COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УИХ: АН Банкны хуулиар завсарлага авлаа

2017 оны 11 сарын 17

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Банкны тухай хуульд  нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх эсэхийг шийдэв. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд горимын санал гаргалаа. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

Монголбанк зээлийн хүүг тогтоох эсэхийг эргэж харах, ОУВС-гийн  хөтөлбөрийн хүрээнд 13 арилжааны банкинд шалгалт хийсэн дүнг сонсоно. Тийм учраас АН-ын бүлэг энэ асуудалд завсарлага авч байна.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

-Эдийн засгийн хүндрэлээс гарах зайлшгүй шаардлагатай. Жижиг зээлийг бид том зээлээр төлөөд аргалалаа. Өнөөдөр банкны байдал ямар байгаа талаар  Монголбанкны удирдлагаас хаалттай хуралдаан хийж, сонсох шаардлагатай. Моргейжийн хямрал бодитой нүүрлэж байна. Своп зээлийн гэрээ дуусч байгаа. Барилгын салбар зогсонги байдалд орсон. Тиймээс хуралдааныг хаалттай горимоор шийдье.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Эдийн засгийн хүндрэлтэй цаг үед банк, санхүүгийн байгууллагын чадамжийг дээшлүүлэх шаардлагатай. Харамсалтай нь Монголбанк эрх мэдлийг өөр дээрээ авсан, арилжааны банкны асуудалд оролцсон, Засгийн газарт хариуцлага үүрүүлсэн хууль оруулж ирж байна. Г.Занданшатар үүнийг гишүүн байхдаа санаачилж байсан. Одоо та ЗГХЭГ-ын дарга хүн. Хууль тогтоомжийн тухай хуулийг бас зөрчиж байна. Аливаа өргөн  барьсан хууль нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийнхаа 50 хувиас илүү агуулга алдуулж болохгүй гэдэг. Гэтэл одоо үйлчилж байгаа хуулийн 80 хувийг өөрчилж байна. Хуулийн төслийн үзэл баримтлал байхгүй. Дагалдах хууль тогтоол нь зөрчилтэй байна. Банкны холбоо энэ хуулийн төслийг зөвшөөрөхгүй байгаа. Тиймээс энэ хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулъя.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-Банк санхүүгийн асуудал их эмзэг. Бид хуулиндаа өөрчлөлт оруулах нь зөв. Гэхдээ Г.Занданшатар гишүүний оруулж ирж байгаа хууль шаардлага хангахгүй байгаа. Энэ хуулийн төслийг өнгөрсөн наймдугаар сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дэмжих боломжгүй гэсэн. Гэтэл эргээд оруулаад ирж байна. Банкийг татан буулгахыг прокурор шийддэг. Гэтэл Захиргааны шүүхээр шийднэ гэж оруулж ирж байгаа. Зөрчилтэй зүйл их байгаа. Бүх хуульд өндөр шаардлага тогтоосон. Буруу жишиг төрд тогтох гэж байна.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:

-Энэ бол хэлэлцэх эсэх асуудал. Хэлэлцээд ажлын хэсэг гаргаад, ярилцаад явах боломж гарна. Хүч түрж батлах гэж байгаа зүйл биш. Арилжааны банкны хууль маргаантай. Тиймээс хэлэлцэх эсэх асуудлыг шийдье гэж байгаа. Саналын томъёолол их байгаа.

Ийнхүү гишүүд горимын санал гаргасны дараагаар УИХ-ын дарга М.Энхболд АН завсарлага авсныг хэлээд "уг асуудлыг хэлэлцэх үед хаалттай явуулах уу, нээлттэй хэлэлцэх үү гэдгийг шийднэ" хэмээлээ. 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дахин хуралдах шаардлагатай гэж үзсэн учир өнөөдрийн чуулганы хуралдаан түр завсарлалаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49823
0 эможи
keyboard_arrow_up