COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 13, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

2017 оны 7 сарын 29

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ НИЙСЛЭЛД БОЛСОН ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

 

Хашааны газар нь 400 ам метр бол зээлд хамрагдах боломжтой боллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын санаачлан, эхлүүлээд байгаа Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсэд буюу гэр хороололд оршин сууж байгаа иргэдэд ипотекийн зээлийн  урьдчилгаа 30 хувийн төлбөрийн санхүүжилт олгох ажил үргэлжилж байна. Санхүүжилт авахыг хүссэн иргэдийн газрын хэмжээ журамд заасан хэмжээнд хүрэхгүй байх явдал гарч байгаа аж. Иймээс олон иргэнээс газрын хэмжээг багасгах хүсэлт ирүүлсэн байна. Иргэдийн энэхүү хүсэлтийг харгалзан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд журмандаа өөрчлөлт оруулж, газрын хэмжээг 400м2 болгон бууруулсан байна. Ингэснээр илүү олон өрхийг энэ хөтөлбөрт хамруулах боломж бүрдэж байгаа юм

Юнын хотын төлөөлөгчдийн хүлээн авч уулзлаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй 7 дугаар сарын 24-ий өдөр БНСУ-ын Юнын хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ким Жүн Шиг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр хотын хооронд урлаг соёл, аялал жуулчлал болоод эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх талаар ярилцлаа. 

“Хоёр хотын ИТХ хамтран ажиллах санамж бичиг байгуулж, үүнийхээ хүрээнд хотын дарга нарыг холбож хамтын ажиллагааг явуулах нь зүйтэй. Хоёр хотын дарга нар харилцан туршлага солилцож, хамтран ажиллах бүрэн боломжтой. Мөн Улаанбаатар хотод танай хотын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулах талаар санамж бичигт тусган хэрэгжүүлэх болно” хэмээн НИТХ-ын дарга Ц.Сандуй хэллээ.

НЗД-ын орлогч П.Баярхүү хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан баригдаж буй "Хөгжлийн төв"-ийн барилгын явцтай танилцлаа

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар өнгөрсөн оны есөн сараас эхлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн "Хөгжлийн төв"-ийн барилгын ажлыг эхлүүлээд байна. Тэгвэл өнөөдөр  Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, ХНХЯ-ны Хөрөнгө оруулалтын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Г.Анар, ЗТХЯ-ны Хяналт, шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн ,Нийслэлийн газрын албаны орлогч дарга Д.Нямдаваа, Гаалийн ерөнхий газрын татварын орлогын газрын дарга П.Жанцанхорлоо болон бусад албаны хүмүүс тус "Хөгжлийн төв"-ийн барилгын ажлын явцтай танилцлаа. Өнөөдрийн байдлаар тус "Хөгжлийн төв"-ийн барилга угсралтын ажил 40 гаруй хувьтай явагдаж байгаа бөгөөд Хятадын төмөр замын 4 дүгээр товчоо гүйцэтгэгч компаниар ажиллаж байна.

Нийслэлд хэрэгжиж буй авто замын шинэчлэл, бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа

Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн газрын албаны орлогч дарга Д.Загдсамбар, Нийслэлийн авто зам хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра, Нийслэлийн газрын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга н.Энхтөр болон бусад албаны хүмүүс  энэ онд баригдаж буй хатуу хучилттай авто замын шинэчлэлт, бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Энэ онд нийт 15 авто зам шинээр тавигдаж байна. Үүний нэг болох Сонгинохайрхан дүүргийн Нарангийн гудамжнаас Орбитын гудамж хүртэлх 1,3 авто замын ажил энэ сарын 21-ний өдрөөс эхэлсэн бөгөөд Зөв зам ХХК төсөл хэрэгжүүлэгч компаниар шалгаран ажиллаж байна. 11 сард ашиглалтад орох тус зам нь 7 метрийн өргөнтэй, хоёр талдаа 1,5 метр явган хүний замтай, гэрэлтүүлгийг бүрэн шийдсэн байх аж. Замын ажлын явц 30 орчим хувьтай үргэлжилж байна.

Цахим бүртгэл ирэх сарын 24 хүртэл явагдана

“Өнөөдрөөс эхлэн цэцэрлэгийн цахим бүртгэлийн систем амжилттай ажиллаж эхэлсэн. Өчигдөр шөнийнн 00:00 цагаас хойш одоогийн байдлаар 5000 гаруй хүүхэд бүртгүүлсэн байна. Цахим бүртгэл ирэх сарын 24-ний өдрийг хүртэл нэг сарын хугацаанд явагдана. Эцэг эхчүүд цахим бүртгэл, цахим элсэлт гэсэн хоёр үетэй явагдахыг сайн анхаарах хэрэгтэй. Хоёр настай хүүхдүүдийг цахимаар бүртгэнэ. Харин 3-5 настай хүүхдүүд уламжлалт аргаараа цэцэрлэг дээрээ очиж бүртгүүлэх юм. Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэд байвал наймдугаар сарын 10-наас бүх цэцэрлэг дээр туслах ажилтан, багш нар эцэг эхчүүдэд туслаж, бүртгэж өгөх болно. 

