахиад ямар нэгэн байдлаар хоёр, гурав дахь удаагийн оролдлого хийдэг, тэр нь аажимдаа зуршил болох эрсдэлтэйг эрдэмтэд сануулж буй. Тэгэхээр монголчуудын дунд тамхины хэрэглээ 27.1 хувьтай байгаа гэдэг бүдүүн тойм тоо ойрын жилүүдэд эрчимтэй өсөхийг үгүйсгэх аргагүй.

Учир нь Монголын нийт сурагчдын 44.6 хувь нь тамхитай орчинд (энэ нь зөвхөн эцэг, эхчүүдийг хамаатуулсан судалгааны дүн юм) амьдардаг, 60.8 хувь нь сүүлийн долоо хоногт дам тамхидалтад өртсөн гэх мэт дүн мэдээг нэмээд үзэхээр хүүхдүүд үүнийг байдаг л зүйл гэж хүлээж авах хөрс суурь нь бэлэн байгааг илтгэнэ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад өдгөө байгаа 14-18 насны 237 мянган өсвөр үеийнхний 60 гаруй хувиас хэчнээн нь ирээдүйд тамхичдын эгнээ рүү шилжихийг таамаглахад бэрх. Харамсалтай нь, халдварт бус өвчний хоёрдогч суурь шалтгаан болсон тамхины асуудлыг манайд төдийлөн ойшоож үздэггүй учраас хүүхэд, залуус, хөгшчүүд гэлтгүй, хавтгайдаа “хүлээн зөвшөөрдөг” гэхэд болно.

Тамхины хяналтын тухай хуульд 2013 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрээс дотогш тамхи худалдахгүй, тамхи татахгүй байх, хэрэв зөрчвөл иргэнд 50 мянган төгрөгийн торгууль ногдуулах заалттай ч үр дүн нь энэ. Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай хуулийг дөрвөн удаа “шинэчлэн сайжруулаад” ч нэмэр алга.

Ямар сайндаа л “Тамхины тухай хууль тулдаа болж байна” гэдэг онигоо шиг яриа хүртэл гарсан байх вэ дээ. Хуулийг нь чангатгаад, тамхины үнийг бараг хоёр дахин нэмчихээд байхад тамхичдын тоо буурахгүй, харин ч өсвөр үеийнхэн хэмээх шинэ залуу армиар эрчимтэй “цус сэлбэж” буй ийм үед хамгийн заргач хүн хүртэл загас мэт дуугүй яваагаас харахад нээрээ л “тамхины хууль” болохоор тэр юм болов уу. Тамхи бидний хамгийн сайн мэддэг, танил сэдэв юм шиг энэ хэвээрээ байсаар байх нь зөв үү.

Дэлхий дээр нэг тэрбум гаруй хүн тамхи татаж байгаагийн дөрөвний нэг орчим нь насанд хүрэгчид, үлдсэн нь өсвөр үеийнхэн аж. Хүн амын өсөлт, тамхины үйлдвэрүүдийн овжин, зальжин маркетингийн “ачаар” тамхины хэрэглээ тогтмол нэмэгдсээр байгаа бөгөөд энэ байдлаараа үргэлжилбэл 2030 он гэхэд найман сая хүний үхлийн гол шалтгаан болж магадгүй байгааг ДЭМБ-аас анхааруулжээ. Гэтэл дайны хажуугаар дажин гэгчээр электрон тамхи (E-sigarette)-ны борлуулалт манайд сүүлийн үед өсөж буй нь сэтгэл эмзэглүүлэх болсон гэнэ.

