COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Коронавирус дэлхийн улс орнуудад ялгаатай гурван хэлбэрээр тарж байна гэв

2020 оны 4 сарын 27

Arslan.mn

“Covid-19”-ийн талаар олон улсын эрдэмтэд ямар дүгнэлт хийж байгааг Тагнуулын ерөнхий газраас тоймлон сонирхолтой мэдээллийг олон нийтэд хүргэжээ.

Дэлхийн хэмжээнд одоогийн байдлаар “Covid-19”-ийн эсрэг вакцин, эм бүтээхээр бие даасан судалгааны байгууллага, судлаачдаас гадна их сургууль, төрийн байгууллага, аж ахуйн нэгж, эрдэмтэн судлаачдын хамтарсан 80 орчим баг, 140 гаруй туршилт хийж байгаагаас дийлэнх нь анхан шатны түвшинд, 11 нь клиник туршилтад ороод байгаа юм байна.

Тухайлбал, Оксфордын Их Сургуулийн эрдэмтдийн баг вакцины 1 дүгээр шатны клиник туршилтыг эхлүүлсэн бол АНУ-ын биотехнологийн хоёр компани, БНХАУ-ын шинжлэх ухааны гурван групп тус тусын туршилтыг мөн эхлүүлжээ.

Оксфордын Их Сургуулийн судалгааны багийн тэргүүн Сара Гилберт, энэ оны есдүгээр сар гэхэд вакцины туршилт дуусах бөгөөд үйлдвэрлэлийн бэлтгэл эхэлсэн гэж мэдэгдэв. 

Харин вакцин үйлдвэрлэгч дэлхийн хоёр томоохон фирм “GSK” болон “Sanofi”-ийн хамтарсан баг, энэ оны хоёрдугаар хагаст вакциныг туршиж, амжилттай болвол 2021 оны хоёрдугаар хагаст өвчтөнд хэрэглэх боломжтой гэж мэдэгдэв.

Ихэнх эрдэмтэн судлаачид Эбола, ХДХВ, хумхаа зэргийг эмчлэхэд хэрэглэдэг эм коронавирусний эсрэг үйлчилж байгаа эсэхийг судалж тогтооход зургаан сар, эсрэг биет болох Y хэлбэрийн уургийг бий болгоход зургаан сар, харин вакциныг бүтээхэд 18 сар шаардлагатай гэсэн байр суурьтай байна.

“Covid-19” анх Ухань бус тус хотоос өмнө зүгт 2019 оны есдүгээр сараас эхлэн тархсан байж болзошгүй хэмээн Кэмбрижийн их сургуулийн хэсэг эрдэмтэд таамаглаж байна. Тус их сургуулийн судлаачид цөөнгүй орноос дээж аван судалсны дүнд вирусын анхны дэгдэлт өнгөрсөн оны есдүгээр сарын 13-наас арванхоёрдугаар сарын 7-ны хооронд гарсан байх магадлалтай гэж үзжээ.

Генетикч Питр Форстер тэргүүтэй эрдэмтэд вирусын хувьслыг математик алгоритм ашиглан тогтоох судалгаа явуулж дэлхий дахинд шинэ төрлийн коронавирусын 3 хэвшил тархаж байна гэж дүгнэв. Тодруулбал, АНУ-ын PNAS (Proceedings of the National Academy of Sciences) эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэлд “А хэвшил” нь сарьсан багваахайнаас илэрдэг коронавирустэй хамгийн төстэй боловч Уханьд түгээмэл илрээгүй.

Харин “В хэвшил” нь Уханьд хамгийн түгээмэл илэрсэн ч Зүүн Азийн орнуудаас цааш тархаагүй. “С хэвшил” нь Франц, Итали, Швед, Их Британид хамгийн түгээмэл илэрсэн боловч эх газрын Хятадад огт бүртгэгдээгүй байна.

ОХУ-ын “Биологийн анагаах ухааны агентлаг”-ийн тэргүүн В.Скворцова коронавирусын тохиолдлын 30 орчим хувь нь SARS-тай адил хөнгөн хэлбэрээр өвчилж байна хэмээн мэдээлэв. Харин Хорио цээрийн албанаас “Вирус муураас муурт, эсвэл могойноос могойд буюу төрөл зүйл дотор халдварлаж болзошгүй ч амьтнаас хүнд халддаг эсэх нь тодорхойгүй” гэв.

БНХАУ-ын ӨМӨЗО-д “Covid-19”-ийн халдвартай жирэмсэн эмэгтэй хоёр сарын турш эмнэлгийн хяналтад эмчилгээ хийлгэн дөрөвдүгээр сарын эхээр амаржсан бөгөөд нярай шинэ төрлийн коронавирусын IgG эсрэг биетийн дархлаатай төржээ. Энэ нь “хамгаалах” шинжтэй эсрэг биет бөгөөд эхээс урагт дамжсан байж болзошгүй аж. Харин коронавирусын халдвар эхээс урагт савны ус болон цусаар дамжин халдварладаг байж болзошгүй тул жирэмсэн эмэгтэйчүүдэд тавих анхаарлаа сулруулж болохгүйг мэргэжилтнүүд сэрэмжлүүлсэн байна.

Б.Төгс

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
616519
3 эможи
keyboard_arrow_up