COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Covid-19 бидний ЭРГЭН ТОЙРОНД ...

2020 оны 3 сарын 18

Arslan.mn

БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотоос эхлэлтэй коронавирус хоёр сар гаруй хугацаанд дэлхийн 155 улсад тархаж, 182 мянган хүнийг өвчлүүллээ. Өчигдрийн байдлаар Covid-19-ын халдвараар 7155 хүн амь насаа алдаад байгаа бол 79433 хүн эдгэрсэн гэсэн тоон мэдээлэл бий. Манай улсын хувьд ч гэсэн коронавирус илэрсэн улсын тоонд багтаад найм хонож байна. Франц, Солонгос, Герман, Италиас зөөвөрлөгдөж ирсэн таван тохиолдол илрээд байгаа юм. Тэгвэл манай хоёр хөршид коронавирус илрээд удаж байгаа бол Казахстанд өнгөрсөн баасан гаригт бүртгэгдэв.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Цар тахал” хэмээн зарласан Covid-19-ын нөхцөл байдал  бидний эргэн тойрон, хөрш улс орнуудад  ямар байгааг хүргэе.

Хойд хөршид

Хойд хөршид өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нд коронавирусын анхны тохиолдлоор Хятадын хоёр иргэн бүртгэгдэв. Халдвар авсан хүний тоо өчигдрийн байдлаар 93-д хүрчээ. ОХУ-д халдвар авсан иргэдийн дунд бага насны хүүхэд байгаа бөгөөд түүнээс өвчний шинж тэмдэг илрээгүй боловч тээгч болсон байжээ. ОХУ халдварын тархалт нэмэгдэхээс сэргийлж гуравдугаар сарын 13-ны өдрөөс ХБНГУ, БНФУ, Итали, Испани Улс руу хийх нислэгийг хязгаарлах, бизнес, хүмүүнлэгийн болон албаны шугамаар зорчихоос бусад Италийн иргэдэд виз олголтыг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргаад байна. Мөн алба хаагчид вирусын халдвар илрүүлэх оношлуураар бүрэн хангагдсан, нөхцөл байдал бүрэн хяналтад байгаа гэж мэдэгдэв. Даваа гарагт ОХУ-ын Засгийн газар түр хугацаанд гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй болсноо бас зарлав.

Хятадад

Дэлхийн хэмжээнд коронавирусын өвчлөл, нас баралт хамгийн их байгаа улс бол манай урд хөрш юм. Коронавирус анхлан БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод нэгдүгээр сарын 2-нд бүртгэгдсэнээс хойш тус улсын мужуудад тархаж өнөөдрийн байдлаар зөвхөн Хубэйд 3500 хүн нас бараад байна. Хятад улсын хэмжээнд Covid-19-аар 81000 хүн өвчилжээ. Харин 60 гаруй мянга хүн эдгэрсэн учраас БНХАУ-ын Ерөнхий Сайд Ли Көчян гуравдугаар сарын 10-ны өдөр Төрийн зөвлөлийн Байнгын хороог хуралдуулж, халдварт өвчний нөхцөл байдал сайжирч байгаа тул эдийн засаг, санхүүгийн салбарын үйл ажиллагааг дэмжих чиглэл өгчээ. Ингэхдээ санхүүгийн байгууллагын гадаад худалдааны зээлийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг түр хугацаанд зогсоох, даатгалын компаниудыг богино хугацаанд төлбөрийн нөхцөлөө бууруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, гадаад хамтын ажилллагааг хөгжүүлэх зэрэг ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон байна.

Казахстанд

Баян-Өлгий аймагтай хил залгаа Казахстан улсад коронавирус бүртгэгдээд тав хонож байна. Германаас ирсэн зорчигчдоос анхны хоёр тохиолдол илэрснийг зарлаж байсан бол удалгүй Италиас ирсэн зорчигчдоос дахин хоёр тохиолдол илэрч, бямба гаригт халдвар тээгчийн тоо зургаад хүрсэн байв. Сүүлийн хоёр тохиолдлын нэг нь Москва хотоос Алматыд нисэж ирсэн зорчигч байсан бол нөгөө нь Польшийн нийслэл Варшаваас нийслэл Нур-Султанд ирсэн зорчигч байжээ. Сүүлийн мэдээллээр Казакстанд коронавирусын 10 тохиолдол бүртгэгдэж 1000 гаруй сэжигтнийг тусгаарлаж, 500 орчим хүнийг гэрийн хөл хорионд байлгаж байгаа гэнэ. Шинэ коронавирусын тархалтаас сэргийлэх зорилгоор Казахстан улс Наурызийн баярыг тэмдэглэхийг хориглож, Нацист Германыг ялсны 75 жилийн ойд зориулсан цэргийн парадыг цуцлаад байгаа.

Монголд

Манай улсад коронавирусын таван тохиолдол илэрсэн. Халдварын анхны тээгч франц иргэний биеийн байдал тогтворжиж байгаа бол БНСУ-аас ирсэн хоёр эмэгтэйн биеийн байдал тогтвортой, Москва хотоос ирсэн эмэгтэйн бие хүндэвтэр байгаа тухай ХӨСҮТ мэдээллээ. Мөн ЭМЯ-наас өчигдөр шуурхай мэдээлэл хийж тав дахь тохиолдол бүртгэгдсэнийг зарласан юм. Дээрх иргэдийн нэгдүгээр зэргийн  хавьталтай 111 иргэнээс шинжилгээ авсан бөгөөд 61-ийнх нь хариу сөрөг гарчээ.

Харин энэ сарын 14-ний өдөр Казахстан Улсаас Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор орж ирсэн монгол иргэний эхний шинжилгээний хариу сөрөг гарсан тухай аймгийн Засаг дарга А.Гылымхан хэллээ. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 133 хүнийг тусгаарлах байранд, 59 хүнийг гэрт нь тусгаарлан, байнгын хяналт тавьж байна.

КАЗАКСТАНД 1000, ОХУ-Д 2000 МОНГОЛ ХҮН БИЙ

Монгол Улс халдвар гарсан орнуудаас иргэдээ тусгай үүргийн онгоцоор татсаар байна. Тэгвэл Казахстанд 1000 гаруй иргэн сурч, зорчиж байгаа бол ОХУ-д 2000 Монгол оюутан байдаг юм байна. Харин Казахстан болоод ОХУ хооронд зорчиж буй 300-аад иргэн байдаг гэсэн мэдээлэл бий. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “ОХУ-д байгаа манай оюутнууд гэр рүүгээ явна гэдгээ мэдэгдээд, Улаан-Үд рүү яваад эхэлсэн. Тэгэхээр Алтанбулагийн боомтоор орж ирнэ. Оюутнуудын хичээл хаагдаад, дотуур байрандаа байх боломжгүй болбол нутагтаа ирэхээс өөр аргагүй” гэсэн мэдээллийг өглөө.

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
angry an post
614964
3 эможи

keyboard_arrow_up