7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 18, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР: Оюутнуудад олгогддог дотоодын тэтгэлэг

админ
2019 оны 8 сарын 09

Arslan.mn

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан оюутан залууст зориулсан Засгийн газар, албан байгууллага мөн их дээд сургуулиас зарладаг тэтгэлэгүүдийн тухай мэдээлэл бэлтгэлээ. Нэн түрүүнд их дээд сургуулиудын зүгээс зарладаг тэтгэлэгүүдийг тодруулсан бөгөөд тухайн их сургуульд анги дэвшин суралцах гэж буй эсвэл элсэн суралцах гэж байгаа оюутан бүр нэр дэвших боломжтой юм.

МУИС жил бүр 200 гаруй оюутанд олгодог

 Монгол Улсын их сургуулийн нэрэмжит тэтгэлэг нь арваннэгдүгээр сард зарлагддаг бөгөөд дараах болзол хангасан суралцагч тэтгэлэгт нэрээ дэвшүүлэх боломжтой байдаг аж. Үүнд бакалаврын түвшний 3.5- аас доошгүй голч дүнтэй гурваас дээш улирал дараалан суралцсан суралцагч байгалийн ухаан, инженерчлэлийн хөтөлбөрөөр суралцаж буй суралцагчийн хувьд сурлагын голч дүн 3.2-оос доошгүй байх, ахисан түвшний 3.5-аас доошгүй голч дүнтэй суралцагч байх шаардлагатай гэнэ. Түүнчлэн МУИС-ийг төлөөлж олон улсын чанартай урлаг, спортын уралдаан тэмцээнд нэгээс гуравдугаар байр эзэлсэн болон улсын чанартай урлаг, спортын уралдаан тэмцээнд нэгдүгээр байр, суралцаж буй чиглэлээрээ их дээд сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулагддаг, улсын хэмжээний мэргэжлийн олимпиад, уралдаан тэмцээнд оролцож, эхний гурван байр эзэлсэн суралцагч нар тус тэтгэлэгт хамрагдах бүрэн боломжтой аж. Харин дээрх болзлыг хангасан оюутнууд дараах бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатай.

 Үүнд:

 -Суралцагчийн талаархи мэдээллийг агуулсан тэтгэлгийн анкет,

-Сурлагын дүнгийн дэлгэрэнгүй тодорхойлолт

-Суралцагчийн хувийн амжилтыг илэрхийлэх батламж буюу нотлох бичиг баримтын хуулбар

-Тэнхим, бүрэлдэхүүн сургууль, профессор багшийн тодорхойлолт, эссэ бичлэг

МУИС-ийн нэрэмжит тэтгэлэгийг жил бүр тус их сургуульд суралцаж буй 200 гаруй оюутанд олгодог бөгөөд суралцагчдын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж буй шилдэг оюутныг урамшуулах, зарим мэргэжлээр элсэгчдийг дэмжих зорилготой олгодог гэнэ.

 АШУҮИС-ийн захирлын нэрэмжит сургалтын төлбөрийг гэмт хэргийн зөрчил гаргасан оюутанд олгохгүй

АШУҮИС захирлын нэрэмжит тэтгэлэгийг оюутнууддаа олгодог байна. Энэхүү тэтгэлэгийг амжилттай суралцаж буй авъяаслаг, шилдэг болон амьдралын баталгаажих түвшинөөс доогуур оюутанд дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд тэтгэлэгийг сургалтын төлбөр хэлбэрээр олгодог аж. Тэтгэлэгийг жил бүрийн ес болон гуравдугаар сарын 15 – 30-ны өдрүүдэд зохион байгуулдаг байна. Харин бүрдүүлбэл зохих материалыг хүлээж авах хугацаанаас арваас доошгүй хоногийн өмнө оюутан суралцагчдад зарлан мэдээлж, АШУҮИС-ийн цахим хуудсанд байрлуулдаг гэнэ. Сургуулийн зүгээс нэр дэвших суралцагч нь дараах шаардлагуудыг хангасан байх ёстойг онцолж байна. Үүнд элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээгээр АШУҮИС-ийн элсэгчдийн авбал зохих оноог авч элссэн, суралцсан хугацааны нийт багц цагийн хичээлүүдийг амжилттай судалж, суралцах чадвартай, бакалаврын хөтөлбөрийн суралцагч байх, АШУҮИС-д хоёроос доошгүй улирал тасралтгүй суралцсан гэх мэт шалгууртай. Эдгээрээс хамгийн чухал нь АШУҮИС-ийн дүрэм, журмыг зөрчиж ямар нэгэн сахилгын шийтгэл, сануулга авч байгаагүй, бусад төрлийн тэтгэлэгт хамрагдаагүй байх шаардлагатай гэнэ. Харин захиргааны болон гэмт хэргийн зөрчил гаргасан, тэтгэлэгт хамрагдахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, сургуулийн ёс зүйн болон бусад дүрэм журмыг зөрчсөн нь батлагдвал тэтгэлэг олголтыг бүр мөсөн цуцалдаг байна.

