1
2
Н.ОДОНТУНГАЛАГ: Горойх зовиур нь улаан хоолойн хавдрын үндсэн шинж тэмдэг боловч хожуу үед дээрх зовуурь илэрдэг
Зочин:
Н.ОДОНТУНГАЛАГ
Байгууллага:
УНТЭ
Албан тушаал:
Гастроэнтерологийн Төвийн тэргүүлэх зэргийн эмч
Ажиллах арга барил:

Odnoo Norov

2020 оны 10 сарын 14

Хоолны зохисгүй хэрэглээ, амны эрүүл ахуйн дэглэм ба­римтлаагүй зэргээс шалтгаалж ходоодны өвчлөл улам нэ­мэгдсээр байгаа. Гэтэл зарим хүмүүс улаан хоолойн эмгэг болон ходоодны  шархыг эрт оношлуулгүй, өөрөө эмчилж явсаар хүндэрсэн үед нь  эмнэлэгт хандах тохиолдол цөөнгүй байдаг аж. Ходоод өвдсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах болон хэрхэн эм­нэх талаар УНТЭ-ийн Гастроэнтерологийн Төвийн тэргүүлэх зэргийн эмч, анагаах ухааны магистр Н.Одонтунгалагаас тодрууллаа.

Ярилцсан сэтгүүлч:

НЭГ. Улаан хоолойн үрэвслийн 90 хувь нь эдгэрдэг. Хамгийн гол нь дур мэдэн эмчлэхгүй байх, ПШХ эмийг дур мэдэн хэрэглэхгүй байх хэрэгтэй

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Улаан хоолой,  ходоодны сөөргөө өвчлөл үүсэхэд юу нөлөөлдөг талаар яриагаа эхлүүлье?

-Цээж хорсолт нь улаан хоолой болон ходоодны сөөргөө өвчний үед илэрдэг голлох зовуурь юм. Учир нь улаан хоолой, ходоод шилжих хэсэгт сфинктер буюу хаагддаг хунигч булчин бүхий хавхлаг байдаг. Энэ нь хоол идсэний дараа хаагдаж, хоол боловсруулалт хийгдэж байхад үед дээшээ ямар нэгэн байдлаар хоол, хүчил сөргөжу орохгүй байх зохицуулалттай байдаг. Гэтэл энэ хуниаст булчин суларсны улмаас ходоод, дээд гэдэсний агуулагдахуун  дээш улаан хоолой руу сөргөж орсны улмаас үрэвсэл, шарх үүсгэж байгаа юм. Үүнийг бид улаан хоолойн сөөргөө өвчин гэж нэрлэдэг. Энэ өвчний гол зовуурь нь цээж хорсолт болон ам гашуун оргих юм.  Үүнийг бид цээж хорслоо гэж маш их хэлдэг ба энэ өвчин нь иргэдийн дунд нэмэгдсээр байна. 

-Энэ өвчин юутай холбоотой ихсэж байна вэ?

-Улаан хоолойн өвчлөлийг хоёр янзаар авч үздэг. Нэгд, улаан хоолойн үрэвсэлт өвчнүүд, хоёрт улаан хоолойн хорт хавдар гэж хуваана. Улаан хоолойн үрэвсэл нь шархлаат болон шархлаат бус гэж хоёр янз байдаг. Эдгээр үрэвслүүд нь олон янзын шалтгаанаас бий болдог бөгөөд дан ганц ийм шалтгаанаас үүссэн гэж хэлж болохгүй олон хүчин зүйлээс үүдэлтэй.

