7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 16, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Деклан Магий: 2019 онд багтаан 390 сая ам.долларын санхүүжилт батална

админ
2019 оны 10 сарын 01

Arslan.mn

АХБ-ны Суурин төлөөлөгчийн орлогч, ахлах эдийн засагч Деклан Магийтай АХБ-наас Монголд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд болон эдийн засаг, нийгмийн хөгжлийн тухай зарим сэдвийн хүрээнд ярилцлаа.

-Монгол Улс Азийн хөгжлийн банкны гишүүнээр 1991 онд элссэн. Энэ үеэс хойш хэдэн төсөлд хөрөнгө оруулсан бэ?

-1991 оноос хойш Засгийн газрын зээл 83, Засгийн газрын бус зээл зургаа, буцалтгүй тусламж 50, техникийн туслалцааны 267 төслийг баталжээ. Одоогийн байдлаар Монгол Улсын Азийн хөгжлийн банкнаас авсан нийт санхүүжилтийн хэмжээ гурван тэрбум ам.долларт хүрсэн байна.

-Эдгээрээс үр дүн, ач холбогдлын хувьд томоохон төслүүдээсээ мэдээлэл өгнө үү?

-Олон төсөл, хөтөлбөр хэрэгжиж байгаа учраас ач холбогдлоор нь ялгахад хэцүү байна. Гэхдээ жишээ хэлье. Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын төсөл гэж Баруун бүсэд Хятад, Орос Улсыг холбосон зам барьсан.

Замын өргөн, зузаан, тэмдэг, тэмдэглэгээ гээд бүх зүйлийг дэлхийн стандартын дагуу хийснээрээ онцлог. Түүнчлэн Азийн хөгжлийн банкнаас Монголд эрүүл мэндийн салбарт хийсэн хөрөнгө оруулалтаар бид бахархдаг.

Сүүлийн үеийн төслөөс жишээлбэл, “Эрүүл мэндийн хөгжлийн хөтөлбөр IV”төслөөр Сонгинохайрхан дүүрэгт дүүргийн загвар эмнэлэг барьж байгаа. Ирэх онд ашиглалтад оруулахаар төсөлд тусгасан. Уг эмнэлгийн барилгыг барихаас өмнө би хуучин эмнэлэг дээр нь очиж үзсэн юм. 

Өвөл байсан учраас олон хүүхэд орны хүрэлцээгүй хүнд нөхцөлд хэвтэж байгааг хараад сэтгэл өвдсөн. Тиймээс шинэ эмнэлэг ашиглалтад орохоор, ялангуяа хүүхдүүд дэлхийн стандартад нийцсэн үйлчилгээ авна гэж бодохоор баяртай байна. Одоо дүүргийн эмнэлгүүдэд үзүүлж буй үйлчилгээнээс гадна мэс засал, гэмтэл, яаралтай тусламж, хавдар болон төрөх тасгийн үйлчилгээ гэх мэт илүү олон үйлчилгээг Улаанбаатарт хамгийн их хүн ам суурьшсан дүүрэгт удахгүй хүргэх юм.

-2019 онд шинэ төслүүд эхлүүлэв үү. Санхүүжилт нь яаж явагдаж байна вэ?

-2019 онд багтаан 390 сая ам.долларын санхүүжилт батална гэж төлөвлөсөн байгаа. Үүнд, зээлийн зургаа, буцалтгүй тусламжийн хоёр төсөл багтсан. Эдгээр төслийг 2019 онд багтаан батлуулж, хэрэгжилтийг нь ч эхэлнэ. Сая дурдсан найман төслөөс тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зээлийн төслийг тайлбарлая. Аялал жуулчлалын чиглэлээр Монголд олгож буй анхны санхүүжилт гэдгээрээ онцлог. 

Монголд аялал жуулчлалын салбар улирлын чанартай. Өвлийн улиралд жуулчид харьцангуй цөөн ирдэг. Тиймээс энэ салбараас олох орлого нь ч багасдаг. Аялал жуулчлал хөгжиж байгаа газрын иргэд, оршин суугчид нь аялал жуулчлалын орлогоос хүртэхэд хүндрэлтэй асуудлууд тулгардаг. 

Эдгээр асуудлыг тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн хүрээнд шийдэхийг зорьсон. Төслөөр нутгийн иргэд аялал жуулчлалын үйл ажиллагаанаас олох орлогоо нэмэгдүүлж, үйл ажиллагааны чанараа сайжруулах боломжийг бүрдүүлэхийг зорьж байгаа юм.

-Азийн хөгжлийн банк байгальд ээлтэй хөрөнгө оруулалтыг эрхэмлэдэг. Засгийн газартай хамтарч ажиллахдаа аль салбарт голлон хөрөнгө оруулахыг зорьж байгаа вэ?

-Азийн хөгжлийн банк Монгол Улсын Засгийн газартай хамтран дөрвөн жилийн хугацаанд баримтлах стратегиа боловсруулж, баталдаг. Одоо 2017-2020 оныг хамарсан стратегийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа.

