COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Б.Жавхлан: Зээлийн хүүг бууруулах асуудлыг Төвбанк зохицуулах боломжгүй

2018 оны 1 сарын 18

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат, Н.Оюундарь нарын хэд хэдэн гишүүн банкны зээлийн хүүг бууруулах талаар энэ хуульд ямар заалт оруулсныг онцлон асууж, монголчууд банкны зээлийн хүүгийн дарамтад орсныг хүчтэй шүүмжилж байв.

Б.Жавхлан: Зээлийн хүү буулгахыг бүх нийтээрээ хүсэж, хичээж ажиллаж байгаа. Гэхдээ энэ бол банкны суурь, ерөнхий зохицуулалтын хууль юм. Энэ хууль гарснаар банкны системийн тогтвортой үйл ажиллагааг хангах, ерөнхий эрсдэлээс хамгаалах хууль. Банкны систем тогтвортой байвал цаашлаад зээлийн хүү буурах суурь нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа юм.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир: Монголбанкин болон УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд зээлийн хүү бууруулах талаар Ажлын хэсэг ажиллаж байна. Өнөөдрийн 20-24 хувийн хүү бол манай улсын эдийн засгийн байдал, мөнгөний хомсдолыг л харуулж байгаа юм.

УИХ-аар Хөрөнгө оруулалтын хуулийг хэлэлцэж эхлээд бараг жил шахам хугацаа өнгөрлөө. Банкны хууль батлагдсаны дараа энэ хуулийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр төлөвлөж байна. Урт хугацааны бага хүүтэй зээлийг Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулиар зохицуулна.

Б.Жавхлан: Зээлийн хүүг бууруулах асуудлыг Төвбанк зохицуулах боломжгүй. Хэрэв Их хурал бараа бүтээгдэхүүний үнийг зохицуулдаг бол бүх бараа бүтээгдэхүүний үнийг тогтоодог болъё. Ингээд социализм руугаа орж байгаагаа зарлая гэж хэмээн бухимдав.

Монголбанкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Монголбанк зах зээлийн аргаар бодлого явуулдаг. Захиргаадлын аргаар бодлого хэрэгжүүлэх нь нэн тэргүүний асуудал биш. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөлд дүрмийн сан нь нэг их наяд төгрөг, нэг зээлдэгчийн зээлийн доод хэмжээ 100 сая төгрөг байхаар тусгасан. Өнөөдрийн эдийн засгийн нөхцлийг харахад 100 сая төгрөгөөс дээш зээл авах хувь хүн, аж ахуйн нэгж цөөхөн. Тиймээс бид өөрчлөлт оруулж, зээлийн доод хэмжээг бууруулах талаар ажиллаж байна гэв.

Гишүүд үг хэлж, сонирхсон асуултдаа хариулт авсны дараа Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад 46 гишүүн оролцож, 67 гишүүн дэмжсэнээр 80.4 хувиар энэ хуулийн төсөл батлагдлаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52530
0 эможи
keyboard_arrow_up