Монголбанкны 2020 оны ОНЦЛОХ 20 АЖИЛ Монголбанкны 2020 оны ОНЦЛОХ 20 АЖИЛ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Монголбанкны 2020 оны ОНЦЛОХ 20 АЖИЛ

2020 оны 12 сарын 30

Arslan.mn

1.Монгол Улс ФАТФ-ын стратегийн дутагдалтай орнуудын жагсаалт (“Саарал жагсаалт”)-аас гарав

Монголбанк 2020 онд Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын “Саарал жагсаалт”-аас гарах зорилт тавьж, холбогдох байгууллагатай хамтран ажиллав.Цар тахлын улмаас ФАТФ-ын хяналтын үйл ажиллагаа зогсох шийдвэрийг ФАТФ-ын Ерөнхийлөгч 3 дугаар сард гаргасан ч Монголбанк болон Засгийн газраас удаа дараа хүсэлт тавьснаар хурлуудыг цахимаар зохион байгуулж, тайлангаа амжилттай хамгааллаа. ФАТФ-аас 2020 оны 6 дугаар сард Монгол Улсыг хүлээсэн үүрэг даалгавраа биелүүлсэн тул Монгол Улс энэ оны 10 дугаар сарын 23-ны ФАТФ-ын нэгдсэн хуралдаанаар “Саарал жагсаалт”-аас албан ёсоор гарлаа.

2. Гадаад валютын албан нөөц (ГВАН) 4.5 тэрбум ам.долларын босго давлаа

Цар тахлын дэгдэлтээс үүдэж 2020 оны эхний хагаст экспорт хурдацтай буурч, Засгийн газрын баталгаатай аж ахуйн нэгжийн бондын төлбөр гадагшаа хийгдэж, урсгал дансны алдагдал өссөн ч 2 дугаар хагасаас гадаад орчинд эерэг өөрчлөлт гарлаа. Богино хугацаат гадаад өр төлбөрийг хойшлуулж, доноруудын том дүнтэй санхүүжилт орж ирэн, Монголбанканд тушаах алт болон нүүрсний экспортын хэмжээ өсөв.Монголбанкнаас валютын нөөцийн тогтвортой, хүрэлцээтэй байдлыг хангах, үнэт металлын худалдан авалтыг нэмэх арга хэмжээ авсны дүнд ГВАН 4.5 тэрбум ам.долларын босго давж, импортын 10 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрлээ.

3. Мөнгөний бодлогыг зөөлрүүлж, бодлогын хүүг түүхэн доод түвшин болох 6 хувьд хүргэв

Arslan.mn

Мөнгөний бодлогын хороо 2020 онд бодлогын хүүг 5 нэгж хувиар бууруулж 6 хувьд хүргэлээ. Ингэснээр бодлогын хүү түүхэн доод түвшинд ирэв. Тус шийдвэр нь Ковид-19 цар тахлын үед нийгэм, эдийн засагт тулгарч буй санхүүгийн хүндрэл, дарамтыг зөөлрүүлэх, дунд хугацаанд инфляцын зорилтыг алдагдуулахгүйгээр эдийн засгийн сэргэлтийг дэмжихэд чиглэж байна.

Түүнчлэн мөнгөний бодлогын хүрээнд төгрөгийн заавал байлгах нөөц (ЗБН)-ийн хувь хэмжээг 4.5 нэгж хувиар бууруулж 6.0 хувьд хүргэх, хүүний коридорыг бодлогын хүүнээс +/- 1 нэгж хувиар тогтоох, жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх, санхүүжилтийн хэмжээг тогтоох зэрэг багц шийдвэрийг гаргав.

ЗБН-ийн хувийг ийнхүү бууруулснаар банкуудад 700 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэр чөлөөлөгдөв. Энэ шийдвэр нь банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хадгалах, банкны эх үүсвэрийн долларжилтыг бууруулах, банкуудын зээлд гаргах боломжтой эх үүсвэрийг нэмэх, зээлийн хүүг бууруулах, улмаар эдийн засаг дахь санхүүгийн зуучлалыг дэмжих зорилготой.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлд дунд хугацаанд инфляцыг 6 хувийн голчтой, +/-2 нэгж хувийн интервалд тогтворжуулах зорилт тусгасан нь Мөнгөний бодлогын хувьд нэг том алхам болов.  