Энэ хүрээнд бидний үйл ажиллагаа гурван чиглэл рүү зорьж байна. Нэгдүгээрт, эдийн засаг, нийгмийн тогтвортой байдлыг хангах, хоёрдугаарт, эдийн засгийн төрөлжилтийг дэмжих дэд бүтцийг хөгжүүлэх, гуравдугаарт байгаль орчны тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чиглэж байна.

Үүний зэрэгцээ эдгээр гурван чиглэлд нийтлэг байдлаар хамаарах төрийн удирдлагыг сайжруулах болон жендерийн тэгш байдлыг хангах чиглэлд мөн анхаарч ажиллана.

-Таны бодлоор манай улсад гадны хөрөнгө оруулагчийг татахад анхаарвал зохих асуудал байна уу. Азийн хөгжлийн банк болон бусад хөгжлийн түншийн хөрөнгө оруулалт хэр үр ашигтай гэж та боддог вэ?

-Гадаадын шууд хөрөнгө оруулалт нь гаднын компаниуд төсөлд хөрөнгө оруулаад, төслөөсөө хувь эзэмших байдлаар явагддаг. Энэ хөрөнгө оруулалт ерөнхийдөө хувийн салбарт хэрэгждэг. Харин Азийн хөгжлийн банкны ихэнх зээл хөнгөлөлттэй хэлбэрээр Засгийн газарт олгогддог. Хувь хүний хувьд зээлийг хэрэгцээтэй зүйлдээ тохиромжтой хэмжээгээр авах ашигтай байдаг. Засгийн газар, улс орнуудын хувьд ч адилхан.

Чадлынхаа хэмжээнд буюу төлж чадах боломжийнхоо хэрээр зээл авах хэрэгтэй. Авсан зээлээрээ иргэдийнхээ сайн сайхан амьдралд, цаашлаад эдийн засагт үр өгөөж болох төслүүдэд хөрөнгө оруулах нь хамгийн чухал. Үр ашигтай зарцуулж чадвал хөгжлийн түншүүдээсээ зээл авах нь сайн талтай.

-Тэгвэл танай хөрөнгө оруулалт бусад хөгжлийн түншээс ямар давуу талтай вэ. Үзүүлэлтээс харахад, манай улсад олгож байгаа хөрөнгө оруулалтаараа тэргүүлж байна билээ?

-Бүхий л хөгжлийн түнш тухайн орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хэмжээнд үүрэг гүйцэтгэж ирсэн. Монгол Улсын хувьд олон хөгжлийн түнштэй харилцах нь хөрөнгө оруулалт илүү эрүүлжих гээд давуу талуудтай.

Азийн хөгжлийн банкны хувьд тухайн орныхоо онцлогийг тусгаж, тулгамдсан асуудлыг нь шийдсэн урт хугацааны төсөл боловсруулахыг зорьдог. Мөн Ази, Номхон далайн тивийн хэмжээнд олон төрлийн төсөл боловсруулж, хэрэгжүүлсэн сайн туршлагаасаа нэвтрүүлж, төсөл, хөтөлбөртөө тусгахыг хичээдэг.

-Азийн хөгжлийн банкнаас манай улсад анхны дэмжлэг олгосноос хойш 28 жилийн хугацаан дахь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, өөрчлөлт таны бодлоор ямар санагдаж байна вэ?

-Монгол Улс залуу, ардчилсан, зах зээлийн эдийн засагтай улс гэдгийг таны асуулт надад сануулж байна. 1990 онд зах зээлийн эдийн засагт шилжсэн шилжилтийн үеэс өнөөг хүртэлх хугацаанд Монгол Улс ядуурлын түвшингээ бууруулж, дунд орлоготой орны тоонд орсон нь хамгийн том нийгэм, эдийн засгийн хөгжлийн үр дүн гэж би хардаг.

Улс орныг хөгжүүлэхэд саад бэрхшээл, асуудлууд тулгамдана. Гэсэн ч зөв шийдвэр гаргаж, хөгжлөө зөв чиглүүлнэ гэдэгт би огт эргэлздэггүй.

-Монгол Улсын эдийн засгийн өсөлт тогтвортой байна. Харин 2020 онд бага зэрэг буурах төлөвтэйг судлаачид хэлж байгаа.Үүнд, Хятадын эдийн засгийн нөхцөл байдал зэрэг нөлөөлнө гэж байна. Эдийн засагчийн хувьд болон та бүхэн манай улсын 2020 оны эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн төсөөлж байна вэ?

-Монгол Улсын хувьд тогтвортой хөгжлийн замдаа орж яваа гэж бид хардаг. Эдийн засгийн өсөлт мөн тогтворжино гэж харж байгаа. 2018 онтой харьцуулахад өсөлтийн хувь хэмжээ ялимгүй буурах боловч тогтвортой байгаа учраас бууралтад бид санаа зовохгүй байна.

Азийн хөгжлийн төлөв 2019 шинэчилсэн тайланд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2018 оны 7.2 хувиас бага зэрэг буурч 2019 онд 6.7 хувь, 2020 онд 6.1 хувь болно хэмээн таамагласан. Гэхдээ эдийн засагт нөлөөлж болзошгүй сөрөг хүчин зүйлүүдэд үргэлж анхаарч байх хэрэгтэй. Үүний нэг жишээ бол Хятадын эдийн засгийн тогтворгүй байдал юм.

