1
2
Д.ОТГОНЖАРГАЛ: “O’COUTURE“ үе дамжин хэрэглэгдэх үнэт урлагийн бүтээл хийхийг эрмэлздэг
Зочин:
Д.ОТГОНЖАРГАЛ
Байгууллага:
O’Couture  брэнд
Албан тушаал:
O’Couture  брэндийн үүсгэн байгуулагч
Ажиллах арга барил:


2020 оны 02 сарын 05

Ярилцсан сэтгүүлч:

НЭГ. Бид байгалийн гаралтай цэвэр торгоор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг

ШУУД СОНСОХ: 

Энэ удаагийн ARSLAN PODCAST-д Азийн шилдэг дизайнер O’Couture  брэндийн үүсгэн байгуулагч Д.Отгонжаргал оролцож байна. Эрхэм зочин маань Монголд болон гадаад зах зээлд өөрийн брэндийг хоногшуулж, нутагшуулж чадсан хөдөлмөрч бүтээлч нэгэн билээ. 

-Юуны өмнө манай сонсогчидыг хүндлэн Цагаан сарын ид ажил бужигнаж байгаа энэ цагт зав гарган манай студид ирсэнд байрлалаа.
- Баярлалаа. Сонсогчиддоо өдрийн мэнд хүргэе. Ямартай ч та бүхэнтэй дэлхийн загвар урлаг, хувцаслах урлагийн талаар санал бодлоо хуваалцах болсондоо баяртай байна. 
- Сонсогчиддоо мэдлэг өгөх үүднээс хувцас загвар гэх урлагийн талаар яриагаа эхлэх нь зөв. Энэ урлаг дотроо маш олон төрөлтэй. Эдгээр төрлүүдийн үндсэн гол ялгаа?
- Хувцас гэдэг нь тухайн хүнийг илэрхийлэг урлагийн гол хэлбэр. Монголчуудын маань нэг сайхан үг байдаг. “Хувцсаар нь угтаж, Ухаанаар нь үддэг.” Хувцас нь нийгмийг илэрхийлдэг гол илэрхийлэмж, хэллэг гэж би ойлгодог. Орчин үед нийгэм завгүй, хурдацтай хөгжихийн хэрээр хувцас маш олон төрөлд хуваагдаж байна. Хувцасны макро болон микро гэсэн үндсэн хоёр том стиль байдаг. Макро стильд Houte Couture ордог бол микро стиль нь Pret A Porter буюу хэрэглээний урлагаар илэрхийлэгддэг. Миний бүтээлүүд Монголд хамгийн их houte couture шингээсэн байдаг. 
Houte couture нь хувцас урлалын охь гэж хэлэгддэг. Хамгийн үнэтэй, хамгийн тансаг, хамгийн шилдэг материал дээр гар ажиллагаагаар бүтдэг дахин давтагдашгүйг нийлүүлсэн хэлэмж. Эндээс л хэрэглээний урлаг Pret A Porter цааш хөгждөг. Энгийнээр тайлбарлавал хувцас урлаг нь макро стиль буюу houte couture-ээс эхлээд хэрэглээний урлаг Pret A Porter-луу уусч трэндийг бий болгодог. Микро стиль нь мөн амьдралын хэв маяг, хэмнэлээс үүсдэг. Жишээ нь сонсдог дуу болон hip hop, hippi, boho, safari стиль гэх мэт. Эндээс бодоход л хувцас загварын төрлийг тодорхойлох боломжгүй байнга хувьсан өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг нь ойлгогдох болов уу. 
- Хүн төрөлхтөн залуу харагдах хүсэл мөрөөдөл эрмэлзлэлтэйгээр амьдарсаар ирсэн. Залуу сайхан бүсгүйчүүд залуучууд гэхээсээ илүү нас тогтож яваа хүмүүст ямар өнгө, ямар загварын шийдлүүд илүү зохимжтой, эрч хүчтэй харагдуулж чадах вэ?
- Хөгшрөлт бол байгалийн хууль жам. Гэвч хувцас урлагаар дамжуулж залуу харагдах боломжтой. Үүнийг зохицуулахын тулд нэгдүгээрт өнгө, хоёрдугаарт хэлбэр деталь байдаг. Хүн эхлээд өнгийг хараад дараа нь хэлбэрийг олж хардаг л даа. Монголчууд маань бараан өнгөнд их дуртай, энэ бас цаг агаар улиралтай ч холбоотой байдаг. Ихэвчлэн өвөл, хавар, намар сэрүүн улирал зонхилдог шүү дээ. Харж дүгнэж байхад бараан өнгө нь Монголчуудыг илэрхийдэг гол өнгө нь болчихсон байна. Захиалагчдаа харж байхад бараан өнгөнөөс татгалзмаар байна гэж ирдэг боловч сонголт хийх хоромд нөгөө бараан өнгөө л сонгочихсон байдаг. Яагаад сонгов гэхээр бараан өнгө хир толбо болох нь мэдэгдэхгүй, мөн туранхай харагдуулна гэж тайлбарладаг. Энэ нэг талдаа үнэн боловч  бараан өнгө хүнийг эрч хүчтэй, залуу харагдуулах сонголт биш, өнгөний хувьд их уйтгартай сонголт. Ялангуяа эмэгтэйчүүдийг хувцасны өнгөндөө маш зоригтой шийдлүүдийг оруулаасай гэж хүсдэг. 
Хоёрдугаарт залуу харагдах гол зүйл нь хэлбэр, деталь байдаг гэж дээр хэлсэн.