Нэгдүгээрт, хамгийн их нөлөөлдөг зүйл бол таргалалт буюу хэвлийн таргалалт нэмэгдсэнтэй холбоотой үүсдэг.  Таргалалт яагаад нөлөөлж байгаа вэ гэхээр ходоод нь хүчиллэг орчинтой эрхтэн, харин улаан хоолой бол шүлтлэг орчинтой. Энэ хоёрыг тусгаарлаж байх зориулалттай хаалтыг хэвлийн таргалалт буюу өөхжилт шахсанаар хэвлийн хөндийн даралт үүсгэн хаалтыг нээдэг. Ингэснээр ходоодны хүчил дээшээ улаан хоолой руу орж, доод хэсгийн салстыг түлж гэмтээдэг. Үүнээс үүдэн улаан хоолойн шархлаат болон шархлаат бус үрэвслүүд, сөөргөө өвчнийг бий болдог.

Хоёрдугаарт, хоол ундны буруу хэрэглээ нөлөөлнө. Манайхан өөх тос ихтэй түргэн хоол, хийжүүлсэн ундаа зэрэг хоолны зохисгүй хэрэглээ зэргээс шалтгаалан дээрх өвчин нэмэгдэж байна.

Гуравдугаарт, эмийн буруу, зохисгүй хэрэглээ.  Сүүлийн үед эмийн тоо, төрөл маш их  болсонтой холбоотой өвчин нэмэгдэх бас нэг шалтгаан болж байна.  Ялангуяа өвчин намдаах эмүүд тэр дундаа толгой, нуруу, үе мөчийн  эмийн хэрэглээ ихэссэн нь улаан хоолой, ходоодны өвчлөлд нөлөөлж байна гэж хэлж болно.  

Дөрөвдүгээрт, физиологийн буюу төрөлхийн гаралтай. Энэ нь жирэмсэн эхчүүд болон өндөр настай, өрцний ивэрхийтэй хүмүүст тохиолдоно.  Учир нь жирэмсэн эхийн  ураг томрохын хэрээр цээжний хөндийн даралт ихсэж дээшээ шахсаны улмаас нөгөө хаалттай байх ёстой хуниагч булчингийн хаалтыг нээснээр  цээж хорсолт үүсдэг. Мөн жирэмсний үед ходоодны шүүрэл ихэсдэг учир цээж хорсох  тохиолдол их гардаг.  Харин ахмад настны хувьд хуниагч булчингийн сулрал их явагддагтай холбоотой  цээж хорсох зовуур илэрдэг.

Ходоодны хүчил улаан хоолойд орсноороо  ямар өөрчлөлт үүсдэг вэ гэвэл улаан хоолой доод хэсэг үрэвсэх, эсхүл байнга хүчил сөргөснөөс шархлаа үүсэх, улмаар шархлаанаас цус шүүрч алдах хүндрэл  үүснэ.

Харин удаан хугацаагаар дээрх зовууртай явснаар шарх нь соривжилт үүсгэснээр сорвижил бүхий  нарийсал бий болдог.  Харин сөөргөө өвчнийг удаан хугацаанд эмчлэхгүй явснаар эсийн солигдол эмгэг буюу Барреттын улаан хоолой үүсч улмаар улаан хоолойн хавдар руу шилжиж болно. 

-Энэ төрлийн өвчлөл ямар шинж тэмдгээр илэрдэг вэ? Ихэнх хүмүүс шинж тэмдгээ мэдэлгүй явсаар хүндрүүлдэг шүү дээ?

Хүмүүс цээж хорслоо гэж хэлээд л яваад байдаг. Амбулаториор үзүүлж байгаа хүмүүсийн ихэнх нь ийм зовууртай байдаг. Асуухаар хоёроос гурван жилийн өмнө зовуурь өгч  шинжилгээ хийлгэж байгаагүй гэж ярьдаг.  Гэрийн нөхцөлд хүнсний сод, сүү, ус уух зэргээр зовуураа намдаадаг. Гэтэл үүний гол оношлогоо нь улаан хоолой, ходоодны дурангийн оношилгоо юм. Дуран хийж байж үнэн зөв оношилно. Үрэвсэл үүссэн, хүндрэл үүссэн үү, үгүй юу гэдгийг тодорхой харж, шаардлагатай тохиолдолд эд эсийн шинжилгээ авч оношилно. Таны хэлдгээр хүмүүс шинж тэмдгээ хайхрахгүй эсвэл дурандуулахаас айж явсаар дурангийн оношилгоог оройтуулж, өвчнөө хүндрүүлэх тохиолдол их байдаг. Үүнээс болж шархлаа үүсэх, бүр сорвижих, хавдрын урьдал өвчин үүсэх эрсдэлтэй.

