COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Жаран настай Жигмэд, Тогмид ба багачуудын хайртай зохиолч

2017 оны 12 сарын 04

Arslan.mn

“Оюуны ундраа”-гийн бяцхан хүүхдүүд “Уран жиргээ”, “Хүрэл тулга” наадмуудаас авсан алт, мөнгөн медалиа зүүн, гоёцгоожээ. Харин ахлах ангийнхан нь шүлгийн дэвтрээ тэврэн ирсэн харагдана. Бага ангийн дөрвөн жаахан охин “Жигмэд, Тогмид хоёр” дууг цангинатал дуулах нь өхөөрдөм. Тэдний дараа ахлах ангийн сурагч хүү “Учран золгохын ерөөл” дууг тун эвлэгхэн дуулав.

Хүүхдүүд бид нар сургууль дээрээ

Хөгжилтэйхэн байдаг даа

Олуулаа бид дуулдаг даа

Олуулаа бид бүжиглэдэг

Олуулаа, олуулаа, олуулаа хэмээн танхимд цугларсан сурагчид хоолой нийлүүлэн дуулна. Цэцэрлэгийн бяцхан хүүхдүүдээс эхлээд бага, дунд ангийнхны сайн мэдэх “Олуулаа” хэмээх энэ дууны үгийг мөн л Д.Содномдорж гуай бичжээ.

Ийнхүү “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн авьяаслаг сурагчдын уран уншлага, дуу, шүлгийн дугараа цааш хөвөрлөө. Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Л.Нямаа уулзалт, өдөрлөг эхлэхийн  өмнөхөн ахлах ангийн гурван сурагчид “Бурханы цус судсаар гүйхэд шүлгээ би бичдэг...” гэсэн мөрийг цааш нь гүйцээн бичих даалгавар өгчээ. Даалгавраа биелүүлсэн сурагч тайзнаа шүлгээ уншиж буурал найрагчаас урмын үгээр шагнуулав. Л.Нямаа найрагч багш хүний хувьд сурагчдын авьяасыг таньж мэдэх, дэмжиж хөгжүүлэх талаар туршлагатай. Монголын утга зохиолд модернист яруу найрагч Б.Галсансүхийг  хөтөлж оруулж ирсэн энэ эрхэм найрагч хэд хэдэн сурагчийн шүлгийг онцлон дурдаж, ухаарал, урам зэрэг зэрэг хайрласан үгээр ташуурдав.

Arslan.mn

Мөн тэрээр Монголын хүүхдийн зохиолын анхдагчдын нэг Д.Содномдоржийн тухай дурсамжаа хуваалцлаа. Үе үеийн хүүхдүүдийг уран бүтээлээрээ хүмүүжүүлсэн энэ их хүнийг үзэг нэгт зохиолчид нь Соёо ах хэмээн хүндэтгэн авгайлж, үг сургаалыг нь сонсдог байжээ. Тэрээр төрсөн нутагтаа хааяахан очихдоо Хэнтийн зохиолчдоо цуглуулж, хот хүрээ газрын сонин сайхныг хүүрнэн, утга зохиолын ертөнцийн шинэ соргог мэдээллийг хүргэдэг байсан гэнэ. Нэрт яруу найрагч Д.Сэнгээгээр хөтлүүлж уран бүтээлийн замд орсон тэрээр араасаа олон сайхан зохиолч, найрагчдыг дагуулж, халамжилж уран бүтээлийн замд оруулсан ажээ. Энэ бүхнийг Л.Нямаа найрагч дурсан өгүүлж байлаа.

Хэнтий аймгийн зохиолч, уран бүтээлчдийн “Хэрлэн тооно” нэгдэл, Хэнтий аймаг дахь МЗЭ-ийн салбар, “Оюуны ундраа” цогцолбор сургууль хамтран сар бүр уншигч, зохиолчдын уулзалт, өдөрлөг зохион байгуулдаг уламжлал тогтжээ. Өнгөрсөн бямба гаригт ээлжит уулзалтаа ийнхүү Монголын хүүхдийн зохиолыг үндэслэгчдийн нэг, нэрт зохиолч Дамдинцоогийн Содномдоржийн нэрэмжит болгон зохион байгуулсан нь энэ юм.

