COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

2017 оны 10 сарын 21

Arslan.mn

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ НИЙСЛЭЛД БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Нийслэл хотыг 4 ханатай гэрт аж төрж, ам бүл нэмсээр байгаа өрх айлтай зүйрлэв

Нийслэлийн Засаг дарга С.Батболд Улаанбаатар хотын тулгамдсан зарим асуудлыг хэрхэн шийдэхээр ажиллаж байгаа талаараа товч танилцуулсан. Агаарын бохирдлыг бууруулах болон цэвэрлэх байгууламжийн шинэчлэл хамгийн их анхаарал татаж байгааг тэрбээр дурдав. Тэрбээр агаарын бохирдлыг бууруулахтай холбоотойгоор 3 захирамж гаргасан, цэвэрлэх байгууламжийг шинээр барих, одоо байгаагаа сайжруулах гэх мэт шийдлүүд яригдаж байгааг товч танилцуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 500 000 хүн амтай байхаар төлөвлөгдсөн нийслэл өнөөгийн хүн амын төвлөрөл ачааллаа даахаа больсон байгааг бид сайжруулах гэж оролдохоос илүү шинэ дагуул хотууд байгуулах нь үр дүнтэй, илүү ахицтай ажил байх болно хэмээн онцлов.

Хотын удирдлагууд нийслэлийн шав тавьсан газарт хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын нийслэл үүсэн байгуулагдсаны түүхт 378 жилийн ой аравдугаар сарын 29-ний өдөр тохиож байна. Нийслэлийн шав тавьсан газар Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3-р багийн нутаг Их Монгол уулын бэл, Ширээт цагаан нуурын хөвөөнд орших Гэрэлт хөшөөнд нийслэлийн үе үеийн удирдлагууд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ. Энэ уламжлалын дагуу өнгөрсөн амралтын өдөр хотын удирдлагууд нийслэлийн шав тавьсан газарт очиж Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

С.Батболд: Агаарын бохирдлыг бууруулахад иргэн, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ жил зорилтот бүлгийн 3600 өрхөд сайжруулсан түлш бэлтгэж, сургууль, цэцэрлэг, эмнэлэгт 350 ширхэг дотоод агаарын чанарыг сайжруулах төхөөрөмж суурилуулах, нийтдээ 33 бие даасан болон уурын зуухтай аж ахуйн нэгж байгууллагуудыг төвлөрсөн дулааны шугам сүлжээнд холбох гэх мэт тодорхой ажлыг хийхээр төлөвлөсөн. Ерөнхийдөө төлөвлөгөөний дагуу төлөвлөсөн ажлууд хийгдээд дуусч байна. Агаарын бохирдлын 80 хувь нь гэр хорооллоос үүдэлтэй. Хуралдаанаар гэр хороололд үүсээд буй бохирдлыг хэрхэн, яаж бууруулах вэ гэсэн асуудлыг хөндлөө.

16 иргэн орон сууцныхаа түлхүүрийг гардан авлаа

“Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гаас сүүлд 2017 оны 9 сарын 29-нд дөрвөн иргэн сангийн шаардлагыг хангаж орон сууцны түлхүүрээ гардан авч байсан бол өнөөдөр Сонгинохайрхан дүүргээс 7 иргэн, Сүхбаатар дүүргээс 4 иргэн, Чингэлтэй дүүргээс 2 иргэн, Баянзүрх дүүргээс 2 иргэн, Баянгол дүүргээс 1 иргэн тус тус урьдчилгаа төлбөрийн санхүүжилт авах шаардлага хангаж, нийт  16 иргэн орон сууцныхаа түлхүүрээ хотын даргаас гардан авлаа. 

Нийслэлийн “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн” тодорлоо

Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын үндсэн чиглэл, зорилтын хүрээнд Нийслэлд албан байгууллага, хамт олны дунд Эрүүл мэндийн сайдын 2009 оны 184 дүгээр тушаал, өрх, иргэдийн дунд Нийслэлийн Засаг даргын 2003 оны 504 дүгээр захирамж, Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2015 оны А/55 тушаалын болзолт журмын дагуу “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн” шалгаруулах ажлыг 13 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

“Их хотын хямдрал-378” нээлтээ хийлээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Их хотын хямдрал” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн уламжлалтай. Тав дахь жилдээ зохион байгуулж буй “Их хотын хямдрал-378” арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар их дэлгүүрт боллоо.

ФОТО: “ИХ ХОТЫН ХЯМДРАЛ“-тай худалдааг цан цохиж эхлүүллээ Arslan.mn

НЗДТГ “Иргэддээ үйлчилдэг төр-уxаалаг төрийн үйлчилгээ” Азийн сантай хамтран хэрэгжүүлж байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь Швейцарийн Хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Азийн сантай хамтран Xотын засаглалыг сайжруулаx төслийг Нийслэлийн 9 дүүргийн гэр xорооллын 87 xороонд 2017-2018 оны хугацаатайгаар хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар xотын Заxирагчийн  2016-2020 оны үйл ажиллагааны xөтөлбөр”-т тусгагдсан “Иргэддээ үйлчилдэг төр-уxаалаг төрийн үйлчилгээ”, Азийн сангийн 2017-2018 оны хугацаанд хэрэгжүүлэх “Хотын Засаглалыг сайжруулах” төслийн II бүрэлдэхүүн хэсэгт тусгагдсан төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж, хороодоос үзүүлэх төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх асуудлыг хэрэгжүүлэх үе шаттай ажил зохион байгуулж байна.