Нөгөө талаас хүмүүс шархтай байна гэж хэлэнгүүт чацарганы тос уучихдаг. Энэ тухайн үед зовиур намдах тохиолдол байдаг боловч дараа нь эргээд сөөргөө нэмэгдүүлдэг талтай. Гол эмчилгээ бол эмийн эмчилгээ болон дэглэм эмчилгээ шүү дээ. Харин эмийн эмчилгээг тодорхой хугацаанд хяналттай хийснээр үр дүн гарна. Эмэнд зовуур нь намдахгүй тохиолдолд мэс заслын эмчилгээ хийгддэг.

Мэс заслын эмчилгээг тодорхой соривжилт үүссэн, давтан байнгын шархлаа нь цус алдалтаар хүндрэх, зовуурь байнга тогмол эмэнд тэсвэртэй үед заалтаар хийнэ.

Хэрэв цээж хорсох зовуурь долоо хоногт олон удаа илэрч,  шөнөдөө  цээж хорсож босох,  цээжний араар өвдөх, байнга хэхрэх зовуурьтай хүмүүс ходоодны дурангийн оношилгоонд орохыг зөвлөж байна.

-Дурангаас өөр аргаар оношилж болох уу?                                               

-Оношилгооны хувьд хамгийн найдвартай нь улаан хоолойн ходоодны дурангийн шинжилгээ юм. Өөр нэг арга нь GerdQ - асуумжийн аргаар оношилдог. Энэ аргыг ихэвчлэн дуран байдаггүй хөдөө орон нутагт ашигладаг. Асуужмаар цээж хорсолтын давтамж ихэссэн, эмэнд зовуурь дарагдахгүй байх зэргээр оноо өгч оношилно.

-Энэ төрлийн өвчний эмчлэгдэх хувь хэд байдаг вэ?

-Улаан хоолойн үрэвслийн 90 хувь нь эдгэрдэг. Хамгийн гол нь өөрөө дур мэдэн эмчлэхгүй байх, хожуу үедээ оношлуулах, ПШХ эмийг замбараагүй, дур мэдэн хэрэглэхгүй байх хэрэгтэй.

Дээр хэлсэнчлэн ихэнх хүмүүс эмчилгээ хийх үедээ зовуурь нь намдангуут эм уухаа зогсоочихдог. Энэ нь эмэнд дасалтай байдлыг бий болгох шалтгаан болдог. Түүнчлэн амьдралын зөв зохистой хэв маягийг хэвшүүлэхгүй байх нь өвчнийг хүндрүүлдэг. Сүүлийн үед охид бүсгүйчүүд корсет их өмсөх болсон. Ингэснээр төрөлхийн өрцний ивэрхийтэй хүний хувьд хэвлийн хөндийн даралт ихсэж хаагдах ёстой сфинктер нь гүйцэт хаагдахгүйгээс үүсэх сөргөө нь улаан хоолойн салстыг гэмтээж өвчлөлийг үүсгэдэг. /ПШХ - Протоны шахуургыг хориглогч/

Мөн зарим хүмүүс хяналтын эмчилгээг хийлгэж явж байгаад тодорхой хугацааны дараа өвчин намдахаар орхидог. Дахиад хорсож эхлэхээр нөгөө эмээ өөрөө дураараа уучихдаг. Ингэж эмэнд эмчлэгдэхгүй мэдрэг байдлыг үүсгээд өвчин улам хүндрэх тохиолдол нэмэгддэг. Тиймээс өөрөө эмчлэхгүйгээр эмчид хандаж, хяналтын дагуу эмчилгээ хийлгэх нь чухал.

