COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

2017 оны 10 сарын 14

Arslan.mn

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ НИЙСЛЭЛД БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

НИТХ-ын даргаар С.Амарсайхан сонгогдлоо

НИТХ-ын даргыг сонгох санал хураалт явагдаж дүн гарахад төлөөлөгч Д.Баярсайхан 19, С.Амарсайхан 21 санал авсан байна. Ингэснээр НИТХ-ын шинэ даргаар С.Амарсайхан сонгогдож, өмнөх дарга Ц.Сандуйгаас тамгаа гардан авлаа. НИТХ-ын дарга С.Амарсайхан төлөөлөгчдөд хандан үг хэлснээр энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө. С.Амарсайхан нь 1981-1991 онд Налайхын бага, дунд сургууль, 1994-1996 онд АНУ-ын Пресно хотын коллеж, 1996-1998 Ютa Мужийн Коллеж, 1998-2000 онд Соут Вест Их сургуульд суралцаж төгссөн. Эрх зүйн Магистр зэрэгтэй.

С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Москва хотод айлчилж байна

Москва-Улаанбаатар хотуудын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож буй. Ойн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Москва хотод албан ёсны айлчлал хийж байна.

Газар чөлөөлтийн асуудлаас болж саатаад байгаа АВТО ЗАМЫН ажлууд хэвийн явагдана

Энэ жил Улаанбаатар хотод Нийслэлийн төсөв, Нийслэлийн замын сан, Хөгжлийн банкны санхүүжилт болон гадаад зээл гэсэн дөрвөн эх үүсвэрээр авто зам, замын байгууламжийн 39 төслийг хэрэгжүүлж байгаа билээ.

Нийслэлийн зарим байршилд хийгдэж буй авто замын ажлын явцтай НЗД-ын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг танилцаж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэлээ. 
Ажлын хэсэгт  НАЗХГ-ын дарга Ж.Тогтохбаяр, орлогч дарга Г.Баттогтох, Зам барилгын хяналтын хэлтсийн дарга Б.Бум-Эрдэнэ, Засвар ашиглалтын хяналтын хэлтсийн дарга Б.Цэрэнсодном, НГА-ны орлогч дарга Б.Загдсамбар, НЗЦГ-ын дарга Б.Эрдэнэбат болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Газар чөлөөлтийн асуудлаас болж саатаад байгаа АВТО ЗАМЫН ажлууд хэвийн явагдана Arslan.mn

Москва хот Улаанбаатар хоттой хамтран ажиллана

Хоёр хотын найрамдалт хамтын ажиллагааны тухай 1996 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн протоколд заасан зарчмыг үндэслэн 2018-2020 оны хугацаанд хамтран ажиллах хөтөлбөрт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Москва хотын дарга Сергей Собянин нар гарын үсэг зурлаа. Талууд хот төлөвлөлт архитекур, орон сууц, нийтийн аж ахуй, хот тохижилт, боловсрол эрүүл мэнд, архив зэрэг салбаруудад найрамдалт харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллахаар боллоо.

Нийслэл газар зүйн мэдээллийн системд суурилсан нэгдсэн мэдээллийн сантай болно

Нийслэл хотын дундын мэдээллийн санд нийслэлийн харьяа 19 газар хамрагдана. Энэхүү мэдээллийн сангууд ажиллаж эхэлснээр нийслэлийн иргэд цахим үнэмлэхээрээ хувь хүний нэгдсэн мэдээллийн дэлгэрэнгүй сангаасаа эхлээд өөрийн дүүрэг, хороонд үйл ажиллагаа явуулж байгаа сургууль, цэцэрлэгийн багтаамж бүртгэл, газар зохион байгуулалт, агаар, орчны бохирдол, нийтийн тээврийн урсгал ачаалал, гэмт хэргийн нөхцөл байдал, ногоон бүс гэх мэтчилэн бүхий л мэдээллийг авах боломжтой болно.