Төвийн бүсийн уралдаан Багануур дүүрэгт болно

Нийслэлийн Онцгой комисс өчигдөр яаралтай хуралдаж Сонгинохайрхан дүүрэгт мал, амьтны гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан Хүрээ цам-Даншиг наадмыг цуцлах шийдвэр гаргасан. Мөн Төвийн бүсийн хурдан морины уралдааныг нийслэлийн нутаг дэвсгэрт хийх боломжгүй гэж үзэн Засгийн газарт шийдвэрээ хүргүүлсэн юм. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас энэ сарын 28-30-ны өдрүүдэд нийслэлд зохион байгуулагдах байсан Төвийн бүсийн хурдан морины уралдааныг Багануур дүүрэгт зохион байгуулахаар байршлыг өөрчилж шийдвэрлэснээ нийслэлийн Онцгой комисст албан ёсоор ирүүлсэн байна

Хүрээ цам-Даншиг наадам Төв цэнгэлдэхэд болно

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт мал, амьтны гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан ирэх сарын 5, 6-ны өдрүүдэд болох байсан Хүрээ цам-Даншиг наадмыг цуцлах шийдвэрийг нийслэлийн Онцгой комиссоос гаргасан. Нийслэлийн Засаг даргын зөвлөлөөр уг асуудлыг хэлэлцээд наадмыг товлосон хугацаанд нь байршлыг нь өөрчилж Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болсон байна.

“Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” форумыг Монгол Улсад зохион байгуулна

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсаН орлогч Ж.Батбаясгалан НҮБ-ын Бүсийн хөгжлийн төвийн байгаль орчны хөтөлбөрийн зохицуулагч С.Р.С Мохади, Байгаль орчны судлаач, доктор Ганеш Раж Жоши нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” 11 дэх удаагийн форумыг Монгол Улсад зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах, Форумын сэдэв, хугацаа, салбар хуралдаануудын талаар санал солилцов.

Нийслэлийн Тээврийн газраас автобуснуудын утаанд хэмжилт, шалгалт хийж байна 

Нийслэлийн Тээврийн газраас долоо, наймдугаар саруудад нийслэл хотын нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж буй их багтаамжийн автобуснуудын утаанд хэмжилт, шалгалтыг хийж байна. Тус хэмжилт, шалгалтыг нийслэлийн Тээврийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч нар болон Техникийн үзлэг, оношилгооны төвийн инженерүүд хамтран явуулын хэмжилтийн багажаар хийж гүйцэтгэж байгаа юм. Тус шалгалт нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд “Автотээврийн тухай хуулийн хэрэгжилт”, “Дизель хөдөлгүүрт автомашин-Утааны тортогжилтын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга”, MNS 5014:2009 улсын стандартын мөрдөлт, Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалын хэрэгжилтийг хангуулах зорилготой юм.

Х.Болорчулуун: Орц, гарцыг чөлөөлөх ажлыг иргэд их дэмжиж байна

Улсын хөрөнгө оруулалтаар хийж буй бүтээн байгуулалтын ажлууд хавраас эхлээд судалгаа, зураг төслөө бэлэн болгоод ажлууд нь эхэлчихсэн явж байгаа. Бид газар дээр нь долоо хоног бүр явж үзэж, шалгаад газар чөлөөлөлтийн явц хэр байна вэ гэдгийг дүгнэсэн. Одоогийн байдлаар нийт 9 замын ажил хийгдэж байгаагийн долоогийнх нь газрыг бүрэн чөлөөлсөн. Эдгээр нь 100 хувийн гүйцэтгэлтэй байна. Замын цагдаагийн уулзварын зам, яармагийн давхар гүүрний замууд дээр зураг төслөөс шалтгаалсан өөрчлөлт байгаа. Үндсэндээ 80-90 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Нийслэлийн Засаг дарга иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдах нөхцөлийг хангуулах үүднээс орц, гарцыг чөлөөлөх захирамж гаргасан. Энэ захирамжийн хүрээнд эхний ээлжинд судалгаа хийж үзэхэд нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүйгээр ТҮЦ байрлуулах, хашаа хатгах, өргөтгөл, барилга барих зэргээр 129 газар орц гарцыг хаасан байна. Өнөөдрийн байдлаар нийт 71 газрыг чөлөөлсөн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45470
0 эможи
keyboard_arrow_up