COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 22, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Хотын Захирагч С.Амарсайхан Багануур, Налайх дүүрэгт ажиллалаа

админ
2020 оны 5 сарын 09

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Багануур, Налайх дүүрэгт ажиллалаа. Ажлаа Багануур дүүргээс эхэлсэн бөгөөд тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашин гардуулан өглөө. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы санаачилгаар алслагдсан гурван дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвартай сайтай автомашины асуудлыг шийдвэрлэж өгч байгаа юм. Өмнө нь Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст шаардлагатай автомашины асуудлыг шийдвэрлэж өгсөн бол энэ удаа Багануур дүүргийн Онцгой байдлынханд автомашиныг ийнхүү өгч байна. Ингэснээр тус дүүргийн онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүн ажил үүргээ түргэн шуурхай гүйцэтгэх нөхцөл боломжоор хангагдаж байгаа юм.

Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс дүүргийнхээ 30 гаруй мянган хүн амд гамшгаас хамгаалах үйл ажиллагаа үзүүлэхээс гадна зэргэлдээ Хэнтий, Төв аймгийн сумдын дуудлагад хүрч ажилладаг. Одоогийн байдлаар гал унтраах, аврах ажиллагааны болон ой хээрийн түймэртэй тэмцэх автомашинаар үүрэг гүйцэтгэж байгаа гэдгийг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга П.Батбаяр хэлж байлаа.  

Мөн энэ үеэр Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян “Онцгой байдлын албанд ашиглагдаж байгаа техник тоног төхөөрөмжийн чадал өнгөрсөн оны судалгаагаар 55 хувьтай байна. Багануур дүүргийн хувьд хүчтэй салхи, малын гоц халдварт өвчин, ой хээрийн болон объектын түймэр, үер усны болон автын осол их гардаг. Ийнхүү тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст тулгамддаг автомашины асуудалд нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан онцгой анхаарч, шийдвэрлэж өгсөнд удирдлагын зүгээс талархалтай байна” хэмээн онцлов.  

Багануур дүүргийн 4 дүгээр хороо тэргүүний хороогоор шалгарлаа

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Нэг хот-нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд дүүрэг, хороодын алба хаагч, хэсгийн ахлагч нарын оролцоог нэмэгдүүлэх, хотын стандарт, дүрмийг мөрдүүлэх, идэвх санаачилгыг өрнүүлэх чиглэлээр болзолт уралдааныг зохион байгуулсан билээ. Харин Багануур дүүргийн 4 дүгээр хороо стандартын хэрэгжилтийг таниулах, мэдээллэх, сурталчлах, хийж хэрэгжүүлж байгаа ажилд стандартыг мөрдүүлэх, коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зэрэг ажлуудад бусдыгаа манлайлж ажилласан учир ийнхүү тэргүүний хороогоор шалгараад байна.   

Энэ үеэр хотын Захирагч С.Амарсайхан төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, хяналтын тогтолцоог сайжруулах замаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, идэвхи санаачилгатай ажилласанд тус хорооны ажилтнуудад баяр хүргэлээ. Цаашид ч хотын стандарт, нормыг мөрдүүлж, үлгэр жишээ ажиллахыг хүслээ.

100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил эхэллээ

4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил эхэлж байгаа аж. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 25 жил гэр цэцэрлэг ажиллаж байсан энэ газар төвлөрсөн шугамд холбогдсон, тохь тухтай, стандартын шаардлага хангасан 100 хүүхдийн цэцэрлэгийн ажлыг эхлүүллээ. 132 дугаар цэцэрлэгт 4 бүлгийн 100-аад хүүхэд 8 гэрт сургуулийн өмнөх боловсролыг эзэмшдэг байсан юм. “Жил гаруйн өмнө 320 хүүхдийн суудалтай бага сургууль ашиглалтад орсон. Мөн гэр хороололд 194 дүгээр Канад цэцэрлэг бий. Ингэснээр гэр хорооллын хүүхдүүд сургууль, цэцэрлэг рүү хол замд явдаг байдал өөрчлөгдөж, дэргэдээ сургууль, цэцэрлэгтэй болж байна. Энэ бүгдийг шийдвэрлэж өгөхөд нийслэлийн Засаг дарга анхаарч ажилласанд Багануур дүүргийн иргэдийн өмнөөс талархалтай байна” хэмээн Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир хэлсэн юм.