МУБИС дөрвөн улирал дараалан 3.7-оос дээш голчтой суралцсан оюутнаа сургалтын төлбөрийн 50 хувиас хөнгөлдөг

МУБИС нь “Захирлын нэрэмжит тэтгэлэг” болон МУБИС-ийн “Эрэгтэй элсэгчдийг дэмжих тэтгэлэг”-ийг оюутнууддаа олгодог байна. Эдгээр тэтгэлэгүүд нь жил бүрийн ес болон дөрөвдүгээр сард зарлагддаг бөгөөд дөрвөн улирал дараалан 3.7-оос дээш голчтой суралцсан оюутны сургалтын төлбөрийн 50 хувийг хөнгөлдөг аж. Дээрх шаардлагыг хангасан оюутнууд суралцсан хугацааны албан ёсны дүнгийн тодорхойлолт, анкет мөн гаргасан амжилтыг гэрчлэх бичиг баримтыг хуулбарын хамт бүрдүүлснээр эдгээр тэтгэлэгийг хүртэх боломжтой болдог байна.

ХААИС -ийн тэтгэлэгүүд оюутнуудын сургалтын төлбөрийг 20-50 хувь хөнгөлдөг

ХААИС нь “Захирлын нэрэмжит батламж” болон “Захирлын нэрэмжит тэтгэлэг” олгодог байна. "Захирлын нэрэмжит батламж"- ийг гурван улирал дараалан авсан тохиолдолд тухайн жилийн сургалтын төлбөрийг 20 хувиар хөнгөлдөг аж. Харин дараах болзлыг хангасан оюутан нэр дэвших боломжтой байдаг байна. Үүнд сургуулийн дүрэм, дотоод журмыг зөрчөөгүй, бакалаврын сургалтын гэрээг зөрчөөгүй, нэг семистерт цуглуулсан кредитийн тоо 15-аас дээш, улирлын үнэлгээний голч дүн 3.6 ба түүнээс дээш байх шаардлагатай аж. Энэхүү батламжийг ХААИС-ийн захирлын тушаалаар улирал бүр олгодог гэнэ. Харин "ХААИС”-ийн “Захирлын нэрэмжит тэтгэлэг"-ийг хичээлийн жилийн эхэнд дөрөв хүртэлх оюутанд олгодог байна. Тус тэтгэлэгийн хүрээнд сургалтын төлбөрийн 50 хувийг хөнгөлдөг гэнэ. Энэхүү тэтгэлэгийг дараах болзлыг хангасан оюутанд олгоно. Үүнд дараалан дөрөв болон түүнээс дээш улиралд 3.6-аас дээш голчтой суралцсан, бакалаврын сургалтын гэрээг зөрчөөгүй, их дээд сургуулиудын болон олон улсын оюутны эрдэм шинжилгээний бага хуралд оролцож байр эзэлсэн, “Хаан кампус” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн биеэр санаачлагатай оролцсон, урлаг, спортын чиглэлээр олон улс, улсын хэмжээнд онцгой амжилт гаргасан байх зэрэг багтдаг байна.

ШУТИС-ийн захирлын нэрэмжит тэтгэлэг олгодог

Тус их сургуулийн захирлын нэрэмжит тэтгэлэг нь хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө зарлагддаг. Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, Монгол Улсын тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр элссэн, бүрэлдэхүүн сургуульд өндөр оноогоор элсэн орсон суралцагч тус тэтгэлэгт нэр дэвших боломжтой юм. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахын тулд оюутнууд дараах материалыг бүрдүүлэх шаардлагатай байдаг аж.

Үүнд:

-Оюутны анкетыг онлайнаар бөглөсөн байх

-ЭЕШ батламжийн хуулбар, өрхийн орлогыг тодорхойлсон бичиг баримт,

 -Сургуулийн дэлгэрэнгүй тодорхойлолт,

-Бүрэлдэхүүн сургуулийн захиргааны зөвлөлийн хурлын протокол,

-Амжилт гаргасныг нотлох бичиг баримтын хуулбар зэргийг бүрдүүлнэ.