4.  Хятадын Ардын банктай хийсэн своп хэлцлийн хугацааг гурван жилээр сунгалаа

Arslan.mn

Монголбанк, Хятадын Ардын банк хооронд байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох 15 тэрбум юанийн своп хэлцлийн ерөнхий гэрээг 2023 он хүртэл амжилттай сунгалаа.

Своп хэлцлийн ерөнхий гэрээг сунгах хүрээнд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг биелүүлэв. Гэрээг амжилттай сунгаснаар богино хугацааны гадаад өрийн дарамтыг эдийн засгийн тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр шийдвэрлэв.

5.  Урт хугацааны зээлжих зэрэглэлийг хадгалах чиглэлд Засгийн газартай хамтран ажиллав

Монголбанк,  Засгийн газартай хамтран олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Фитч агентлагтай 3 дугаар сарын 25, 5 дугаар сарын 22-нд, Мүүдис агентлагтай 4 дүгээр сарын 13-нд, Эс энд Пи агентлагтай 6 дугаар сарын 3-нд цахим уулзалт хийв.

Фитч агентлагаас энэ оны 5 дугаар сарын 29-нд гаргасан хэвлэлийн мэдээнд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B”, ирээдүйн төлөвийг “Тогтвортой” хэвээр үнэллээ. Зээлжих зэрэглэл харьцангуй тогтвортой байгаа нь Монгол Улс гадаад, дотоод хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалж, Ковид-19 цар тахлын үед гадаад өрийн үйлчилгээг дахин санхүүжүүлэхэд дэмжлэг боллоо.

6.   Монголбанк 2020 онд түүхэн дээд хэмжээ буюу 23 тонн үнэт металл худалдан авлаа

Arslan.mnГадаад валютын албан нөөц (ГВАН)-ийг нэмэхэд Монголбанк “Алт-2” хөтөлбөрт дэмжлэг үзүүлж, 2020 он түүхэн дээд хэмжээ буюу 23.0 тн үнэт металл худалдан авч, ГВАН-ийг 880 сая ам.доллароор  нэмэгдүүллээ.

Өмнө 2016 онд 18.6 тн, 2017 онд 20 тн, 2018 онд 21.9 тн, 2019 онд 15.2 тн үнэт металл худалдан авч байв. Түүнчлэн Эрдэнэсийн сангийн тухай хуульд заасны дагуу энэ оноос Монголбанкны худалдаж авсан үнэт металлыг гадаадад цэвэршүүлэн мөнгөжүүлж, олон улсын чанарын стандарт хангасан мөнгөн гулдмай, үрлэн мөнгийг эргүүлэн импортлон оруулж ирж, гарал үүсэл нь тодорхой бүтээгдэхүүнийг анх удаа дотоод зах зээлд худалдан борлуулж эхлэв.

Энэ нь дотоодын уран дархчуудыг чанартай түүхий эдээр хангаад зогсохгүй, уран дарханы өв соёлыг хөгжүүлэхэд нөлөөлж, дотоодын зах зээл дэх үнэт металлын арилжааг албажуулахад хувь нэмэртэй. Мөн үнэт металлын арилжаа эрхлэгчдийг Тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа эрхэлдэг болголоо.

7.  Банкны салбарын шинэчлэлийг эрчимжүүлэв

Монголбанк дунд хугацаанд хэрэгжүүлэх “Эрүүл, найдвартай, ил тод, нээлттэй, олон нийтийн хяналттай, харилцагчид хүртээмжтэй, цахимжсан банкны тогтолцоог бий болгох банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлэв.

Ингэснээр банкны салбарын хөрөнгө нэмэгдэн, эрсдэл даах чадвар сайжирч, өмчлөл нь олон улсын жишгийн дагуу олон нийтийн өмчийн хэлбэрт шилжиж, банкуудад хөндлөнгийн хяналт нэвтэрнэ. Үйл ажиллагаа нь ил тод болж, шийдвэр гаргах, гүйцэтгэх, хяналт тавих эрх мэдэл хуваагдаж, харилцан бие биедээ хяналттай, тэнцвэртэй эрх мэдэлтэй байх зарчим бий болж, хяналтын тогтолцоо хангагдана.

