COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 12, Ням
Өнөөдөр

Arslan.mn

how_to_vote Сонгууль 2020

Коронавирусын дараа ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ямар болох вэ?

админ
2020 оны 4 сарын 21

Arslan.mn

Хенри Киссинжер болон бусад нэр хүндтэй хүмүүс юу бодож байгаа талаар ТАСС агентлагийн тоймч  Андрей Шитов ийнхүү өгүүлжээ.

Өнөөгийн COVID-19 цар тахал “дэлхийн дэг журмыг эгнэгт өөрчилнө” хэмээн Хенри Киссинжер үзэж байна. Тэрээр Wall Street Journal сонинд “Коронавирусын дараа дэлхий ертөнц хэзээ ч урьдын адил болохгүй” хэмээн бичиж, хойшлуулшгүй асуудлыг шийдвэрлэхтэй зэрэгцэн дэлхий дахины шинэ байгууламжид дасан зохицох үйл явцыг бүр одооноос эхлүүлэхийг санал болгожээ.

“Цагийг эзэгнэсэн эрин үеийг бид туулж байна. Нэгэн зэрэг ирээдүйг бодож төлөвлөнгөө өнөөгийн хямралыг давж гэтлэх түүхэн сорилт лидерүүдэд тулгарч байна. Эс тэгвээс дэлхий ертөнц дүрэлзэн асаж болох юм  хэмээн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга, Никсон, Форд нарын туслах асан өгүүлжээ.

Ард олны итгэлийг засаг төр биелүүлж чадах болов уу?

Ер нь америкчууд улс орныхоо нэр сүр, ач холбогдол, чиг үүргийг дэлхий ертөнцийн хувь заяаг шийдвэрлэгч хэмээн дэвэргэхдээ гаргуун. Нутагтаа болдог бейсболын шийдвэрлэх шатны тэмцээнийг хүртэл тэд “дэлхийн цуврал” болгож зарлана. Тэдний өнөөгийн ерөнхийлөгч Дональд Трампыг угаасаа гиперчлэх талаараа дэлхийн аварга гэж хэлж болно; Цагаан ордноор өнөө хэр чөлөөтэй орж гарч яваа Киссинжерийн хувьд гиперчлэх явдал тийм ч ангид зүйл бас биш.

Гэсэн хэдий ч тавдугаар сард нас сүүдэр 97 хүрэх америкийн геополитикийн өвөг эцэг бол үгийн үнэ цэнийг мэддэг, салхинд үг сул гээдэггүй нэгэн. Тэгээд ч дэлхий даяар хаа сайгүй түүнийг чих тавин сонсдог билээ.

Тухайлбал, цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн өнөөгийн хямралыг тэрээр, жишээлбэл, “хурд, хамрах цар хүрээгээрээ” түүхэнд эн тэнцэх юмгүй хэмээн нотлон өгүүлж байна. Улмаар “дэлхийн эдийн засгийн шархыг эдгээх” явдлыг “халдварт өвчнийг дэлхий даяараа тогтвортой тэсч гарах явдлыг бэхжүүлэх”-ээс ч дутуугүй ирээдүйн чухал зорилт хэмээн төсөөлж байна.

АНУ тэргүүлэх чиг үүрэг гүйцэтгээд хэвшчихсэн “дэлхийн либерал дэг журмын” хувь заяанд ч мөн Киссинжер онцгой санаа зовниж байгаа нь ойлгомжтой. “Дэлхийн ардчилагчид өөрсдийн Гэгээрлийн [эрин үеийн] үнэт зүйлээ хамгаалж, дэмжих хэрэгтэй. Легитим чанараар эрх мэдлийг тэнцвэржүүлэх зорилтоос глобал хэмжээнд ухрах нь улс орондоо хийгээд олон улсын хэмжээнд нийгмийн гэрээ контракт задран унахад хүргэнэ” хэмээн тэрээр бичжээ.

Гэхдээ энд шууд залгуулаад сонирхол татахуйц дараах тайлбар хийжээ. Тухайлбал, “Гэхдээ легитим чанар болон эрх мэдлийн тухай мянган жилийн асуудлыг COVID-19 тахлыг гэтлэн давах оролдлоготой нэг дор шийдэх боломжгүй юм. Дотоод улс төрийн амьдрал, олон улсын дипломат ёс журмын аль алинд, бүх талаас хүлээцтэй байх хэрэгтэй. Тэргүүлэх чиглэлүүдээ тогтоох ёстой” гэжээ.