Харин дараах тэтгэлэгүүд нь Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн бүх оюутнуудад нээлттэй бөгөөд сургууль үл харгалзан өргөдөл ирүүлэх боломжтой юм.

Монгол улсын ерөнхийлөгч 30 оюутанд нэрэмжит тэтгэлэгээ гардуулдаг

 Ерөнхийлөгчийн тамгын газар жил бүрийн дөрөв ба арваннэгдүгээр сарын 15-ны дотор их сургуулиудаас оюутны материалыг хүлээн авдаг байна. Энэхүү тэтгэлгийг жил бүр болзол хангасан 30 оюутанд олгодог бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын үсэг бүхий өргөмжлөл, нэг сая 200 мянган төгрөгийг оюутнуудад гардуулдаг аж. Тэтгэлэгт хамрагдахын тулд дараах шалгуур үзүүлэлтүүдийг 50-иас дээш хувьтай хангасан байх шаардлагатай гэнэ.

Үүнд хичээлийн жилийн дөрвөн улирал дараалан голч дүн нь 3.6-аас доошгүй үнэлэгдсэн, сайн дурын үйл ажиллагаанд тогтмол үр дүнтэй оролцож, зохион байгуулж, олон нийтэд мэдээлэгдсэн, суралцаж байгаа мэргэжлийн чиглэлээрээ олон улсын болон үндэсний хэмжээнд судалгаа хийж үнэлүүлсэн, шинэ санаа, үр дүнг хэвлэн нийтлүүлсэн, техник технологийн ололт амжилтыг хэрэглээнд нэвтрүүлсэн байх, Монголын уламжлалт ёс заншил, угийн бичиг хөтлөх болон бусад үйл хэргийг өөрийн амьдралдаа хэвшүүлэн дадлагажуулж бусдад үлгэрлэсэн байх зэрэг багтдаг байна.

Монгол улсын ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгийн шалгуурт 50 хувьд нь хүрч чадвал хамрагдах боломжтой

Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг нь мөн адил жил бүрийн дөрөв ба арваннэгдүгээр сарын 15- ны дотор оюутнуудын материалыг хүлээн авдаг аж. Тэтгэлгийн болзол хангасан 40 оюутанд жил бүр Монгол Улсын ерөнхий сайдын гарын үсэг бүхий өргөмжлөл, мөнгөн шагнал болох нэг сая төгрөгийг гардуулдаг гэнэ. Монгол Улсын тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр суралцдаг, шинэ технологи, бүтээгдэхүүн бүтээж үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэх шинэ санаачилга гаргасан, суралцаж байгаа мэргэжлээрээ амжилттай суралцаж бусдад үлгэр дуурайл болсон, улс орны хөгжилд эерэг үр нөлөө үзүүлэхүйц судалгаа, шинжилгээний бүтээл туурвисан, нийгэм, эдийн засгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн төсөл, хөтөлбөр санаачлан бичиж хэрэгжүүлсэн гэх мэт шаардлага тавигддаг байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт нэр дэвшсэн оюутнууд дор дурдсан бичиг, баримтыг бүрдүүлэх гэнэ.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт нэр дэвшигчийн мэдүүлэг,

-Сурлагын амжилт, ур чадвараа баталгаажуулсан сургуулийн захиргааны бол он оюутны холбооны тодорхойлолт, гэрчилгээ, батламжийн хуулбар,

 -Бичиж хэрэгжүүлсэн төслийн үр дүнгийн тухай танилцуулга, хэвлүүлсэн илтгэл, өгүүллийн хувь, медаль, шагнал, өргөмжлөл, гэрчилгээ, патент болон тухайн шинэ технологи, бүтээгдэхүүн материалыг хүлээн зөвшөөрсөн салбарын эрх бүхий байгууллагын шийдвэрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

-Олон нийтийн ажлыг хамтран зохион байгуулсан байгууллагын тодорхойлолт, тухайн арга хэмжээний зорилго зорилт, үр дүнгийн талаар холбогдох мэдээлэл, дүрс бичлэг, фото зураг,

 -Хадгалан хамгаалж, өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлж байгаа уламжлалт ёс заншил, ургийн бичиг, соёлын биет болон биет бус өвийн талаархи богино хэмжээний танилцуулга, дуут ба дүрс бичлэг, түгээн дэлгэрүүлж байгааг нотлох бусад материалууд,

