COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ИХЭР НАМ

2017 оны 12 сарын 05

ХБНГУ-д парламентын сонгууль болсноос хойш хэдийнэ хоёр сар өнгөрсөн ч эрх барих эвслээ эмхлэн байгуулах хэлэлцээ үргэлжилсээр байна. Сүүлийн 70 жилийн сонгуульд хамгийн муу дүн үзүүлсэн ч парламентад олонх болж дөнгөсөн Христийн ардчилсан холбоо, Христийн социал холбоо эвсэл хоёр дахь хэлэлцээг социал-демократуудтай эхлүүлсэн ч эцсийн үр дүнд хүрээгүй хэвээр. Эвсэл байгуулах гэсэн эхний оролдлого нь намууд цагаач, дүрвэгсэд болон экологийн тодорхой асуудлаар байр сууриа нэгтгэж чадаагүйгээс бүтэлгүйтсэн. Өнөөдөр ч тэд энэ мэт бодлогын зөрүүгээс болж гар барьж чадахгүй л байна.

Монголоос ялгаатай нь тэнд улс төрийн намууд үзэл баримтлал, улс орны гадаад, дотоод бодлогын асуудлаарх байр сууриараа зөрөлдсөний улмаас хэлэлцээ сунжирч, эвсэл байгуулж чадахгүй байгаа юм. Харин Монголд парламентын сонгуулийн дараа ийм дүр зураг харах нь юу л бол. 1992 оноос хойш 14 удаа Засгийн газар байгуулахад аравт нь АН, МАН, эсвэл тэдгээрийн аль нэг нь бусад намтай эвсэж байв. 2016 оноос парламентад үнэмлэхүй олонхыг бүрдүүлж буй МАН сонгуулийн дараа Засгийн газраа дангаар байгуулахдаа Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар ес, танхимын гишүүдийг нь 24 хоногийн дотор томилсон бөгөөд энэ нь хамгийн богино хугацаанд тооцогдож буй.

Харин 2004 оны сонгуулийн дараа Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайдаар 54, сайд нарыг нь 93 хоногийн дараа томилсон нь сүүлийн 20 орчим жилийн хугацаанд хамгийн сунжирсан тохиолдол юм. 2008 онд МАХН буюу одоогийн МАН парламентад олонх болсон ч бусад намтай хамтран Засгийн газар байгуулахдаа 82 хоног зарцуулж байв. Манайхан ийнхүү Засгийн газраа байгуулж, эвсэж чадахгүй, хэлэлцээг гурван сар хүртэл сунжруулахдаа юу ярьж байсан бол. Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамж, банк, санхүү гээд нийгмийн бүхий л салбарт тулгамдаж буй олон асуудлын ядаж нэгнийх нь талаар баримтлах тэдний байр суурийн ялгаа эвсэл байгуулах хэлэлцээг нь тэгтлээ гацааж байв уу.

Харамсалтай нь, нэлээд хэдэн нам эвсэх бүү хэл нэг хүчин дангаар Засгийн газар байгуулахдаа ч гагцхүү аль нам нь хэдэн сайдад хүнээ дэвшүүлэх, ямар яамыг “авах”, цаашлаад хэний бүлэглэл, тойрон хүрээлэгчдийг багтаах вэ гэдгээ тохирч, хуваахын тулд баахан цаг алддаг нь нэгэнт нууц биш болсон. Германд сонгуулиас хойших 72 хоногт (сонгууль нь өнгөрсөн есдүгээр сарын 24-нд болсон) өрнөсөн үйл явц, Монголд 93, 82, эсвэл 24 өдөрт дэглэж буй үйл явдлын ялгаа ердөө л энэ.

Үнэндээ манай улс төрийн намууд, тэр дундаа нөлөө бүхий гэгддэг АН, МАН-ын аль алинд нь зөрөлдөж, ялгараад байх бодлого, үзэл баримтлал алга. Сонгуулийн уриа, мөрийн хөтөлбөр нь ч бараг “ихэр”. Сонгууль гэлтгүй ер нь ямар ч үед тэднээс бодлого хийгээд зарчмын ялгаа олж харж, мэдэрнэ гэдэг үнэндээ хэцүү. Тиймээс ч намуудын төлөвшил шүүмжлэлд өртөж, тэдний улс төрийн тогтолцоонд гүйцэтгэх үүрэг үндсэн чиглэлээсээ хазайж, засаглалын өнөөгийн хямралт байдлын гол буруутан болоод байна гэдэгт олон хүн санал нэгддэг, шүүмжилдэг.