Учир нь хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй хэмээн сурталчилдаг байсан электрон тамхийг татсанаар хорт хавдартай болох магадлал угтаа жирийн тамхинаас 10 дахин их гэдгийг Японы эрдэмтэд тогтоогоод буй. Тиймээс электрон тамхинд тавих хяналтыг нэн даруй сайжруулах хэрэгтэй байгааг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Б.Цогтбаатар хэлсэн. Тэрбээр “Хүн амын дунд тамхины хор хөнөөлийн талаарх сургалт сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх, тамхинаас гаргах шинэ төрлийн дэвшилт үйлчилгээг Монголд бий болгох арга замыг судлах, тамхины татварыг нэмэгдүүлснээр хүн амын эрүүл мэнд болоод эдийн засагт гарах үр нөлөөг тооцох судалгаа хийх шаардлагатай байна.

Халдварт бус өвчний шалтгаан болдог гэдэг утгаараа тамхидалтын тухай судалгаа хийдэг, хэлдэг ярьдаг газар үндсэндээ манайх л байна. Уг нь үүнд шат шатны байгууллагын идэвхтэй, үр дүнтэй оролцоо чухал. Тэр тусмаа өсвөр үеийнхний тамхидалтын асуудлыг байдаг л зүйл мэт бодож, нэг чихээрээ сонсоод, нөгөөгөөрөө гаргаж болохгүй” хэмээн анхаарууллаа.

Тамхины хяналтын тухай хуулинд 21-ээс доош насны хүнд тамхи худалдахыг хориглодог ч өсвөр насныхны хамгийн ихээр үйлчлүүлдэг гар дээрээс худалдаа эрхлэгчид үнэндээ тэдний бичиг баримтыг үзтэлээ л хол. Тамхины шууд бус зар сурталчилгаа болон хууль бус худалдааг цэгцэлнэ гэж ярьсаар байтал бидний яг хажууханд энэ бүхэн зэрэгцэн оршсоор л байгаа нь өөрөө эмгэнэл юм.

Нөгөөтэйгүүр, сургуулийнхаа ойр орчимд тамхи татаж байгаад баригдсан сурагчийг 50 мянган төгрөгөөр торгох “чулуун зүрхтэй” байцаагч манайд ховор. Монголд ер нь өөрөө тамхи татдаггүй байлаа ч насан туршдаа тамхитай хавьтахгүй, хамааралгүй амьдрах нөхцөл үгүй тул хөөрхий хүүг нэг, хоёр удаа өрөвдөөд явуулах байцаагчийн сэтгэлийг буруутгах аргагүй. Тэгээд одоо яавал зохилтой вэ.

Монголд тамхины татвар бусад оронтой харьцуулахад нэлээд доогуур байгаа учраас татвар нэмэгдүүлэх замаар тэмцэж болно гэж олон хүн үздэг. Тийм ч учраас Онцгой албан татварын тухай хуульд тамхины татварыг нэмэгдүүлэх талаар өөрчлөлт оруулахаар хэлэлцэж буй. Гэхдээ урьд урьдын хуулийн шинэчлэлээс харахад хоёрын хооронд дутуу алсан могой шиг өөрчлөлт нь тамхичдыг хазаарлах бус, харин ч эсрэгээрээ тамхи үйлдвэрлэгчдийн халаасыг түнтийлгэх арга л болдог.

Тиймээс тамхины татварыг хэдэн хувиар нэмэгдүүлснээр хүн амын эрүүл мэнд болоод эдийн засагт ямар үр нөлөө гарах вэ гэдгийг нарийн тооцож, судалгаа хийх хэрэгтэй гэдгийг хоёр гараа өргөн дэмжиж байна. Тэгээд магадгүй, хамгийн үр дүнтэй нэг арга бол хууль журмаар далайлгах бус, өсвөр үеийнхэн, хүүхэд, залуучуудад тамхины хор уршгийг тайлбарлан таниулах, ойлгуулан сэнхрүүлэх олон нийтийн кампанит ажил өрнүүлж, шинэлэг контент үйлдвэрлэн тэдний сэтгэлгээг өөрчлөх явдал байж ч болох юм шүү.

“Тамхилах уу” гэдэг асуултад татгалзсан хариулт өгөх хангалттай шалтгаан тэдэнд хэрэгтэй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50299
0 эможи
keyboard_arrow_up