Хенри Киссинджер

© EPA-EFE/OMER MESSINGER

“Олон нийтийн итгэлийг хадгалж үлдэх” явдлыг Киссинжер “нийгэм хоорондын харилцаа болон олон улсын энх тайван, тогтвортой байдал, нийгмийн эв нэгдлийн” хувьд түлхүүр зорилт хэмээн үзэж байна. Түүний бодлоор АНУ-ын засаг захиргаа одоогоор “дажгүй сайн” ажиллаж, “нүүрлэж байсан сүйрлийг арилгах” зорилтоо шийдвэрлэж чадаж байгаа ажээ.

Гэхдээ “америкчууд өөрийгөө удирдах чадвартай хэмээх олон нийтийн итгэл үнэмшлийг хэвээр хадгалахын тулд вирусын тархалт, дараа нь бас дахин сэргэх давалгааг таслан зогсоож чадах эсэх явдал гол сорилт байх болно” хэмээн нэр цуутай зохиогч сануулан анхааруулж байна. Өөрөөр хэлбэл, түүний итгэл үнэмшлээр бол АНУ болон бусад “олон улс оронд институтүүд өөрийгөө нотлон харуулж чадаагүй гэх сэтгэгдэл цар тахлын дараа төрж” төр засагтаа итгэх эсэх асуудал ил тод тавигдах ажээ. Дашрамд хэлэхэд, хүмүүс зөвхөн өөрийн төдийгүй бусад улс орны төр засгийг ч тунгаан шүүх болно.

“Надаас авлагатай бүхнийг би өршөөж байна...”

Киссинжер нийтлэлдээ тодорхой ямар нэг улс орныг цохож нэрлээгүй. Мөн албан ёсны мэдээллээр өвчний тархалт Хятад улсад үндсэндээ зогссон, ОХУ-ын нөхцөл байдал АНУ болон Баруун Европыг бодвол ерөнхийдөө арай дээр гэх мэтээр сануулаа ч үгүй. Гэхдээ дэлхий дахины аюулгүй байдал, стратегийн нийтлэг тогтвортой байдлыг үнэлж цэгнэхдээ Вашингтон-Москва-Бээжин хэмээх “гурвалжин” дахь харилцааны үүднээс хандаж байхыг тухайн үедээ тэрээр сургаж байсан билээ.

Одоо гэхдээ хүнээс асууж сураглаад байх шаардлагагүй, нөхцөл байдал хаана ямар байгаа, цар тахалтай тэмцэхэд хэн нь хэндээ бодитой тусалж, хэн нь эв нэгдэлтэй байгаагаа үгээр илэрхийлж байгааг бүгд сайн мэднэ.

“Дэлхийг тэргүүлэх (лидерство)” тухай асуудлаар эргэцүүлэн хэлэлцэж байгаа энэ асуудлаар сүүлийн үед Хятад улс руу дайрч довтлох явдал АНУ-д ёс юм шиг гарсаар л байна. Шинэ коронавирусыг “хятадын”, эсвэл “уханийн” гэж нэрлэж болох нь бүү хэл ингэж нэрлэх хэрэгтэй хэмээн нийтэд нотолж байгаа Трамп, түүний төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео нар энд магнайлж байна. Конгрессын хууль тогтоогчид цар тахлын эх үүсвэртэй холбогдуулан Хятад улсын эсрэг “олон улсын мөрдлөг” явуулахыг уриалах, АНУ-ын шүүхүүдэд БНХАУ-ын эсрэг гомдол өргөн мэдүүлэхийг зөвшөөрөх, “америкийн өрийн ихээхэн хэсгийг” цуцлуулахаар Бээжинг “албадах” гэх мэтээр шинийг эрэлхийлж санаачлах дасгал сургууль хийцгээж байна. Конгрессын гишүүн Жим Бэнксын дэвшүүлсэн сүүлчийн санал харин мэдээж, олны танил болсон “Надаас авлагатай бүхнийг би өршөөж байна...” хэмээх шог наргиаг өөрийн эрхгүй санагдуулж байна.