Мөн олон улсын стандарт, сайн туршлагад нийцсэн зохицуулалтын эрх зүйн орчин бүрдэж, эрсдэлд суурилсан хяналт шалгалт нэвтрүүлнэ. Үүний дүнд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын банканд итгэх итгэл нэмэгдэж, санхүүгийн зуучлал өргөжин, банкны салбарын эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй өсөлтөд хувь нэмрээ оруулах юм.

8.   Зээлийн хүү буурах хандлага үргэлжилж, 1.2 нэгж хувиар буурлаа

“Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийг энэ оны 8 дугаар сард УИХ-аар хэлэлцүүлэн батлуулав. Энэ стратегийг зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах макро тогтвортой орчин бүрдүүлэх, зээлийн эрсдэлийн болон банкны үйл ажиллагааны зардлыг бууруулах, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, өрсөлдөөн бий болгож санхүүжилтийн зардлыг бууруулах чиглэлээр боловсруулав.

Энэ стратегид зээлийн хүүг 2019 оны суурь түвшнээс 4 нэгж хувиар бууруулж, 2023 оны эцэст сарын 1 хувьд хүргэхээр зорилт тавив. Энэ онд зээлийн дундаж хүү 1.2 нэгж хувиар буурсан нь дунд хугацааны зорилттой нийцлээ.

Банкуудын шинээр олгосон төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү 2020 оны 11-р сард 15.8 хувьд хүрсэн нь сүүлийн 9 жилийн хамгийн бага үзүүлэлт юм.

9.   Ипотекийн зээлийн  хүүг бууруулан, эргэн төлөлтийг түр хугацаагаар хойшлуулав

Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийг 2020 онд үргэлжлүүлж, Монголбанк, банкуудын эх үүсвэрээр энэ оны эхний 9 сард 8 хувийн хүүтэй ипотекийн зээлд 290 тэрбум төгрөгийг 4.0 мянган зээлдэгчид олгов.

Хөтөлбөрийг зорилтот бүлэгт чиглүүлэх, иргэдийн зээлийн төлбөрийн дарамтыг бууруулахаар 10 дугаар сарын 1-нээс зээлийн хүүг жилийн 6 хувь болгон бууруулж, 120 тэрбум төгрөгийн зээлийг 1.8 мянган зээлдэгчид олголоо. Ингэснээр энэ онд нийт 410 орчим тэрбум төгрөгийн зээлийг 5.8 мянган өрхөд олгоод байна.

Цар тахлын үед иргэдийн санхүүгийн дарамтыг зөөлрүүлэхээр ипотекийн зээлийн төлбөрийг нийт 14 сарын хугацаанд хүү хуримтлуулахгүй, үндсэн төлбөрийн хамт хойшлуулахыг холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүллээ.

Энэ хүрээнд 2020 оны 4 дүгээр сараас 10 дугаар сард хүсэлт гаргасан 38,270 зээлдэгчийн 2 их наяд гаруй төгрөгийн зээлийн хугацааг хойшлуулжээ. Харин 2 дахь удаад банкууд орон сууцны ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг 11 дүгээр сараас хойш цахимаар авч байгаа бөгөөд 12 дугаар сарын 25-ны байдлаар 3.2 их наяд төгрөгийн 58,328 хүсэлт ирснээс 57,456 хүсэлт буюу 99 хувийг нь шийдвэрлэж эргэн төлөлтийг хойшлуулав. Зээл авсан өрх бүрт дунджаар  7.7 сая төгрөгийн зээлийн төлбөрийн зардал хэмнэжээ.

Мөн эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчдад зориулсан түрээслээд өмчлөх хэлбэртэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг хуулийн хүрээнд талуудтай хамтран зохион байгуулж, Ковид-19 өвчний голомтод ажиллаж буй 1050 төрийн албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцтай болох боломж бүрдүүллээ.

10.  Зээлдэгчдийн зээл төлөлтийн хугацааг сунгах шийдвэр гаргав

Ковид-19 цар тахлаас үүдэн эдийн засагт хүндрэл үүсч, банкны салбарын зээлийн эргэн төлөлтөд доголдол үүсч, зээлийн эрсдэлийн зардал нэмэгдэх, иргэд, аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дарамт бий болох бодит эрсдэл үүссэн.

Эдгээр эрсдэлийг бууруулахаар Монголбанкнаас баталж, банкуудад мөрдүүлдэг “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”, “Өр, орлогын харьцааг тооцох аргачлал”, “Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам”-д  өөрчлөлт оруулж, зээлийн хугацаа, бүтцэд өөрчлөлт оруулах, хөнгөлөлт үзүүлэх нөхцөл бүрдүүлэв.

