7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Цуцлагдсан зөвшөөрлүүд Монголын гадаад зах зээлд хэрхэн нөлөөлөх бол?

админ
2019 оны 8 сарын 27

Arslan.mn

Засгийн газраас уул уурхайн олборлолт явуулдаг 19 аж ахуйн нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг цуцалсан тухайгаа өнгөрсөн лхагва гаригт  мэдээлсэн. Энэ ордууд нь Архангай, Өмнөговь аймагт хамаарч байгаа бөгөөд ингэснээр байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийг сайжруулах үр нөлөөтэй хэмээн салбарын сайд мэдэгджээ. “Монгол газар”, “Бат дөлгөөн мөрөн”, “Өмнийн говийн баялаг”, “Соусгоби сэндс” зэрэг хэд хэдэн компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

Энэ мэдээллийн дараа “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр “УИХ-ын сонгуулийн шоу одооноос эхэлж байна гэж хүлээн авч байна.

Засгийн газар уул уурхайн лицензийг хураагаад авч болно. Гэхдээ ашиглалтын лицензийг хууль журмын дагуу Засгийн газрын харьяа агентлагийн зөвшөөрлөөр авсан. Тэгэхээр эрх нь цуцлагдсан бол нөхөн олговор олгох асуудал яригдана” гэж “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа дурдсан байв.

Монгол Улсын Засгийн газар 2010-2014 он дуустал уул уурхайн лиценз олгохыг хориглосон байдаг. Хөрөнгө оруулалтын зогсонгишил үүсч, ашигт малтмалын салбараас хэтэрхий хамааралтай манай эдийн засаг энэ таван жилийн хугацаанд “царцсан” юм.

Дэлхийн банкны мэдээлэлд дурдсанаар Монгол Улсын ДНБ-ий өсөлт 2011 онд 17.2 хувьтай байсан бол 2014 онд 7.8, 2015 онд 2.3, 2016 онд 1.1 хувьд хүрч буурсан байлаа.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2011 онд анх удаа 17.2 хувьд хүрсэн бол 2014 онд 7.8 хувь болж буурчээ.

“Хайгуул идэвхжсэн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт энэ салбарт цутган орж, хориглож, цуцалж, эргэж буцан будилсан сүүлийн долоон жилд урсгал нь татарч, үр дүнд нь хөрөнгө оруулалтын дийлэнхийг дотоодын компаниуд нуруун дээрээ тээж үлдсэн” хэмээн “Mongolian Mining Journal” бичиж байв. Өмнө нь олгогдсон тусгай зөвшөөрлүүдийн хүчинтэй хугацаа 2018 он гэхэд дуусч, улсын хэмжээнд нэг ч хайгуулын тусгай зөвшөөрөлгүй үлдэх нөхцөл бодитоор үүссэн тул Салбарын яам Ашигт малтмалын хуулийн өөрчлөлтөөр гарц хайж, 2015 онд хайгуулын зөвшөөрлийг жилийн хугацаанд олгожээ.

Тэгвэл энэ сард цуцалсан уул уурхайн тусгай зөвшөөрлүүд гадаадаас орох хөрөнгө оруулалтын урсгалд хэрхэн нөлөөлөх бол. Ялангуяа, гадаадын биржүүд дэх Монголын уул уурхайн бусад компаниудын хувьцааны ханш одоогийн байдлаар ямар дүр зурагтай байгаа бол гэсэн хүлээлт ч үүнийг дагалдаж буй.

“Энержи ресурс”-ийн хувьцааны ханш буурсаар байна

2005 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаа,  “М-Си-Эс” групп, “Петровис” ХХК, “Шунхлай” группийн хөрөнгө оруулалттай “Энержи Ресурс” нь Хонконгийн хөрөнгийн биржид анх удаа хувьцаагаа арилжсан монгол компани болсон юм. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Ухаа Худаг коксжих нүүрсний ордод дэлхийн жишигт нийцсэн, аж үйлдвэрийн томоохон уурхайн цогцолборыг хөгжүүлсэн юм. 2010 оны тавдугаар сарын 18-нд Хонгконгийн хөрөнгийн биржид тус компани хувьцаагаа гаргасан. Тэгвэл энэ хувьцааны ханш уул уурхай ид цэцэглэж байсан 2011 оны нэгдүгээр сарын 24-нд 7.03 хонгконг доллар буюу хамгийн өндөр цэгтээ хүрч байжээ. Тэгвэл өнгөрсөн баасан гаригийн байдлаар энэ үнэ ердөө л 0.09 хонгконг доллар болсон байна. Өнгөрсөн сарын 30-нд ханш 0.105 хонгконг доллар байжээ.

“Эрдэнэ ресурс”-ийн хувьцааны ханш 0.23 канад долларт хүрлээ

“Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” нь 2000 оны долдугаар сарын 14-нд байгуулагдан, Монгол Улсад ашигт малтмалын ордын хайгуул, төсөл хөгжүүлэлтийн үйл ажиллагааг 2002 оноос эрхэлж эхэлжээ. Голлох үйл ажиллагаа нь өндөр агууламж бүхий томоохон алт болон алт-зэсийн ордуудыг бага зардлаар нээн илрүүлэхэд төвлөрдөг байна.

