COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

У.Хүрэлсүхийн засгийн газар танхимаараа огцорлоо

админ
2021 оны 1 сарын 22

Arslan.mn

Коронавирусын халдвартай дөнгөж төрсөн эмэгтэйг зөөвөрлөхдөө эрхийг нь зөрчсөнөөс үүдсэн иргэдийн эсэргүүцлээс болж УОК-ын дарга, Эрүүл мэндийн сайд эцэстээ Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрохоо мэдэгдэв. Үүнтэй холбоотойгоор өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна. 

08:00 цаг: Эрүүл мэндийн салбарынхан жагсав

Дөнгөж амаржсан нялх биетэй эхийг хүүхдийнх нь хамт тусгаарлах байр руу зөөвөрлөхдөө идэр есийн хүйтэнд нимгэн хувцастай авч явсныг эсэргүүцсэн иргэд уржигдар төв талбайд жагсав. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын дарга, Шадар сайд У.Хүрэлсүх болон Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар огцрох өргөдлөө өгсөн юм. Тэгвэл өчигдөр өглөө Т.Мөнхсайхан сайдыг  огцруулахыг эсэргүүцэж эрүүл мэндийн салбарынхан Сүхбаатарын талбайд жагслаа. Энэ үеэр эрүүл мэндийн салбарын ахмад ажилтан н.Лхагвасүрэн “Т.Мөнхсайхан сайд богинохон хугацаанд Эрүүл мэндийн салбарт ямар их өөрчлөлт хийсэн билээ. Хүсэл зориг, сэтгэл, зүтгэл байвал ард түмний төлөө юу хийж, яаж өөрчилж болдгийг энэ залуу харуулсан.Эхлүүлсэн ажлын үр дүнг ард иргэд хүртээд явж байгаа. Эмнэлгийн орчин, эмч, ажилчдын ажиллах нөхцөлийг ч сайжруулж, түргэн хугацаанд менежментээ хийсэн” гэж байв. Түүнчлэн жагсаалд нэгдсэн ажилтнууд “Олон жил бугшсан зүйлийг сайд дэлгэж, сайжруулахын төлөө ажилласан. Ганц нэг хүний хариуцлагагүй, энэрэнгүй биш үйлдлээс болж салбартаа шинэчлэл хийж яваа залуу сайдаа огцруулах нь зүйд нийцэхгүй” хэмээн байр сууриа илэрхийлж байлаа. Тэд сайдаа албан тушаалд нь үлдээхийг хүссэн албан бичгийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хаяглаж байв.

13:30 цаг: Засгийн газар ээлжит бусаар, МАН-ын Удирдах зөвлөл хуралдав

-Засгийн газар ээлжит бусаар хуралдаж дараа нь УИХ дахь МАН-ын бүлэг  хуралдах тов зарлав. Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр Ерөнхий сайд “Засгийн газар хуралдаж, бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шийдвэр гаргасан” гэдгээ танилцуулсан байна. Удирдах зөвлөлийн зарим гишүүд эсрэг байр суурь эхэлжээ. Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан ч ихэнх гишүүд нь ийм хүнд цаг үед бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох нь буруу гэж үзсэн гэх мэдээлэл байв.