Энэ хүрээнд банкуудаас системийн хэмжээнд энэ оны 12 дугаар сарын 18-ны байдлаар давхардсан тоогоор 142 гаруй мянган зээлдэгчийн 4.3 их наяд төгрөгийн зээлийн бүтцэд өөрчлөлт орууллаа. Тухайлбал, банкууд 127 гаруй мянган зээлдэгчийн 1.6 их наяд төгрөгийн хэрэглээний зээл, 2.7 их наяд төгрөгийн 15 гаруйн мянган бизнесийн зээл (үүнд: аж ахуйн нэгж болон иргэдэд олгосон зээл орно)-ийн бүтцэд өөрчлөлт оруулж, төлбөрийн нөхцөл, хуваарьт өөрчлөлт оруулж, хөнгөлөлт үзүүллээ.

11.  Урт хугацаат санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэв

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны тогтоолоор жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортын салбарыг дэмжихэд зориулан Төв банкны репо арилжааны нөхцөлд өөрчлөлт оруулж, төгрөгийн хэвийн зээлээр баталгаажсан үнэт цаас барьцаалан 2 хүртэл жилийн хугацаатай санхүүжилт олгох боломж бүрдүүллээ.

Улмаар 2020 оны 4 дүгээр улиралд 230 тэрбум төгрөгийн санхүүжилт, 2021 оны 1 дүгээр улиралд нэмж 250 тэрбум төгрөгийн санхүүжилт банкуудад олгохоор шийдвэрлэв.

Уг арга хэмжээ нь тус салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн эх үүсвэрийн зардлыг 10.5 хувь болгон, зах зээлийн хүүнээс 6-7 нэгж хувиар бууруулж, хугацааг уртасгах, зээлдэгчийн хүсэлтээр үндсэн төлбөрөөс эхний 6 сард чөлөөлөгдөх боломж олгож байна. Ингэснээр цар тахлын үед банкуудын зээл олголт доголдсон тохиолдолд зээлийн нийлүүлэлтийг дэмжих, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг төрөлжүүлэх ач холбогдолтой юм.

12.  Тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа төлөх бодлогын шийдвэрийг хэрэгжүүлэв

УИХ-аас “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль” баталснаар Монголбанк арилжааны банкууд, Эрдэнэс Монгол ХХК-тай хамтран тэтгэврийн зээлтэй байсан 229 мянган иргэний 763 тэрбум төгрөгийн зээлийг нэг удаа төллөө.

13.  Номад бондыг гаргах, Мазаалай, Чингис бондын тодорхой хэсгийг дахин санхүүжүүлэхэд Засгийн газартай хамтарч ажиллав

Монголбанк Засгийн газраас гадаад зах зээлд гаргасан бондуудыг дахин санхүүжүүлж, гадаад төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг сайжруулахад хамтран ажиллав.

Цар тахлын үед дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) оны эхний хагаст 9.7 хувиар агшсан, Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын хяналтын жагсаалтад орcон, экспорт буурсан зэрэг гадаад орчны таагүй нөхцөл байдлын үед Номад бондыг харьцангуй бага 5.125 хувийн хүүтэй гаргаж, дахин санхүүжүүлэв.

Тухайлбал, 600 сая ам.долларын Номад бондыг олон улсын захд гаргаснаар 2021 онд эргэн тѳлѳгдѳх Мазаалай бондын 380 сая ам.доллар, 2022 оны Чингис бондын 220 сая ам.долларын дахин санхүүжилт хийлээ.

14.  Мөнгөн дэвсгэртийн хамгаалалтын элементүүдийг сайжруулж, нөөцийг  дахин бүрдүүлэв

Монгол Улс ардчилсан зах зээлийн нийгэмд шилжсэнээр 1993 оноос үндэсний мөнгөн дэвсгэртээ шинэчилсэн.

Түүнээс хойших хугацаанд анх удаа олон улсын дэвшилтэт шинэ технологиор мөнгөн дэвсгэртийн хамгаалалтын элемент, дүрслэлийн чанар, өнгө үзэмжийг сайжруулснаар хуурамчаар үйлдэхээс хамгаалсан дэлхийн жишигт хүрсэн мөнгөн дэвсгэрттэй боллоо.