Тус компани Торонтогийн хөрөнгийн биржид 2004 онд бүртгүүлсэн юм. 2017 оны дөрөвдүгээр сард хувьцааных нь ханш хамгийн өндөр буюу 1.15 канад долларт хүрчээ. Тэгвэл өнгөрсөн баасан гаригийн байдлаар энэ ханш тус биржид 0.23 канад доллар болсон байна.

“Kincora Copper”-ын хувьцааны ханш өөрчлөгдсөнгүй

Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Kincora Copper” компани зургаан сая ам.долларын хөрөнгө татан төвлөрүүлэхээр хаалттай хүрээнд хувьцаа, варрант санал болгосон бөгөөд энэ саналын хугацаа дуусаж, захиалга нь хүсэлтээсээ давж, 6.25 сая ам.доллар болсон талаар тус компани мэдээлжээ. Нийт захиалгын 60 хувийг нь байгалийн баялгийн салбарын томоохон хоёр хөрөнгө оруулагч хүргүүлжээ. Эндээс татан төвлөрүүлсэн хөрөнгөө 18 мянга хүртэлх метрийн өрөмдлөг зэрэг хайгуулын ажилд зарцуулахаар төлөвлөсөн байна. Тус компани одоо “Хүрэл үнэг”, “East Tsagaan Suvarga” төслийн талбайд таван зорилтот хэсэгт төвлөрч, анхны туршилтын өрөмдлөгөө хийж эхлэхээр бэлтгэж байна.

2014 онд шүүхийн шийдвэрээр хүчингүйд тооцсон 106 лицензийн талбайд тус компанийн хоёр тусгай зөвшөөрөл багтсан байсан билээ. “Тусгай зөвшөөрлийг хүчингүйд тооцсоны улмаас тус компани данснаасаа 6.9 сая канад долларын хасалт хийсэн” гэж “Блүүмберг” мэдээлж байсан юм. Улмаар тухайн үед Торонтогийн хөрөнгийн биржийн сүүлийн арилжаагаар “Kincora Copper”-ын хувьцааны ханш 7.14 хувиар буурч, 0.06 канад доллар болсон байдаг.

Тэгвэл өнгөрсөн баасан гаригийн байдлаар тус компанийн хувьцааны ханш 0.11 канад доллар болсон байв. Өөрөөр хэлбэл, үүнээс хойш хувьцааных нь ханш олигтой өсөөгүй юм.

“Рио тинто”-гийн хагас жилийн тайлангаас харах ёстой тоонууд

“Рио тинто” компанийн хувьцааны ханш 2008 онд Австралийн хөрөнгийн биржид анх удаа 139.94 австрали долларт хүрч байсан юм. Гэвч өнгөрсөн баасан гаригт энэ ханш ердөө л 84.21 австрали долларт хүрсэн байлаа.

Оюутолгойн ордод олборлолт хийж буй, манай улсын хамгийн том хөрөнгө оруулагч компани “Рио тинто” энэ сарын 1-нд хагас жилийнхээ тайланг мэдээлсэн юм. Ашиг нь зургаан хувиар буурч, зургаан тэрбум ам.долларт хүрсний учрыг тэд тайлбарласан байв. Оюутолгойн хөрөнгө оруулалтын өртөг 1.2 тэрбум ам.доллараар нэмэгдсэн нь үүнд ихээхэн нөлөөлжээ. Бас Оюутолгойтой холбоотой олборлолтын хурцадмал асуудал ч үргэлжлэх төлөвтэй. Төслийн санхүүжилт нэмэгдэх мэдээлэл гарсны дараа “Рио тинто”-гоос далд уурхайн аюулгүйн ажиллагааг хангахад нэмж 2.8 тэрбум ам.доллар хэрэгтэй бөгөөд ингэснээр төсөв хэдийнэ 7.8 тэрбум ам.долларт хүрэхээр байгааг мэдэгдсэн билээ. Ингэснээр тогтвортойгоор бараа бүтээгдэхүүн хүргэх хугацаа 30 сараар хойшлох магадлалтай байна.

Энэ компанийн хувьцааны ханш Монгол Улстай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж байсан үе буюу 2008 онд Австралийн хөрөнгийн биржид анх удаа 139.94 австрали долларт хүрч байсан юм. Гэвч өнгөрсөн баасан гаригт энэ ханш ердөө л 84.21 австрали долларт хүрсэн байв.

“Туркойз Хилл Ресурс”-ын зогсолтгүй уналт үргэлжилсээр

Туркойз “Хилл Ресурсез” компанийн хувьцааны ханш түүхэн доод түвшиндөө хүрэв.

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал өсөх шаардлага тулгарсан тухай мэдээлэл тарсны дараа энэ ордын 66 хувийг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс”-ын хувьцааны ханш өнгөрсөн сард Нью Йоркийн хөрөнгийн биржид 43.93 хувиар унаж, түүхэн доод түвшиндээ хүрсэн юм. Ингэхдээ энэ хувьцааны ханш 0.6 ам.доллар буюу 60 центтэй тэнцэж байсан бол өнгөрсөн баасан гаригт 0.48 ам.доллар болж бүр ч мууджээ. Сүүлийн гурван жилд “Туркойз Хилл” компанийн зах зээлийн үнэлгээ зургаан тэрбумаас нэг тэрбум ам.доллар болтлоо зургаа дахин буурсан юм.

Ж.Цогзолмаа

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607283
0 эможи

Зочин
2019-08-27 12:14
сонирхолтой
Зочин
2019-08-27 10:59
keyboard_arrow_up