ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ

2020 оны 12 сарын 30

Arslan.mn

Монгол Улсын эдийн засгийн ганхашгүй багана болсон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт ажиллагсад, үе үеийн зүтгэлтнүүд, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрүүдийн хамт олонд Шинэ оны мэндийг өргөн дэвшүүлж мэндчилье.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 34.8 хувийг дангаар үйлдвэрлэж, нийт ажиллах хүчний 64.3 хувийг, орон нутгийн  эдийн засгийн 85 гаруй хувийг бүрдүүлдэг бүтээмж өндөр, бүтээл арвин өнөр хамт олон билээ.

Халаагаа өгч буй 2020 он цар тахлын аюултай нүүр тулсан, гамшгийн үеийн Бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт анх удаа бүх нийтээрээ шилжсэн амаргүй жил байлаа. Хэдийгээр аюулт өвчин дэлгэрч, улсын эдийн засаг хүнд байдалд орсон ч Засгийн газар иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн боломжит бүх арга хэмжээг шуурхай авч ажиллалаа.  

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар цар тахлын дэгдэлтийн үед ачааны хүндийг үүрч, хүнсний хангамжийг хором ч тасалдуулалгүй тогтвортой байлгаж, нөөц, нийлүүлэлтийн менежментийг хэрэгжүүлж байна.

ХХААХҮ-ийн яам цаашид хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүдийг дотооддоо бүрэн үйлдвэрлэдэг болох зорилт тавин ажиллаж байна. Цар тахлын дэгдэлтийн үед хүнсний хангамжийг тасалдуулахгүй байх, тодорхой нөөц бүрдүүлэх зорилгоор бүх төрлийн будаа, ургамлын тос болон хүнсний улаанбуудай, улаанбуудайн үрийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлснөөр улаанбуудайн бүх төрлийн гурил, цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тос, өндөг, сүүний үнэ тогтвортой хадгалагдах боломж бүрдлээ.

Фермер, эрчимжсэн мал аж ахуйг дэмжих, сүүний үйлдвэрлэлийг хөл дээр нь бат зогсоохын тулд 2020 онд анх удаа фермерүүдэд нэг тэрбум орчим төгрөгийн сүүний урамшуулал олголоо. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг төрийн бодлогоор дэмжих үүднээс тусгай агентлаг байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Цар тахалтай энэ хүнд цаг үед ЖДҮ эрхлэгчдэд 15 тэрбум төгрөгийн зээлийг ил тод, нээлттэй шалгуураар шуурхай олгож эхлээд байна.

Дархан-Уул, Ховд аймагт малын арьс шир боловсруулах үйлдвэрийн ажлыг эхлүүллээ. Махны экспортын хэмжээг 2 дахин нэмэгдүүлж, экспортлогчдод зориулж “Нэг цэгийн үйлчилгээ” үзүүлэв. Цаашид мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний бэлтгэл, борлуулалтын нэгдсэн тогтолцоо бүрэлдүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр боловсруулах үйлдвэрлэл дахин сэргэж, малчдын орлого бодитой нэмэгдэх боломж бүрдэх юм.
Монгол улсын эдийн засагт мал аж ахуйн салбар онцгой үүрэгтэй. Сүүлийн жилүүдэд төр, засгаас хэрэгжүүлсэн шат дараатай бодлогын үр дүнд манай улс мал сүргээ олон улсын малын эрүүл мэндийн  чанар стандартад нийцэхүйц хэмжээнд хүргэж чадлаа. Одоо тооны араас хөөцөлдөх биш чанарт анхаарах хэрэгтэй гэдгийг дуу нэгтэй хүлээн зөвшөөрөх цаг болсон.

Энэ жил зуншлага тааруу байсан зарим аймагт өвөлжилт хүндрэх нь тодорхой болсон тул Улсын онцгой комисст хандаж эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн. Зудын эрсдэлтэй аймгуудын 40 мянган малчин өрхөд Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй төслөөс 5 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох шийдвэрийг Засгийн газраар гаргууллаа.  

2020-2024 онд Хүнс, хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх дунд хугацааны бодлогод дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлснээр экспортын орлогын хэмжээг 2.5 дахин нэмэгдүүлж, бүтээгдэхүүний  импортыг  30 орчим хувиар  бууруулах зорилт тавилаа.

Баярын энэ өдөр цар тахлын нөхцөлд хүн амыг баталгаат хүнсээр тогтвортой хангах үйлсэд  зүтгэж буй хүнсний салбарын ажилтан, ажиллагсдын  тэсвэр хатуужил, цуцашгүй хөдөлмөрч чанараар бахархаж, талархаж байгаагаа илэрхийлье.

Салбарын нийт хамт олон, нийт монголчууддаа Та бүхэндээ ирж буй 2021 ондоо эрүүл энх, аз жаргалтай, амжилт ололтоор арвин байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
 
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД ЗАГДЖАВЫН МЭНДСАЙХАН

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622380
0 эможи

шо царайлчихаад
2020-12-30 18:18
ллр
З.Мэндсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up