Явган хүнд зориулсан гүүрэн гарц нээлтээ хийлээ

“Улаанбаатар мегаполис хот болсоны хувьд иргэдийнхээ таатай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн тулд тодорхой ажлуудыг хийж байгаа. Улаанбаатар хотод жил ирэх тусам авто машины тоо нэмэгдсээр байгаа. Үүнийгээ дагаад замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байдаг. Тиймээс явган зорчигчин аюулгүй байдлыг хангах нь туйлийн чухал. Энэхүү гүүрэн гарц Баянзүрх дүүргийн хөдөлгөөний эрчим ихтэй томоохон гудамжинд байгуулагдсан. Түүнчлэн сургуулийн хүүхдүүд аваар осолд холбогдох магадлал ихтэй зам учир энд хийсэн. Архитектурын хувьд шинэ шийдэлтэй. Хотын өнгө үзэмжинд эергээр нөлөөлсөн, орчныхоо нөхцөл байдалтай уялдсан гүүрэн гарц болж байна.

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, инженер техникийн ажилтан, жолооч нарт сургалт зохион байгууллаа

Нийслэлийн өдрийг угтаж нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах аяны хүрээнд, аж ахуйн нэгж, байгууллагад тавигдах стандартын шаардлага, сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх зорилго бүхий болзолт уралдааныг зарласантай холбогдуулан Нийслэлийн Тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, инженер, техникийн ажилчид болон жолооч нарт зориулан удирдлагын манлайлал, байгууллагын амжилт, үнэт зүйл, соёл, ажлын байрны ёс зүй, ажилтны нэр хүнд ба хариуцлага, ажлын байрны стресс, удирдлагын харилцааны хэлбэр зэрэг сэдвийн хүрээнд судалгаанд суурилсан  харилцаа, ёс зүйн чиглэлээр “Эх Онол” сургалт, судалгаа, арга зүйн төвтэй хамтран явуулж байна.  

Ослын үед ажиллах хүн хүч, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангуулах штабын дадлага, сургууль болов

Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2017 оны аравдугаар сарын 19-ний өдөр “Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Инженерийн хангамжийн байгууллагуудын шугам сүлжээнд технологийн горим зөрчигдсөн осол гарахаас урьдчилан сэргийлэх, ослын үед ажиллах хүн хүч, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангуулах штабын дадлага, сургуулийн удирдамж”-ийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээр тус тус батлуулан, инженерийн хангамжийн байгууллагууд болон Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Ус сувгийн удирдах газар, Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрыг хамруулан дадлага, сургуулийг зохион байгуулав.

Шилэн тендерийн журмын төсөл боловсруулах ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын А/605 дугаар захирамжийн дагуу байгуулагдсан  Нийслэлийн Шилэн тендерийн журмын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа. Тус захирамжийн дагуу улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлын талаарх мэдээллийг газар зүйн мэдээллийн системд суурилсан нийслэлийн дундын мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулна. Захирамжийн гол зорилго тендерийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй болгож, авлигаас урьдчилан сэргийлэхэд оршиж байгаа юм. 

Нийслэлээр овоглосон хуулийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг болж байна

Дэлхийн Нотариатын өдөр, Монгол улсад Нотариатын байгууллага үүсч хөгжсөний 92 жил, “Монголын Нотариатчдын Танхим“ ТББ үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойг тус тус угтан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ХЗДХЯ, нийслэлийн Шүүх, нийслэлийн Прокурорын газар, нийслэлийн Цагдаагийн газар, Монголын Хуульчдын холбоо болон Монголын өмгөөлөгчдийн холбоо хамтран “Нотариатчдын өдөрлөг”-ийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

Нийслэлд цэрэг татлага 10 сарын 10-ноос 22-ны өдрүүдэд зохион байгуулагдана

Энэ жилийн цэрэг татлага нь Монгол улсын цэргийн албаны тухай хуулийн дагуу зохион байгуулагдаж байгаа бөгөөд цэргийн албаны тухай хуулиар иргэд хоёр удаа цэрэгт татагдах, цэргийн алба хаасан иргэдийн ажлын байр хадгалагдан үлдэх, эргэж ажилдаа томилогдох хуулийн заалтууд орсноороо онцлог ажээ.

Мөн цэргийн албанаас халагдан ирж байгаа иргэддээ ажлын байр танилцуулах үйл ажиллагааг бүх дүүргүүд дээр зохион байгуулж байгаа юм байна.

“Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадал” аянд Багануур дүүргийн залуучууд нэгдэв

Нийслэлийн хүн амын 35.4 хувийг залуучууд эзэлдэг бөгөөд нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас Эерэг амьдарцгаая уриатай “Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадал” аяныг өрнүүлж байна. Өнөөдөр “Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадал”-ыг сурталчлан таниулах үйл ажиллагааг Багануур дүүргийн ЗДТГ-ын байранд “Эрдэнэ 5 баг” төрийн бус байгууллагатай хамтран 200 гаруй залуучуудын оролцоотойгоор зохион байгууллаа. Тус аяны урианд нэгдсэн залуучууд маань зөв арван дадлыг өөртөө хэвшүүлж, бусдад үлгэрлэн түгээхээр болж байгаа юм.  

Хөгжлийн харандаа экспод урьж байна

Нийслэл хот байгууллагдсаны 378 жилийн ойг угтан хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг олон нийтэд сурталчлах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрөл, чанар хүртээмжийг сайжруулах, сонголтыг өргөжүүлэх зорилгоор Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас санаачлан 3 дахь жилдээ “Хөгжлийн харандаа экспо” зохион байгуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48397
0 эможи
keyboard_arrow_up