16:00 цаг: Ерөнхий сайд огцрох мэдэгдэл хийлээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх албан тушаалаасаа огцорч байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Тэрээр “Манай улсын эрхэм хүндэт иргэдээ, та бүхэндээ хандан таагүй мэдэгдэл хийж байгаадаа хүлцэл өчье. Хоёр хоногийн өмнө дөнгөж төрсөн эмэгтэйг ХӨСҮТ рүү тээвэрлэхдээ хариуцлагагүй үйлдэл гаргасан. Би эцэг хүн. Гэр бүлтэй, охин үртэй хүн. Энэ явдал нь Улсын Ерөнхий сайдын хувьд ч, эцэг хүний хувьд ч сэтгэл эмзэглүүлсэн явдал байлаа. Тухайн эмэгтэйгээс, ар гэрийнхнээс нь чин сэтгэлээсээ уучлал гуйж, биднийг өршөөгөөрэй гэж хүсье. Энэ явдалд ёс зүйн хувьд хариуцлага хүлээнэ.Энэ цар тахлыг амжилттай давахын төлөө УОК, Засгийн газар бүхий л хүчээ дайчлан ажилласан. Бидэнд амжилт ололт, алдаа оноо ч бий. 10 сарын хугацаанд халдвар алдаагүй. Бидний хийж буй ажил нь урьд өмнө нь хэзээ ч хийж хэрэгжүүлж байгаагүй арга хэмжээнүүд. Хийж үзээгүй ажлыг хийхэд алдаа оноо гардгийг бүгд мэднэ. Цар тахлын эсрэг тэмцэж байгаа хэн бүхэнд талархаж байна. Гэхдээ хариуцлага алдаж, хөөрхий эмэгтэйг ямар нөхцөлд авч явсныг бид бүгд харсан. Иймд алдаа гарвал хариуцлагаа үүрч чаддаг төр засаг байх ёстой. Үүнийг би байнга хэлдэг. Гэвч энэ удаа элэг шимшрэм байдалтайгаар авч явсанд миний бие дахин хүлцэл өчиж байна. Энэ явдлаас болж миний кабинетийн хоёр гишүүн огцрох хүсэлтээ өгсөн. Би өөрөө цэргийн хүн. Дайны гал шугаман дээр өөрийнхөө командтайгаар хамт тулалдаанд орж, ялбал хамтдаа гарч, ялагдвал тэр довон дээрээ үхдэг хувь заяа бол цэрэг хүнийх байдаг. Би энэ бүрэлдэхүүнээрээ цаашид ажиллана гэж бодож байсан кабаинетаа бүрдүүлсэн. Харамсалтай нь ийм зүйл болж чадсангүй. Өчигдөр ард түмэн маань санаа зовниж, ялангуяа залуус маань төр засагтаа харамсаж байгаагаа, хариуцлагагүй байгааг сануулж жагсаал хийсэн. Үүнийг маш зөв зүйл гэж бодож байгаа. Төрийн нүд сэргэг, чих сонор байх ёстой. Ард түмэн төр засагтаа үгээ хэлж, хариуцлага тооцохыг Ерөнхий сайдаасаа шаардсан. Үүнийг би хүлээн авч байна. Ерөнхий сайдын хувьд хариуцлагаа үүрэх ёстой. Энэ бол ёс зүйн асуудал. Ёс зүйтэй төр, ёс зүйтэй удирдагч байх ёстой. Магадгүй энэ нь улс төрд шинэ соёл оруулж ирж байгааг үгүйсгэхгүй. Ажил хийсэн бол хийсэн шиг хийдэг. Алдаа гаргасан бол тэрийгээ үүрч чаддаг, хэн нэгэн хүн рүү гаргасан алдаагаа шидэж, булж, өөрөө ард нь хоргодож үлдэх нь удирдагч хүний ёс биш. Энэ эр зориг, хүүхэд байхаасаа олж авсан амьдралын философийнхоо дагуу би хариуцлагаа үүрч Монгол Улсын Ерөнхий сайд хэмээх хүндэт албан тушаалаас огцорч байгаагаа мэдэгдэж байна” гэв.

ҮНДСЭН ХУУЛИЙН ХҮРЭЭНД ЕРӨНХИЙЛӨГЧИД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ

Ерөнхий сайд үг хэлэх үеэрээ “Миний итгэж найдаж хамтарч ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд турхирч, хөрөнгө санхүүжилт хийж, ард түмний тайвнаар өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн жагсаалыг улс төржүүлсэн. Миний итгэл найдвар үнэхээр алдарч байгаа. Цаашдаа ч гудамж талбайн жагсаалыг зохион байгуулалттайгаар хийж, нийтийн эмх замбараагүй байдалд өдөөн турхирах гэсэн үйл ажиллагааг төлөвлөж байгааг үгүйсгэхгүй гэж бодож байна. Тиймээс би улсынхаа эрх ашгийг дээдэлдэг Ерөнхий сайдын хувьд хэлэхэд Ерөнхийлөгчийн институт, Засгийн газар хооронд зүй бус харилцаа үүсэх вий, үүнээс болж олон түмэн үймээн самуунд турхирагдан орох вий, монгол хүний амь нас үрэгдэх вий гэж үзэж байгаа юм. Дахиж долдугаар сарын 1-н шиг үйл явдал битгий гараасай гэж хүсэж байна. Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийн илэрхийлэл. Ард түмний аюулгүй байдлыг хангаж хамгаалж байх үүрэгтэй, Үндсэн хуулийн үүрэгтэй хүн. Харамсалтай нь энэ ажлуудыг хийж чадахгүй сонгуулийн ажлыг удаа дараа хийж, улс төрийн оноо авах гэсэн, ард иргэдийн сэтгэл санааг үймүүлсэн мэдээ цацаж байгааг бүгд мэднэ. Үндсэн хуулийн дагуу өнөөгийн Ерөнхийлөгчид хариуцлага тооцох ёстой гэж эрх баригч намын даргын хувьд үзэж байгаагаа илэрхийлье. Улс орныхоо тогтвортой байдлыг бодож, цар тахлын хүнд цаг үед үймээн самуун гарах вий, улс төрийн үйл ажиллагаа явуулахад хүндрэл үүсэх вий хэмээгээд би үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байна” гэлээ.