Хятад улс цар тахлаар далимдуулан “дэлхийн дэг журмыг” өөртөө тохируулан өөрчлөхийг зорьж байна хэмээн хий хоосон таамаг зохиож дуу дуугаа авалцан өдөөж байна. “Хямралыг өөрсдөө тарьж үүсгэсэн хятадын эрх баригчдыг өөгшүүлэн урамшуулж баатрын дүрд тоглуулж болохгүй” хэмээн Hill сонины нэгэн тайлбарлагч бичжээ.

Бээжинд хариу цохилт өгөхийг шаардсан нийтийн дуу хоолойн дунд бас болгоомжилж хүндлэнгүй хандсан өнгө аяс гарч байгаа нь харин өөр асуудал юм. Жишээлбэл, Real Clear Politics портал “Та нарт таалагдсан ч, эс таалагдсан ч хятадын удирдлагын загварыг хямрал улам тод гялтгануулж байна” гэсэн гарчигтай англи хэлээр хэвлэгддэг South China Morning Post сонины тайлбарыг өөртөө байршуулжээ. “Коронавирусын эргэн тойрон дахь сурталчилгааны дайнд Хятад улс ялж байна. Европ, АНУ эв нэгдлийн учраа олж ядах зуур Хятад улс зөөлөн хүчээ ажилд оруулж байна” хэмээн  Politico сонинд бичжээ.

Хэн нь илүү овсгоотой вэ?

Нөгөөтэйгүүр, Хятадыг гоочлохын зэрэгцээ өөрийнхөө төр засгийг шүүмжлэх хүн америкчуудын дунд цөөнгүй. “Цар тахал яагаад дэлхийн шинэ дэг журамд хүргэхгүй вэ?” гэсэн тайлбар өгүүлэлдээ COVID-19 зарчмын хувьд юуг ч шинээр өөрчлөхгүй, зөвхөн урьд өмнө нь ч мэргэжилтнүүдийн хувьд тодорхой байсан чиг хандлагыг л харин ил тод болгож байна хэмээн сүлжээний аналитик хэвлэл болох World Politics Review сонины ерөнхий редактор нотлон өгүүлжээ.

“Энэ хямралд глобал хэмжээнд зохицуулсан хариу өгөх ажлыг манлайлахад өнөөгийн засаг захиргааны үеийн Америк улс бэлэн биш байгаад хэн ч гайхахгүй. Асуудалд олон талаас хандахыг ерөнхийлөгч Трамп жигшин зэвүүцэж, басамжлан доромжилдогоо хэзээ ч нууж хааж байгаагүй. Харин ч эсрэгээр, хямралын үед бусдыг хошуучлан тэргүүлэх гэх мэт “нийтийн сайн сайхны” асуудлаар АНУ цаашдаа санаа зовж хөөцөлдөхгүй гэдгээ ихээхэн бахдалтайгаар зарлан тунхагласан” хэмээн зохиогч бичжээ.

“Бусдыг хошуучлан тэргүүлэхэд бэлэн биш байдал нь харин ч үүнийг хийх чадваргүй болж хувирсныг COVID-19 дэлгэн харууллаа. Энэ бол харин илүү сонирхолтой юм. Хойд Солонгос, дараа нь Итали, Франц, Испани зэрэг улсад АНУ тусламж үзүүлнэ гэдгээ Трамп сүр дуулиантай санал болгосон. Гэхдээ энэ бол зүгээр дүр исгэсэн хэрэг. Үнэндээ бол түүний засаг захиргаа улс орныхоо дотоод муж улсуудад ч холбооны зүгээс бүрэн дүүрэн дэмжлэг үзүүлэх ямар ч чадамжгүй юм” хэмээн аналитик шинжээч өгүүлжээ.