Улаанбаатар хотын дарга С.Батболдын айлчлалыг ОХУ-ын Москва хотын төв сайт онцлон мэдээлж байна

Сергей Собянины тэмдэглэн хэлснээр Москва болон Улаанбаатар хотуудын хамтын ажиллагаа жилээс жилд батжин бэхжиж, хоёр талын худалдааны эргэлт ч мөн өссөөр байна. “Энэ жил ОХУ болон МУ-ын нийслэл хотуудын хооронд найрсаг харилцаа холбоо тогтоосны 60 жилийн ой тохиож байна. Бид энэ ойг угтаж хамтын ажиллагааны хөтөлбөр боловсруулан гарын үсэг зурсны зэрэгцээ цаашид үр бүтээлтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө ажиллах болно” гэж Собянин тэмдэглэн хэлжээ.

НИТХ-ЫН ДАРГА НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан, НИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгчид болон нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан зэрэг албаныхан өнөөдөр нийслэлийн Цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр нийслэлийн Цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд “Нийслэлийн Цагдаагийн газраас иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх ажлыг олон улсын цагдаагийн байгууллагын жишигт хүргэх, орчин үеийн техник технологийн дэвшлийг нэвтрүүлэх, эргүүлийн үйл ажиллагаа, зохион байгуулалтыг боловсронгуй болгох зорилгоор “Гэмт хэргийн хяналтын систем”, “Эргүүл”, “Телекамер” дэд хөтөлбөрийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулан хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хотын дарга “Монгол Улсаа хөгжүүлье” ток шоуны тусгай дугаарын зочноор оролцлоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Монгол Улсаа хөгжүүлье” ток шоу нэвтрүүлгийн тусгай дугаарын зочноор оролцлоо. Нийслэлийн бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэл, хөрөнгө оруулалт болон цаг үеийн асуудлууд, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар ярилцлаа.

Улаанбаатар хотын гудамжид шилжүүлэн суулгасан шилмүүст модны ургалтын явцтай танилцлаа

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Цахим газар өмчлөлийн талаарх асуудлыг нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, Гадна зар сурталчилгааны байгууламжийн өнөөгийн байдал тулгамдаж буй асуудлууд болон Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр 2016, 2017 онд хийгдсэн ажил, тооллогын дүнг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр танилцуулан, зөвлөлийн гишүүдээр хэлэлцүүлэв.

“ИХ ХОТЫН ХЯМДРАЛ” 10 сарын 22-29-ны өдрүүдэд зохион байгуулагдана

Нийслэлийн удирдлагууд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах,  иргэдэд санхүүгийн бодит хэмнэлт болдог хямдралтай худалдаа үйлчилгээг өргөн хүрээнд зохион байгуулах арга хэмжээнд идэвхитэй оролцохыг уриалсан уриалгыг “Зочин” уулзалтад хүрэлцэн ирсэн худалдаа үйлчилгээний төвүүдийн удирдлага, төлөөлөлд гардуулан өглөө.

“Улаанбаатар” олон улсын IX кино наадмын НЭЭЛТ боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл, Монголын кино урлагийн зөвлөл хамтран зохион байгуулдаг “Улаанбаатар” олон улсын IX кино наадмын нээлт  Corporate Hotel & convention center-т боллоо. Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн удирдлагууд оролцож шагнал гардууллаа. 

ФОТО: “Улаанбаатар” олон улсын IX кино наадмын НЭЭЛТ өнөөдөр боллоо Arslan.mn

“Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадал” аянд Чингэлтэй дүүргийн залуучууд нэгдлээ

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар “Эрдэнэ тав баг” төрийн бус байгууллагатай хамтран “Эерэг амьдарцгаая залуучуудаа” уриатай “Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадал” аяны нээлтийг өнөөдөр  Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургууль дээр зохион байгууллаа. Энэхүү аяныг Чингэлтэй дүүргээс эхлүүлж байгаа бөгөөд 150-200 гаруй залуучууд аяны уриаг дэмжин нэгдэж,  Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадлыг өөртөө хэвшүүлж, бусдад үлгэрлэн түгээхээр болов.

Нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээг цахим болгох бодлого боловсруулж хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдлаа

Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын зүгээс иргэдийн төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах, хөрөнгө мөнгө, цаг хугацаа хэмнэх боломжийг бүрдүүлж “Smart car”, “Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэл, элсэлт”-ийн цахим системийг нэвтрүүлсэн. Мөн газар зүйн мэдээллийн системд суурилсан Нийслэлийн дундын мэдээллийн санг өргөжүүлж, нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд тоон гарын үсэг нэвтрүүлэх, төрийн мэдээлэл солилцооны ХУР системээр дамжуулан цахим мэдээлэл солилцох eDES системийг шинээр нэвтрүүлэх зэргээр шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм. Нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээг цахим болгож хэрэгжүүлэх  уг ажлыг бодлогын түвшинд НМТГ хариуцан ажиллах юм. 

Нийтийн тээврийн хэрэгсэлд дуу хоолойгоор зогсоол зарлах автомат системийг суурилууллаа

Нийслэл хотын нийтийн тээврийн үйлчилгээнд өнөөдрийн байдлаар нийт 88 чиглэлд 950 автобус, троллейбус үйлчилгээнд ажиллаж, ажлын өдөрт 800 мянга орчим зорчигч тээвэрлэж байна. Нийслэлийн Тээврийн газраас нийслэлийн 378 жилийн ойг угтан хийж байгаа ажлын нэг нь иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу өвлийн улиралд цонх цантаж, зорчигчдод хүндрэлтэй байдал үүсч, буух зогсоолоо андуурах асуудлыг шийдвэрлэх зорилгоор дуу хоолойгоор зогсоол зарлах автомат системийг автобус, троллейбуснуудад суурилуулаад байна.

“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сарын аян эхэллээ

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилготой сарын аяны  нээлт Хан-Уул дүүргийн Соёлын ордны гадна талбайд боллоо. Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн санаачлагаар “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сарын аяныг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар дүүрэг дэх Цагдаагийн 1, 2-р хэлтэс, Замын цагдаагийн хэлтэстэй хамтран зохион байгууллаа.

“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сарын аян нь 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд аяны хүрээнд 33 арга хэмжээ зохион байгуулагдахаар төлөвлөөд байна.

3150 м2 нөхөөсний ажил гүйцэтгэв

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь хотын гол болон туслах замын засварын ажлын хүрээнд дараах замуудад нөхөөсний ажил хийж гүйцэтгэлээ. Үүнд “Дүнжингарав” худалдааны төвийн баруун талын авто замын зорчих хэсэг, Хүй долоон худаг дахь 17 байршилд нийт 152,6 м2 нөхөөс, Удирдлагын академи, Сонгинохайрхан дүүргийн 21-р хороолол, Цэргийн хотхон, Сонгинохайрхан дүүрэг Таван шар, Толгойт өртөө, Нарны зам, Цирк Усны гудамж, ТЭЦ, Хан-Уул дүүрэг Энгельсийн уулзвар, “Говь” ХК-ний уулзвар, Баянгол рестораны туслах зам, Орос 3 дугаар сургуулийн баруун талын байрны дундах нөхөөс, Баянгол дүүрэг ТЭЦ 4 Эрчим хүчний гудамжны авто замын нөхөөс, Чингэлтэй дүүрэг Гүнтийн давааны наана, Япон цэргийн цогцолбор, Дамбадаржаагаас Зуслан чиглэлийн авто замд хийгдсэн шороон дүүргэлтийн ажил, Сонгинохайрхан дүүргийн Моносын уулзварын баруун талын авто замын нөхөөс, Таван шарын уулзвараас Тахилт Орбит чиглэл, Найрамдалын зам Драгон, Баянзүрх дүүргийн Бөхийн өргөө, Сонгинохайрхан дүүргийн 30, 31-р хорооны хороолол доторх нөхөөс, Сүхбаатар дүүрэг МУИС-ийн 5-р байрны туслах зам зэрэг 29 чиглэлд нийт 3150м2 нөхөөсний ажил хийж гүйцэтгэлээ.