Хүн өөрөө жоохон хичээхэд л өөрийн биеийн хэлбэрийг тодорхойлон тухайн хэлбэрийг засаж чадах хувцасыг сонгох боломжтой. Хэрэв мөр муутай бол мөртэй хувцас өмсөх, махлаг бол А хэлбэрийг сонгох гэх мэтээр сонголтоо хийх нь зөв. Дээрээс нь нэмж хэлэхэд уртаасаа илүү богино загвар нь хүнийг илүү эрч хүчтэй харагдуулдаг. 

- Энэ жилийн трэнд өнгө?
-Энэ жилийн хувьд ЦЭНХЭР өнгө хамгийн трэнд буюу голлох өнгө болж байгаа. Өнгийг тодорхойлохдоо зүгээр л энэ өнгө моодонд орно гээд гаргачихдаггүй. Бидний өнөөдрийн амьдарч байгаа нийгэм улам л ачаалалтай болж байгаагийн хэрээр хүнд амралт, алжаалаа тайлах шаардлага гарч ирдэг болж. Алжаал ядаргааг цэвэр цэнхэр өнгө хамгийн сайн тайлж чаддаг буюу хүнийг тайвшруулах чадамжтай, стрессийг мартуулдаг, залуу эрч хүчтэй харагдууддаг гэж үзэж судалж сонгосон байна л даа. Тэгэхдээ Монголчууд маань трэнд болж байгаа өнгийг тэр бүр сонгоод байдаггүй. Нөхцөл байдалдаа тохируулж байна гээд л бараан өнгийн сонголтоо л хийсээр байгаа нь харагддаг. 

Сүүлд нь хэлэхэд маш зоригтойгоор өнгөний сонголтуудыг хийгээсэй гэж дизайнер хүний хувьд бодож явдаг юм. Жишээ нь энэ жилийн хувьд тэнгэрийн цэвэр цэнхэр өнгө, ягаан, цагаан гэх мэт. Ягаан өнгө нь залуу өнгө л дөө. Хүнийг гэгээлэг, залуу, baby, эрч хүчтэй харагдуулдаг.