Ингэхдээ энэ бүхэн өнөөх БНХАУ-тай харьцуулахад ямар ч ашиггүй гэдгийг бүгд ойлгож байгаа нь мэдээж. “Зөвхөн чадамжийн (потенциал) төдийгүй хямралд зөв мэргэн эрс шийдэмгий хариу үзүүлэх чадварын талаарх гадаад ертөнцийн төсөөллийн үүднээс авч үзвэл АНУ, Хятад улсын байр суурь коронавирусын хямралын дараа ямар болох бол? Аль тогтолцоонд нь оньсого мэт сул тал нуугдаж байгаа бол?” хэмээх асуултыг Washington Post сонины гадаад улс төрийн ерөнхий тоймч Игнайшес дэвшүүлэн тавьжээ. Тэгээд тавьсан асуултдаа өөрөө үндсэндээ хариулж “Хятадын авторитар тогтолцоо эрүүлжих зүг рүү аль хэдийн булан тойроод явж байна. Чөлөөт нийгэм мөн ийм эргэлтийг овжин, бас тэгээд хурдан түргэн хийж чадна гэдгээ америкийн ардчилал харуулах хэрэгтэй байна” хэмээн бичжээ.

“Нөхөн олговор олгох бодлоготой уялдуулж төлөвлөх хэрэгтэй”

Арваннэгдүгээр сарын сонгуульд амжилт гаргахаас ирээдүйн төлөв нь шалтгаалах болохоор Трампын хувьд энэ бол бүр ч нэн чухал. Өнгөрсөн бямба гаригт тэрээр “эм бэлдмэл бол өвчнөөс дор байх ёсгүй”, тийм учраас “улс орныг бизнесийнхэнд зориулж нээх” хэрэгтэй хэмээн дахин давтаж хэлсэн. Үүний тулд тэр Цагаан ордны дэргэд ажлын онцгой хэсэг байгуулахаар аль хэдийн бодож тунгаасан аж. Хэдийгээр эмч нар яарахыг нэг их хүсэхгүй байгаа ч ийм ажлын хэсэг байгуулахыг Трампыг дэмжигч олон хүн ил тод уриалж байна.

АНУ-ын эдийн засгийг тэртэй тэргүй дахин шинээр эхлүүлэхээс өөр аргагүй, гэхдээ үүнийг хэлэхэд амархан ч, хийхэд хэцүү.

Энгийн жишээ. Ялангуяа илүү олон хүн халдвар авч өвчилсөн Нью-Йорк муж улсаас сонгогдсон АНУ-ын Конгрессын гишүүн, цэл залуухан социалист бүсгүй Александрия Окасио-Кортес ядуус болон үндэсний цөөнхөд “нөхөн олговор” олгохыг шаардаж эхлэв. Twitter-т зургаан сая дагагчтай тэрээр “Өнгөт арьст хүмүүсийн дунд COVID-19-өөр нас баралтын хувьд харьцуулахын аргагүй дэндүү өндөр байна. Яагаад? Энэ бол арьсны өнгөөр (redlining) ялгаварлан гадуурхал, экологийн арьсны үзэл, баячуул, ядуусын хоорондын асар их зааг ялгаа гэх мэт бусад олон зүйлийн архаг үр дагавар. Энэ бүхэн хүмүүсийн эрүүл мэндэд гарцаагүй нөлөөлсөн” хэмээн бичжээ.

“Тэгш бус явдал нас баралтын хүчин зүйл болж байна. COVID-ийн эсрэг авах арга хэмжээг нөхөн олговор олгох бодлоготой уялдуулж төлөвлөх хэрэгтэй байна” хэмээн Америкийн хууль тогтоогч бүсгүй эцэст нь дүгнэжээ.

Ийм эрс шулуун биш ч гэсэн үүнтэй ижил төстэй үзэл бодлыг идэр залуу идэвхтнээс эхлээд цал буурал Нобелийн шагналтнууд хүртэлх зүүний үзлийг баримтлагч олон хүн Америкт илэрхийлж байна. Шинэ коронавирусын талаар хэн ч ямар ч сураг ажиггүй байсан тэр үед АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх сунгааны үеэр товойлгож ярьсан зүйлийн нэг нь социализмын тухай маргаан байсан билээ. Үзэл бодлын ийм давхцлыг би тохиолдлын гэж бодохгүй байна, тэр тусмаа үнэт зүйлийн дахин үнэлгээ зөвхөн далайн чанадад төдийгүй явагдаж байгаа билээ.