-Улаан хоолойн хавдрын хувьд?

-Сөөргөө өвчний нэг хүндрэл нь улаан хоолойн хавдар юм. Ерөнхийдөө горойх зовууриар илэрдэг бөгөөд бүхэл хоолонд горойх шинж тэмдэг нь өвчний хүндэрсэн байдлыг илтгэдэг.

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан судалгаагаар  2018-2019 онд зонхилон тохиолдож байгаа таван хавдар өвчний дөрөвдүгээрт улаан хоолойн хавдар орсон байдаг бөгөөд сүүлийн 10 жилийн турш энэ байрандаа л байгаа бөгөөд өвчлөл буурахгүй байна. Үүний нэг шалтгаан нь бүс нутгийн онцлог.

Тухайлбал  баруун аймгийнхан энэ өвчнөөр  түлхүү өвдөж байна. Учир нь  давсны хэт их хэрэглээ, хэт их халуун хоол цай хэрэглэдэг. Энэ байдал нь улаан хоолойн үрэвсэл үүсгэх нэг шалтгаан болно.

Дараагийн бас нэг шалтгаан нь улаан хоолойн өвчнөө эмчлэхгүйгээс болдог.

Судалгаагаар улаан хоолойн хавдар тэг үедээ буюу нэгдүгээр үедээ салстын төвшинд оношлогдох нь 0,6 хувь, дөрөвдүгээр үедээ буюу эцсийн шатандаа оношлогдох нь 34 хувь байна. Үндсэн цээж хорсох зовуураас гадна цээжний ард өвдөх, улаан хоолойн аюулхай хэсэгт өвдөх, цээжний аюулхай халуу оргих, хэхрэх, шөнөдөө цээж хорсоод сэрэх эсвэл сэрвэгнэж ханиах зэрэг зовуурууд өвөрмөцөөр илэрч болно. Энэ тохиолдолд эмчид хандаж, оношлуулах шаардлагатай.

Харин хорт хавдрын хувьд эрт үед нь илрүүлбэл бүрэн эмчлэгдэх боломжтой. Улаан хоолойн хорт хавдрын эхэн үеийн эмчилгээний хувьд дурангийн аргаар ESD буюу салст хуулах эмчилгээгээр хорт хавдрыг 100 хувь эмчилж болно. Харин булчин давхарлуу нэвчсэн тохиолдолд мэс засал хийхээс өөр аргагүй.  Мэс заслын арга хийх боломжгүй хүндэрсэн шатанд хими, туяа эмчилгээг хийдэг. Иймд иргэд маань жилдээ нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт орж ходоодны дурангийн шилжилгээ  хийлгэж хэвших нь чухал.

-Жирэмсэн эмэгтэйчүүдийн цээж хорсох үед ямар эмчилгээ хийлгэж болох вэ?

- Жирэмсний гурав, дөрөв дэх долоо хоногоос эмчийн хяналтаар тодорхой эмийн эмчилгээ хийлгэж болно.  Ургийн гажиг үүсгэх бага нөлөөтэй  эмийг  сонгож уулгана. Төрмөгц дээрх зовуурь арилна. Харин зовуурь хэвээр үргэлжилж байгаа тохиолдолд улаан хоолой, ходоодны дурангийн шинжилгээ хийлгэх шаардлагатай. 


ХОЁР. Хеликабактеритай болчихлоо гээд шууд эмчилгээ хийлгэх гээд байдаг. Энэ бол маш буруу

- Хүмүүс ходоодны өвчин гэхээр л хеликобактери гэж ойлгодог. Хеликобактери гэж юу вэ?

-Хеликобактери гэдэг нь 5 нанометрийн хэмжээтэй, 4 - 6 шилбүүртэй , мушгий хэлбэрийн ходоодны салстад бэхлэгдэж үрждэг грам сөрөг бактери юм. Энэ бактери нь хүний баас, амны замаар буюу бохирдсон гар, хүнсээр дамжин хоол боловсруулах замаар хүний биед нэвтэрдэг. 