Харин хотын Захирагч С.Амарсайхан цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгч компанийнханд хандан барилгын ажлыг стандарт, нормын дагуу чанартай, цаг алдалгүй барих ёстойг сануулж байлаа. 100 хүүхдийн тус цэцэрлэгийг есдүгээр сарын 1 гэхэд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа юм.   

1.2 км авто замын ажил хэвийн үргэлжилж байна

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар ЖДҮД төвийн урд уулзвараас Шунхлай ШТС хүртэлх хатуу хучилтай 1.2 км авто замын ажлын явц хэвийн үргэлжилж байна. Авто замын ажлыг гэрээний дагуу долоодугаар сард хүлээлгэж өгөх ёстой ч зургаадугаар сард дуусган хүлээлгэн өгөх бүрэн боломжтойг гүйцэтгэгч компанийн төлөөлөл хэлж байв. Энэхүү авто замыг барьснаар авто замын сүлжээ бий болж, иргэдийн тав тухтай, аюулгүй байдал хангагдаж, улмаар Багануур дүүргийн төв замын хөдөлгөөний ачааллыг хуваарилах боломж бүрдэнэ. 1.2 км авто замын хоёр талд гэрэлтүүлэг, явган зам, ногоон байгууламжийг цогцоор нь хийх юм. Авто замын гүйцэтгэгч компаниудын ажил сайн байгааг хотын Захирагч хэлээд, цаашид чанар, стандартад улам анхаарч ажиллах ёстойг санууллаа.

Налайх дүүргийн удирдлагуудад тохижилтын ажилд хяналт тавьж ажиллахыг анхаарууллаа

Налайх-Чойр чиглэлийн авто замын уулзвар буюу налайхчуудын хэлж заншсан Бөмбөрцөгтэй уулзвараас 3 дугаар хорооны төмөр замын 5 шар байшингийн баруун тал хүртэл шинээр баригдаж байгаа 4.4 км авто замын ажлын явцыг шалгалаа. Тус ажлыг “ЗБИБ” ХХК, “Моторсервиз” ХХК хамтран гүйцэтгэж байгаа бөгөөд эхний ээлжийн 2.3 км авто замын зорчих хэсгийг ирэх сарын 15-нд нээхээр ажиллаж байна. Авто замын ажилтай холбогдуулан одоогоор нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт оруулаад байгаа юм.  

Хотын Захирагч Налайх дүүрэгт ажиллах үеэрээ 10 шар байрны шугам сүлжээний өргөтгөл, гаднах тохижилтын ажлыг шалгалаа. Гүйцэтгэгч компанийн хувьд шугам сүлжээний ажлыг хийх явцдаа байрны гаднах талбайд хог шороогоо овоолох, нүх ухсан иргэд, оршин суугчдын явах замд эрсдэл үүсгэж, саад учруулж болзошгүй мод, чулуу тавих зэрэг асуудлыг гаргаж байгааг хотын Захирагч шүүмжиллээ. Аливаа ажлыг хийхдээ иргэдэд хүндрэл чирэгдэл учруулахгүй байхад анхаарч ажиллах ёстойг сануулж, уг асуудлыг цэгцэлж, хяналт тавьж, ажиллах үүргийг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар болон Налайх дүүргийн удирдлагуудад өглөө.   

Нийт 1.5 км дулааны цэвэр, бохир усны шугам, төв дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийснээр 20 байрны 2000 гаруй оршин суугчид найдвартай дулаан хангамжид холбогдоно.   

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616998
0 эможи
keyboard_arrow_up