Төрөөс бүгд аврал эрж байна

“Сүүлийн арваад жилийн нийтээр хүлээн зөвшөөрсөн үзэл бодлын үүднээс гайхмаар тайлбарласан “том засгийн газар”-ын үзэл суртал руу аль хэдийн эргэж буцаж байгааг бид ажиглаж байна. Эдийн засаг руу асар их мөнгө шахаж, аюулд өртсөн амин чухалд тооцдог компани, салбаруудыг аврахыг (эсвэл нийгэмчлэх) төр засгаас бүгд хүсэн хүлээж байна. Хямралын дараа өргөжин тэлсэн төрийн чиг үүргийг эргүүлж буцаах шаардлагатай болох бөгөөд харин яаж гэдэг нь маргаантай асуудал болж байна. Хямралын дараахь зохицуулалтад нийгэмд өөрийнх нь ашиг сонирхлыг байлгахын тулд дахин хувьчлалаас олох хөрөнгийг сайн сайхан аж байдлын бие даасан санд эрх баригчид шилжүүлэх нь илүү зүйд нийцнэ” хэмээн Герман улсын дэд канцлер, гадаад хэргийн сайд асан Йошка Фишер Project Syndicate сайтад бичжээ.

Сар шинийн баярт зориулсан жагсаалд оролцож байгаа хүүхдүүд, Нью-Йорк, АНУ, 2020 оны хоёрдугаар сарын 9.

© Spencer Platt/Getty Images

“Өнөөгийнхтэй ижил төстэй томоохон чичиргээ гол төлөв улс төрийн тогтолцооны болон олон улсын харилцааны суурийг ганхуулдаг. Тухайлбал, барууны ардчилагчдын хувьд өөрсдийнх нь удирдлагын тогтолцоонд эргэлзсэн хүндрэл бэрхшээлтэй тулгарч болох юм. Хууль эрхийг хамгаалах зарчмууд эдийн засгийн шаардлагуудтай сөргөлдөж магадгүй. Цар тахал мөн ахмад залуу үеийнхэн, авторитаризм хийгээд либерал ардчиллын хооронд зөрчил үүсгэнэ” хэмээн өмнөх туршлагадаа суурилан Фишер өгүүлжээ.

Түүний энэ санаа, миний бодлоор, Киссинжерийн арай бүдэг сануулсан болгоомжлолтой дуу дуугаа авалцаж байх шиг санагдав. Нөгөөтэйгүүр, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн ямар байхаас үл хамаарч хямралын урт удаан хугацааны үр дагаврыг Трамп болон түүний гол өрсөлдөгч Жозеф Байден мэтийн өвгөчүүл биш, харин Окасио-Кортесийн үеийнхэн үүрнэ гэдгийг мөн сануулж байна.

Хүнлэг байхад албадан сургаж байна

Өнөөгийн нөхцөл байдлын дүн шинжилгээнээс үзэхэд хамгийн сонирхолтой нь цар тахлын үр дагавар тийм ч айхтар хөнөөлтэй бус харин ч ач тустай юм байна хэмээн Washington Post сонины Игнейшес үзэж байна. Тэрээр ”Өвчний дэгдэлт, бусад гай гамшигт АНУ, БНХАУ-ын дараагийн үеийнхэн илүү сайн бэлтгэлтэй байх болно. Эрт мэдээлэх тогтолцоо, нөөц, вакцин, хангамжийн сүлжээ бүгд сайжирна. Мэргэжлийн эмч нар илүү ихийг мэддэг болж, тэдний зөвлөмжийг илүү их итгэл үнэмшилтэйгээр хүлээж авдаг болно” хэмээн бичжээ.

Би ч бас олон талаар вируст талархал илэрхийлж болно гэж бодож байна. Вашингтоны мэргэжил нэгт нөхрийг бодвол энэ талархлыг би тэргүүлэх байр суурийн төлөөх Америк- Хятадын маргаан, зөвхөн материаллаг хүчин зүйлд хамааруулахгүй.

Миний бодлоор, өнөөгийн хямрал, юуны өмнө, хүмүүсийг хүнлэг байхад өөрийн эрхгүй тулгаж, албадан сургаж байна гэж хэлж болмоор. Өвчин, үхлийн өмнө бүгд адил гэдгийг сануулж байна. Хайрлах, ухаалаг байх, харилцан ойлголцох, тэвчээртэй байх, зовлонг хуваалцах гэх зэрэг хүн ёсны шилдэг чанар гаргахыг шаардаж байна.