16:30 ЦАГ: ҮАБЗ-ИЙН ХУРЛЫГ ЗАРЛАВ

Ерөнхий сайдын мэдэгдэлтэй зэрэгцэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 17:00 цагаас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг шуурхай хуралдуулахаар болов.

17:00 цаг: ТББХ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцрохыг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Засгийн газрыг бүрэлдэхүүнээр нь огцруулах эсэх асуудлаар хуралдлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өөрийнх нь саналаар огцруулахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулж байнгын хорооны хуралдаанд оролцсон 17 гишүүн 76.5 хувийн саналаар түүнийг огцруулахыг дэмжив.

У.Хүрэлсүхийн Засгийн газар өнөөдөр огцорч буйгаа мэдэгдсэн. Энэ асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралданд  17 гишүүнээс 13 гишүүн зөвшөөрч дээрх  санал дэмжигдсэн юм. Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Ерөнхий сайдын саналыг хэлэлцэж байна.

 

17:15 цаг: ГИШҮҮДИЙН 95.2 саналаар Засгийн газрыг огцруулав

УИХ-ын чуулганаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцэж гишүүд байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Парламентын түүхэнд  Ерөнхий сайд өөрийнхөө хүсэлтээр огцрох санал гаргасан анхны тохиолдол боллоо. Мэдээж дөнгөж төрсөн нярай эхтэй зүй бусаар харьцсан эмнэлгийн байгууллагын ажилчдад харамсч байгаа. Гэхдээ төрийн алба хаагчийн алдаанаас болж хоёр сайд цаашлаад Засгийн газар огцрох нь монгол төрийн дархлаанд хортой. 200 мянган төрийн алба хаагчийн нэгнийх нь алдаанаас болж  Засгийн газар  огцордог жишиг тогтчих вий. Дэгийн тухай хуульд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг их хурлын гишүүд эсвэл Засгийн газар, Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх дэгтэй. Тиймээс анх удаа дэггүй, хуульгүй заалтыг хэлэлцүүлж өгөөч гэж горимын санал гаргаж байна” гэв. Дэгээр зохицуулагдаагүй асуудлыг УИХ санал хураалтаар шийдвэрлэж явахаар зохицуулсан учраас С.Бямбацогтын гаргасан горимын саналыг УИХ даргалагч гишүүдээс гар өргүүлэн  хураав. Санал хураалтад 56 гишүүн оролцсоноос 55 нь дэмжиж горимын санал дэмжигдлээ.

17:40 цаг: Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы хуралдаанд үг хэлэв

Тэрээр “Өнөөдөр Монгол Улсын түүхэнд тэмдэглэгдэх гунигтай хар өдөр тохиож байна. Монголын ард түмний итгэл найдварыг хүлээж, манлайлан дагуулж, төр улсаа удирдах үнэмлэхүй эрхийг МАН-д авч ирсэн Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У. Хүрэлсүх тааж тааварлахын аргагүй учир битүүлэг шалтгаанаар үүрэгт ажлаасаа нэн шуурхай огцрохоор боллоо. Харамсалтай байна. Ерөнхий сайд Монголын ард түмний итгэл найдварыг хөсөрдүүлэх ийм үйлдэл яагаад хийх болов, үндэсний эв нэгдлийг бусниулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийг илэрхий гүтгэх үг, үйлдлийг яагаад хийх болов гэдэгт эргэлзэхийн дээдээр эргэлзэж, гайхахын дээдээр гайхаж байна. Тусгаар Монгол Улсыг эзэгнэн дарлах гэсэн тодорхой бүлэглэл, бүр тодорхой хэлбэл Их Хурлын гишүүн С. Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна. Оюутолгой төслийн үйл ажиллагааг дотоодын төдийгүй гадаадын хууль, хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн бөгөөд гол холбогдогч нь Сү.Батболд гэдгийг хаана хаанаа тогтоогоод эхэлсэн. Энэ учраас тэр Монголын төрийг хямрааж, Монголын ард түмний сонголтыг нухчин дарах ажиллагааг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлээд эхэллээ. Төрийн тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Тэргүүн миний бие ардчилал анх эхэлсэн цэгтээ эргэж ирлээ гэж дүгнэж байна. Засгийн газрын насжилт урт, удаан хугацаанд үр дүнтэй ажиллах ёстой хэмээн үзэж, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг саяхан баталж байсан. Ерөнхий сайд У. Хүрэлсүхийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг огт дэмжихгүй байна” гэлээ.