Дотооддоо макро эдийн засгийн удирдлагаа сайжруулахын зэрэгцээ эдийн засгийн боломжуудыг нэмэгдүүлэх чухал шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй.

-Та бүхний дүгнэлтээр энэ жилийн хувьд манай эдийн засаг ямар байв?

-2019 оны эхний хагас жилийн эдийн засгийн гүйцэтгэл төсөөллөөс давсан. Инфляц өсөн нэмэгдэж буй дотоод эрэлт, хүнсний өндөр үнэтэй холбоотойгоор 2019 онд 8.5 хувь байхаар байна.

2020 онд эдгээр хүчин зүйлийн нөлөө харьцангуй бага байх тул инфляц 7.5 хувь болж буурна. 2019 оны эхний хагаст урсгал дансны алдагдал 10.2 хувь болж багассан. Тэгвэл 2020 онд импортын эрэлтээс үүдэлтэйгээр алдагдал нэмэгдэнэ гэж таамаглаж байна. Монгол Улсын нэгдсэн төсөв 2019 оны эхний хагаст ДНБ-ий 4.7 хувьтай тэнцэх хэмжээний ашигтай гарсан. Шинээр олгосон зээлийн өсөлт таван хувьтай байснаар нийт зээлийн өсөлт буурсан.

Чанаргүй зээлийн хэмжээ нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.6 хувьд хүрч өссөн байна. Монгол Улсын эдийн засаг гаднын сөрөг хүчин зүйлүүдэд мэдрэмтгий хэвээр байгааг дээр дурдсан. Дотоод эдийн засгийн нөхцөл байдлын хувьд ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй банкуудыг дахин хөрөнгөжүүлэх үйл ажиллагаа тасалдах эрсдэлтэй байна.

Түүнчлэн Оюутолгойн гүний уурхайн ажил хойшлогдох болсныг зарласны дараа гадаадын шууд хөрөнгө оруулалтад томоохон өөрчлөлтүүд гарах, дэлхийн худалдааны маргаанаас болж түүхий эдийн үнэ хэлбэлзэх эрсдэлүүд энэ жил эдийн засагт тулгамдлаа шүү дээ. Эдгээрийг цаашид ч анхаарах хэрэгтэй.

-Та бүхэн 68 гишүүн орноосоо хөгжиж буй орнуудад нь хөгжлийн дэмжлэг үзүүлдэг. Дэмжлэг үзүүлж байгаа орнуудтай харьцуулахад Монгол Улсын нийгэм, эдийн засгийн онцлог ямар вэ?

-Бүх орон өөрийн гэсэн нийгэм, эдийн засгийн онцлогтой. Ийм ч учраас улс орнуудын онцлогийг харгалзах нь Азийн хөгжлийн банкны үйл ажиллагааны чухал чиглэл байдаг. Монгол Улсын хувьд далайд гарцгүй орон.

Хүн амын нягтрал бага. Эрс тэс уур амьсгалтай. Байгалийн нөөцөөр баялаг, харьцангуй залуу хүн амтай. Тайван амгалан гэх мэт онцлогуудыг нь нэрлэж болох юм. Эдгээрт боломж болон сорилт аль аль нь нуугдаж байдгийг харж, шийдвэр гаргахыг бид хичээдэг.

-Азийн хөгжлийн банк 2024 он гэхэд хувийн хэвшилд чиглэсэн ажлуудыг нийт үйл ажиллагааныхаа гуравны нэгд хүргэхийг зорьж байгаа. Монгол Улсын хувьд анхны хувийн хэвшлийн санхүүжилт нь Хөшигийн хөндийн нарны цахилгаан станцын төсөл. Хувийн хэвшлийг санхүүжүүлэх нь ямар ач холбогдолтой вэ?

-Аль ч оронд хувийн хэвшил эдийн засаг, инновацийн хөдөлгөгч хүч байдаг учраас санхүүжилт олгох хэрэгтэй. Хувийн хэвшлийг дэмжих асуудал “Азийн хөгжлийн банкны стратеги 2030”-д чухлаар тусгагдсан.

2024 он гэхэд нийт үйл ажиллагааныхаа гуравны нэгийг хувийн хэвшилд зориулахыг зорьж байгаа. Шинэ зах зээлүүдэд хүрэх зорилгоор боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн бизнес рүү хувийн хэвшлийн үйл ажиллагааг чиглүүлэхийг зорьж байгаа. Монголд хувийн хэвшлийн салбарыг дэмжихдээ хоёр чиглэлд анхаарна.

Нэгдүгээрт, хувийн хэвшлийн салбарыг хариуцах мэргэжилтнүүдийг нэмэгдүүлнэ.

Хоёрдугаарт, олгох зээлийн хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарна. Монголд боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбараас гадна санхүү, дэд бүтцийн чиглэлээр хувийн хэвшлийн салбарт хөрөнгө оруулна.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608683
0 эможи

Зочин
2019-10-01 12:25
keyboard_arrow_up