Түүнчлэн харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан элемент нэмсний зэрэгцээ шинэчилсэн мөнгөн дэвсгэртийг хуурамчаас ялгахад зориулсан танин мэдэхүйн мэдээлэл бүхий гар утасны аппликэйшн гаргаж, нэвтрүүлэх юм.

15.  Үндэсний цахим гүйлгээний төв (ҮЦГТ)-ийг шинэчлэв

ҮЦГТ-ийн дата төвийг шинэчилж, үндэсний төлбөрийн системийн дэд бүтцийн хүчин чадлыг нэмж, техник технологийн шинэ боломжийг бүрдүүлэхээр ҮЦГТ-ийн барилгыг шинээр барьж, ашиглалтад орууллаа.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн хүрээнд барьсан энэ дата төвд цахилгааны олон талт эх үүсвэр, орчин үеийн шийдэл бүхий хөргөлтийн систем, гал, усны найдвартай хамгаалалт бүхий 36-н зогсоогуур бий болгов.

Тус төв нь мэдээллийн технологийн дата төвийн стандартыг олон улсын хэмжээнд тогтоодог нэр хүнд бүхий Uptime Institute-ийн байгууллагын TIER II стандартад нийцсэн орчин хамгийн шинэлэг дэд бүтэцтэй төв болсон. ҮЦГТ-ийн шинэ барилга нь Монголбанкны түүхэнд бичигдэх бүтээн байгуулалт болждата төвийн шинэчлэл нь Монгол Улсын төлбөрийн системийн хөгжилд нэгэн шинэ дэвшлийг авчирлаа.

Монголбанкнаас Ковид-19 цар тахлын үед бэлэн бус төлбөр тооцоо буюу карт, интернет, мобайл гүйлгээг өргөнөөр ашиглахыг олон нийтэд уриалж, энэ үед төлбөр тооцоог бодит цагийн горимоор, тасралтгүй дамжуулж байна. Монголбанкнаас банк хоорондын бага дүнтэй “Автомат клиринг хаус” (ACH+), их дүнтэй “Банксүлжээ”, төлбөрийн картын системүүдийн хэвийн үйл ажиллагааг хангахын зэрэгцээ банкуудын системээр дамжуулдаг гадаад төлбөр тооцоонд аливаа эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлж байна.

16. Төлбөрийн систем дэх финтек компаниудын оролцоог нэмэгдүүлэв

Үндэсний төлбөрийн системийн тухай хууль нь зөвхөн банкууд оролцдог байсан төлбөрийн системийн хамрах хүрээг тэлж, хуулийн этгээдэд төлбөрийн үйлчилгээ үзүүлэх боломж олгож, Монгол Улсын банк, санхүүгийн салбарт эрх зүйн шинэ орчинг бүрдүүлсэн.

Хуулийн хэрэгжилтийн хүрээнд 2020 онд шинэ дэвшилтэд технологид суурилсан санхүүгийн үйлчилгээ нэвтрүүлэхийг зорьж буй финтекийн 8 байгууллагад холбогдох хууль тогтоомжийн дагуу төлбөрийн үйлчилгээтэй холбоотой үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгов.

Зөвшөөрөл бүхий байгууллагаас Ард кредит ББСБ ХК, “Хай пэймэнт солюшнс ХХК-ийг Монголбанкны Үндэсний цахим гүйлгээний “Автомат клиринг хаус” системд холбож, RTP буюу бодит цагийн горимд төлбөр тооцоо дамжуулах системийг амжилттай нэвтрүүллээ. 

Финтекийн компанийг үндэсний төлбөрийн системийн үндсэн орчинд амжилттай холбосноор төлбөр тооцоог бодит цагийн горимоор гүйцэтгэх, төлбөрийн үйлчилгээг илүү хялбар, шуурхай, найдвартайгаар иргэд, харилцагчид хүргэх нэгэн шинэ гарц нээж байгаа бөгөөд энэ нь санхүүгийн хүртээмжийг нэмэхэд чиглэсэн бодлогын хэрэгжилт юм.

