COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 06, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Хямрал хуудуутай гэрээ дагуулдаг

2018 оны 4 сарын 16

Хөрөнгө оруулалтын гэрээнүүдийг хямралын үед байгуулж байна

Хөгжил буурай, улс төрийн төлөвшилгүй орнууд мега төслүүдээ хямралын үед яаран хөдөлгөх хандлага түгээмэл. Монгол Улсын хувьд Тогтвортой байдлын гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээнүүд нь эдийн засгийн хүндрэлийн үед байгуулагдсан нь төслийнхөө үр шимийг хүртэхгүй байх шалтгаан болсоор байна. Хамтач нийгмээс салж, зах зээлээр замнаад удаагүй монголчуудад бизнесийн зарчим, харилцан ашигтай түншлэл хэмээх ойлголт цоо шинэ байсан нь мэдээж. Бага орлоготой, ядуу буурай орон гэсэн тодотголтойгоор шинэ мянгантай золгосон монголчууд олон улсын бизнес эдийн засгийн харилцаанд тэгш эрхтэй тоглогчийн байр сууринаас оролцох боломжтой болсон нь 2000 он. Энэ хүртэл хандивлагч орнуудын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар л гол зогоодог байсан нь үнэн. Тухайн үед манай улс зээлжих зэрэглэл ч үгүй, олон улсад бонд ч босгох эрхгүй байсан гээд бодохоор дэлхийн бизнес, эдийн засгийн харилцаанд ямар түвшний тоглогч байсан нь тодорхой харагдана. Харин 2000-гаад оны эхнээс бизнесийн зарчмаар, эрх тэгш, харилцан ашигтай хамтран ажиллах боломж нээгдсэн.

 

Ингэснээр бид тал засаж, мөнгө горьддог улс бус гар барьж хамтран ажилладаг түншийн байр сууринаас ажиллаж эхэлснээр хамтын ажиллагааны гэрээ, хэлц­ лүүд зурагдаж эхэлсэн байдаг. Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулагчидтай хийсэн анхны Тогтвортой байдлын гэрээ Төмөртэйн-Овооны ордод хийгдсэн байдаг. 1998 оны тавдугаар сард Сүхбаатар аймгийн Төмөртэйн-Овооны цайр, хар тугалгын ордод Монгол, БНХАУ-ын хамтарсан “Цайрт минерал” компанитай байгуулжээ. Мөн оныхоо гуравдугаар сард Сэлэнгийн Бороогийн алтны ордод МонголИх Британийн хамтарсан “Бороо гоулд” компанитай энэ гэрээг үзэглэж байв. Эдгээр төслийг урагшлуулсан 1998 оны үед Монголын эдийн засаг амаргүй үеийг туулж байв. Улсын сан улаасч, төрийн байгууллагуудын цалингаа ч тавьж чадахгүйд хүрсэн. Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрснээс ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжээд эхэлчихсэн үе. Өдгөө долоон их наядаар хэмжигдэж буй улсын төсвийн орлого гэхэд тухайн үед 250 тэрбум төгрөгтэй тэнцэж байсан гээд бодохоор Монголын эдийн засаг ямар хэмжээний тарчиг, даржин байсан нь тодорхой харагдана. Ийм үед тухайн үеийн бодлого тодорхойлогчид гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан байдаг. Гэвч эдгээр гэрээ нь хуудуутай, хөрөнгө оруулагч талд хэт давуу эрх олгосон байснаас тохиролцооны дагуу үр ашгаа өгч чадаагүй юм.

 

Тухайлбал, Төмөртэйн-Овоо­ ны ордод эхний таван жилд буюу 2003 он хүртэл 20 сая ам.долларын хөрөнгө оруулахаар амласан “Цайрт минерал” компани 2004 онд дөнгөж 5.7 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Мөн тодорхой шалтгаанаар Бороогийн ордын хөрөнгө оруулагч 1998 онд өөрчлөгдөж, Канадын “Сентерра гоулд” компани Засгийн газартай түншилсэн байдаг. 2000 оны тавдугаар сард байгуулсан энэ гэрээний хүрээнд 25 сая ам.долларын хөрөнгө оруулалт татахаар болсон байдаг. Үүнийхээ хариуд Монгол Улсын Засгийн газар татварын дэндүү таатай нөхцөл олгож, эхний таван жилд татвараас чөлөөлөхөөр тохирсон. Ийнхүү Канадын компанид дэндүү гэмээр таатай нөхцөл тавьсаны буруутанг хайвал эдийн засгийн хямрал руу “чихэж” болно. 2000 онд Монголын эдийн засаг бас л хүндрэлтэй нүүр тулаад байв. Азийг санхүүгийн хямрал нөмөрч, бүс нутгийн эдийн засаг хүндэрсэн. Монголын эдийн засгийн өсөлт хүртэл хэзээ мөдгүй зогсох дөхчихөөд байсан үе. Мэдээж, Монголын эдийн засаг хүндэрсэн тул ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжээд эхэлсэн. Ийм үед эдийн засгаа өөд нь татахын тулд Засгийн газар хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулжээ. Гэвч л “Сентерра гоулд”-тай байгуулсан гэрээ манай уул уурхайн салбарын бараан түүхийг нэг болон үлдсэн.

