7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 20, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авна

админ
2019 оны 7 сарын 09

Arslan.mn

Засгийн газрын хуралдаан 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, өвөрмөц тогтоц, түүх, дурсгал, ховордсон ургамал, амьтдыг хамгаалах зорилгоор зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд:

-  Онон, Балжын байгалийн цогцолборт газрын хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Батширээт, Биндэр сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр

-  Дэвэлийн арлын байгалийн нөөц газрын хилийн заагт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дахь Ачит нуурыг хамруулан өргөтгөж байгалийн цогцолборт газраар

-  Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дахь Хомын талыг байгалийн цогцолборт газраар

-  Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сум дахь Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газраар

-  Баянхонгор аймгийн Галуут сум дахь Хан уул орчмын газрыг Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр

-  Баянхонгор аймгийн Галуут сум дахь Баянхонгор хайрхан уулыг дурсгалт газраар

-  Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон сумын нутаг дахь Хөх нуур-Бумбат орчмын газрыг байгалийн нөөц газраар

-  Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адрага сум дахь Хурх хүйтний хөндий орчмын газрыг байгалийн нөөц газраар

-  Алтан хөхий уулын байгалийн нөөц газрын хилийн заагт Ховд аймгийн Мянгад сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр хамгаалалтад авч,

-  Орхоны хөндийн байгалийн цогцолбор газрын хязгаарлалтын бүс дэх Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төв орчмын 3090.16 га газрын тусгай хамгаалалттай газар нутгаас чөлөөлөх юм.

Идлэг шонхор шувууг гадаадад гаргахгүй

Ашиг олох зорилгоор идлэг шонхор шувууг гадаад улсад гаргахыг хориглосон шийдвэрийг таван жилийн хугацаагаар сунгав. Хууль бусаар барьж гадаадад гаргахыг завдах зэргээс сэргийлж ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Засгийн газрын 2013 оны 15 дугаар тогтоолоор идлэг шонхор шувууг арилжааны зориулалтаар гадаад улсад гаргахыг хориглон 2015 оноос хойш арабын орнуудын хаан, шейх зэрэг өндөр дээд хэмжээний төлөөлөгчдөд зөвхөн соёлын буюу тусгай зориулалтаар бэлэглэн гаргаж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам өнгөрсөн хугацаанд шонхор шувууг хууль бусаар гаргахгүй байх, хяналт шалгалтыг сайжруулах, өндөр хүчдэлд цохиулж хорогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллан тоо толгой, тархац, идэш тэжээлийн өөрчлөлтийг тогтоох урт, дунд хугацааны судалгаа мониторинг, хөтөлбөр хэрэгжүүлжээ. Үүний дүнд 2010 онд 6800 байсан шонхор шувуу 2018 оны байдлаар 10380 болоод байна. 

Гэхдээ тоо толгойн өсөлт нь ашиг олох зорилгоор барих хэмжээнд хүрэхгүй төдийгүй, олон улсын хэмжээнд эмзэг ангилалд багтдаг шувуу учир хориглосон хугацааг сунгах нь зүйтэй гэж үзжээ.

 гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.                                                                   

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605752
0 эможи

keyboard_arrow_up