Үүний дараа УИХ-ын гишүүд асуулт асуув.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Үндсэн хуульт байгууллын эсрэг олон нийтийг турхирч байгаа асуудал 2017 оноос хойш илэрч байгаа. Энэ үйл ажиллагаа ил тод болох ёстой.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Хариуцлагыг үүрч байна уу, зугатаж байна уу. Ерөнхий сайдад АН-аас Үндсэн хуульд эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулна гэж заасан байхад УОК-оос өнгөрсөн нэг жилийн хугацаанд авсан арга хэмжээ нь хүмүүнлэг бус байсан. Цаашид энэ Засгийн газар коронавируст ялагдлаа гэж үзэж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

-Амьдралдаа хариуцлагаас зугатаж явсангүй, үүрч амьдарсан түүхтэй, би. Хүн ажил авсан бол өгч чаддаг байх ёстой.Хорио цээрийн дэглэм тогтооно гэдэг амар зүйл биш. Энэ явцад алдаа, дутагдал гарсныг би хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ УОК, энэ цар тахалтай халуу цэг дээр ажиллаж байгаа албан хаагчдын буруу биш шүү. Тэр хүмүүст бид баярлах ёстой. Цөөн тооны хүмүүсийн алдаатай үйл ажиллагаанаас үүдэж ийм байдал үүссэн.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-Жагсаалыг үндэсний эв нэгдлийг хагалгах тодорхой үйлдлүүд гарсан. Ард түмний эв нэгдлийг илэрхийлэх үүргээ умартсан Ерөнхийлөгчид энэ УИХ импичмент үзүүлэх ёстой гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн С.Амарсайхан:

-Ажил эзэнгүйдүүлдэг, ажилдаа сэтгэл гаргадаггүй хүмүүсийн алдаанаас үүдсэн асуудал Засгийн газрыг золиос болгосон үйлдэл гэж дүгнэж байна. Засгийн газар хариуцлагыг бүтнээрээ үүрээд зогсохгүй. Анхан шат хүртлээ ажилдаа өөриймсөг хандах, хариуцлага, ухамсар дээр тулгуурлсан давалгаа бий болох ёстой.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

-Ардчиллын зарчмаар эхэлсэн цуглааныг АН-ын захиалга болтол нь мушгин гуйвуулж, улстөржүүлж чадлаа. Иргэд улстөржиж, хуваагдмааргүй байгаа учраас хариуцлага тооцох ёстой гэж бодож байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-АН буруугүй, Ерөнхийлөгч буруугүй зүгээр л МАН-ынхны албан тушаалын тэмцэл, зохион байгуулалттай сериал. У.Хүрэлсүх зургаан сарын өмнө ард түмний итгэлий авч сонгогдоод, одоо хариуцлагаас зугатааж байгаа мэт үйлдэл гаргаж болохгүй.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө нүд цавчилгүй ажиллана гэсэн ч цөөн хэдэн хүний үйлдлээс бол Монгол төрийн нэр сэвтэж байна. Цар тахлын үед эрүүл мэндээ золиосолсон мянга, мянган төрийн албан хаагчдыг баллуурдлаа. Энэ тахимаас хариуцлага, сахилга эхлэх ёстойг эхлүүлж байна.

УИХ-ын гишүүн С.Батболд:

-Монгол Улсын эв нэгдлийг эрэлхийлэгч хүн УИХ-ын индер дээрээс намайг Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор гүтгэлээ. Энэ гэрээг байгуулахад би Ерөнхий сайдаар ажиллаагүй. Гадны бизнесментэй холбож, гадны хувийн байгууллагаар хийж, гадны шүүхээр хийлгэж, харлуулах бохир технологийг хаанаас явуулж байгаа нь ойлгомжтой болж байна.

19:30 цаг:

Гишүүд байр сууриа илэрхийлсний дараа УИХ-ын гишүүд Ерөнхий сайдыг огцруулах санал хураалт явуулсан юм. Санал хураалтад 63 гишүүн оролцсоноос 60 гишүүн буюу 95.2 саналаар дэмжив. Ингэснээр Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2021.1.22 БААСАН № 16 (6493 )

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622969
0 эможи

keyboard_arrow_up