МАН зүүн төвийн үзэл баримтлалтай гэгддэг, АН “барууны” хэмээх тодотголтой ч нийгмийн хөгжлийн “луужин” болохуйц бодлого тодорхойлж, иргэд тэдгээрийн алинд нь итгэл хүлээлгэхээ шийддэг байх ёстой. Зүүн төвийн үзэл баримтлалтай нам нийгмийн халамжийн арга хэмжээнд түлхүү анхаарал хандуулдаг бол барууных нь эсрэгээрээ энэ чиглэлийн бодлого, хөтөлбөрөөс татгалздагийг улс төр сонирхдог хэн боловч гадарлана.

Харин намууд одоо тухайн үед сонгогчдод юу гэж хэлбэл, ямар үйлдлээр анхаарлыг нь татвал дэмжлэгийг нь хүлээх вэ гэдэгт хамаг анхаарлаа хандуулсан, “гал унтраах” маягтай бодлого дэвшүүлж буйгаас бус, хэтээ харсан арга хэмжээ авч, хэрэгжүүлж чадахгүй байна. Үүнийг бүхий л салбараас харж болно. АН эрх барьж байх үедээ хэрэгжүүлсэн нийгмийн халамжийн арга хэмжээг МАН-ынхан эсэргүүцдэг. Эргээд МАН-ынхан олонх болонгуут энэ төрлийн бодлогыг эсэргүүцэгч нь АН болж хувирдаг. Ийм эргэж буцсан, “тавьтиргүй” бодлогыг бид АН, МАН-ын алиных нь ч бодлогоос бэлхнээ харж болохоор.

Тэгэхээр АН, МАН-ын аль алиныг нь 100 мянга давсан гишүүнтэй хэмээн онгироход хүргэж буй бид тэднээс чухам юуг нь харж сонгодог болж таарав, таминь ээ. Азидаа хамгийн удаан оршин тогтнож буй, удахгүй 100 жилийн ойгоо тэмдэглэх Ардын намын түүхийг нь харж сонгодог хэрэг үү, бид. Аль эсвэл арай залуу улстөрчидтэй, магадгүй царайлаг байж мэднэ гэсэндээ АН-ын төлөө гараа өргөж байна уу. “АН, МАН-ын аль нь ч ялгаа алга, амьдрал доройтсоор байна” гэх хэллэг аманд хоногшихтой хамт тэд ихэр мэт ялгагдахаа больж байна. Тэднээс өөрийг сонгоогүй атлаа иргэдийнх нь итгэл МАНАН адил алсарсаар.

Тэгвэл Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулахаар эрх баригчид хөдөлсөн сураг дуулдана. Чухам ямар өөрчлөлт оруулахаар сэдэж буй нь ч нууцлаг аж. Улс төрийн тогтолцоог намаас салгах аргагүйгээс хойно тэд, тодруулбал, өнөөгийн эрх барьж буй МАН, сөрөг хүчин болсон АН өөрсдийгөө илүү төлөвшүүлэх, хөгжлийн хөтөч байлгаж чадах өөрчлөлт хийх үү гэдэг нь анхаарал татаж эхлэв. Эсвэл өнгөц, нүд хуурсан өөрчлөлтөөр ам таглах арга сэдэв үү. Учир нь өнгөрөгч парламентын үед Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Улс төрийн намын тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулж, өргөн барьсан ч УИХ-ын босго давж чадаагүй.

Өнөөгийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийг 2005 онд шинэчлэн баталсан бөгөөд үүнд намын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал, гишүүдийн эрх, үүрэг, дотоод ардчиллын талаар нэлээд дэвшилттэй заалтууд тусгасныг тухайн үед улс төрөөс харьцангуй хараат, хөндлөнгийн шинжээчид онцолж байсан нь тодхон. Харамсалтай нь тухайн үед парламентын суудалтай болон суудалгүй намуудын түвшинд дээрх төслийг хэлэлцүүлэхэд түүн рүү олон ч намын удирдлага голдуу төлөөлөл нь урдаг нохой шиг дайрч, эсэргүүцэж байсан сан. Өөрөөр хэлбэл, Улс төрийн намын тухай хуулийг шинэчилнэ гэдэг нь бараг л Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай жишиж болохуйц, улстөрчдийн эр зориг, хүсэл эрмэлзлийг шавхсан, басхүү тандсан зүйл болоод буй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50718
0 эможи
keyboard_arrow_up