17.  Иргэдэд санхүүгийн боловсрол олгох, санхүүгийн луйвартай тэмцэх цуврал аянуудыг хэрэгжүүлэв

Олон нийтийн санхүүгийн боловсролыг дэмжих бодлогын хүрээнд санхүүгийн залилан луйвраас  урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх мэдлэг, мэдээллийг олгох "Ятгах тусам нягтал”, “Нягтлах тусам аюулгүй” цуврал аяныг ЦЕГ, Монголын банкны холбоо, арилжааны банкуудтай хамтран улсын хэмжээнд  жилийн турш зохион байгууллаа.

Аяны үр дүнд гэмт хэргийн улмаас иргэн, байгууллагад учирсан хохирлын хэмжээ буурч, хэрэг бүртгэл энэ оны эхний 11 сарын үзүүлэлтээр 9 хувь буурсан бол хэрэг шийдвэрлэлт 26 хувь өсчээ.

Банкны салбарын хүрээнд жил бүрийн 10 дугаар сард Дэлхийн хуримтлалын өдрийг тэмдэглэж ирсэн бол 2020 онд оролцогчдын цар хүрээг нэмж, “Дэлхийн хуримтлалын өдөр-2020” аяныг бусад байгууллагатай хамтран Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Баруун-Урт хотод тэмдэглэв.

Мөн мөнгөн тэмдэгтийн зохистой хэрэглээг дэлгэрүүлэх, мөнгөн тэмдэгтийн насжилтыг уртасгах, үүнтэй холбоотой гарах зардлыг бууруулахаар “Халаасанд бус хэтэвчинд-Овоонд бус хэрэглээнд” аяныг улс орон даяар хэрэгжүүлэв.

18.  Монголбанкнаас нэгтгэн гаргадаг статистик мэдээллийн хүртээмжийг сайжрууллаа

Монголбанкнаас нэгтгэн боловсруулдаг статистик тоон мэдээлэл, тайланг шинэчилж, статистик мэдээллийн stat.mongolbank.mn болон банкуудын зарласан хүүний мэдээллийн bankrate.mongolbank.mn цахим хуудасыг шинээр ашиглалтад оруулав.

Ингэснээр санхүүгийн хэрэглэгчдэд мэдээллийн тэгш хүртээмжийг бий болгох, банкуудын зээлийн бүтээгдэхүүний өрсөлдөөнийг дэмжих боломж нэмэгдлээ.

Мөн статистик, тайлан мэдээллийг Монголбанкны цахим хуудасны монгол, англи хувилбараар дамжуулан олон нийтэд хүргэхээс гадна иргэдэд хүртээмжтэй, ойлгоход хялбар болгох үүднээс зээлийн хүү, харилцах, хадгаламжийн хүү, инфляц, гадаад өр, Ковид-19 үеийн арга хэмжээ, банкны салбарын болон төлбөрийн тэнцэл зэрэг статистик, тоон үзүүлэлтүүдээр цуврал инфографик бэлтгэн олон нийтэд тогтмол хүргэж байна.

19.  Монгол Улс ОУВС-тай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, “Шуурхай санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд эх үүсвэр авав 

Монгол Улс ОУВС-тай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг 3 жил амжилттай хэрэгжүүлж, үргэлжлүүлэн “Шуурхай санхүүжилтийн хөтөлбөр” (RFI)-ийн хүрээнд санхүүжилт авлаа.

Тодруулбал, дэлхийн нийтийг хамарсан Ковид-19 цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулах, төсөв болон төлбөрийн тэнцлийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Монголбанк хамтран ОУВС-ийн Шуурхай санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж, 99 сая ам.долларын санхүүжилтийг авав.

20.  Монголбанк Forbes Mongolia Property Awards шагнал хүртлээ

Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд Монголбанк нь санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлэхээр заасан.

Энэ хүрээнд Монголбанк хуульд нийцүүлэн шаардлагатай арга хэмжээ, хөтөлбөрийг, тухайлбал, иргэдийг хөнгөлөлттэй зээлээр орон сууцжуулах хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж байна.

Хөнгөлөлттэй нөхцөлтэй ипотекийн зээлийг илүү хүртээмжтэй болгоход чиглэсэн Монголбанкны бодлого, үйл ажиллагааг үнэлж, Forbes сэтгүүлээс зохион байгуулдаг “Forbes Mongolia Property Awards” шалгаруулалтаас “Барилгын салбарын амжилт” шагналыг олгов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622367
0 эможи

Зочин
2020-12-30 12:35
Монголбанк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up