Уг уулзалтад Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Л.Нямаа, Д.Содномдорж зохиолчийн охин С.Цэцэгмаа, Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Төмөрхуяг, төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит “Өд” сангийн тэргүүн, хэл бичгийн ухааны доктор Д.Ганболд, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, дуучин, жүжигчин Г.Дашдондог, Хүүхдийн зохиолчдын холбооны тэргүүн Н.Энхтайван нар  урилгаар оролцож, уран зохиолын хорхойтнууд, хүүхэд багачуудтай халуун дотно яриа өрнүүлсэн. Уг уулзалт, өдөрлөгт Баянгол дүүрийн “Оюуны ундраа” цогцолборын 19,28,31,40,47,71,113 дугаар сургуулийн багш, сурагчид болон зохиолч, яруу найрагчдын төлөөлөл оролцсон юм.   

Arslan.mn

Нэрт хүүхдийн зохиолч Д.Содномдоржийн охин С.Цэцэгмаа энэ үеэр аавынхаа тухай дурсамж хуучаас хуваалцаж, зохиол бүтээлээс нь сурагчдад уншиж сонирхуулав. Ирэх 2018 онд Д.Содномдорж зохиолчийн мэндэлсний 90 жилийн ой тохиох ажээ. Тиймээс уг ойн хүрээнд нэрт зохиолчийн гэр бүл, үр хүүхдүүд болон Монголын хүүхдийн зохиолчдын холбооноос олон ажил зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Д.Содномдорж зохиолчийн “Жигмэд, Тогмид хоёр” дуу нь 61 дэх жилээ дуулагдаж байгаа бол алдарт “Норовын намтар” тууж нь зохиогдоод хагас зуун жил болжээ. Түүний хүүхдийн зохиолууд дэлхийн олон улс оронд орчуулагдан хүүхэд багачуудын хүртээл болж байсан бөгөөд хуучин ЗХУ-д шилмэл бүтээлийн дээжээс бүрдсэн ном нь 100 мянган хувь хэвлэгдэж байсан ажээ. Мөн “Аз жаргалын эрэлчин” хүүхдийн жүжиг, дуурийн цомнол бичин, “Навсайдамба ба түүний нөхөд” зохиолоор нь “Улаан дарцаг” киног бүтээсэн гээд Д.Содномдорж зохиолчийн уран бүтээлийн намтар түүх, өв нэн арвин. Тэрээр зөвхөн бага насны хүүхдүүдэд зориулсан бүтээл туурвисангүй. “Цэцэгт нугын эрвээхэй”, “Учран золгохын ерөөл” зэрэг дуунууд нь өнөө ч дуулагдсаар байгаа.

Нэгэнт дууны уран бүтээлийн тухай ярьсных дээрх уулзалтад уригдан ирсэн нэгэн эрхмийн тухай дурдалгүй өнгөрч болохгүй бизээ. Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Төмөрхуяг уулзалт, өдөрлөгийн нэг содон зочин байв. Тэрээр Д.Содномдорж зохиолчийн шүлгээр хийсэн хоёр дууг дуулж сонирхуулсан. Эхнийх нь “Цэцэг” гэж шүлэгт гавьяат өөрөө аялгуу зохиожээ. Харин хоёр дахь дуу нь олны сайн мэдэх “Жигмэд, Тогмид хоёр”. Уг дууг нь 1970-аад оны залуус поп аяар дуулдаг байсан тухай Н.Төмөрхуяг гавьяат сонирхолтой дурсамж ярьж, дуулж үзүүлсэн юм.   

Р.Чойномын нэрэмжит “Өд” сангийн тэргүүн Д.Ганболд “Залуу нас” сониныхоо шинэхэн дугаарыг “Оюуны ундраа” сургуулийн номын санд бэлэглэж, “Хэрлэн тооно” уран бүтээлийн нэгдлийнхэн шүлэг найргаа уншсанаар энэ удаагийн уулзалт, өдөрлөг өндөрлөв.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50657
0 эможи
keyboard_arrow_up