Монгол Улс хеликобактерийн маш өндөр тархалттай орны тоонд ордог. Тиймээс ариун цэврийг маш сайн сахиж тогтмол гараа угааж хэвших хэрэгтэй.

Эмчилгээний хувьд маш олон эмний хавсарсан эмчилгээ бий. Анхан шатны эмчилгээгээр гурвалсан эмийн эмчилгээ хийдэг. Эмчилгээ хийхийн өмнө заавал дурангийн шинжилгээгээр баталсан байх шаардлагатай. Гэтэл иргэд дур амьсгалын тест, ходоодны мэдэн эм авч ууж хэрэглэснээр антибиотикт тэсвэртэй болж,  бактери нь эмчлэгдэх боломжгүй болдог.

Ер нь бол цусанд хеликобактери байна гээд эмчилгээ эхэлдэггүй юм. Тухайн хүнд халдвар эсэргүүцэх эсрэг биет үүссэнээр шууд хеликабактерийн эмчилгээ хийлгэх хэрэгтэй гэсэн үг биш.

Харин цусанд илэрч ходоод цанхайх, хоолны шингэц муудах, амнаас эвгүй үнэр гарах зэрэг зовуурь илэрч,  амьсгал, баас, дурангийн аргаар уреазын оношлуулаар эерэг буюу НР сэдрэлтэй гарсан үед эмчлүүлэх ёстой.

Өөрөөр хэлбэл амьсгалаар юм уу, өтгөнөөр биеэсээ ялгаруулж байвал эмчилгээ хийнэ гэсэн үг.

-Иргэдийн дунд нүүрэнд дээр батгатай үрэвсэлтэй гарсан бол хеликабактертай болсон байна гэж бодох тохиолдол их байдаг.  Энэ юутай холбоотой байдаг вэ?

-Зарим үед хүний нүүрэн дээр юм гарлаа хеликабактеритай болчихлоо гээд шууд эмчилгээ хийлгэх гээд байдаг. Энэ бол маш буруу гэдгийг анхааруулмаар байна.

Хеликобактери тархмал байгаа боловч ихэнх хүний нүүрэнд юм гардаггүй. Харин нүүрэнд гарсан эмгэгийн хувьд ихэвчлэн арьсны шар үсний ус буюу тосны булчирхайн үрэвслээс шалтгаалан үүсдэг.

Энэ нь зарим тохиолдолд цээж хэсэг болон нуруунд гардаг. Өөрөөр хэлбэл тосны булчирхай их байдаг газар үрэвсэж гарч байгаа хэрэг. Арьсны өвчнийг хеликобактери гэж дур мэдэн эмийн эмчилгээг дураараа авч хэрэглэдэг тохиолдолд их гардаг. Хэрэв хеликобактеритай бол эмчийн хяналт дор төгс эмчлүүлэх шаардлагатай. Дутуу эмчилснээс үүдэн ходоодны хавдар үүсэх эрсдэл өндөр байдаг. 

-Ямар хоол хүнс ходоодны өвчлөлд нөлөөлөх вэ?

-Ходоодны хавдар болон улаан хоолойн хавдар үүсэхэд  давс их нөлөөлдөг судалгаа байдаг. Түргэн хоол, чипс, давсалсан самар, бэлэн хоол, даршилсан хоолонд маш их далд давс агуулагддаг.  Тиймээс бид хоол, цайндаа давс хийдэггүй гэдэг нь давс хэрэглэхгүй байна гэж ойлгож болохгүй.  Мөн өтгөн кофе уудаг, тамхи татдаг, архи уудаг хүмүүст хумигч булчин сулрах тохиолдол их. Тиймээс аль болох хоолны зохисгүй хэрэглээнээс татгалзаж, таргалалтгүй хэвийн жинтэй, эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэн амьдрахыг зөвлөж байна.

-Баярлалаа.

 
 


keyboard_arrow_up