Баянзүрх дүүргийнхэн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ

Нийслэлээс 2017 оныг иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил болгон зарласантай холбоотойгоор шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, мэдээллийн ил тод байдлыг ханган, төрийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэхийн тулд “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагтай болсон билээ.

Нийслэлийн Баянзүрх дүүрэг 331536 хүн амтай. Дүүргийн 28 хороонд 8000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 24 мянган өндөр настан амьдарч байна. Монгол Улсын нийт хүн амын 11 орчим хувь нь амьдардаг нийслэлийн хамгийн том дүүрэгт бүтээн байгуулалтын дараах ажлууд өрнөжээ.

“АГААР ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД ИРГЭН БҮРИЙН ОРОЛЦОО” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа

Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар, Хууль Сахиулахын Их сургуулийн Эрдэм шинжилгээ хөгжлийн хүрээлэн, МХАҮТ Онцгой байдлын сургууль хамтран “Агаар орчны бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны төвүүд, их дээд сургуулийн эрдэмтэн багш судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагууд, хороодын засаг дарга нар иргэд аж ахуйн нэгжүүд оролцлоо. Хэлэлцүүлгээр агаарын бохирдлыг бууруулахад төрөөс баримталж байгаа бодлого, тулгамдаж байгаа асуудлууд, хор уршгийг хэрхэн арилгах, дэвшилтэт техник, технологийн талаар илтгэлүүд тавьсан юм.

Хуулийн салбарынхны хамтарсан өдөрлөг аравдугаар сарын 16-нд болно

Нийслэлийн 378, Монголын Нотариатын байгууллага үүсэн байгуулагдсаны 92 жилийн ойн өдрийг тохиолдуулан энэ сарын 16-нд Жанжин Д.Сүхбаатарын талбайд хуулийн салбарынхны хамтарсан өдөрлөг болно. Өдөрлөгийг НЗДТГ, Монголын нотариатчдын танхим, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын хуульчдын холбоо хамтран зохион байгуулах юм. Бүтэн өдрийн турш үргэлжлэх өдөрлөгийн үеэр хууль зүйн болон нотариатын үйл ажиллагааг олон нийтэд таниулах, сурталчлах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Монголын нотариатчдын танхимын нийслэл, 21 аймгийн салбарын нотариатчид бүх төрлийн үйлчилгээг үзүүлж, эрх зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх аж.

Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөрийн төсөлтэй танилцаж саналаа идэвхтэй ирүүлнэ үү

Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа бөгөөд сар бүр иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулах зарим төрлийн судалгаа хийсэн юм. Иргэд өөрт шаардлагатай эрх зүйн мэдлэг, мэдээллийг авах нөхцөл боломж хангалтгүйгээс гэмт хэрэг, зөрчилд холбогдох, нэр төр, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх явдал хангалтгүй байгааг судалгааны дүн харуулж байна.

Улаанбаатар, Москва хотын архивын газрын хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ

Айлчлалын хүрээнд хотын дарга Москва хотын архивуудыг удирдах газрын дарга А.Я.Онопенкотой уулзлаа. Энэ үеэр хоёр талын архивуудын цаашдын хамтын ажиллагааны гэрээнд Москва хотын архивуудыг удирдах газрын дарга А.Я.Онопенко, Нийслэлийн архивын газрын дарга С.Гаваа нар гарын үсэг зурлаа. Мөн хоёр хотын архивын 60 жилийн түүхэн баримт бүхий гэрэл зургийн үзэсгэлэнг Москва хотын Москвич соёлын төвд дэлгэн үзүүлжээ. Энэ үеэр Улаанбаатар чуулгын уран бүтээлчдийн хүндэтгэлийн тоглолт болсон байна.

Өсвөр үе, залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвтэй хамтран өсвөр үе залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Эерэг хандлага, зөв дадал зуршлын төлөө хамтдаа" сэдэвт ээлжит сургалтыг нийслэлийн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 49 дүгээр сургуулийн ахлах ангийн 100 гаруй сурагчдыг хамруулан зохион байгууллаа.