Хар амиа хичээхийн хор хөнөөлийг дэлгэн харуулж, дур зоргоороо авирлахыг хязгаарлаж байна. Өөрийнхөө төлөө, хийсэн үйлийнхээ төлөө хариуцлагатай хүлээдэг, бусдын ашиг сонирхлыг бодолцдог, хол, ойрын хэнд ч тусалдаг, тэр байтугай хөл хорионы нөхцөлд гэр орныхонтойгоо ч эв зүйтэй байхад хүртэл сургаж байна.

Хүний оюун ухаан, хүний боломж бололцоо хязгаарлагдмал болохыг дэлхийг нөмөрсөн гай түйтгэр харуулж байна. Ихэмсэг бардам занг номхотгож, төлөв даруу байхад сургаж байна.

Нийгэм олны дунд холхон зай барихыг (яг үнэндээ бол нийгмийн эсрэг үйл) шаардахын хамт цар тахал хүн хоорондын амьд харилцааны үнэ цэнийг сануулж байна. Энэрэл хайр, үерхэл нөхөрлөл, андын журам, хамтрал түншлэл бол юугаар ч сольшгүй болохыг мөн сануулж байна. Энэ бүхний зэрэгцээ хүн бүрийн амин чухал асуудал болох өөрөө өөртөө эзэн байх чадварт цар тахал бас сургаж байна. 

Дайнгүйгээр асуудлыг шийдэж болно

Практик талаас нь авч үзвэл халдварын аюулыг гэтлэн давах улс орон, үндэстнүүдийн бэлэн байдлыг яг л “дайны” үеийн нөхцлөөр шалгаж сорих боломжийг цар тахал бий болгов. Энэ утгаараа ирээдүйд хэрэгтэй үнэлж баршгүй туршлага суулгав.

Сэргийлэх ажлын гол бүрэлдэхүүн хэсэг нь өөрийгөө тусгаарлахаас өөр аргагүй болсон явдал. Гэр бүлээрээ дөрвөн хананы цаана хашигдсанаар хөл хорионы дэглэм хүн ам зүйн асуудлыг шийдвэрлэхэд тус дөхөм үзүүлж ч болох юм. “Коронавирусын үеийнхнийг” хүлээцгээе.

Эдийн засаг, амьдралын бүхий л хэв маягийг сайжруулан, тоон технологид илүү бүрэн дүүрэн шилжихэд хямрал тус дэм үзүүлж байна. Асар олон хүн өдөр бүр ажилдаа очих гэж тээврийн ачааллыг нэмэгдүүлэн, цаг заваа хий хоосон өнгөрүүлж явах шаардлагагүй гэдгийг тод томруун харуулсан.

Бээжингийн гудамж, Хятад улс

© Kevin Frayer/Getty Images

Геополитикийн хувьд дайн дажингүйгээр дэлхий дахины хүчний тэнцвэр өөрчлөгдөж болохыг цар тахал эцэст нь харуулж байна. Бүхэлд нь авч үзвэл, цэрэг дайны шийдэл бол түгээмэл арга зам биш, зэвсэгт хүчний хүчин зүйлийн ач холбогдол, нэр хүнд буурч байгааг нотолж байна. Бусдаас онцгойрох, нэг туйлыг эрхэмлэх, монополизмыг дэвэргэх аливаа санаархлыг бий болсон нөхцөл байдал үгүйсгэж байна. “Глобал лидер”-ийн төлөөх үхэн хатан чармайхын бодит үнэ цэнийг ил тод болгож байна. Нийтлэг аюул заналын өмнө олон улсын хэмжээнд эв нэгдэлтэй байхыг шаардаж байна. Янз бүрийн шалтгаанаар хамтарч ажиллахыг дэмждэггүй улс орны хувьд ч бодитойгоор хамтарч ажиллахаас өөр хувилбар тэдэнд байхгүй болохыг харуулж байна.

Эдгээр бүх асуудлын талаар эргэцүүлж бодох шалтаг хэрэв байгаагүй бол ийнхүү тунгааж бодох арга замыг яаж ийгээд бодож олох л байсан байх. Аль эсвэл, олчихсон юм болов уу?

Д.Энхээ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616280
2 эможи

Зочин
2020-04-21 12:13
keyboard_arrow_up