-Тухайн нэрэмжит тэтгэлгийн болзлыг хангасан талаар оюутан өөрөө 500 үгэнд багтсан эссэ

Шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулах бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газар дээр ажлын хэсэг гаргаж нэгдүгээр шатанд ирүүлсэн материалыг үнэлэн 50 хүртэлх оноо, хоёр дугаар шатанд бичиж ирүүлсэн эссэг үнэлэн 50 хүртэлх оноог өгч, хоёр шатны нийлбэрээр 85-100 оноотой суралцагчийг шалгаруулдаг байна. Харин олон улсын хэмжээний спорт, урлагийн арга хэмжээнд амжилттай оролцож, холбогдох журмын дагуу Засгийн газраас мөнгөн шагнал авсан суралцагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг давхардуулан олгохгүй гэнэ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг нэг оюутанд аль нэгийг нь олгодог байна.

МОННИС группийн “ирээдүйн манлайлагч” тэтгэлэгт хөлөтбөр 30 оюутныг сонгон шалгаруулдаг

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын бүх их дээд сургуулийн I-IV дамжааны оюутнууд хамрагдах боломжтой. “Ирээдүйн манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөр өнгөрсөн жил улсын шилдэг 30 оюутныг сонгон шалгаруулж, нэг жилийн сургалтын төлбөрийг 100 хувь олгосон байна. Тэтгэлэгт хөтөлбөрийн шалгуурт дараах зүйлс багтдаг аж. Үүнд оюутны голч дүн 3,2-оос дээш байх, эрдэм шинжилгээний ажилд амжилттай оролцсон, аль нэг гадаад хэлийг ахисан түвшинд эзэмшсэн, нийгэм олон нийтийн арга хэмжээнд амжилттай оролсон байх шаардлагатай гэнэ. Тус тэтгэлэгт хөтөлбөрт 2007 оноос хойш 150 гаруй оюутан хамрагдсан бөгөөд шилд эг оюутанууд сургуулиа төгсөөд Моннис группт мэргэжлийнхээ дагуу ажиллаж байгаа аж.

Дээрх шаардлагыг хангаж байгаа оюутнууд дараах материалыг бүрдүүлснээр тэтгэлэг хүртэх боломжтой юм.

-Анкет

-Суралцагчийн өргөдөл

-Сургуулийн албан ёсны тодорхойлолт

-Баталгаажуулсан дүнгийн жагсаалт

-Хоёр багшийн тодорхойлсон захидал

-Эрдэм шинжилгээний бүтээл, илтгэлийн жагсаалт

 -Спорт урлагаар амжилт гаргаж байсныг гэрчлэх материалуудын хуулбар

-Өгөгдсөн сэдвийн хүрээнд эссэ бичих

“Оюу толгой” ххк-ийн тэтгэлэгт хөтөлбөр сургалтын төлбөрөөс нь 100 хувь хөнгөлдөг

Уул уурхай, барилга, инженер, геологи, хөдөлмөрийн эрүүл мэнд, байгаль орчны чиглэлээр суралцаж буй хоёр, гурав, дөрөвдүгээр дамжааны оюутнууд тус тэтгэлэгт хамрагдах боломжтой. Жил бүрийн есдүгээр сард зарлагддаг бөгөөд өнгөрсөн жил 25 оюутанд тэтгэлэг олгожээ. Энэхүү тэтгэлэгт өргөдөл илгээх хүсэлтэй оюутнууд сургуулийн тодорхойлолт, дүнгийн баталгаат хуулбар, гаргасан амжилт шагнал урамшууллын хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар зэргийг цуглуулж өгөгдсөн сэвдээр эссэ бичих шаардлагатай юм. Тэтгэлэгт шалгарсан оюутнуудыг сургалтын төлбөрөөс нь 100 хувь хөнгөлөхөөс гадна сар бүрийн тэтгэмж өгч, хөдөө орон нутгийн оюутнуудыг дотуур байрны төлбөрөөс чөлөөлдөг гэнэ. Мөн “Оюу толгой” ХХК-ын залуусын хөгжлийн хөтөлбөрт хамрагдах, тус компанид дадлага хийх боломж нээлттэй болдог байна.

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнууд дараах шаардлагыг хангасан байх хэрэгтэй гэнэ.

-Монгол Улсын иргэн байх

-Дотоодын магдлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 2, 3, 4 дүгээр дамжааны оюутан байх

-Голч дүн 3,2-оос дээш байх -Бусад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606621
1 эможи

Зочин
2019-08-09 13:39
сонирхолтой
keyboard_arrow_up