- 30-50 насныханд зөвөлгөө өгвөл?
- Оффис болон олон нийттэй ажилдаг хүмүүст сонгодог өнгө илүү зохимжтой байдаг. Цагаан, хар цагааны хослол, хар хөх, цагаан гэх мэтийн донж хэлбэрийг нь хослуулж өмсөх боломжтой. Мөн саарал өнгө улаан өнгөтэй супер зохицдог.  Мөн ягаан, улааны төрлийн бүх өнгөтэй, цагаантай хосолдогийг хүмүүс тэр болгон мэддэггүй. Эдгээрийг мэдэхэд маш амархан болсон. Жоохон цаг гаргаад л интернэтээс мэдэж авах боломж дүүрэн байна. 
- Бид ер нь биед эвтэйхэн хувцасаа өмсөх нь зөв үү? Эсвэл биеийн өөг дарсан хувцас өмсөх ёстой юу? Таны бодлоор аль нь зөв бэ?
- Аль аль нь чухал. Хувцаслах урлагт аль алийг нь хамтад нь шийдэхийг хичээх болсон. Дэлхийн нийт хувцас үйлдвэрлэгчид хүмүүст смарт, хамгийн супер хувцсыг л санал болгож байна. Биед эвтэйхэн, биеийн галбир зассан, чанартай сайн материалтай, шинэ дэвшилтэт нано технологийг шингээсэн гэх мэт. 
- Монголд маань энэ төрлийн даавуу буюу түүхийн эдийн олдоц хэр байдаг вэ? Танай брэнд энэ төрлийн түүхий эдийг ашигладаг уу?
- Дэлхий нийт эко бүтээгдэхүүн, зөв хэрэглээг эрхэмлэх болсон. Монголд энэ чиглэл арай дутуу хөгжиж байгаа нь харагддаг. Судлаад үзэхэд энэ дэлхийг хамгийн их бохирдуулж байгаа зүйл нь уул уурхай бишээ, газрын тос ч биш даавуу үйлдвэрлэх процесс болсон байна л даа. Агаар мандалын бохирдолыг авч үзэхэд л даавуу, хувцас үйлдвэрлэх процесс нь агаар мандалын нийт бохирдолын 25-30 хувийг бүрдүүлж байна. Мөн боловсруулагдан бэлэн бүтээгдэхүүн болсон хувцасны 80 хувь нь хог хаягдал хэлбэрээр хаягддаг. Дэлхийд яг өнөөдрийн байдлаар хувцасны хэрэглээ ханачихсан, бүр  илүүдэлтэй болсон байгаа ба дизайнерууд ч үүнд дуу хоолойгоо өргөн шүүгээндээ цөөхөн чанартай хувцастай бай гэж уриалах болсон. Манай брэнд бас энэ бүгдийн эсрэг ажиллахыг хичээдэг. Бид байгалийн гаралтай цэвэр торгоор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Нийт загварын 70-80 хувь нь цэвэр торго байдгаас гадна торго нь үе дамжин өвлөгдөх үнэт материал, үнэтэй хэрэглээ болдог. Хувцас ер нь хямд байх тусмаа л материал муу байдаг. Жишээ нь сентитик материал байгальд 200 жил болж байж уусдаг байх шижээтэй. Иймээс хэрэглэгчид ухаалаг сонголтыг хийж сурах хэрэгцээ шаардлага үүссэн байгаа. 

Манай салон үе дамжин хэрэглэгдэх үнэт урлагийн бүтээл хийхийг эрмэлздэг.  Манай брэндийн гол ирэлхийлэл нь чамин тансаг, гоёмсог байдал.

 


ХОЁР. TARA ENDO брэнддээ эрэгтэйлэг шинж чанаруудыг илүү тодотгохыг хичээсэн

- Та бол нилээд олон хүнийг удирдаж ажиллаж байгаа бизнес эрхлэгч. Загвар, хувцас урлалын салбарт хүний нөөцийн дутагдал хэр байдаг вэ? Мөн ямар дадал зуршилтай, хандлагатай хүмүүс энэ салбарт тэсэж үлдэж чадаж байна вэ?
- Бид байгуулагдаад 5 жил болж байна. Залуу хүн болохоор сураад л судлаад л явж байна даа. Ажилтнаа яаж тогтоох уу, яаж зөв нээлттэй эерэг орчинг бүрдүүлэх үү? Хүмүүсээ хэрхэн урамшуулах вэ? Хэрхэн гоё бүтээлийг бий болгох уу гэх мэтчилэн суралцсаар л байна. 

Хамгийн хэцүү зүйл чинь өөрийнхөө мөрөөдлийн төлөө хүнийг ажиллуулах байдаг юм байна.