 

Үүнээс ердөө есхөн жилийн дараа ОУВС-тай дахин “найзлах” хэрэг гарав. Энэ үед дэлхийн эдийн засгийн хямрал манайд ч халдварлав. Түүхий эдийн эрэлт дэлхий даяар буурч, таваарын ханш уруудав. Жилийн өмнөхөн 9000 ам.доллар хүртлээ чангарч байсан тонн зэсийн ханш гурван мянган ам.доллар болтлоо уруудсан нь зэсээс хамааралтай Монголын төсөв, эдийн засгийг элгээр нь хэвтүүлж орхисон хэрэг. “Анод”, “Зоос” банк шил шилээ даран дампуурч, долларын ханш 1100 төгрөгөөс 1600 төгрөг болтлоо “галзуурсан” гээд бодохоор нөхцөл байдал богино хугацаанд хэрхэн дордсоныг харж болно. Үр дүнд нь 2009 онд ДНБ 1.3 хувиар агшиж, дахиад л ОУВС-г царайчлах болсон. Хамгийн сонирхолтой нь Монголын эдийн засагт хямралын дохио улалзаж байсан энэ үед Засгийн газар “Тавантолгой”, “Оюутолгой”н Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах талаар амтай болгон ярьж байв. Яг л 2000 оны үетэй адилхан. “Тавантолгой”-г том гүрнүүдэд “шахах” гээд бараагүй ч “Оюутолгой”-н Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж байв. Үр дүн нь огцом мэдрэгдэж хагас жилийн дараа “Стэнд Бай” хөтөлбөрөөс гарсан Засгийн газрын зэрэглэл ахиж, Монгол Улс бага орлоготой орноос “суга” дэвшиж, дунд орлоготой орны жагсаалтад орж байв. Ийнхүү Монгол Улсын Засгийн газрын байгуулсан Тогтвортой байдлын гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээнүүд нь Монголын эдийн засгийн хямралын үед байгуулагдаж байсан нь тодорхой харагдана.

 

Өөрөөр хэлбэл, бид эдийн засаг хүндэрч, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болсон үедээ ийм төрлийн гэрээг байгуулж байж. Дээрээс нь хямралтай үед байгуулсан төд удалгүй зэс нь цухуйлж, хуудуутай, хийтэй байсан нь нотлогддог. Хөрөнгө оруулалын гэрээний эрсдэлийн талаарх НҮБ-ын Нийгэм, эдийн засгийн зөвлөлийн тайланд дурдсанаар хямралын үед Хөрөнгө оруулалтын гэрээ хийх хандлага уул уурхайд тул­ гуурласан орнуудад түгээмэл ажиглагдсан байна. Учир нь улс орнуудын төсөв, санхүү­ гийн байдал хүндэрмэгц уул уурхайн гэрээ хэлэлцээрүүдийг урагшлуулах хандлагатай болдог аж. Хямралын үед уул уурхайн төслүүдээ урагшуулж, эдийн засгаа дэмжих оролдлогыг улс орнууд хийдэг. Энэ замыг улс орнууд тойрох бус дайраад гарсан байдаг аж. Өдгөө уул уурхайд суурилсан хөгжлийн жишиг улсууд гэгддэг Австрали, Норвеги, Чили, Перу гээд улс орнууд үүнтэй нүүр туулж, алдаж онож байсан жишээтэй олон.

 

Австрали улс гэхэд 1950 оны үүний үед энэ төрлийн гэрээг хуудуутай хийсэн нь олон улсад сургамж болон үлдсэн аж. Гэхдээ тэд алдсан ч үүнийгээ олон давтаж байсангүй. Хөрөнгө оруулагчдттай хийсэн гэрээ­ нээсээ сургамж авсаар, өдгөө уул уурхайн салбарыг хамгийн оновчтой хөгжүүлсэн орон болчихоод байгаа. Мэдээж эдийн засаг хүндэрсэн үед хөрөнгө оруулалт, санхүүжилт татаж, уруудсан эдийн засгаа дэмжих нь зүйн хэрэг. Гэлээ гээд хямралтай нүүр тулмагц, буулт хийн, байдгаа тавиад тууж байсангүй. Дээрээс нь хоосон үедээ найр тавьж гэрээ хийчихээд, ходоод нь цадаад ирэхээрээ хийсэн гэрээгээ баалдаг хандлага ч өнөөг хүртэл ажиглагдсаар байна. Өөрөөр хэлбэл, одоо үүсээд буй нөхцөл байдлыг харсан ч тэр, хямралын үед буулт хийн, найр тавин хийсэн гэрээнүүд Монголын улс төр, эдийн засгийн гол асуултын тэмдэг болчихоод байна. Сүүлийн хоёр жилд Хөрөнгө оруулалтын гэрээ урагшлахгүй байгааг бодоход бид одоогоор лав хоосроогүй л байгаа бололтой. Гэхдээ энэ тэнхлүүн үед хэр удаан үргэлжлэх бол. Түүхий эдийн мөчлөг дагаад Монголын эдийн засаг хүндрээд ирвэл бид дахиад өмнөх шигээ хэдэн төсөл, хөтөлбөрүүдээ бариад, ходоод нь хоосон хүн шиг гуйх болов уу.

 

 

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56103
0 эможи
keyboard_arrow_up