COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

АНУ, Хятадын зөрчлөөс шалтгаалан APEC-ын уулзалт хамтарсан мэдэгдэлгүй өндөрлөлөө

2018 оны 11 сарын 19

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Папуа Шинэ Гвинейн нийслэл Порт Морсбид болсон APEC-ын дээд хэмжээний уулзалтаас хамтарсан мэдэгдэл гараагүй өндөрлөжээ.

Arslan.mn

Нийт 21 гишүүнтэй Ази, Номхон Далайн Эдийн Засгийн Хамтын ажиллагааны байгууллагын гол хоёр гишүүн болох АНУ, Хятад улсууд Дэлхийн Худалдааны Байгууллагын чиг үүргийн талаар санал зөрөлдсөн тул ийм үр дүнд хүрсэн тухай албаны эх сурвалж мэдээлсэн байна.

Дэлхийн эдийн засгийн 60 хувийг төлөөлдөг энэхүү байгууллагын 29 жилийн түүхэнд анх удаагаа гишүүн орнуудын удирдагчид хамтарсан мэдэгдэл гаргалгүй өнгөрч байгаа нь энэ юм.

Хамтарсан мэдэгдлийн батлагдаагүй хувилбарыг олж үзсэн эх сурвалжийн мэдээлж байгаагаар АНУ-ын тал эрх тэгш, шударга худалдааны талаар хүчтэй мэдэгдэл оруулахыг хүссэн бол Хятадын тал нэг талт, хамгаалсан худалдааны (protectionism) бодлогыг шүүмжилсэн мэдэгдэл оруулахыг хүссэн байна.

Хоёр өдөр үргэлжилсэн APEC-ын дээд хэмжээний уулзалтаар мөн Номхон далайн өмнөд хэсэг дэх Хятад, Өрнөдийн зөрчлийн асуудал түлхүү яригджээ. Номхон далайн орлого багатай арал улсуудад Хятадын зээл, тусламж эрчимтэй нэмэгдэж, Өрнөдийн орнууд нөлөөгөө алдах аюултай болоод байгаа.

Уг сэдвээр Бямба гарагт АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс, Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин нар нэлээд ширүүн үгсийг солилцсон байна.

Тухайлбал Майк Пэнс Хятадын засгийн газрыг бага буурай орнуудыг өрийн хавханд оруулж байгаа хэмээн шүүмжилжээ. Хариуд нь Ши Жиньпин Дэлхийн Хоёрдугаар дайны дараа байгуулагдсан олон улсын байгууллагуудын дүрэм, зарчим хэн нэгний амин хувиа хичээсэн бодлогоор солигдох ёсгүй гэж Вашингтоныг шүүмжилсэн байна.

Өнгөрсөн хоёр өдөр Ши Жиньпинтэй хоёр удаа “илэн далангүй” яриа өрнүүлсэн тухайгаа Майк Пэнс сэтгүүлчдэд ярьжээ. АНУ найрсаг харилцаа хүсэж байгаа ч Хятадын байр суурь өөрчлөгдөхгүй байгааг Пэнс хэлсэн байна.

APEC-ын уулзалт болж байгаа Папуа Шинэ Гвинейд Хятадын зээл, тусламжийн үр дүн тодорхой харагдаж байв. Харин АНУ өөрийн холбоотнуудын хамт Номхон далайн арал улсууд дахь Бээжингийн нөлөөг хязгаарлахыг оролдож байна. Тухайлбал саяхан АНУ, Австрали улсууд хамтран Папуа Шинэ Гвинейд тэнгисийн бааз байгуулахаар болсон юм.

Ням гарагт АНУ, Шинэ Зеланд, Япон, Австрали улсууд 2030 он гэхэд Папуа Шинэ Гвинейн хүн амын 70 хувьд цахилгаан эрчим хүч хүргэх төлөвлөгөө боловсруулан ажиллахаар болсноо зарлажээ.

Өнөөдөр тус улсын хүн амын 20 хүрэхгүй хувь найдвартай эрчим хүчээр хангагдсан байдаг.

Харин энэ үед Хятадын засгийн газар Папуа Шинэ Гвинейг үндэсний хэмжээний автозамын дэд бүтэцтэй болоход нь зориулж $4 тэрбумыг гаргахаар болсноо зарлажээ.

 

Эх сурвалж: Associated Press

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597281
0 эможи

keyboard_arrow_up