Орчин үеийн ажил горилогч нарын нийтлэг шинж чанар байна. Энийг би ч ганцаараа хэлээд байгаа юм биш. Энэ бол өөрийгөө дайчлах зан чанар, тогтвор суурьшилтай ажиллах чадваргүй болчихсон нь ажиглагдах болсон. Манай мэргэжил угаасаа маш хүнд. Зүгээр сууж, хүний нүд хариулж  байгаад цалин авна гэсэн ямар ч ойлголт байхгүй. Яг л тухайн ажлыг хийж байж, гараас нь ажил гарч байж л цалин авдаг салбар. Бүтээл урлаад урласан бүтээлээ харах гэдэг маань маш том кайф байдаг. Гэвч энэ гоё зүйлийг мэдэрч амжилгүйгээр дундаас нь шантраад, айгаад гарч байгаа хүмүүс сүүлийн 2-3 жилд улам нэмэгдэх болсон. Ажил горилогчдод гарч байгаа нийтлэг шинж нь шантрамтгай, амар хялбар аргаар л ажил хийх хүсэлтэй болж дээ л гэх харж байна. Шулуун оёод л сууж байх сонирхолтой. Нарийн чимхлүүр, ур, ухаан шаардсан ажлаас халшираад байдаг. 
- Технологи хөгжихийн хэрээр хүн төрөлхтөн яаж өөрийгөө роботоос дээр байлгах вэ хэмээн бодох болсон. Ялангуяа оёдлын салбарт энэ технологи маш ихээр нэвтрэх болсон. Энэ цагт энэ салбарын ажилчид өөрийн үнэ цэнийг хадгалахын тулд ур ухаан, гар ажиллагааг л эрхэмлэх нь зөв юм болов уу?
-Тийм шүү дээ. Орчин үед харин ч Haute Couture загварын 30 хувийн оёдлын машинаар үлдсэн 70 хувийг гар урлалаар хийдэг болсон л доо. Анх 17-р зуунд бол 100 хувь гар ажиллагаатай байсан.
Мөн технологи хөгжөөд нэг хэсэг машинаар их хийсэн. Тэгтэл Haute Couture-ын маань үндсэн хэв шинж өгүүлэмж алдагдаад ирсэн. Цор ганц байхаа больсон. Хямд материал ашиглах болсон гэх мэтээр нэр хүнд нь унасан. Харин өнөөдөр хувцас урлагийн охь болсон Haute Couture-ыг машин хэзээ ч орлохгүй гэдгийг дэлхий нийтээр ойлгодог болсон. 
- Энэ жилийн хувцасний хэлбэрийн трэнд юу байна вэ?
-Яг массаар хэрэглэх трэндийг тодорхойлох маш хэцүү. Тэгэхдээ сүүлд судалгаанаас харахад Safari олон карматай аялалын стиль, Bohemi буюу цацаг, хуниас ихтэй загварууд зонхилох болсон байна. Мөн трэнд гэж ярихаар дүр төрх их чухал. Жишээ нь эрэгтэй дүр төрхийг харвал илүү эмэгтэйлэг болсон байна. GUCCI, PRADА, Valentino-ийн загвар дээр  маш их цэцэгтэй тод өнгийн эрэгтэй загварууд гаргасан байсан. Үүнийгээ дизайнерууд тайлбарлахдаа дэлхий нийтээр ер нь эрэгтэйлэг байдал алдагдаж байна. Эхлээд Ази тивд эрчүүд нь эмэгтэйлэг болж ирсэн бол одоо энэ маань бүр Европруу түрэн орж ирж байна. Энэ нь эрчүүд романтизмийн эрин үед байсан шиг дэлбээлж байгаа цэцэг мэт байдлыг бий болгож сэргээж байна гэж тайлбарлаад байгаа. Би бол үүний эсрэг байр суурьтай байдаг. Манайх саяхан TARA ENDO эрэгтэй хувцасны брэндээ гаргасан. Энэ брэнддээ эрэгтэйлэг шинж чанаруудыг илүү тодотгохыг хичээсэн. Бас эрэгтэй төрхөн дээр COOL KIDS дүр төрх моодонд орж байгаа.
-  TARA ENDO брэндийн тухай.
-  Би дээр хэлсэн. Би уламжлалт сэтгэлгээтэй. Энэ брэндээрээ эр хүний төрхийг яг л эр хүн шиг байлгахыг хүссэн. Энэ дүр төрхийг бүтээхдээ нэрнээсээ л анхаарч эхэлсэн. TARA гэдэг маань эрч хүч амжилтыг билэгддэг бол ENDO гэдэг нь манай нөхөр ЭНХБОЛДын товчилсон нэр юм. Эрэгтэй хүн өрх гэрийн ноён нуруу, түшиг тулгуур байгаасай гэсэн үүднээс эрэгтэйлэг шинж чанар билгэдлүүдийг загварууд дээрээ ихээр шингээж өгсөн байгаа. 
- Ярилцсан танд баярлалаа. Таны ажил, уран бүтээлд нь амжилт хүсье. 
- Баярлалаа


keyboard_arrow_up