Өсвөр үе, залуучуудад хорт зуршлаас урьдчилан сэргийлэх талаар зөв мэдлэг, мэдээлэл олгох зайлшгүй шаардлагатай байгаа тул Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэргэжлийн байгууллагуудтай хамтран тус сургалтыг 2017 оны турш ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид болон оюутан залууст зориулан зохион байгуулж байгаа юм.

Хүүхэд, гэр бүл, залуучуудад зориулсан “Хөгжлийн харандаа экспо” болно

Нийслэл хот байгууллагдсаны 378 жилийн ойг угтан хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг олон нийтэд сурталчлах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрөл, чанар хүртээмжийг сайжруулах, сонголтыг өргөжүүлэх зорилгоор нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас санаачлан 3 дахь жилдээ “Хөгжлийн харандаа экспо” зохион байгуулах гэж байна.

3 хорооны нутаг дэвсгэрээс 5 машин хадаг, шашны эд хэрэглэлийг устгалд оруулж, цэвэрлэжээ

Нийслэлийн Байгаль орчны газар, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, Монголын Бөөгийн нэгдсэн эвлэл хамтран “Хадгаа дээдэлье, байгалиа хамгаалъя” уриалга гарган ажилласан билээ.

Энэхүү уриалгын хүрээнд Тарвалин хийдийн лам хуврагуудтай хамтран амралтын өдрүүдээр буюу 2017 оны 10 дугаар сарын 7,8 - ны өдрүүдэд Баянзүрх  дүүргийн 20, Сонгинохайрхан дүүргийн 24, 25 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хамрууллаа.Ногоон бүсийн ой, ургаа модонд хадаг уях, шашны зан үйлтэй холбоотой эдлэл хэрэгслийг их хэмжээгээр тавьж орхих зэрэг нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж модны ургалтыг зогсоож байна.

Тус цэвэрлэгээнд нийслэлийн Байгаль орчны газрын албан хаагч,  лам хуврагуудаас бүрдсэн 41 хүн оролцож, 3 хорооны 13 га орчим талбайгаас 5 портер хадаг шашны эд хэрэглэлийг хурдан устгалд оруулж цэвэрлэгээний ажлыг амжилттай зохион байгууллаа.  

"Эерэг хандлага - Эрүүл оюутан" аяны ээлжит сургалтыг зохион байгууллаа

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар хамтран оюутан, залуучуудыг эерэг хандлагад уриалж, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх арга замын талаар сурталчлан таниулах, эрүүл мэндийн даатгалд сайн дураараа хамрагдах сэдлийг бий болгох зорилгоор “Эерэг хандлага-Эрүүл оюутан” аяныг аравдугаар сарын 9-20-ны хооронд зохион байгуулж байна.

Тус аяны хүрээнд 2017 оны аравдугаар сарын 11-ний өдрийн 13:00-15:00 цагийн хооронд нийслэлийн Баянгол дүүрэг, Монголын үндэсний их сургуулийн салбар Анагаах ухааны сургуулийн лекцийн танхимд 200 гаруй оюутан залуучуудын оролцоотойгоор зохион байгууллаа.

Нийслэлийн төр захиргааны байгууллагын албан хаагчид нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэж байна

Нийслэл хот үүсч байгуулагдсаны 378 жилийн ойн өдрийг угтан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулагдаж буй Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газруудыг хамарсан их цэвэрлэгээ болж байна. Их цэвэрлэгээний ажлын хүрээнд харьяа хариуцсан гудамж зам талбайн авто замын зорчих хэсгийн 2 талын зөвхөн явган хүний зам, талбайн ногоон байгууламжийн навч, хог хаягдлыг цэвэрлэх, зам дагуу байрлалтай ААН, байгууллагуудад шаардлага тавьж, цэвэрлэгээнд оролцуулах, гэрэлтүүлгийн шон, хашаа, хайс дээрх зарлал, наалтыг хуулж цэвэрлэх зэрэг ажлыг хийж буй юм. Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын албан хаагчид Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Бага тойруу, Самбуугийн гудамж, Нарны зам, Автобусны эцсийн буудлууд зэрэг нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48143
1 эможи
keyboard_arrow_up